Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05          07                                       2020/ШЦТ/855

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Б.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 0993 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С. овогт Б.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.М.тэй маргалдан улмаар заазуурын ишээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ю.М.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22:00 цагийн үед гэрээсээ гараад Алтанцэцэгийн гэрт орж, тамхи асуухад Алтанцэцэг “надад тамхи байхгүй, Цогоогийн гэрт хүмүүс архи ууж байгаа, тэнд тамхитай хүн байж байгаа байх” гэж хэлээд Алтанцэцэг бид хоёр Цогоогийн гэрт орсон. Тэгтэл Б.Б. ах Алтанцэцэгтэй хэрэлдээд Цогоо ахын гэрийн үүд рүү алхаад явж байснаа хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад буцаад хүрээд ирэхээр нь би “Б.Б. ах аа, та заазуураар яах гээд байгаа юм бэ?” гэх хэлэхэд миний толгойн зулай хэсэгт заазуурынхаа ирээр нэг удаа цохисон. Тухайн үед Б.Б. ахаас өөр надтай маргалдаж, муудалцаж, миний биед гэмтэл учруулсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4527 тоот: “Ю.М.ийн биед зулайд зүсэгдсэн шарх, зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /12-13/,

- Б.Бямбын яллагдагчаар өгсөн: “Архи ууж байгаад би Ю.М.тэй нэг мэдэхэд маргалдсан байсан. Тэгээд би Цогоогийн гэрийн хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад Ю.М.ийн толгойн зулайн хэсэгт нь заазуурынхаа иртэй талаар нь нэг удаа цохичихоод гэртээ ороод хэвтэж байхад манай гэрт орж ирээд намайг авч явж эрүүлжүүлэхэд хонуулсан. Би нэлээн их архи уусан, ухаан санаа орж гараад байсан. Бид хоёр өмнө нь хамт архи ууж байсан. Хоорондоо маргалдаж, зодолдож байгаагүй. Намайг заазуураар Ю.М.ийн толгойд цохисны дараа Ю.М.ийн толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.М.тэй маргалдан улмаар заазуурын ишээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.М.тэй маргалдан улмаар заазуурын ишээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ю.М.ийн мэдүүлэг, Б.Бямбын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4527 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бямбыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бямбыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 38/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Б.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Б.ын Бямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА