Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 863

 

05          07                                  2020/ШЦТ/863

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч Т.Батбэх, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Х.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А д холбогдох эрүүгийн 2003 00239 0140 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлсэн, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн   тоотод түр оршин суух, /Завхан аймгийн Ургамал сумын  / гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.А .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А  нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орос оршуулгын хойд замд Тоёота Приус маркийн 98-47 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам таиьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 36 настай Т.Батбэхийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А  мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ээжийг кино үйлдвэр оруулж өгөөд хойд талын уулзвараар эргэж баруун гар тийшээ эргэж гарж ирэхэд урд цагаан приус маркийн автомашин явган хүний зам таглаад зогссон байсан. Тухайн үед дэлгүүрээс нэг хүн гарч ирж байх шиг байсан. Машины урдуур орж ирэхэд харагдаагүй. Тухайн үед халтиргаа гулгаа ихтэй байсан тул гишгээд зогсож чадаагүй мөргөсөн. Тэгээд Т.Батбэх дээр гүйж очоод “хоёулаа цагдаа, түргэн дуудъя” гэхэд “яах юм бэ ийшээ дэлгүүр оръё” гэж хэлсэн. Намайг “дэлгүүрээс нэг шил дарс аваад ир” гэхээр нь би авч өгсөн. Дарсыг нь аваад грашийн хаалган дээр очиход “намайг байж бай гээд” өөрөө орсон. Тэгээд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батбэх мэдүүлэхдээ: “...Тухайн өдрөөс хойш шүүгдэгч Г.А аас “намайг эмчлүүлээд” өг хэмээн гуйж байна. Би эмнэлэгт хэвтэж байгаад дуудахад ирээгүй. Одоогоор нийт эмчилгээ хийлгэсэн 7.922.060 төгрөгийг нэхэмжилж байна. 460.290 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд түүнээс 440.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авсан. Үүнээс 20.260 төгрөг үлдэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 7.867.920 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Задаргааны хувьд 107.920 төгрөг өвчин намдаах эм тарианд хэрэглэсэн, бариа засал, цэвэрлэгээ, карбон гээд өдөрт 110.000 төгрөг төлж эмчилгээ хийлгэдэг. Энэ нь нийт 2.260.000 төгрөг, авто засварын газар түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр 2.500.000 төгрөг нийт 2 сар 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал  500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 удаа 31.850 төгрөгийн эм авсан. Мөн 2.000 төгрөгөөр карт цэнэглүүлээд өнөөдөр 33.850 төгрөгийн баримт гаргаж өгсөн.  Ингээд нийт 7.922.060 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, хохирогч Т.Батбэхийн өгсөн мэдүүлэг /хх-29/, гэрч Б.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /хх-48/, гэрч Т.Болдбаярын өгсөн мэдүүлэг /хх-49/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3428 дугаартай дүгнэлт /хх-54-55/, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 3428 дугаартай дүгнэлт /хх-60-65/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 184 дугаартай магадлагаа /хх-67/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн магадлагаа, эмнэлгийн магадлагаа, түрээсийн гэрээ, мөнгө төлсөн баримт, хохирлын баримт /хх-25-28, 113-151/, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-103/, шүүгдэгч Г.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, шинээр 3 ширхэг хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.А  нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орос оршуулгын хойд замд Тоёота Приус маркийн 98-47 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам таиьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 36 настай Т.Батбэхийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батбэхийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн нутаг 1000 оюутны байр, Оросын оршуулгын хойд талд байх дэлгүүрээс 2020 оны 3 дугаар сарын 8-ны 15 цагийн орчимд 16.000 төгрөгрөөр “Чоко” нэртэй шоколадтай вино аваад явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо гарч явтал баруунаасаа зүүн тийшээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан автомашин зам тавьж өгсөн. Тэгсэн 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин ирж мөргөсөн. Автомашинд зүүн талаасаа мөргүүлж газар унасан. Мөргөсөн машины жолооч ослын газарт зогсоод бууж ирээд надаас “эмнэлэг явах уу” гэхээр нь би “байж бай, байж бай” гэж хэлээд жолооч залууд “миний сая дэлгүүрээс авсэн вино хагарсан байна, чи нэгийг аваад ир” гэж хэлээд авахуулаад засварын газар руугаа очоод засварын газрын хашаан дотор байх Тоёота приус маркийн автомашинд сууж байсан дүү нарынхаа нэгийг дуудуулсан чинь тэнд байсан хүмүүс бүгд гараад ирсэн. Эмнэлгийн зардалд гарсан мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүжингийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1000 оюутаны байрны баруун талын Махуурын гэрлэн дохионы ард талд байрлах Вьетнам кузов засварын газар дээр би 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажилласан. Тухайн өдөр манай ажил хэвийн явагдаж байсан ба уг засварын эзэн нь Баярням гэх эмэгтэй хүн байдаг. Т.Батбэх гадаа байж байгаад гэнэт алга болоод гараад ирсэн, ингэж ирэхдээ цэнхэр өнгийн Тоёота Приус маркийн автомашинд суусан ирсэн. Т.Батбэхийн зүүн гар цус болсон, зүүн шанаа, хацар хэсэг нь зулгарсан, цус болсон байсан. Би дарс оруулж өгөх үедээ дотор байсан хүмүүст “Т.Батбэх автомашинд мөргүүлсэн бололтой байна” гэж хэлсэн чинь тэд нар гарч ирсэн. Тухайн үед Т.Батбэх ямар нэгэн юм яриагүй. Би бодохдоо шоконд орсон байх гэж бодсон.” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Болдбаярын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1000 оюутаны байрны баруун талын Махуурын гэрлэн дохионы ард талд байрлах Вьетнам кузов засварын газар дээр би 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажилласан. Тухайн өдрийн 14-15 цагийн орчимд засварын газарт гаднаас Т.Батбэх ороод ирсэн. Т.Батбэхийн зүүн гар цус болсон, зүүн хацар, шанаа нь зулгарсан цус болсон байдалтай байсан. Юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй байсан ба хамт ажиллдаг Б.Тэмүүжин хэлэхдээ “сая дэлгүүр ороод ирэхдээ машинд мөргүүлсэн, мөргөсөн машин нь сая авчирлаа, гадаа байгаа” гэсэн. Бид нар Т.Батбэхийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж ярилцаад “мөргөсөн автомашинд нь суулгаад явья” гээд засварын газраас гарсан чинь мөргөсөн автомашин нь яваад өгсөн байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн, эмнэлэг түрүүлж ирсэн, дараа нь цагдаа ирсэн.” /хх-49/ гэх мэдүүлэг,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3428 дугаартай дүгнэлтэд:

         1. Т.Батбэхийн биед зүүн дал ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шанаа, эрүү, зүүн чихний ар, зүүн хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт, хоёр сарвуунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-54-55/ гэх дүгнэлт,

 

         “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11024 дугаартай дүгнэлт /хх-60-63/ гэх дүгнэлт,

       

         Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэд:

         1. Тоёота Приус-20 маркийн 98-47 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.А  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

          2. Явган зорчигт Т.Батбэх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /хх-67/ гэх дүгнэлт,

 

          Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-11/,

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/,          

          Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн магадлагаа, эмнэлгийн магадлагаа, түрээсийн гэрээ, мөнгө төлсөн баримт, хохирлын баримт /хх-25-28, 113-151/, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-103/,

          Шүүгдэгч Г.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

         Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.А  нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орос оршуулгын хойд замд Тоёота Приус маркийн 98-47 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам таиьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 36 настай Т.Батбэхийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Т.Батбэх, гэрч Б.Тэмүүжин, Т.Болдбаяр нарын өгсөн мэдүүлгүүд, Г.А ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3428 дугаартай дүгнэлт, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11024 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн магадлагаа, түрээсийн гэрээ, мөнгө төлсөн баримт, хохирлын баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.А ын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А  нь хохирогч Т.Бахбэхэд учирсан хохирлоос 440.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Т.Батбэх нь нийт 7.867.920 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “ Гэмт хэргийн улмаас ...шууд учирсан хохирол” гэж хуульчилсан байх тул нотлох баримтын хэмжээнд шаардлага хангасан 107.920 төгрөг өвчин намдаах эм тариа, бариа засал, цэвэрлэгээ, карбон гээд өдөрт 110.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 2.260.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.А аас албадан гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Т.Батбэхийн засварын газрын 2 сарын түрээс болох 5.000.000 төгрөгийг шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.  

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 597800 дугаатай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгохоор тогтов.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.А ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.А  нь шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Г.А аас 2.922.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батбэхэд олгосугай.

 

          6. Хохирогч Т.Батбэх нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 597800 дугаатай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Г.А д буцаан олгосугай.

 

     8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.     

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС