Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05          07                                       2020/ШЦТ/859

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Л.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Л.гийн Б.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1978 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул” худалдааны төвд бараа зөөх ажил эрхэлдэг, ам бүл 2, охины хамт оршин суух бүртгэлтэй, Б. овогт Л.гийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б. нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 2-11 тоотод Ж.Ц.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний толгойн тус болон зүүн гар луу нь гараараа цохиж, зүүн гуя руу нь өшиглөж, түүний биед нэг шүдний булгарал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 5 настай Ц.Галбадрахыг цамцнаас нь татан унагаж, түүний биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Хохирогч Ж.Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр би хамтран амьдрагч Л.Б.ын гэрт бага хүү Ц.Галбадрахын хамт очсон. Тэгээд Л.Б.т хоол хийж өгөөд, хувцас хунарыг нь угааж өгөөд байж байтал Л.Б. архи уусан байсан. Тэгээд унтаж босч ирээд агсраад байсан. Тэгсэн манай хүү Ц.Галбадрах “ээж ээ, гэртээ харья, агаа хүлээж байгаа” гэсэн. Тэгсэн чинь Л.Б. “чамайг гэрт чинь хэн хүлээж байдаг юм, ямар юмтайгаа уулзах гээд байгаа юм” гээд цохиж нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь би бушуухан гарч явах гээд хүүгээ аваад гарах гэтэл Л.Б. шүүгээ рүүгээ явсан. Тэгэхээр нь би хутга авах гэж байна гэж бодоод шүүгээг хаагаад зогстол миний хүү Ц.Галбадрахыг өргөж аваад хоймор луугаа шидсэн. Тэгсэн чинь миний хүү уйлсан. Тэгэхээр нь “миний хүү гарч бай” гэж хэлээд хүүгээ гаргаад, араас нь гүйгээд гарсан. Тэгсэн чинь араас гарч ирээд, хойноос хөөгөөд, чулуу шидээд, ахиад цохиж авсан. Тэгэхэд гудамжаар явж байсан танихгүй 2 банди хүрч ирээд салгасан. Миний хүү Ц.Галбадрахыг өргөж авч шидсэн, тэгэхэд нь миний хүү нүүрээрээ газар унаснаас болж нүүр хэсэг нь зулгарсан байна. Куртканы захнаас нь хүчтэй татаж унагаасан чинь хоймор луу нүүрээрээ шургаж унасан. Тэгээд бид 2 гарсан чинь араас гарч ирээд хашааныхаа хаалгыг түгжиж “явуулахгүй” гэж шүд рүү цохиж, үүдэн нэг шүд хугалсан. Түлхэж холдуулаад зугатаасан чинь худгийн хажууд араас чулуу авч шидэж барьж аваад, “явуулахгүй” гэж зүүн гуя руу өшиглөсөн, зүүн бугалга руу цохиж хөхрүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 17/,

- Насанд хүрээгүй хохирогч Ц.Галбадрахын өгсөн: “Ээж бид 2 айлд очиж, гэрийн гадаа машинаар тоглож байгаад газар унасан чинь ээж намайг босгосон. Тэгээд гэрт ээж Л.Б. гэх согтуу ахтай хэрэлдэж байгаад тэр агаа миний цамцнаас татаж авч шидэж, би шалан дээр унаж, нүүр шалбарсан. Тэр агаа ээжийг “хайр аа” гээд байснаа алгадаж, шүд нь унасан. Ээж бид 2 гарсан чинь араас хурдан гүйгээд чулуу шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сувдаагийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад орой 19:00 цагийн үед хүүхэд утасдаад Ж.Ц. эгч “хүнд зодуулсан байна, шүд нь унасан, амнаас нь цус гарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад гэртээ очсон чинь Ж.Ц.ийн ганц бүтэн байсан үүдэн шүдийг нь унагаасан, уруул нь хавдсан, хүүхэд нь уйлсан, нүүр нь шалбарсан байхаар нь асуухад унагаасан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4534 тоот:

1. Ж.Ц.ийн нэг шүдний булгарал, хүзүү, цээж, баруун эгэм, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4543 тоот:

1. Ц.Галбадрахын биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

- Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: “Ж.Ц.ийн биед учирсан гэмтлүүдээс нэг шүдний булгарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.Б. нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 2-11 тоотод Ж.Ц.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний толгойн тус болон зүүн гар луу нь гараараа цохиж, зүүн гуя руу нь өшиглөж, түүний биед нэг шүдний булгарал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 5 настай Ц.Галбадрахыг цамцнаас нь татан унагаж, түүний биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Л.Б.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Л.Б. нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 2-11 тоотод Ж.Ц.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний толгойн тус болон зүүн гар луу нь гараараа цохиж, зүүн гуя руу нь өшиглөж, түүний биед нэг шүдний булгарал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 5 настай Ц.Галбадрахыг цамцнаас нь татан унагаж, түүний биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Ц.ийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Галбадрахын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сувдаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4534, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4534 тоот дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 71/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Л.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Л.гийн Б.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА