| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1105/Э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 414
2020 4 30 2020/ШЦТ/414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Болорзул,
хохирогч Ч.Э, Б.Э, П.О,
хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Цоодол нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909031651228 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 23-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг,
1.2007 оны 12 дугаар сарын 13-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
2.2010 оны 12 дугаар сарын 16-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
3.2015 оны 11 дүгээр сарын 09-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, “Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн, А.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Д нь “хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна” хэмээн Д.Э, Д.Мөнхжаргал нарыг хуурч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны хооронд Д.Эээс нийт 18.422.000 төгрөг,
2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Д.Мөнхжаргалаас нийт 9.475.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,
2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Оыг “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 15.068.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 4, 5 дугаар сард Ч.Эт Хөдөө аж ахуйн их сургуулийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө гэж хуурч, кредит тооцуулан диплом гаргаж өгөх боломжгүйгээ нуух замаар Ч.Эийг төөрөгдөлд оруулж 2.870.000 төгрөгийг авч залилсан,
хохирогч Б.Эийн төрсөн дүү болох Б.Гэрэлт-Одыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж Б.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Эийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3.768.000 төгрөгийг авч залилсан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 49.603.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би зүгээр л нэрийг нь барьж худлаа хэлсэн тэрнээс бол надад ямар ч таньдаг халамжийн төвд ажилладаг нарийн бичиг байхгүй. Би Энхцэцэг болон Мөнхжаргал нар халамжийн төвөөс авсан байр зарна гэж хэлсэн болохоос тэнд ажилладаг хүн гэж огт хэлээгүй, хүн амьтан ч авч очиж уулзаагүй. Надад халамжид ажилладаг эгч байхгүй, би халамжаас авсан байр л гэж хэлсэн. Худлаа би зохион тэгж хэлсэн юм. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Энхцэцэг, Мөнхжаргал, Отгонбаяр, Энхчимэг, Энхгэрэл нарт хохирол учруулсан бөгөөд энэ хэрэгтээ маргах зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би зарим нэг хүний хохирлыг төлсөн байгаа удахгүй үлдсэн хохирлыг нөхөн төлнө. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /2хх-241-242/,
Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би фейсбүүкийн “диплом гаргана авна” гэсэн зартай группт нэгдсэн. Хүний постон доор мэдээлэл авна гэсэн коммент бичсэний дагуу “дадада” гэсэн фейсбүүк хаягаас над руу сургуультай холбоотой асуудлыг зохицуулж өгнө гэсэн чат ирсэн. Чатад утасны дугаараа үлдээсний дагуу би 4 дүгээр сарын 29-ний өдөр офицерын тэнд байдаг Улаанбаатар эрдэм-оюуны хашаанд машин дотор нь уулзсан. Ямар ч асуудалгүй нөхөр нь боловсролын яаманд ажилладаг гэсэн. Кредитийг нөхөж гүйцээгээд, шалгалтыг аргалаад 2.000.000 төгрөгт асуудлыг шийднэ. Надад “чи сургуулиасаа өөрөө дипломоо гардаж авна” гэж хэлсэн. 4 дүгээр сарын 30-ны өдөр Адьяабаяр гэх Хаан банкны данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. 5 дугаар сарын 01-ний өдөр нотариатын гэрээ байгуулахдаа 1.500.000 төгрөг өгсөн ба 2.300.000 төгрөгт нотариатын гэрээ байгуулсан. Гараад дахиад 100.000 төгрөг бэлэн мөнгөний машинаас авч өгсөн. Сургуульд чинь хандив хэрэгтэй гээд 100.000 төгрөг авсан. 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд надаас нийт 2.400.000 төгрөг авсан. 05 дугаар сарын 03-ны өдөр боловсролын яаманд ажилладаг хүргэнд яаралтай 100.000 төгрөг хэрэгтэй болоод байна гэсэн. Энэ 100.000 төгрөгийг буцааж өгнө гээд Батболдын данс руу шилжүүлсэн. 5 дугаар сарын 06-ны өдөр кредитийн мөнгө сургуулийн данс руу оруулж гаргах хэрэгтэй байна гээд 700.000 төгрөг нэхсэн. Надад 370.000 төгрөг олдсон. Би 300.000 төгрөгийг Батболдын данс руу, 70.000 төгрөгийг Адьяабаярын данс руу шилжүүлсэн . Энэ хугацаанд болохгүй бүтэхгүй байна гэж хэлээгүй, болж байгаа бүтэж байгаа гэж хэлж байсан. 05 дугаар сарын 13-ны өдөр сургуулийн хонхны баяр дээр очиж дипломоо гардаж авна гэсэн. Бараг бүх юм болсон гэж хэлсэн. Даваасүрэн над руу чатаар сургуулийн материал явуулна гээд ямар ч материал явуулаагүй. Судалж үзэхэд Даваасүрэнд залилуулсан хүмүүстэй холбогдсон. Даваасүрэнг худлаа ярьж байгааг мэдсэн. 05 дугаар сарын 12-ны өдөр уулзаад Даваасүрэнгээс 200.000 төгрөг авсан. 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас очиж 1.000.000 төгрөг авсан. Анх Даваасүрэнд 2.870.000 төгрөг өгсөн. Даваасүрэнгээс 1.200.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 1.670.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би фейсбүүкийн диплом гаргана, гаргуулна гэсэн нэртэй группт зар харж байгаад мэдээлэл авъя гэж сэтгэгдэл үлдээсэн. Удалгүй надтай Да да да гэсэн фейсбүүк хаягтай хүн мессэж бичсэн. Тэгээд би 2006-2010 онд ХААИС-д сурч байгаад 1-р курсийн үйлдвэрлэлийн дадлага хийгээгүй гэсэн шалтгааны улмаас төгсөж чадаагүй. Тэгээд би энэ асуудлаар Да да да гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй мессэж бичих үед надад кредитийг чинь гүйцээгээд, улсын шалгалтыг чинь аргалаад төгсгөөд өгье, 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. ...Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би Багшийн дээдийн ард талд байрлах Төгөлдөр төвийн ХААН банкны АТМ-аас 800.000 төгрөгийг А.Дгийн нөхөр Адьяабаяр гэдэг хүний ХААН банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би А.Дтэй Төгөлдөр төвийн нотариат орж гэрээ байгуулаад, бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн ба А.Д нь дахиад сургуулийн хандивт 100.000 төгрөг хэрэг болно гэхээр нь би Төгөлдөр төвийн банкны АТМ-аас 100.000 төгрөг авч бэлнээр А.Дд өгсөн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр А.Д над руу чатаар Боловсролын яаманд ажилладаг хүнд 100.000 төгрөг хэрэгтэй байна, энэ данс руу хийчих гэхээр нь би А.Батболд гэх хүний ХААН банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр А.Д над руу чатаар кредитийн мөнгө сургуулийн дансаар оруулж гаргах шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь найзаасаа зээлээд 300.000 төгрөгийг А.Батболд гэж хүний ХААН банкны данс руу, 70.000 төгрөгийг Адьяабаяр гэж хүний данс руу шилжүүлсэн. ...би хэрүүл хийж байгаад А.Дгээс 200.000 төгрөг буцааж авсан…” гэсэн мэдүүлэг /2хх-39-40/,
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Даваасүрэнтэй дөрвөн уул захын тэнд уулзсан. Даваасүрэн нь Хууль сахиулахын их сургуульд манай дүүг оруулж өгнө гэсэн. Эхлээд 1.500.000 төгрөг гэсэн. Би бэлэн 1.000.000 төгрөгийг өгөөд нотариат орж гэрээ байгуулсан. Маргааш нь 500.000 төгрөгийг өгсөн. Нийт 1.500.000 төгрөг өгсөн. Би 4 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөгийн гэрээ нотариатаар гаргуулж авсан. Үлдэгдэл 2.168.000 төгрөгөө бага багаар Адьяабаярын данс руу хийсэн. Сургуульд очиж сургалтын албатай уулзсаныг Даваасүрэн өөрөө хүнтэй уулзаж зохицуулсан мэтээр ярьж байна. Уулзаж байхдаа манай нөхрийг 1.500.000 төгрөгөөр Оюу толгой руу оруулж өгье гэж хэлж байсан. Өөрийнх нь ихрийн нөхөр нь боловсролын яаманд ажиллаж байгаа гээд гадагшаа сургуульд хөнгөлөлттэй үнээр явуулж өгнө гэсэн. Би нийт 3.768.000 төгрөгийг өгснөөс 12 дугаар сарын 24-ний өдөр 1.680.000 төгрөгийг буцааж авсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурлаас хойш мөнгө барагдуулна гэж удаа дараа худлаа хэлсэн. Би Даваасүрэнд нийт 3.768.000 төгрөг өгсөн. Даваасүрэнгээс буцааж 1.680.000 төгрөгийг авсан. Нийт 2.088.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...тэр эмэгтэй намайг 11 дүгээр хорооллын Дөрвөн-Уул захын ойролцоо хүрээд ир гэсэн. Тэгээд би түүний дуудсан газар очиж уулзсан. Тэгэхэд тэр А.Д гэх эмэгтэй надад хандан урьдчилгаа 1.500.000 төгрөг урьдчилаад өгчих гэсэн. Би газар дээр нь 1.000.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр өгсөн. Тэр өдрийн маргааш нь миний дүү Гэрэлт-Одын бичиг баримтыг аваад 500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд ХААН банкны 5103019011 тоот дансанд 400.000, 508.000, 50.000, 1.000.000, 130.000, 80.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн бэлнээр 100.000 төгрөг өгсөн, ингээд нийт 3.768.000 төгрөгийн хохирол учирсан…” гэсэн мэдүүлэг /2хх-83-84/,
Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр 18.222.000 төгрөгийг халамж үйлчилгээний төвөөс халамжийн асаргаанд байдаг хүнд байр өгнө гэхээр нь тэрэнд хамрагдаж итгэж мөнгөө өгсөн. 1 сарын хугацаа өнгөрөхөөр нь бүтэхгүй юм байна гээд мөнгөө буцааж авъя гэсэн. Тухайн үед надад 2.430.000 төгрөг өгсөн. 2016 онд ээж нь 500.000 төгрөгөөр 2 удаа өгсөн. 2019 онд Даваасүрэн 900.000 төгрөгийг хувааж өгсөн. Нийт 4.330.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 14.490.000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би Даваасүрэнд мөнгө өгөхдөө 10.000.000 төгрөгийг нь 10 хувьтай зээлж авч өгч байсан. Би Даваасүрэнд нийт 18.422.000 төгрөг өгсөн. Даваасүрэнгээс буцааж 4.330.000 төгрөгийг авсан. Нийт 14.092.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн мөнгөө авах хүсэлтэй байна...”гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...Даваасүрэн нь Нийгмийн халамж үйлчилгээний газар ээжийн дүү Цэнгэлмаа ажилладаг, тэр газраас хэлмэгдсэн өндөр настай иргэдэд байр өгч байгаа, чи ээжийнхээ нэр дээр тэр байрнаас 2 өрөө байр гаргуулж болно, 5.600.000 төгрөг өг гэхээр нь итгээд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би Орхон аймагт байхдаа гэрээсээ нөхөр Адъяабаярын XAAH банкны данс руу нь 1.500.000 төгрөг, мөн өөрийн данснаас 522.000 төгрөг, нийт 2.022.000 төгрөг шилжүүлсэн. ...Даваасүрэн нь чи ээжийнхээ болон өөрийнхөө цээж зургийг аваад ир, зурагтын ярилцлага хийнэ. Цонжин болдогт очиж уулзалт хийнэ, түлхүүр гардуулна, ээж чинь байх ёстой шүү гэхээр нь ээжийгээ дагуулан Улаанбаатар хотод ирж үлдсэн мөнгөө өг гэхээр нь Төв цэнгэлдэхийн тэнд 1.600.000 төгрөг өгөөд тэгээд гэртээ ороод 700.000 төгрөг шилжүүлсэн. Энэ үед эгч Цэнгэлмаатайгаа уулзуулна гэсэн боловч уулзуулаагүй. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь гэрээсээ нөхөр Адъяабаярынх нь ХААН банкны 5103019011 данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин мөнгө шилжүүл гэхээр нь мөн нөхрийнх нь данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. ...дараа нь Даваасүрэн нь байранд чинь оффис гаргаж өгнө, мөнгө өг гэхээр нь 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Даваасүрэн нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин оффисын мөнгө хэрэгтэй байна гээд 2.700.000 төгрөг өгсөн. ...18.422.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2.430.000 төгрөг, мөн 500.000 төгрөгөөр 2 удаа 1 сая төгрөг, саяхан Даваасүрэн 2019 оны 11 сараас 2020 оны 02 cap хүртэлх хугацаанд цувуулан 900.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 4.330.000 төгрөг нөхөн төлүүлсэн, одоо үлдсэн 14.092.000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна…” гэсэн мэдүүлэг /1хх-34-36, 2хх-235/,
Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Даваасүрэнд анх 15.068.000 төгрөг авсан. Надад 400.000 төгрөгийг буцааж өгсөн. Надтай уулзаагүй утсаа авдаггүй. 06 дугаар сарын 26-ны өдөр ээж аавыг таньдаг гэсэн ба ааруул зарах талаар ярьж анх мөнгө өгсөн. 6 дугаар сарын 26-ны өдөр Даваасүрэнгийн ээжтэй уулзах гэж явж байгаад Амгалан захын тэнд манай нөхөр машинд дайруулж нас барсан. Манай эгч рүү 400.000 төгрөг явуулсан. Би эгчийнхээ хадмаас 2008 оноос хойш 10.000.000 төгрөг 8 хувийн хүүтэйгээр зээлж наймаа эрхэлдэг. 10 хувийн хүүтэй мөнгө 2 хүнээс авсан байгаа. Мөнгөө нэн даруй авмаар байна. Манай нөхөр миний нэр дээр машин авсан байсан. Би банканд зээлээ төлдөг, 3 хүүхэдтэй амьдардаг. Амьдрал хэцүү байна. Би тэр хүнтэй амаар гэрээ байгуулсан.Би шүүгдэгчээс мөнгө аваад хүнээс зээлсэн өрөндөө өгч дуусгамаар байна. Би ажил төрөлдөө сууж чадахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж 15.068.000 төгрөг өгсөн. Одоо 400.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл мөнгө болох 14.668.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.
түүний хохирогчоор өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай хамтран амьдрагч Ёндонгийн хамаатны хүн гэх Даваасүрэн, Адъяа гэх хүмүүстэй танилцсан. Тэгээд тэр өдрөө тэд нар манай гэрт ирж хоносон юм. ...2 хоногийн дараа Даваасүрэн над руу залгаад та над руу 600.000 төгрөг өгчих би тэмээний ааруул аваад явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь 5103019011 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд Даваасүрэн хэд хоног чимээгүй байж байгаад та дахиад 60.000 төгрөг шилжүүлчих, ямааны ааруул аваад хамт явуулъя гэхээр нь би 60.000 төгрөг шилжүүлсэн. ...би мөнгөө авмаар байна гэсэн чинь таны мөнгө надад байгаа, би танд хямдхан байр олоод өгье манай эгчид байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрыг авахаар болсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард Даваасүрэн намайг дагуулж яваад Дүнжингарав худалдааны төвийн урд талд нэг байр үзүүлсэн. Тэгээд Даваасүрэн нь би байрны бичиг баримт хөөцөлдөж байна, хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна гэх зэргээр нийт 15.068.000 төгрөг өгөөд одоог хүртэл авч чадахгүй байгаа юм. ...надад 15.068.000 төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс 400.000 төгрөгийг манай эгч Жаргалбаярын данс руу шилжүүлсэн байсан. Үүнийг хасаад 14.668.000 төгрөгийн хохирол учраад байна…” гэсэн мэдүүлэг /2хх-168-169, 234, 237/,
Хохирогч Д.Мөнхжаргалын “...Наранцэцэг намайг тэр хямдхан байр зарах гэж байгаа Даваасүрэн гэж хүнтэй холбож өгч байсан. Тэгээд Даваасүрэн гэж хүнтэй холбогдож асууж ярилцаад авахаар болж Даваасүрэн нь эхний ээлжид 3.600.000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед Наранцэцэгээс найдвартай юу, чи таньдаг юмуу гэж асуусан. Тэгсэн Наранцэцэг би танина, Даваасүрэн нөхөртэйгөө манайд ирж байсан юм, найдвартай гэж хэлж байсан. Тэгээд бид 2 ярилцаад тэр Даваасүрэн гэх байр зарна гэсэн хүнд мөнгө шилжүүлж эхэлсэн. Тэгээд би эхлээд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 5103019011 дансанд 726.000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд тэр өдрөө мөн 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5270222814 дугаарын дансанд 550.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 85078154 дугаарын дансанд 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5103019011 дугаарын дансанд 1.500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5103019011 дугаарын дансанд 1.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5103019011 дугаарын дансанд 900.000 төгрөг, 2015 оны 8 угаар сарын 20-ны өдөр 5103019011 дугаарын дансанд 350.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5598095257 дугаарын дансанд 62000 төгрөг, 2015 ны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5103019011 тоот дансанд 1.800.000 төгрөг, 2015 ны 9 дүгээр сарын 09-ний өдөр 5598095257 дугаарын дансанд 70000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5103019011 дугаарын дансанд 17000 өгрөг шилжүүлж нийт 9.475.000 төгрөг шилжүүлсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-86-90, 2хх-236/,
Гэрч Д.Наранцэцэгийн "...2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Адъяабаярын эхнэр Даваасүрэн гэж хүн над руу гар утсаар залгаад Нараа эгч мөн үү, тантай чухал ярих зүйл байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлмэгдэгсдийн хямдхан байр зарах гээд байна, манай эгч Цэнгэлмаа 8 ширхэг байр зарах гээд байна, одоо 8 хувийг нь аваад зарах гээд байна гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүт нь би Даваасүрэнд надад бол мөнгө төгрөг байхгүй, би харин нэг найзаасаа асууя гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргалд хэлэхэд Мөнхжаргал би уул нь байр авах гээд байгаа юм, манай хүүхэд Улаанбаатар хотод байгаа юм, хүүхдэдээ нэг байр аваад өгчих юмсан гэж хэлсэн. ...тэгээд Мөнхжаргал Даваасүрэнтэй өөрөө холбогдож мөнгөө шилжүүлж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-91-93/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-215/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-123/, “ХААН” банкны дансны хуулга /1хх-49-54, 84-86, 2хх-241-242/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /2хх-113-129/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3хх-8-13/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Д нь “хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна” хэмээн Д.Э, Д.Мөнхжаргал нарыг хуурч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны хооронд Д.Эээс 18.422.000 төгрөгийг,
2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Д.Мөнхжаргалаас дансаар болон бэлнээр 9.475.000 төгрөгийг,
2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Оыг “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн 15.068.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 4, 5 дугаар сард Ч.Эээс “Хөдөө аж ахуйн их сургуулийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө” гэж 2.870.000 төгрөгийг,
2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Б.Эээс “төрсөн дүү болох Б.Гэрэлт-Одыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” 3.768.000 төгрөгийг, нийт 49.603.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Э, Д.Мөнхжаргал, П.О, Ч.Э, Б.Э, гэрч Д.Наранцэцэг нарын мэдүүлэг, хохирогч нарын “ХААН” банкны дансны хуулгууд, шүүгдэгч А.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А.Дгийн дээрх үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Дгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Эт 18.422.000 төгрөг, Д.Мөнхжаргал 9.475.000 төгрөг, П.О 15.068.000 төгрөг, Ч.Эт 2.870.000 төгрөг, Б.Эд 3.768.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч Д.Эт 433.000 төгрөг, Д.Мөнхжаргалд 900.000 төгрөг, П.От 400.000 төгрөг, Ч.Эт 1.200.000 төгрөг, Б.Эд 1.680.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иймд шүүгдэгч А.Дгээс нийт 41.093.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эт 14.092.000 төгрөг, Д.Мөнхжаргалд 8.575.000 төгрөг, П.О 14.668.000 төгрөг, Ч.Эт 1.670.000 төгрөг, Б.Эд 2.088.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Дгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Д-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Дгээс 41.093.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт 14.092.000 төгрөг, Д.М 8.575.000 төгрөг, П.О 14.668.000 төгрөг, Ч.Эт 1.670.000 төгрөг, Б.Эд 2.088.000 төгрөгийг тус тус олгосугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БОЛДБААТАР