Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0505

 

“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэртэй, “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8.1, 7.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, өмгөөлөгч Ц.М нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Татварын Улсын байцаагч акт ногдуулахдаа Сангийн Яамны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-2\6121 тоот, мөн тус яамны 4-2Ү7058 тоотуудыг үндэслэн Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу акт тавьсан гэж тайлбарлаж, итгүүлэн үнэмшүүлж төөрөгдүүлсэн. Гэтэл эдгээр албан тоотууд нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн утга агуулгаас илтэд эсрэг утгатай, “...зөвхөн зээл олгох үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж л зээлийн хүүгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө, бусад нь чөлөөлөгдөхгүй” гэсэн утга агуулгатай, илэрхий хууль бус байжээ. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 24.1 дүгээр заалтад “Татварын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан Эрх зүйн актыг удирдлага болгон ажиллана” гэсэн хуулийг илтэд зөрчсөн нь тогтоогдож байна. Иймээс татвар төлөгчийг Татварын байцаагч акт ногдуулахдаа хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хууль бус арга хэрэглэсэн нь баримтаар тогтоогдож байгаа тул гомдол гаргах эрхийг хангах үндэслэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байна.

Сангийн яамны дээрх хоёр албан тоотыг хууль зөрчин бичиж гаргасан Ж.Г, З.Э нар нь Сангийн яамны газрын дарга нар бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн дарга, орлогч даргаар ажилладаг. Тэд манай гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Эдгээр өндөр албан тушаалтнууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн хуулийг зөрчиж гаргасан шийдвэрээ хамгаалж, татварын маргаан таслах зөвлөлийн даргын албан тушаалаа ашиглан татвар төлөгчийн хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахтай холбогдох асуудалд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал Татварын байцаагчдын актын зарим хэсэгт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг ямар шалтгаанаар хэтрүүлсэн талаарх нотлох баримтыг Татварын маргаан таслах зөвлөл, Шүүхэд гарган өгсөн байхад Шүүгч хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгож, “нотлох баримт гаргаж өгөөгүй” гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал Шүүхэд татварын байцаагчийн актад гомдол гаргах хугацаатай холбогдох хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох:

“А М” ХХК-д холбогдох татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол, “Х А” ХХК-д холбогдох маргаан таслах зөвлөлийн тогтоол, Сангийн Яамны хоёр албан тоот, татвар төлөгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн татварын байцаагчийн үйлдлийг гэрчлэх гэрчийг Шүүх хурал дээр асуулгасан мэдүүлэг зэрэг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, 31.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан нотлох баримт, тайлбарыг гаргасан байхад Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай Хуулийн 34-р зүйлд заасны дагуу үнэлээгүй болон хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч нь Татварын байцаагч, Сангийн Яамны хууль бус албан тоотуудын улмаас төөрөгдөлд орж гомдол гаргах боломжгүй байдалд орсон, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7-д зааснаар Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацаа хэтэрсэн тул мөн хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй, манай гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа тул Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох бас нэг үндэслэл мөн.

Шүүгч “Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын ... 7.1-д “Нарийн бичгийн дарга нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.13-т заасны дагуу маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг цахим хуудсаар мэдээлнэ” гэж заасан. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь “А М” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн талаарх тогтоолыг Татварын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн. Манай компани ийнхүү албан ёсоор нийтэлсэн Тогтоолыг олж мэдсэн даруйдаа эрх зөрчигдсөнөө мэдэж Татварын байцаагчийн актад гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлт гаргасан.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот Тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хянан хэлэлцэж хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч А И ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08[1] тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргажээ.

          Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Т.О нараас А И ХХК-ийн 2014-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210297770[2] дугаартай шийтгэлийн хуудсаар 9,359,791,458,25 төгрөгийн зөрчилд нийт 943,464,494.32 төгрөгийн нөхөн татвар, 205,138,376.65 төгрөгийн торгууль, 136,758,917.76 төгрөгийн алданги, нийт 1,285,361,788.70 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

          Уг 210297770 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг[3] нэхэмжлэгч “А И ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан.

          Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08[4] дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасны дагуу “хүсэлт гаргагч нь магадалгаанд хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт ирүүлээгүй бөгөөд 18 хоногоор хэтрүүлсэн нь тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А И ХХК-ийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан.

             Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана.”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана.”, 47.10-т “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.” гэж тус тус заажээ.

          Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлт нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдол биш харин гомдол гаргах хөөн хугацааг сэргээн тогтоолгох хүсэлт тул түүнийг хянаад гаргасан Маргаан таслах зөвлөлийн 08 дугаар тогтоолыг Татварын ерөнхий газрын 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.19-д заасан Маргаан таслах зөвлөлөөс татварын акттай холбогдуулан гомдлыг хянаад гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул 08 дугаар тогтоолтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

          Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зохицуулсан.

          Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, нэхэмжлэгч компанийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл тул түүнийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, өмгөөлөгч Ц.М нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 33 дахь тал

[2] Хэргийн 9-13 дахь тал

[3] Хэргийн 31-32 дахь тал

[4] Хэргийн 33 дахь тал