Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 94

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б овогт Б.Б /РД: /

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/335 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, цолыг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б би 2005 оны 1 дүгээр сард Дотоодын цэргийн 0816 дугаар тусгай салбарт харуулчаар ажилд орж эдүгээ 2017 оны 07 дугаар сар хүртэл 12 жил  7 сар ажилласан. Ажиллах хугацаандаа харуулын ахлагчаас офицер болж ахлах дэслэгч цолтой болтол ажилласан юм. 

Надтай 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтсийн объект хамгаалах тасгийн хамгаалалтын офицер албан тушаалаар тус тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Д үр дүнгийн гэрээ хийж уг гэрээний дагуу ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дэд хурандаа Б.Дгийн гаргасан хуваарийн дагуу хамгаалалтын офицероос жижүүрийн офицерын үүрэг гүйцэтгэхээр болж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2 дугаар пост буюу Засвар механикийн цехийн постон дээр жижүүрт гарах болсон. 

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэх хугацаандаа объектод орж гарах хүн, тээврийн хэрэгсэлд зохих хяналт шалгалтыг хийн шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг тухай бүрт компьютерт шивж бүртгэж байсан. 

Гэтэл тухайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Э боловсруулсан 3 куб метр хайрга шороог гаргах үед шалгаж зөвшөөрлийн бичиг асуухад “Отгондаваа даргад хэлсэн байгаа зөвшөөрлийн бичиг дараа аваад өгье” гэсний дагуу гаргасан. Энэхүү Н.Э нь албан тушаалын хувьд бидний үйл ажиллагааг шалгах, удирдлагаар хангах үүрэг бүхий этгээд учир өөрийнх нь хэлсний дагуу тухайн автомашиныг шалгаад гаргасан бөгөөд тухайн хайрганыхаа үнийг төлсөн юм билээ. 

Эл өдрийн 14 цагт үйлдвэрийн гэрээт цагдаагийн хэлтсийн ажилтан Т.С над руу залгаж “РСЦ-гээс 1 тонн цемент авах ёстой. Эндээс машин гаргах гэхээр машины боломжгүй болчхоод байна. “Би нэг машин ярьсан байгаа оруулчихаа” гэсний дагуу 1492 УНЛ дугаартай автомашиныг тухайн постоор үйлдвэрийн Ерөнхий захирлын А/110 тоот тушаалын дагуу шалган оруулж буцаж гаргах үед нь шалгахад цемент ачсан байсан тул холбогдох бичиг баримтыг шаардахад дэслэгч Т.С холбогдох бичиг баримт нь надад байна. Би ажлынхаа заваар аваачаад өгье гэсний дагуу а/а П.Ганбатад “машиныг шалгаад зураг авч баримтжуул” гэж үүрэг өгсөн бөгөөд тэрээр шалгаад зургийг авч машиныг явуулсан байсан. Би өөрийн үүргийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 22 минутад Идэр жолоочтой 1492 УНЛ дугаартай тээврийн хэрэгсэл нэвтэрснийг жижүүрийн бүртгэлийн 154 дүгээр дугаарт бүртгэсэн юм. 

Дээрх хоёр асуудалд байгууллагаас 21744024 дугаартай албаны шалгалт явуулан материал бүрдүүлсэн ба материалд Н.Э, Т.С болон холбогдох хүмүүс мэдүүлэг өгч баталгаажуулсан байгаа. Харин шалгалтын дүгнэлтэд намайг үүргээ хангалтгүй биелүүлэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1, 2, 3, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3, 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэнээс уг дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/335 дугаартай тушаал гарч намайг ээлжийн амралттай байхад албанаас үндэслэлгүйгээр халж цолыг хураан миний эрхийг хохироолоо. 

Би энэ байгууллагад бага залуу наснаасаа ажиллан хоёргүй сэтгэлээр өнөөг хүртэл зүтгэхдээ нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж сануулга шийтгэл авч байгаагүй. Намайг сахилгын шийтгэл гаргасан гэж үзэж байгаа дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дээрх хоёр албан тушаалтан нь байгууллагын хуулийн хэлтэс мөн цагдаагийн ажилтан байсан “холбогдох баримтаа авчирч өгнө” гэсний дагуу би тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Тэгээд ч цагдаагийн дэслэгч Т.С 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрлийн бичгээ өгсөн. Энэ нь шалгалтын материалд хавсаргаатай байгаа. 

Иймд намайг албанаас халсан Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/335 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албанд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, цолыг сэргээн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Б.Быг өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага нь төрийн тусгай албан тушаалд орох учраас уг асуудал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах талаар зохицуулж өгсөн. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол албан тушаалаас нь халахаар зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь 2004 оноос 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Түүний 13 жилийн хөдөлмөрийг 1 өдрийн 2 хүний үйлдлээс болж талаар болж, харамсалтай асуудал үүсч байна. Иймд эрх ашгаа хамгаалуулахын тулд Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.2.ээлжийн амралттай байгаа гэж заасныг баримтлах ёстой.

Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн амралтаа авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусах байсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/335 дугаар тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энэ талаар мэдэгдсэн байдаг. Үүний дагуу шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг шүүх хүлээн аваад урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, Төрийн албаны салбар зөвлөлд хандаагүй байна гэж үзсэн. Иймд Төрийн албаны зөвлөлд хандсан боловч тушаалыг хэвээр үлдээсэн. Цагдаагийн байгууллагаас түүнийг ажлаас халахдаа хаана, ямар гомдол гаргах талаарх эрхийг нь хангаж өгөөгүй. Б.Быг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Цагдаагийн байгууллагын ажилтан Т.С нь зөвшөөрлийн бичиг байна гэсэн учраас гаргасан. Ийм харилцаа байж болох асуудал гэж үзэж байна. Н.Э нь ажил үүргийн хувьд хянадаг, үүрэг даалгавар өгөх чиг үүрэг бүхий албан тушаалтан юм. Эдгээр хүмүүс нь өөрсдөө ороод бараа материалыг ачиж аваагүй. Тодорхой хэн, нэгэн хүний зөвшөөрлөөр машинд ачсан байгаа. Иймд Б.Бд сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 144 дүгээр мэдэгдлээр Б.Бд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгосон бөгөөд Б.Б нарт явуулсан албаны шалгалтын дүнг Орхон аймаг дахь цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар түүнийг байлцуулан хэлэлцэж, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/335 дугаар тушаалаар Б.Бд цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ажилтан ээлжийн амралттай байгаа бол ажил, албан тушаалыг хэвээр хадгална.” гэж заасан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 11-т “Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ.” гэжээ.

Дээрх заалт нь хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөний дараа өмне эрхэлж байсан ажилдаа эргэн томилогдох баталгаа бөгөөд зөрчлийн улмаас сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэсэн ойлголт биш юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулна. Б.Б нь өмнө нь сахилгын зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллага, алба хаагчид, чиг үүрэг, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан зохицуулж өгсөн. Тус хуулийг дагаж мөрдөх ёстой. Цагдаагийн алба хаагч сахилгын зөрчил гаргавал цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай. Иймд дээрх тушаал гарсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралттай байхад албан тушаалаас нь халах ёсгүй гэж байна. Үүнд холбогдуулан тайлбараа өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолоор тайлбарласан  байгаа.

Н.Э, Т.С нар нь тухайн үед зөвшөөрөл олгосон бичиггүй байсан боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь зөвшөөрсөн. Ийм харилцаа байж болно гэж тайлбарлаж байна. Амьдрал дээр ийм зүйл байж болох боловч цагдаагийн албан хаагчийн хувьд улсын онц чухал объект хамгаалж байгаа тохиолдолд ийм харилцаа байх ёсгүй. Засгийн газрын тогтоолоор тус байгууллага нь улсын онц чухал объектод орсон байгаа. Тэгэхээр уг асуудалд дарга, цэрэг, найз нөхдийн харилцаа байх ёсгүй, тогтоосон журмын дагуу бүх үйл ажиллагаа зохицуулагдаж байх ёстой. Уг асуудлаас үүдэн учрах хор, аюул их учраас ийм асуудал байх ёсгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага Засгийн газрын өмнө үүрэг, хариуцлага хүлээж байгаагийн хувьд ийм асуудлыг гаргуулахгүйн тулд уг асуудлыг онцгой тохиолдол гэж авч үзээд шийтгэлийг оногдуулсан асуудал юм. Энэ нь нөгөө талаар бусад албан хаагчдад сургамж болгох гэсэн нөлөөллийн ажиллагаа явагдаж байгаа юм. Нэг өдөрт 2 тусдаа үйлдлээр зөвшөөрөлгүй бараа материалыг гаргаад явуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээний 7.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчил гаргасан тал нь хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Муугаар жишээ авч үзэхэд тэсэрч дэлбэрэх бодис гаргаад цаашаа алдагдсан бол нийгэмд учруулах хор, аюул нь маш их юм. Ийм асуудал гаргахгүйн тулд улсын онц чухал объектод ач холбогдол өгч байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй. Ганц машин хайрга, 1 тонн цемент, амьдралд бие биенээсээ гуйх асуудал гарч байдаг гэж өнгөцхөн бодож болохгүй. Үүнийг цаана үүсэх хор уршгийг харгалзан үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны  Б/335 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, Төрийн албаны тухай хуулийн 26.8-д заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх, цолыг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба шүүх хуралдаанд “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/335 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, цолыг сэргээлгэх” гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн объект хамгаалах тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Баатарчулууны Б.Быг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” дугаар Б/335 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 13.1.5, 13.1.11 дэх заалт, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.1, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12.3, 13.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэлээр цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураасан байна. 

21744024 дугаартай Албаны шалгалтын материалд авагдсан Объект хамгаалах тасгийн дарга Б.Дгийн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Батбаярт танилцуулсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн танилцуулгаас  үзэхэд Б.Быг “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ын 2.3, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүс, объектод бараа материалыг оруулах ба гаргахад мөрдөх журам”-ын 1.3-д заасныг зөрчиж, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүс, объектод зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр цемент болон хайрга шороог үйлдвэрлэлийн бүсээс гаргасан зөрчил гаргасан гэж үзсэн байна.   

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.11-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А/129 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.1-д “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих” гэж, мөн тус тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12.3-д “Албан үүргээ гүйцэтгэхэд бусад хүн, албан тушаалтнаас нөлөөлсөн дарамт шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар дээд шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэлд сануулах шийтгэлд оногдуулна”, 13.7-д “Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үед үүргээ хангалтгүй биелүүлсэн бол сануулах, хор уршиг учирсан бол эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар А/110 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ын 2.3-д “Үйлдвэрийн эзэмшлийн автомашинаас бусад тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй үйлдвэрийн бүсэд нэвтрүүлэхийг хориглоно”, мөн уг тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүс, объектод бараа материалыг оруулах ба гаргахад мөрдөх журам”-ын 1.3-д “Гадны байгууллага, хувь хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тоног төхөөрөмж, бараа материал худалдан авч гаргах тохиолдолд материал техник хангамжийн хэлтсийн даргын зөвшөөрлийн дагуу цехээс падаан (форма 04108) зөвшөөрлийн бичиг бичиж, харуулд шалгуулж, зөвшөөрлийн бичгийг хураалган гарна”, 1.11-д “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн бүсээс бараа материал, эд зүйл гаргах тохиолдол бүрд үйлдвэрлэлийн хэлтсээс зөвшөөрөл авна” гэж заасан байна.

Дээрх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны дугаар А/110 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журмуудаас үзэхэд зохих журмын дагуу зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг шалгаж нэвтрүүлэх, бараа, материал, эд зүйлсийг гаргахад холбогдох албан тушаалтны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн бичгийг шалгуулсны үндсэн дээр гаргах агуулгаар тодорхой зохицуулсан байна. 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хууль, дүрэм, журмуудыг зөрчиж цагдаагийн байгууллагын хамгаалалтанд байх онц чухал объектод зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр цемент болон хайрга шороог үйлдвэрлэлийн бүсээс гаргасан зөрчил гаргасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

• 21744024 дугаартай Албаны шалгалтын материалд авагдсан дараах нотлох баримтууд:

 Гэрээт цагдаагийн хэлтсийн Объект хамгаалах тасгийн дарга Б.Дгийн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Батбаярт танилцуулсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Танилцуулга, 

 Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мөнгөнчимэгийн гэрч П.Ганбат, М.Ганболд, Н.Э нараас авсан мэдүүлгүүд, илтгэх хуудас, 

 Н.Батцэнгэлээс авсан тайлбар, 

 Б.Баас авсан тайлбарууд, илтгэх хуудас,

 Т.Сээс авсан тайлбар, 

• Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Зөвлөлийн хурлын тэмдэглэл, 

• Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 

• Хариуцагчийн тайлбар, 

• Шүүхэд гэрчээр асуугдсан Н.Эын мэдүүлэг зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөнө”, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн  81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.1-д “Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3, 81.4.4-т заасан тохиолдолд цагдаагийн цолыг бууруулна” 5.2.2-т “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан” гэж тус тус заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ...” албан тушаал хамаарахаар заасан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан ба уг заалтаас үзэхэд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан байна. 

Нэхэмжлэгчид цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохироогүй буюу хүндэдсэн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, хуульд заасны дагуу тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч буюу цагдаагийн албан хаагчийн хувьд холбогдох хууль, дүрэм, журмыг чанд биелүүлэх үүрэгтэй. 

Иймд нэхэмжлэгч дээр дурдсан хууль, дүрэм, журмуудын холбогдох зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлогдож байх тул Б.Бын нэхэмжлэлийг шүүхээс хангах боломжгүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны дугаар Б/335 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа” гэж заасны дагуу намайг ээлжийн амралттай байхад халсан нь хууль бус гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалт нь ажлын байрыг хэвээр хадгалах хугацаа дуусаад буюу өвчтэй, жирэмсний, ээлжийн амралтын, захиргааны чөлөөний хугацаа дуусаад ажилдаа эргэж орох тохиолдолд урьд эрхэлж байсан ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах харилцааг зохицуулсан, энэ тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт ба харин сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хамаарах, хэрэглэгдэх зохицуулалт биш юм. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т заасны дагуу намайг ээлжийн амралттай байхад халсан нь хууль бус гэсэн үндэслэлээр маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 81.1, 81.2-т заасныг тус тус баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/335 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, цолыг сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.БАТЗОРИГ