| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0828/Э |
| Дугаар | 856 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 856
2020 05 07 2020/ШЦТ/856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Ж.Л.,
хохирогч Б.Б.,
шүүгдэгч Б.Д., Б.Б., тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/,
гэрч Б.Ц.э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Г. овогт Б.ын Д., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан И. овогт Б.ын Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 06789 0716 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Г. овогт Б.ын Д..
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч нарын хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Мөнх овогт Б.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхонд бусадтай бүлэглэн иргэн Ж.Л.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхоны гадна иргэн Б.Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхонд бусадтай бүлэглэн иргэн Ж.Л.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ажил дээр байсан. Тэгээд найз охин Б.Ц.э, найз Б.Б. нар дээр нэг паб-д очиж, намайг очингуут бид найз Б.Б.ийг хүргэж өгөхөөр гарсан. Миний хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй, “Х” апартментэд Б.Б.ийг хүргэж өгөх гээд очтол үүдэн дээр Ж.Л. гэж хүн тамхи татчихсан, орилоод зогсч байсан. Б.Б. нэлээн согтолттой Б.Ц.э бид хоёр талаас нь түшээд явж байсан чинь Ж.Л. бид гурвыг харангуутаа “эмэгтэй юм байж хоёр банди дагаж явлаа, арчаагүй янхан, гичий” гэж хэлсэн. Тэр үед би сонсчихоод юу гээд байгаа юм бол гээд харсан чинь Б.Ц.э “наад хүн чинь согтуу байна, орхичих орхичих” гэсэн. Тэгээд бид гурав орцоор байр луу нь ороод лифт хүлээгээд зогсч байтал Ж.Л. хойноос орж ирээд “чи ийм хоёр бандитай явж байхын оронд ахтайгаа уух уу, гичий минь” гээд харааж, ерөөгөөд байсан. Тэгээд манай найз тэсгэл алдаад очоод “цаашаа ор л доо” гээд зүгээр түлхсэн юм. Тэгтэл Ж.Л. шууд үсдэж аваад зодоод байсан. Лифтний тэнд бас нэг залуу байсан. Бид хоёр салгах гэж оролдоод дийлэхгүй, арай гэж нэг юм салгасан. Гэтэл Ж.Л. хойноос нь нэхэж очоод дахин үсдэж аваад хана руу түлхээд, газар унагаасан. Тэгж байхад нь би тэнд байсан залуутай нийлж байгаад салгасан. Тэгээд цагдаа ирээд ийм тийм юм болсон талаараа хэлэхэд “за за ойлгомжтой” гээд намайг шууд цагдаагийн машин луу суулгасан. Ингээд машинд нь ороод суутал Б.Б. гээд эмэгтэй хүн байж байсан. Би хүн байна гэж анзаараагүй юм. Тэгээд санаандгүй хөл дээр нь гишгэчихсэн чинь “муу пизда чинь хөл дээр гишгэчихлээ” гэхээр нь “сүртэй юм бэ, адилхан юм байж” гэсэн чинь “юу гэнээ чи пизда минь” гээд дагз руу цохиод эхэлсэн. Би нэлээн цохиулж байгаад яалт ч аргагүй эргэж хараад алганыхаа дотор талаар цохичихсон юм. Тэрний дараа Б.Б. нүүр лүүгээ цохиулчихаад намайг ахиад цохиод л байсан. Тэгээд цагдаа машины хаалга онгойлгоод, намайг гаргаад, миний гарыг гавласан. Миний гарыг гавлаж байхад Б.Б. намайг цохиод, дайраад байсан. Тэгээд тэндээсээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явсан. Би уг нь ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад доошоо эрүүлжүүлэх рүү оруулаад, үлээлгэдэг юмаар ч үлээлгээгүй, шууд бүс, гутал тайлаад эрүүлжүүлэхэд хийсэн. Тэгээд маргааш өглөө нь Улиастайн эцэс рүү гуравдугаар хэлтэст очсон. Тийшээ ороод байж байтал Б.Б. цагдаа хувцастайгаа орж ирээд “чи намайг таньж байна уу, би одоо чамайг амьтан болгоно оо” гээд толгой руу цохиод, хөл рүү өшиглөөд байсан. Ж.Л., Б.Б. нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би согтуу явж байсан. “Х” апартмент руу орж явтал Ж.Л. гарч ирээд “та нар шиг залуучуудаас болж Монгол Улс хөгжихгүй байна, хоёр залуу дагасан янхан” гэх мэтээр харааж эхэлсэн. Эхэндээ бид тоогоогүй. Тэгээд лифт дуудаад зогсч байтал хойноос гарч ирээд харааж зүхээд байхаар нь Б.Д. Б.Ц.ийг хэлж байна гэж бодоод Ж.Л.ыг түлхсэн, би бас түлхсэн, намайг үсдэж аваад зодсон. Намайг ерөөсөө тавихгүй байсан бөгөөд “Х” апартментийн хамгаалагч салгах гээд салгаж чадаагүй. Тэр үед би гарыг нь тавиулахын тулд хуруунаас нь хазсан. Дараа нь цагдаа ирээд Б.Д.ыг аваад явсан. Ж.Л.ын биед хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би жижүүрээс буучихаад орой нь эргүүлд гарах үүрэгтэй байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуусаад 116 гээд Гачууртын алаг тэргэнд сууж, Баянзүрх дүүрэг рүү дөхье гээд ард нь суугаад хамт явж байсан. Гэтэл дэслэгч Баттөгс, ахлах ахлагч Дамдинсүрэн нар “ “Х” апартментэд дуудлага ирчихлээ, энүүгээр дайрчихаад явъя” гэсэн. Тэгээд би буулгүй машин дотор нь сууж байсан. Гэтэл Б.Д. их уур бухимдалтай ороод ирсэн. Миний хөлөн дээр гишгэчихээр нь би “хөлөн дээр гишгэчихлээ” гэсэн чинь “за юун сүртэй юм, адилхан эрүүлжүүлэхэд орох гэж байж, нийгмийн шаар шавхруу чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи наад хөлөө авчихаач дээ” гэсэн чинь “юу гээд байгаа юм бэ” гээд пээдэлзээд суугаад байсан. Үүнээс болж бид хоёр жаахан маргалдсан. Тэгэхээр нь би хөлийг нь түлхтэл миний нүүр лүү хоёр цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад, би уйлаад байж байтал жолооч Дамдинсүрэн Б.Д.ын гарыг нь гавлаад, эрүүлжүүлэх байр луу явсан. Б.Д.аас угаасаа архи үнэртэж байсан, согтуу байсан. Хэргийн материалтай танилцахад намайг согтуу байсан гээд худал зүйл ярьсан байсан. Маргааш өглөө нь би ээлжтэй байсан. Тэгээд эрүүлжүүлэхийнхэн ирэх юм чинь гээд байж байтал Б.Д. ирэхээр нь “чи намайг таньж байна уу?” гэтэл Б.Д. намайг гайхаж хараад байсан. Тэгэхээр нь “чи намайг танихгүй байна уу?” гээд дэвтрээрээ шуу руу нь цохисон юм. Гэтэл намайг “ахиад цохиулмаар байна уу, чи” гээд байсан. Тэр үед хэрэг бүртгэгч, дэслэгч Пүрэвдорж гэж хүн байсан. Гэтэл дараа нь Б.Д. надаас “тохирчихъё л доо, хэдэн төгрөг авах юм” гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй, би чамтай тохирохгүй, би явдаг журмаараа явна” гэж хэлсэн. Томографикийн 120.000, Шүүх эмнэлгийн хураамж 8000 төгрөг, нийт 128.000 төгрөгийн хохирол гарсан.” гэв.
Хохирогч Ж.Л. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр намайг гэр лүүгээ орж явахад нэг охиныг хоёр залуу хоёр талаас нь дамжлаад, элдэвлээд байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би “хоёрын хоёр залуу байж нэг охиныг ингэж байх ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн чинь намайг “муу шар сэмжилсэн өвгөн минь зайлаарай” гэсэн. Тэгэхээр нь би “та нарыг миний насан дээр очиход шар сэмжилэхийг чинь харна аа” гэсэн. Тэгтэл энэ хоёр ирээд камерын булан луу аваачаад нүдсэн. Тэгээд хуруунаас хазчихаад тавьдаггүй. Тэгээд сүүлд нь үүдний харуул залууд цагдаа дуудаарай гэж хэлээд цагдаа иртэл би заамдаад, бариад л байж байсан. Өөр цохиж барьсан юм байхгүй. Бичлэг нь байгаа. Хурууныхаа шөрмөсийг тайруулсан, ясны нэг үеийг нь авахуулсан. Хүний шүд их хортой байдаг гээд эдгэж өгдөггүй бараг 1 сар эмнэлгээр явсан. Өдөр болгон боолт хийлгэж байсан. Тэгээд сүүлдээ Гэмтлийн эмнэлгийн гар, сарвуу руу оч гэхээр нь очтол хагалгаанд орно, бохир орчихсон байна, таны шөрмөс хайлчихсан байна гээд хагалгаанд орохоор болсон. Мөн хөмсөг задраад, нүүрний яс 6 см доошоо цөмөрсөн байсан. Ийм л зүйл болсон. Би эдгээр залуусын мууг үзэх гээд байгаа юм алга. Гэхдээ л одооны залуучууд арай л хүндлэлгүй байна. 6 сарын хугацаанд надтай нэг ч яриагүй. Хазсаных нь дараа амаар нь дүүрэн цус болчихсон, миний хувцас хунар ч улаан нялга юм болсон байсан. Одоо бас хамар цөмөрчихсөн, муруй болсон. Баримтаар 649.950 төгрөгийг хохирол учирсан.” гэв.
- Гэрч Б.Ц.э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Б.Б. бид хоёр уулзаад байж байтал Б.Д. бид хоёрыг ирж авсан. Б.Б. нэлээн согтолттой байсан тул Б.Д. бид хоёр талд нь гараад авч явсан. Ингээд “Х” апартмент лүү гэрт орох гээд явж байтал үүдэнд нь Ж.Л. гэж хүнтэй таарсан. Ж.Л. нь намайг “чи эмэгтэй хүн байж хоёр эрэгтэй хүн дагаж явлаа” гэж нэлээн хэрүүлийн чанартай хэлсэн. Энэ үед би Б.Д., Б.Б. нарыг болиулаад авч явсан. Тэгээд салаад лифтэнд суух гээд байж байтал Ж.Л. хүрч ирээд хэл амаар доромжлоход нь Б.Д. очоод “чи гэр лүүгээ орооч ээ” гээд түлхсэн. Дараа нь Б.Б. түлхсэн. Тэгтэл Ж.Л. Б.Б.ийг үсдээд чирсэн. Тэгээд салгачихсан байж байсан чинь хойноос дахиж ирээд Б.Б.ийг дахиж үсдсэн. Үүнийг Б.Д., тэр байрны жижүүр бид 3 салгах гээд дийлэхгүй байсан. Ж.Л. тэр үед согтуу байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ж.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 23:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхоны гадна машинаас буугаад байр луу орж явсан. Үүдэнд 1 охин, 2 залуугийн хамт зогсч байгаад маргалдаад байх шиг болохоор нь “наад эмэгтэй хүүхэд зүгээр байлгаач” гэж хэлсэн. Тэгтэл урт үстэй Б.Б. гэх залуу “чи дуугүй бай, чамд хамаагүй пизда минь, шар сэмжилсэн өвгөн минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “над шиг өвгөн хаана харсан юм” гэж хэлсэн. Тэгээд хэрэлдээд орц руу орсон. Би шат руу алхсан чинь нөгөө залуучууд орж ирээд лифтний үүдэнд зогссон. Маргалдаж байгаад “та нар шиг юмнууд миний насан дээр ийм байхыг харна аа” гэж хэлсэн. Б.Ц.э гэх эмэгтэй “манай нөхөр чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд би “чамайг өмөөрсөн нь буруу болж” гэсэн. Тэгээд намайг явж байхад араас Б.Д. гэх залуу ирээд намайг цээж рүү гараараа түлхсэн. Нөгөө урт үстэй Б.Б. гэх залуу нь түлхэж булан луу оруулаад Б.Д., Б.Б. нар бие рүү өшиглөж, толгой руу цохисон. Хоёулаа цохиод байсан. Урт үстэй Б.Б. гэх залуу нь миний зүүн гарын долоовор хурууг хазсан. Тэгтэл хамгаалагч залуу гүйж ирээд салгасан. Тэгээд урт үстэй Б.Б. гэх залуу явах гэхээр нь би хойноос нь очиж үсдэж татахад унасан. Би дээрээс унахад богино үстэй Б.Д. гэх залуу миний нүүрэн тус газар 4 удаа өшиглөсөн. Машины ард сууж байсан эмэгтэйг Б.Д. цохисон. Энгийн хувцастай явж байсан цагдаа эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй шүд эмтэрчихлээ гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,
- Хохирогч Б.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дамдинсүрэн Б.Д.ыг хойшоо суу гээд миний хажууд суулгасан. Б.Д. суухдаа миний хөлөн дээр гишгэхээр нь би “хөлөн дээр гишгэчихлээ, хөлөө авчих” гэхэд Б.Д. “адилхан эрүүлжүүлэх явах гэж байж, нийгмийн шаар шавхруу минь дуугүй бай” гэсэн. Тэгэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд “чи дуугүй бай” гээд байсан. Хөлөө ав гэхэд авахгүй байхаар нь хөлийг нь түлхэхэд “чи муу яагаад байгаа юм” гээд Б.Д. миний нүүрэн тус газар 2 удаа цохиж авсан. Тэгээд хамраас цус гарсан. Дээд, доод 2 шүд эмтэрсэн, хамрын хажуу тал хавдаж хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24/,
- Гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Харуултай нь уулзаад хяналтын камерын бичлэгийг үзэхэд Б.Д., Б.Б. нар Ж.Л.ыг зодож байгаа болон зөрүүлээд Ж.Л. нь Б.Б.ийг үсдэж байгаа бичлэг байсан. Тэгээд Б.Д.ыг эрүүлжүүлэх байранд хийх гээд автомашинд суулгасан. Тухайн үед Б.Б. эргүүлээс буугаад энгийн хувцастай Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс орох гээд автомашинд суусан байсан. Б.Д. Б.Б.ийн хөл дээр гишгэсэн. Б.Б. хөлөө ав гээд хөлийг нь цааш нь түлхэхэд Б.Д. Б.Б.ийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиод авсан. Би хаалгыг нь онгойлгоод Б.Д.ыг болиулсан. Б.Б. уйлж гарч ирээд хамар амнаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Гэрч Б.Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.Д., Б.Б. нар уурлаад Ж.Л. дээр очоод эхлээд Б.Д. Ж.Л.ын мөр, цээж рүү “гэр луугаа ор” гээд гараараа түлхсэн. Б.Б. очоод хажуугаас Ж.Л.ын гэдэс рүү гараараа түлхсэн. Коридорын булан хэсэгт очоод Ж.Л. Б.Б.ийг үсдсэн. Б.Д., би, орцны жижүүр гүйж ирээд салгасан. Салаад явж байхад Ж.Л. гэх хүн Б.Б.ийг дахин үсдэж чирсэн. Би болон жижүүр ах очоод салгах гээд дийлэхгүй байсан. Зууралдаж байхад Б.Б. Ж.Л.ын нүүр лүү нь цохих шиг болсон. Би жижүүртэй цагдаа дуудах уу гэж ярилцаж байсан. Нэг харахад Ж.Л.ын хөмсөгнөөс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “1.Ж.Л.ын биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн гарын 2-р хуруунд шарх, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх 13626 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40/,
- Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн: “1.Ж.Л.ын биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн гарын 2-р хуруунд шарх, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Зүүн гарын 2-р хурууны шарх нь халдварлагдаж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Ж.Л.ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх 294 тоот дүгнэлт /хх-ийн 45-48/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “1.Б.Б.ийн биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой”. гэх 13657 дугаартай дүгнэлт /хх-ийн 63/,
- Б.Д.ын гэрчээр өгсөн: “...Ж.Л. гэх хүн лифтний хажууд очоод дахиад хэрүүл маргаан хийгээд байхаар нь тэвчиж байгаад арай дэнднээ гээд би очоод Ж.Л.ын бие рүү нь гараараа түлхсэн. Хойноос Б.Б. ирээд бас адилхан л даа гээд Ж.Л.ын бие рүү гараараа түлхсэн. Тэгтэл Ж.Л. Б.Б.ийн үснээс нь зулгааж доошоо дараад дагз руу нь цохиод байсан. Би цаанаас гүйж ирээд арга ядаад Ж.Л.ын нүүрэн тус газар 2 удаа өшиглөж болиулсан. Дараа нь Ж.Л. дахин Б.Б.ийг үсдэж хананд шахаж цохиод байсан. Ерөөсөө тавиулах гэхэд тавихгүй угзарч татаад байсан. Тэгээд Б.Б. тавиулах гээд Ж.Л.ын гарыг хазсан. Салгаад нэлээн зууралдсан. Ингээд цагдаа ирээд намайг машинд суулгатал энгийн хувцастай хүн байж байсан. Хойд суудал дээр суухад хөл дээр нь гишгэсэн гэсэн. “Сүртэй юм бэ, адилхан баригдаад явж байж” гэж хэлтэл намайг үсдэж нэлээн хэдэн удаа хойноос дагз руу цохисон. Тэгээд ууртай явж байгаад тэсгэл алдаад, эргэж хараад нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Над руу улам дайраад байсан. Тэгээд машинаас намайг буулгахад тухайн эмэгтэй цагдаа гарч ирээд намайг нүүр лүү цохисон. Маргааш өглөө нь гуравдугаар хэлтэс дээр Б.Б. ирээд “чи намайг таньж байна уу” гээд миний нүүр, хөл рүү цохиод байсан. Би Ж.Л.ын нүүрэн тус газар 2 удаа өшиглөсөн. 1 нь оносон, 1 нь оноогүй. Б.Б. бол Ж.Л.ыг цохиогүй. Ж.Л. харин Б.Б.ийг үснээс нь зулгаагаад дагз руу нь нэлээн хэдэн удаа цохисон. Ж.Л. Б.Б.ийг үсдээд байхаар нь гарыг нь хазсан. Миний толгойн зүүн хэсэгт хатгуулаад өвдөөд байгаа. Тухайн үед тоохгүй орхисон. Зүгээр болчих байх гэж бодсон, ажил ихтэй байсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ил харагдах гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Б.Б.ийн гэрчээр өгсөн: “...тэгтэл дахин хүрч ирээд хэрүүл өдөөд байсан. Б.Д. очоод Ж.Л.ыг цээж рүү нь түлхсэн. Би очоод бас цээж рүү нь түлхсэн. Тэгтэл Ж.Л. гэх хүн намайг үсдэж аваад хананд савж, дагз руу цохисон. Намайг үсдээд тавихгүй байсан. Тавихгүй байхаар нь Ж.Л.ын хурууг хазсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 403 тоот: 1. Б.Д. нь Шизофренийн хэв шинжит эмгэг. Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Д.ын дээрх эмгэг нь дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг болно. 2. Б.Д. нь хэрэг болсон цаг хугацаанд Шизофренийн хэв шинжит эмгэг. Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Д.ын дээрх эмгэг нь хэзээнээс илэрсэн эсэхийг нарийн тодорхойлох боломжгүй байна. Харин Б.Д. нь СЭМҮТ-д 2017 онд дээрх оношоор хэвтэж байсан гэх өвчний түүх байна. 3. Б.Д.ын дээрх эмгэг нь удамших хандлагатай дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг болно. 4. Б.Д. нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Д. нь болсон асуудлын талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Д. нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 72-74/,
- Б.Д.ын яллагдагчаар өгсөн: “...Ж.Л. хойноос орж ирээд хэл амаар доромжилж, хашгираад байсан. Би Ж.Л. дээр очоод цээжин тус газар нь гараараа түлхсэн. Тэгтэл Ж.Л. Б.Б.ийг үсдэж аваад толгойн дагз руу цохисон. Тэгээд салгаад больчихсон байхад дахин Б.Б.ийг барьж аваад хананд шахаад зогсоод байсан. ...Б.Б. нэлээн удаан цохиод байхаар нь би эргэж нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэрний дараа Б.Б. улам уурлаад, орилоод хувийн шинж чанартай болгож намайг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 113/,
- Б.Д.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/,
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27з/1954 тоот албан бичиг /хх-ийн 122/,
- Б.Б.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/,
- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 129/,
- Б.Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Д. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхонд бусадтай бүлэглэн иргэн Ж.Л.тай маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхоны гадна иргэн Б.Б.тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 24:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” апартмент хотхонд бусадтай бүлэглэн, иргэн Ж.Л.тай маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Л., Б.Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг, Б.Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13626, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13657, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 294 тоот дүгнэлт, Б.Д., Б.Б. нарын гэрчээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д.ыг бүлэглэн хохирогч Ж.Л.ын эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан, ганцаараа хохирогч Б.Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Б.ийг бүлэглэн хохирогч Ж.Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д.т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт, Б.Б.өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Б.Д. нь Б.Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Б. нь мөн Б.Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид “бүлэглэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй байна.
Хохирогч Б.Б.д баримтаар 128.000 төгрөг, хохирогч Ж.Л.т баримтаар 649.950 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгч Б.Д.аас 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б.д, 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Л.т, шүүгдэгч Б.Б.өөс 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Л.т тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Д., Б.Б. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.Б. нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд нь тус тус торгох ял, Б.Б.өд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. овогт Б.ын Д.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б.ийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр тус тус торгох,
Б.Б.өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт оногдуулсан 450.000 төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Б. нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Б.Б.өд үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б.өд тайлбарласугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Д.аас 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Номоо овогт Батсуурийн Б. /РД:ИЮ92032005/-д, 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Намнан овогт Жарантайн Л. /ХК75022612/-т, Б.Б.өөс 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Намнан овогт Жарантайн Л. /ХК75022612/-т тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА