Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

Ө сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч А.Т,

шүүгдэгч Х.Т, Н.Х нарын өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Х.Т, Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т, Н.Х нарт холбогдох 1913004470046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-7, аав, ээж, ах, дүү, бэр, нэг хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-ын Т, регистрийн дугаар БЭ...............

Монгол Улсын харьяат, 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Н-ы Х, регистрийн дугаар БЭ................

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн К.А-ийг группт гаргаж өгнө гэж Н.Х-ыг Е гэх эмч гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн 400 000 төгрөгийг залилсан,

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Т-ий зааж өгсний дагуу БӨ аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэн К.А-д “би эмч Е байна, орой 17 цагийн үед залгаарай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Х.Т-тэй урьдчилан амлаж, санаатай залилангийн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн К.А-ийн өвчний карт болон 400 000 тегрөгийг авч өгч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүгдэгч Х.Т, Н.Х нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн К.А-ийг группт гаргаж өгнө гэж Н.Х-ыг Е гэх эмч гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн 400 000 төгрөгийг залилсан;

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Т-ий зааж өгсний дагуу Толбо сумын 3 дугаар багийн иргэн К.А-д “би эмч Е байна, орой 17 цагийн үед залгаарай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Х.Т-тэй урьдчилан амлаж, санаатай залилангийн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн К.А-ийн өвчний карт болон 400 000 төгрөгийг авч өгч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Шүүгдэгч Н.Х-ын өгсөн: “Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Х.Т-ий өгсөн: “Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед мөнгө хэрэгтэй болоод ийм хэрэг үйлдсэн. Хохирогч К.А-ээс авсан 400 000 төгрөгөөс 20 000 төгрөгийг Н.Х-т өгсөн. Бусад мөнгийг би өөрөө ашигласан. Хохирогч К.А-ийн хохирлыг барагдуулж өгсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөрдөн байцаалтад:

  1. СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/,

2. Хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 22-23-р хуудас/

 “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 06 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчид үзүүлэхээр очер дараалал аваад зогсож байхад миний толгойн даралт ихсээд байхаар нь эмнэлгийн гаднаас такси бариад төрсөн эгч болох К.А-ийн гэрт очоод цай уугаад сууж байхад төрсөн эгчийн нөхөр Х.А-ын төрсөн дүү болох Х.Т нь гаднаас орж ирээд цай уугаад суусан. Түүний хажууд эгч бид хоёр группт яаж гарах талаар хоорондоо ярилцаж байхад Х.Т хэсэг хугацааны дараа надад хандаж “таны эмчилгээний карт хаана байна, надад нэг таньдаг хүн байгаа, өөр аргаар таныг группт гаргаад өгье” гэж хэлсэн юм. Тэгээд Х.Т утсаар ярьж байгаад бид хоёр эгчийн гэрээс гарсан юм. Гэрээс гараад холбооны урд ирэхэд Х.Т танд мөнгө байгаа юу гэж асуухаар нь би байгаа, мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэж асуухад мөнгө угаасаа хэрэг болно, өвчний картын дунд хийчих гэхээр нь би өөрт байсан 400 000 төгрөгийг картын завсар хийгээд холбооны урдаас эмнэлгийн зүг рүү явж “Малчин” төвийн урд очиход бор өнгийн гадуур хувцастай нэг эмэгтэй ирээд нөгөө хүн та юм уу, би зүрхний их эмч Е байна гэж хэлээд та картаа өгч бай гээд миний картыг хараад дунд нь байсан мөнгийг харж байгаад өвчний карттай хамт халаасандаа хийсэн .Тэгээд миний дугаар энэ гээд 99951275 гэх дугаарыг өгөөд орой 17 цагийн үед яриарай гээд яваад өгсөн. Улмаар бид гурав 3 зүг рүү салаад явсан. Х.Т захын зүг рүү, харин нөгөө эмэгтэй эмнэлгийн зүг рүү, би буцаад явсан юм” гэх мэдүүлэг,

3. Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 28-29-р хуудас/

“...миний хүү Х.Т худ болох К.А-ээс 400 000 төгрөгийг групп сунгаж өгөхөд нь тус болно гэж худлаа хэлээд авсан байна лээ. Тэгэхээр нь би чи ямар эмч юм уу, яах гэж хүнээс худал хэлж мөнгө авдаг юм бэ гэж уурлаад л өнгөрсөн юм. Яг нарийн учрыг нь би сайн мэдэхгүй, яагаад мөнгийг нь яаж авсныг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Х.Т худ К.А-ийг группийг сунгаж өгөхөд тусална гэж худал хэлж 400 000 төгрөг авсан байсан. Урьд нь Х.Т хүний группийг сунгаж байсан удаа байхгүй. Тэгээд би Х.Т-д уурлаж мөнгийг нь олж өгөх талаар хэлэхэд надад 200 000 төгрөгийг өгөөд К.А эгчид өгөөрэй гэж хэлэхээр нь би уг мөнгийг нь К.А-д өгсөн. Миний мэдэх зүйл энэ болно” гэх мэдүүлэг,

4. Шүүгдэгч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 35-37-р хуудас/

“....би К.А эгчээс 400 000 төгрөг авсан маань үнэн. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед би ах болох Х.А-ын гэрт халамцуухан очиход Толбо сумын “Хонгор-өлөн” гэх газарт байдаг бэр эгч К.А-ийн төрсөн дүү К.А ирчихсэн ганцаараа цай уугаад сууж байсан юм. Тэгээд би гэрт нь ороод суухад К.А надад хандаж чамд таньдаг эмч байна уу, группээ сунгах хэрэгтэй байна гэхээр нь би за байз хүнээс асууж үзье гэж хэлсэн юм. Тухайн үед надад ямар ч мөнгөгүй байсан болохоор мөнгө олох зорилгоор Н.Х руу залгаж би “нэг хүнийг дагуулж очно, чи эмч байна гэж хэлээд өвчний карт, мөнгийг нь аваад яваарай, чи одоо “Малчин” төвийн ойролцоо очоод байж байгаарай, эмч Е гэж өөрийгөө танилцуулаарай” гэж тохирсон. Би К.А-д нэг хүнтэй ярьчихлаа хүрээд ир гэж байна гэж хэлээд гэрээс дагуулж гараад холбооны гадна байдаг АТМ-ээс 400 000 төгрөгийг К.А эгч виза картаар аваад өвчний карт дотор нь 400 000 мянган төгрөг хийгээд холбооны урдаас “Малчин” төвийн урд хүртэл алхаж очиход Н.Х хэлсэн ёсоор ирээд зогсож байсан. Н.Х өөрийгөө К.А эмч нь би байна, картаа өгчих гээд мөнгийг нь авсан. Тэгээд би энэ хүний дугаар 99951275 гэж орой 17 цаг өнгөрөөд залгаарай гэж хэлээд би захын зүг рүү явсан. Харин Н.Х эмнэлгийн зүг рүү явсан. К.А- буцаад гэрийн зүг рүү явсан юм. Тэгээд Н.Х-тай утсаар яриад эмнэлгийн доод хэсэгт дуудаж түүнээс мөнгөө аваад би зах очсон юм. Н.Х-т баярлалаа гээд 20 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

5. Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 82-83-р хуудас/

“Х.Т бид хоёр утсаар ярьж Х.Т-ий худ гэх К.А-ээс 400 000 төгрөгийг групп сунгаж өгөхөд нь тус болно гэж худлаа хэлээд авсан. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу Х.Т залгаад “та надад нэг тус болооч, би нэг хүнийг дагуулж очно, та эмч байна гэж хэлээд өвчний карт, мөнгийг нь аваад яваарай, та одоо “Малчин” төвийн ойролцоо очоод байж байгаарай, эмч Е гэж өөрийгөө танилцуулаарай” гэж хэлэхээр нь би учрыг нь сайн асуугаагүй за гэж зөвшөөрсөн юм. Тухайн үед талбай дээр явж байсан учир би шууд л “Малчин” төвийн урд хүртэл алхаж очиход Х.Т нэг эмэгтэйтэй хүрч ирээд энэ хүн нөгөө эмч байгаа юм гэж намайг танилцуулахаар нь би эмч Е байна, орой 17 цагийн үед залгаарай гэж хэлээд би иргэн К.А-ээс өвчний карт, дотор нь мөнгөтэй байсан. Түүнийг аваад би эмнэлэг рүү явсан юм. Тэгээд би эмнэлгийн гадна очоод уг картыг үзэхэд дотор нь 20 мянгатын дэвсгэрээс 20 ширхэг буюу 400 000 төгрөг байсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т, Н.Х нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл нөлөөлсөн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн К.А-ийг группт гаргаж өгнө гэж Н.Х-ыг Е гэх эмч гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн 400.000 төгрөгийг залилж, шүүгдэгч Н.Х нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Т-ий зааж өгсний дагуу Толбо сумын 3 дугаар багийн иргэн К.А-д “би эмч Е байна, орой 17 цагийн үед залгаарай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Х.Т-тэй урьдчилан амлаж, санаатай залилангийн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн К.А-ийн өвчний карт болон 400.000 төгрөгийг авч өгч залилж, хохирогчид 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.

Шүүгдэгч Х.Т, Н.Х нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Т, Н.Х нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Т, Н.Х нарын үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч К.А-д учирсан 400 000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Т, Н.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т, Н.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, тус бүрийг нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдсэнийг шүүх “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.

Шүүгдэгч нар урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т, Н.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэгийг хавтаст хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Т, Н.Х нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Х-ын Т, Т овогт Н-ы Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.Х нарын тус бүрийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэгийг хавтаст хэргийн хамт хадгалсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Т, Н.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК