Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 108

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013001090080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн Цэцэгт гэх газарт оршин суух хаягтай, ам бүл-5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М.х овогт Х-ын А, регистрийн дугаар: БВ............   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой 16 цагийн үед тус аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ус” гэх газарт бэлчээрт байсан иргэн К.Б-ы нэг толгой үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

Эрүүгийн 2013001090080 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч К.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 21-24-р хуудас/,

“...Тухайн үед надад дөрвөн үхэр байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой “Хар ус” гэх газарт бэлчээрээс хотонд ирэх ёстой дөрвөн үхрийн нэг нь болох улаан шар зүсний эвэртэй, дөнжин үхэр ирээгүй болохоор ойр хавиас морьтой хайгаад олоогүй. Тэгээд манай гэрийн доод талд байдаг Т.Б-ийн гэрт очиж үхэр хайж явж байгаа талаар асуухад Т.Б-ийн хүү нь болох Б.Н надад уг үхрийг Х.А өөрийн үхэртэй нийлүүлж тууж аваад явсан талаар хэлсэн. Тэгээд би уг үхрийг хайж Х.А-ийн гэрт очиход миний үхэр Х.А-ийн үхэр дотор байсан ба эхэндээ надад Х.А миний үхрээс өөр ямар ч үхэр байхгүй, чиний үхрийг хараагүй” гэж хэлсэн боловч түүний үхэр дотор миний үхэр байсан. ...Би үхрээ өөрөө буцааж авсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Өөрөөр хэлбэл миний зүгээс хэн нэгэн хүнд холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь Х.А дараа нь ирж надаас өөрөө сайн дураараа уучлалт гуйсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

2. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 28-р хуудас/,

“...Тэр өдөр Х.А, Л.Э хоёр мотоциклээр манай гэрийн гадаа ирээд Х.А бид нараас “дунд нь хоёр цагаан үхэртэй үхэр сүрэг харсан уу” гэж асуухаар нь би түүнд “дунд нь хоёр цагаан үхэртэй үхэр сүрэг манай хашааны дээд тал руу явсан” гэж хэлэхэд Х.А надад чи надад үхэр байгаа газрыг заагаад өгөөч гэж хэлээд хажуудаа байгаа хүнийг манай гэрт буулгасан. Би түүний мотоциклд сундалж суугаад хашааны дээд талд 1 км гаруй газарт очих үед Х.А-ийн үхэр сүрэг бэлчээрт бэлчиж байсан. Тэгээд Х.А үхрүүдээ доошоо туух үед нэг үхэр дээшээ зугтахаар болж гарсан үед өөрөө гүйж очоод өөрийн үхэрт нийлүүлж туусан. Бид наана Х.А-ийн үхэр малыг тууж ирэх үед Л.Э манай гэрт үлдсэн байсан. Манай гэр хүртэл би тууж тусалсан. Харин манай гэрт ирсний дараа би гэрт үлдсэн ба манай гэрт сууж байсан Л.Э нэлээд согтуу байсан болохоор Х.А-ийн мотоциклын хойд талд сундалж суугаад явсан. Харин Х.А мотоциклээр үхрүүдээ тууж авч явсан” гэх мэдүүлэг,

3. Насанд хүрээгүй гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 25-р хуудас/

“...2020 оны 10 дугаар сарын 24-ний орой Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар ус” гэх газарт бэлчээрээс хотонд ирэх ёстой байсан 4 үхрийн улаан шар зүсмийн эвэртэй, дөнөн үхэр ирээгүй болохоор би ойр хавиас морьтой хайгаад олоогүй. Тэгээд аав бид хоёр мотоциклээр үхэр хайгаад ойролцоо оршин суудаг Т.Б-ийн гэрт очиж түүний хүү Б.Н-аас улбар шар зүсмийн дөнжин үхэр харсан эсэхийг асуухад таны тэр улаан шар үхрийг Х-ын А /хоч нэр нь Бөх/ нь А гэх залуугийн хамт мотоциклээр ирж өөрсдийн үхэрт нийлүүлж туугаад явсан. Тэр улаан шар үхрийг танай үхэр болохыг мэдээгүй, тэр үхэр туусан үхэртэй нийлэхгүй танай гэрийн чиглэлд зугтсан боловч үхэртээ хүчээр нийлүүлж туугаад явсан гэснээр манай гэрээс 10-аад км зайтай газар Ховд голын эрэгт “Цагаан хөшөө” гэх газарт очиж түүний хотонд байсан үхрийг харахад дотор нь манай улаан шар зүсмийн дөнжин үхэр байсан. Тэгээд би гэрт нь орж Х.А-ээс танай үхэр дотор үхэр ирсэн үү гэхэд өөр хүний үхэр байхгүй гэсэн. Аав түүнд чи үнэнээ хэл гэхэд Х.А бид нарт би үнэнээ хэлж байна, үхэр ирээгүй, би өөрийн үхрээ тууж ирсэн гэж хэлсэн. Тэр үед аав түүнд танай үхрийг харсан, дотор нь манай үхэр байна, тэр ямар учиртай юм бэ гэхэд гэрт нь байсан Х.А-ийн ээж З.Л бид нарт тэгвэл очиж үзье гэсэн. Тэгээд хотонд очиж үзээд энэ манай үхэр байна гэж хэлэхэд Х.А-ийн ээж энэ манай үхэр биш байна, өглөө миний хүүхдүүд танайд хүргэж өгнө гэсэн. Х.А одоо туугаад яв гэсэн. Бид түүнд чи туугаад ирсэн бол өөрөө хүргэж өг гэсэн. Тэр үед Х.А бид нарт та нар ганц үхрээ ингэж нэхэж байгаа бол та нарын азарган сүргийг би алга болгож чадна шүү гэж хэлсэн. Х.А-ийн ээж бид нарт уг үхрийг миний хүүхдүүд өглөө хүргэж өгнө гэсэн болохоор бид яваад өгсөн. Тэр өдрийн маргааш нь 12 цагийн үед Х.А-ийн ах Х.А-ийн хүүхэд нь болох А.Н морьтой тууж ирээд авч ирж өгсөн” гэх мэдүүлэг,

4. Насанд хүрээгүй гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 32-р хуудас/

“...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна эмээ болох З.Л К.Б-ы гэрт улаан шар зүсмийн үхрийг туугаад хүргэж өг гэснээр би хүргэж өгсөн. Тэр үхэр ямар учиртай үхэр болохыг мэдэхгүй. Би үхрийг өөрсдийн үхэр дотроос тасалж туугаад К.Б-ы гэрт морьтой хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,

5. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 37-38-р хуудас/,

“...Би тэр өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 10 дугаар сард Х.А /Бөх/ нэг монгол залуугийн хамт манайд ирсэн. Гэхдээ тэр үед манайд ирэх гэж орж ирээгүй. Бид нар гадаа зогсож байхад Х.А мотоциклээр манай гэрийн гадаа ирж зогсоод “манай үхэр байхгүй байна, дотор нь хоёр цагаан үхэртэй үхэр сүрэг харсан уу” гэж хэлэхэд миний хүү Б.Н “дотор нь хоёр цагаан үхэртэй үхэр сүрэг дээшээ явсан” гэж хэлэхэд Х.А хажуудаа байгаа хүнийг манайд үлдээгээд миний хүүд “чи надтай хамт явж нөгөө үхэр явсан зүгийг заагаад өгөөч” гэж дагуулаад явсан. Харин хажууд нь байгаа залуу манайд үлдсэн. Тэгээд гэрт орж ирэх үед тэр залуу нэг шил архи гаргасан ба бид хоёр тэр архийг хувааж ууж сууж байх үед хэсэг хугацааны дараа Х.А үхрээ тууж ирлээ гээд орж ирсэн. Тэгээд үлдсэн архинаас ганц хоёр хундага уугаад хамт явж байсан залуугаа дагуулаад явсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 35-36-р хуудас/,

“...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 10 дугаар сарын эхэнд аймгаас манай гэрт М ирсэн. Тэр өдөр Л.Э нь М-ын хөдөө байдаг хашаа хороог нь худалдаж авахаар болсон ба Х.А өөрийн мотоциклээр Л.Э-ийг авч ирсэн байсан. Тэгээд манай гэрт сууж байгаад М-ын хашаа хороог худалдаж аваар болж тохиролцсон. Х.А, Л.Э, М бид дөрөв манай гэрт сууж байгаад Л.Э-ийн авч ирсэн хоёр шил архийг уусан. Түүний дараа миний эхнэрийн Казахстан улсаас авч ирсэн нэг шил архийг гаргасан. Тэгээд бид дөрөв 3 шил архийг хувааж уусан ба Х.А мотоцикл жолоодож явж байгаа болохоор нэг их уугаагүй. Л.Э нэлээд согтсон болохоор Х.А нь Л.Э-ийг мотоциклд суулгаж аваад явсан. Түүний дараа юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

7. Шүүгдэгч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 56-57-р хуудас/,

“...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэхийг хүсэж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний танил Увс аймгийн Өмнөгол сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Л овогтой Э нэг морьтой манай гэрт ирсэн. Тэр өдөр Л.Э манай багийн иргэн М гэх хүний малын хашаа, хороог худалдаж авахаар явж байгаа талаар хэлсэн тул морио манайд үлдээгээд бид хоёр миний мотоциклээр М гэх хүнтэй очиж уулзсан. Тэгээд уг хашаа хороог авахаар болж тохиролцоод Х.Д гэх хүний гэрт суугаад ганц хоёр шил архи уусан. Тэгээд гэрт явах замдаа бэлчээрт байсан үхэр малаа цуглуулж авч явах санаатай үхрээ хайж явж байгаад Т.Б-ийн гэрт очсон. Харин Л.Э нь Т.Б-ийн гэрт үлдсэн ба би Т.Б-ийн нэг хүүхдийг дагуулж аваад үхрээ цуглуулаад буцсан. Б сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ус” гэх газарт бэлчээрт байсан өөрсдийн үхэр сүргээ цуглуулж явж байхад манай үхрийн дээд талд бэлчиж байсан нэг үхрийг санаатайгаар, хүчээр өөрийн үхэр малд нийлүүлж туугаад авч ирсэн. Тэр өдрийн орой бид нар гэрт ирсний дараа К.Б гэх хүн нэг хүүхдээ дагуулж ирээд өөрийн үхрийг таньсан. Маргааш өглөө нь миний дүү уг үхрийг туугаад К.Б-ийн гэрт хүргэж өгсөн. Би уг үхрийг өөрийн үхэрт нийлүүлж тууж авч явах үед Л.Э юу ч мэдээгүй, Т.Б-ийн гэрт байсан. Замдаа Л.Э-ийг дагуулж авч явах үед тэр нэлээд согтсон байсан ба мотоциклын хойд талд суулгаж авч ирээд гэрт унтуулсан. Би өөрөө тэр өдөр бусдын малыг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн10-13-р хуудас/,

9. Хулгайлагдсан үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн14-15-р хуудас/,

10. Б сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн дарга Х.Ө-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн үхрийн үнэлгээ тогтоосон тухай шинжэзчийн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/

 

11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /67-72/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39-001605 дугаартай “РД:БВ..........., овог:М.х, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, хаяг:Баян-Өлгий, Б , 1-р баг, Цэцэгт” гэх лавлагаа /хх-ийн 74/,

-  2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД:БВ..........., овог:М.х, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Б , төрсөн огноо:1989/05/21, хаяг:Баян-Өлгий, Б , 1-р баг, Цэцэгт, хүчинтэй хугацаа:2034/05/21, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/,

- БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Х овогтой А нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  Б сумын 1 дүгээр багт оршин суудаг. Х.А нь ам бүл 5, ээжийн гэрт амьдардаг, малын тоо 187, төлөв даруу зантай иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 63/,

- Шүүгдэгч  Х.А нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 65/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна.

Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.А нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог юм.

Шүүгдэгч Х.А нь 1 тооны үхэр хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлийг санаатайгаар өөрийн үхэр малд нийлүүлж туугаад ирсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Х.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаарт нийтлэгдсэнээр мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар сарын 1 дэх хэсэгт байсан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэснийг хассан байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.А-ийн холбогдож байгаа дээрх хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд уг хуулиар зүйлчилбэл оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокуророос тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.А нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр батлагдаж байх тул шүүгдэгч Х.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт 100 ширхэг мод тарих ажил хийлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.  

Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн  “Мустанг” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Х.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх 1 ширхгийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дах хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.х овогт Х-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг БӨ аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт 100 ширхэг мод тарих ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Х.А- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.А-ийн “Мустанг” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК