Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ДШМ/76

 

 

 

А.Т, М.Э нарт холбогдох

                                                        эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч А.Т, М.Э нарт холбогдох, эрүүгийн 1720000000036 дугаартай, 1 хавтас, 131 хуудас хэргийг прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 45 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, замын 4 дүгээр ангид 3 дугаар хэсгийн .......ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ........ тоотод оршин суух, Буд овогтой М.Э /РД:ЕД72060879/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, замын 4 дүгээр ангид 3 дугаар хэсгийн ....... ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 40 дүгээр зөрлөг ...... тоотод оршин суух, Дарьганга овогт А.Т /РД:МК77082219/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, Түшлэг зөрлөг дээр архи уусан үедээ Т-тэй  маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Т нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, Түшлэг зөрлөг дээр архи уусан үедээ Э-тэй  маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч А.Т, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1720000000036 тоот хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, энэхүү захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Амаржаргал бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь М.Э, Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар зүйлчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолдоо хэрэгт мөрдөн байцаалтыг хялбаршуулсан журмаар 14 хоногийн дотор мөрдөн байцаалтыг хялбаршуулсан журмаар явуулахыг мөрдөн байцаагчид даалгасан. Дээрх хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар 14 хоногийн дотор мөрдөн байцаалтыг явуулж, прокурор хэргийг хүлээн авч 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийг хүлээн авч шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж тодорхой заасан байхад хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх нь хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан гэж дүгнэж байна. Иймд М.Э, А.Т нар холбогдох анхан шатны шүүхийн 408 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эсэргүүцэлтэй танилцаагүй. Сая уншиж өгөхөд нь танилцлаа. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй байна, хэргийг буцаая гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Тэгсэн мөртлөө прокурор одоо яагаад эсэргүүцэл бичээд байгаа юм гэдгийг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргана гэж заасан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр Э би учрыг нь мэдээгүй, би ийм хүсэлт гаргаад шийдвэрлэнэ гэж мэдээгүй. Т хүсэлт өгье гээд өгсөн гэж мэдүүлдэг. Хуулийн агуулгыг ойлгоогүй байхдаа мөн өмгөөлүүлэх эрхээр хангагдаагүй байхад нь ийм хүсэлт бичүүлээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гээд оруулаад ирдэг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.         

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт орших бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай.

Гэтэл прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр яллагдагч М.Э, А.Т нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим хэрэгт хамаарч байна гэж хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

 Тодруулбал хохирогч /яллагдагч/ М.Эын зовиурын талаар 2017.08.20-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас-нд ”...цус гарна” /хх-30/, эмнэлгийн бичиг баримтад “...үе үе шээс цустай гарна, цусаар шээнэ” /хх-33, 35/ гэсэн баримтат мэдээлэл байсаар байхад энэ нь хэний үйлдлээс бий болсон байж болзошгүйг шалгаж, хянаагүй нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй талаарх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл яллагдагч М.Э, А.Т нарын холбогдсон эрүүгийн хэргийн нотолбол зохих байдал буюу гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотолж тогтоогоогүй гэж үзэх бөгөөд шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон дээрх тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, дээрх асуудлыг хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд нийцнэ.

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөн М.Э, А.Т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.18, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                               Н.БОЛОРМАА