Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

               2020           05          08                                     2020/ШЦТ/433

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

                        улсын яллагч Б.Чинзориг,

                        хохирогч Л.Оюунчулуун, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003002130112 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг,

1998 оны 6 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Д.Б /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Нарны зам, Буянгийн урд талын замын уулзварын явган хүний гарцан дээр "Toyota Coraila Filder” маркийн 39-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Оюунчулууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхнэрээ ажлаас нь авахаар гэрээсээ гараад явж байсан. Буянгийн замаар нарны зам руу орох үедээ гэрэлтүүлэгтэй зам байсан. Миний зүүн нүд харахад бэрхшээлтэй тул хохирогчийг хараагүй шүргэсэн. Шүргээд унах үед буюу хохирогч машины толинд цохигдоод унах үед би хохирогчийг мөргөснөө мэдсэн. Би машинаасаа бууж ирсэн. Би өөрийнхөө утсаар 103 руу дуудлага өгсөн. Дараа нь 102 руу дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэг рүү хохирогчтой хамт явсан. Ийм зүйл болсон...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...баруун гар тийшээгээ эргэж орохдоо гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эрэгтэй хүнийг мөргөөд зогссон. Тухайн үед би тэр хүнийг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхыг нь бол анзаараагүй. Учир нь миний зүүн нүд хараагүй. Миний зүгээс гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-65-66/,

 

Хохирогч Л.Оюунчулуун шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад явж байсан. Олон хоног амардаг үе таарсан. Би замын урд гарцан дээр шүргүүлсэн. Би эдийн засгийн хувьд асуудалтай байна. Би 2 сар 8 хоногийн цалинг нэхэмжилж байна. 2 сар 8 хоногийн цалин болох 2.928.440 төгрөг, эмчилгээний зардалд 274.370 төгрөг нэхэмжилж байна. Шатахуунд 145.200 төгрөг, баримт материалтай холбоотой 20.200 төгрөг, эмчид үзүүлэхээр очихдоо хоолонд орсон хоолны үнэ 20.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 3.988.210 төгрөгөөс 1.500.000 төгрөг авсан. Би нийт 2.488.210 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...би гэр рүүгээ харих гээд баруунаасаа зүүн чиглэлтэй алхаж байгаад гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад баруун гар тийшээгээ эргэж явсан бараан өнгийн суудлын машин нь намайг мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-19-20, 67/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹336 тоот актын “…Л.Оюунчулууны биед баруун шилбэний нарийн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-28-29/,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178 тоот актын “...2019.12.25-ны өдрийн №336 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-63/

 

Мөрдөгчийн магадлагаа 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай "...Тоёота Королла Филдэр маркийн 39-39 УНО улсан дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Даваадорж овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахдаа завдаж  байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө- гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч Лхагвасүрэн овогтой Оюунчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа /хх-87/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, хохирлын баримтууд /хх-71-72/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45-58/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-124-125/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Нарны зам, Буянгийн урд талын замын уулзварын явган хүний гарцан дээр "Toyota Coraila Filder” маркийн 39-39 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Оюунчулууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Л.Оюунчулууны мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 336 тоот актын дүгнэлт, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Л.Оюунчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оюунчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 274.370 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 2.928.440 төгрөг, шатахууны зардал 145.200 төгрөг, нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 20.200 төгрөг, хоол, хүнсний зардал 20.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нийт 3.988.210 төгрөг нэхэмжилснээс шүүх хоол, хүнсний зардал гэж нэхэмжилсэн 20.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал 274.370 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 2.708.440 төгрөг, шатахууны зардал 145.200 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 20.200 төгрөг, нийт 3.148.210 төгрөгөөс шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид өгсөн 1.500.000 төгрөгийг хасаж, 1.648.210 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Д.Бд нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.648.210 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүх шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан үндсэн ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хасах ялыг оногдуулах шаардлагагүй үзэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Д.Б нь хэрэг авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Л.Оюунчулуун нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

           

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР