| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0103/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 112
| 2020 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 2020/ШЦТ/112 | Ө сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
хохирогч М.С,
хохирогчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.б овогт Х-ы Н-т холбогдох 2013000690090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ховд голын 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, ам бүл-4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.б овогт Х-ы Н, регистрийн дугаар: БЮ......................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2019 оны 10 дугаар сард БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн иргэн М.С-д 9910, 9911-тэй дугаар гаргуулж өгнө гэж бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 13 980 000 /арван гурван сая есөн зуун наян мянган/ төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Хохирогч М.С-д учирсан хохирлыг төлж өгсөн. Одоо хохирогч М.С-ий хот руу яваад ирсэн эх тээврийн хөлсний зардал 86 000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна.” гэв.
2. Хохирогч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие Х.Н-ыг сайн танихгүй. Миний эхнэрийн найз байсан. Миний эхнэр лүү залгаад 9910-тай дугаар авах уу гэж хэлсэн байсан. Эхнэр маань над руу залгаад 9910-тай дугаартай авах юм уу, миний найз Х.Н гаргаж өгнө гэж хэлсэн байна. Тэгээд би итгээд 300 000 төгрөг явуулсан. Аллаберген гэдэг найз руу ярьж 9911-тэй дугаар авах уу гэхэд авна гэж хэлсэн. Х.Н нь “Мобиком”-ын төвд ажилладаг О.Б гэдэг хүнд 2 000 000 төгрөг, аймгийн төвийн “Мобиком”-ын салбарт ажилладаг С.Г гэх хүнд 500 000 төгрөг өгнө гэж байнга мөнгө авдаг байсан. Х.Н-аас 13 920 000 төгрөг шилжүүлсэн. Дараагаар нь үлдсэн 60 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Улаанбаатар хот руу явж ирсний 86 000 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад гарсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх болно.” гэв.
Эрүүгийн 2013000690090 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч М.С-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 32-36-р хуудас/
“...миний эхнэр О.Н-ийн найз Х.Н- нь аймгийн “Мобиком”-ын агентаар ажилладаг байсан. Бидний гар утасны төлбөр тооцоо, утасны засвар үйлчилгээ зэрэг ажлуудыг Х.Н-аар хийлгүүлж үйлчлүүлдэг байсан. Х.Н-ын нөхөр Ж.Е нь миний эхнэр О.Н-ийн хамаатан бөгөөд багын найз нь байсан тул Х.Н-т итгэдэг байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр Х.Н нь эхнэр бид хоёрт хандаж 9910, 9911-тэй дугаар гаргаж байна, “Мобиком”-д ажилладаг С.Г, төвд ажилладаг О.Б гэх хүнтэй хамтран үнэтэй дугаарыг гаргаж өгнө, та нар дугаар аваач гэхээр нь түүний үгэнд итгэж 4 ширхэг 9910-тай, 1 ширхэг 9911-тэй дугаар авахаар тохиролцож, нийт 14 сая гаруй төгрөгийг Х.Н-ын дансанд шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш удаа дараа Х.Н-аас шаардсан боловч худлаа хэлж залилсан. “Мобиком”-д ажилладаг С.Г гэгч та нарын дугаарыг авч ирэхээр Улаанбаатар хот руу явсан, удахгүй ирнэ гэж худлаа хэлж байсан. Нийт 13 980 000 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгөнөөс Х.Н нь 13 920 000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо 60 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ж.Е энэ талаар огт мэдэж байгаагүй, би түүний нөхөр Ж.Е руу залгаж ярих гэхэд Х.Н нь Ж.Е-д битгий хэлээч, Ж.Е энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг,
2. Гэрч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 41-44-р хуудас/
“...М.С, О.Н нартай миний эхнэр Х.Н холбоотой байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сард юм шиг санагдаж байна М.С-ий эхнэр О.Н гэх эмэгтэй миний утас руу залгаж Х.Н- 2019 оны 11 дүгээр сард нөхөр М.С бид хоёроос 9910, 9911 дугаар авч өгнө гэж 11 000 000 төгрөг авсан. Одоо хүртэл өгөхгүй байна гэхээр нь би эхнэр Х.Н-аас асуухад М.С, О.Н нараас 9910, 9911 дугаар авч өгнө гэж 11 000 000 төгрөг авсан. Дээрх дугааруудыг авч өгөх байх гэж бодсон боловч бүтээгүй гэж хэлсэн. Би энэ асуудлыг огт мэдээгүй. О.Н залгах үед мэдсэн. Мөн миний эхнэр Х.Н 2019 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл миний оронд түр ажиллаж байсан. Ингээд түүнийг далимдуулж, дугаар авч өгнө гэж М.С, О.Н нараас 11 000 000 төгрөгийг авсан байсан. Түүнээс биш Х.Н нь “Мобиком”-ын үндсэн ажилтан биш, ямар нэгэн үнэтэй дугаар авах боломжгүй. Мөн “Мобиком”-ын төвд О.Б гэх хүн ажиллаж байгаагүй. Би О.Б гэх хүнийг огт танихгүй, Х.Н худлаа хэлсэн байна” гэх мэдүүлэг,
3. Гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 45-р хуудас/
“...би Ж.Е, Х.Н нартай 9910, 9911-тэй дугаар гаргуулж өгөх талаар огт ярьж байгаагүй. Тэгээд ч 9910, 9911-тэй дугааруудыг дураараа гаргах боломжгүй. Миний бие дугаар олгодог хүн биш болно. Дээрх дугааруудыг шинээр гаргах ч боломж байхгүй. Эдгээр дугаарууд ард иргэдийн эзэмшилд байдаг бөгөөд хэрэв уг дугаарыг ашиглаж байгаа эзэмшигч этгээд нь бусдад борлуулж зарахаар бол “Мобиком”-ын салбарт ирж, зарж байгаа болон худалдаж авч байгаа хоёр хүн нь зэрэг байж гэрээ хийсний үндсэн дээр худалдаж авч буй хүний нэр лүү шилждэг. Түүнээс биш дураараа олгодог асуудал байхгүй. Тэгээд ч бас миний эрхэлж байгаа асуудал биш болохоор Х.Н, Ж.Е нарт энэ асуудлын талаар ярихгүй. Тийм байхад худлаа миний нэрийг барьж бусдад худлаа мэдээлэл өгсөн асуудалд гомдолтой байна. “Мобиком”-ын төв байранд О.Б гэх хүн ажилладаггүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 46-48-р хуудас/,
“...Ж.Е, Х.Н нар нь “Мобиком”-ын салбарт нэгж борлуулдаг байсан. Ингээд Х.Н-ыг таньдаг болсон. Заримдаа утасны төлбөр, засвар үйлчилгээг Х.Н-аар дамжуулан хийлгэдэг байсан юм. Х.Н нь 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр юм шиг санагдаж байна, миний утас руу залгаж 9910, 9911-тэй дугаар авах уу, авна гэвэл гаргуулж өгнө шүү гэхээр нь би нөхөр болох М.С-д хэлсэн. Тэгээд М.С бид хоёр хоорондоо ярилцаад авахаар болж Х.Н-тай ярихад “Мобиком”-д ажилладаг С.Г гэх эмэгтэйгээр дамжуулан үнэтэй дугаар гаргуулахаар болсон гэхээр нь М.С бид хоёр итгэж, нийт 4 ширхэг дугаар авахаар болж миний 50170192487 тоот данснаас удаа дараа Х.Н-ын данс руу 13 175 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 860 000 төгрөгийг найз болох С-ийн данснаас Х.Н-ын данс руу тус тус шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
5. Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 53-54-р хуудас/
“...Х.Н гэх эмэгтэй 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний санаж байгаагаар 05-ны өдөр миний бэр болох О.Н-д 9910, 9911-тэй дугаар авах уу, олж өгөх боломжтой гэж санал тавьсан байсан. Учир нь Х.Н- тус аймаг дахь “Мобиком”-ын салбарт нэгж борлуулдаг агентаар ажиллаж байсан. Ингээд О.Н түүний хэлснийг нөхөр нь болох миний хүү М.С-д хэлснээр тэд нар 9910, 9911-тэй дугаар авахаар болж Х.Н гэх эмэгтэйн дансанд хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Х.Н нь дугаарууд чинь бүтэхээр болсон, удахгүй бэлэн болно, танил болох О.Б, С.Г нараар дамжуулан дээрх дугаарыг авахаар болсон. Мөн О.Б, С.Г нарт бэлэг болгож мөнгө, төгрөг өгч байна гэж итгүүлэн, төөрөгдөлд оруулж худлаа хэлсэн байсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр он гарахаас өмнө хүү М.С, бэр О.Н нарт дээрх дугаарууд гарсан байна, та хоёр өөрсдөө Улаанбаатар хот руу явж Мобикомын төвөөс авахаар болсон, эзнийг нь явуул гэж хэлсэн байсан. Ингээд Х.Н-ын хэлсэн үгэнд итгэж М.С, О.Н нар автобусаар хот руу явсан боловч Х.Н худлаа хэлсэн байсан. Ингээд хүүхдүүд маань буцаад ирсэн. Тухайн үед учрыг нь Х.Н-аас асуухад энэ удаа бүтээгүй байна, О.Б гэх “Мобиком”-ын төвд ажилладаг эрэгтэй шинэ жил үзэхээр Солонгос улс руу явсан байна, уг нь та нарыг явуулаарай гэхээр нь явуулсан боловч бүтээгүй, 7 хоногийн дараа бүтэхээр болсон гэж хэлсэн. Ингээд удаа дараа шаардсан боловч өнөө маргааш бүтнэ, С.Г өөрөө явж хотоос дугааруудыг авч ирэхээр болсон гэж хэлсээр байгаад он гарсан.” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 49-50-р хуудас/
“...2019 оны 08 дугаар сарын сүүлчээр 2 200 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна үүнээс 1 700 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг өгөөгүй” гэх мэдүүлэг,
7. Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 55-р хуудас/
“...би Ж.Е-аас ямар нэгэн зорилгоор мөнгө авсан зүйл байхгүй. Би 9910, 9911-тэй дугаар авч өгнө гэж хэлээгүй. Тухайн 9910, 9911-тэй дугаарууд худалдахгүй байгаа. Урьд өмнө 9910, 9911-тэй дугаарыг барьж байсан хүн нь ямар нэгэн байдлаар ашиглахгүй 180 хоног болох юм бол тухайн дугаар устаж шинэ дугаарын төлөвт орж дахин борлуултанд гардаг.” гэх мэдүүлэг,
7. Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 07-14, 17-24, 26-29-р хуудас/,
8. Шүүгдэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 62-63-р хуудас/
“...би М.С, О.Н нартай холбоотой байдаг байсан бөгөөд тэд нар намайг “Мобиком”-д нэгж борлуулдаг агентаар ажилладаг гэдгийг мэддэг байсан. Мөн намайг ажлаас гарсан гэдгийг мэдээгүй. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, М.С, О.Н нартай холбогдож 9910, 9911 дугаар авах уу гэж хэлсэн чинь миний нөхөр болох Ж.Е нь “Мобиком”-д агентаар ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сард ажлаас гарсан байсан. Тэгээд би нөхөр болох Ж.Е-д хэлж байгаад дээрх дугааруудыг гаргуулах боломжтой байх гэж бодож О.Н, М.С нарт үнэтэй дугаар авах талаар санал болгосон. Тэгсэн О.Н, М.С нар зөвшөөрөөд 5 ширхэг 9910-тай, нэг ширхэг 9911-тэй дугаар гаргаж өгөхөөр болсон. Ингээд би 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт төгрөгийг удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлж авсан бөгөөд одоо 60000 төгрөгийг төлөөгүй. Удахгүй төлж хохиролгүй болгож өгнө.” гэх мэдүүлэг,
9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон шалгах хуудас /хх-ийн 66/
- Шүүгдэгч Х.Н-т холбогдох БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69/,
- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Х овогтой Н-ын /БЮ...................../ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 71/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/74 дугаар “Х.Н-ын /БЮ...................../ нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 73/,
- 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон “РД:БЮ....................., овог:Ж.б, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эмэгтэй, төрсөн газар:БӨ , Ө , төрсөн огноо:1992-10-10, хаяг:БӨ , Ө , 5-р баг, Ховд гол 8 гудамж, 01 тоот, хүчинтэй хугацаа:2037-10-10, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/,
- БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тус багийн 5 дугаар багийн иргэн Х овогтой Н нь БЮ..................... тоот регистрийн дугаартай, ам бүл 4, 8 дугаар гудамж, 01 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 77/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл зориг нөлөөлсөн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.
Шүүгдэгч Х.Н нь 2019 оны 10 дугаар сард БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн иргэн М.С-д 9910, 9911-тэй дугаар гаргуулж өгнө гэж бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 13 980 000 /арван гурван сая есөн зуун наян мянган/ төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид 13 980 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.
Хавтаст хэргээс үзвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, мөн хуурч мэхэлсэн байна.
Шүүгдэгч Х.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Н-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч М.С-д учирсан 13 980 000 төгрөгийн хохирлын 13 920 000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд, үлдсэн 60 000 төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан болох нь депозит дансны хуулга /хх-ийн 07-29/, хохирлын хүснэгт /хх-ийн 96-97/ зэргээр тогтоогдож байна.
Мөн хохирогч М.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт эхнэртэйгээ хамт БӨ аймгаас Улаанбаатар хот руу Мобикомын төвөөс дугаар авахаар очиход гарсан зардал буюу тээврийн хөлс тус бүр 86000 төгрөг, нийт 172 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Н- нь хохирогч М.С-д холбогдох 86 000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс Х.Н-аас 86 000 төгрөг гаргуулан хохирогч М.С-д олгож, илүү нэхэмжилсэн 86 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл “Мобиком”-ын утасны дугаарыг авах зорилгоор Улаанбаатар хотод 2 хүн очиж байсан гэж дүгнэж төлбөр гаргуулах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.С- нь цаашид гарах хохирол, иргэний нэхэмжэл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгоr, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Х.Н-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял бөгөөд тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан ял, эрүүгийн хариуцлагыг оновчтой, үр нөлөөтэй сонгох явдал нь эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэх учиртай байдаг.
Шүүгдэгч Х.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Е.Е, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Е.Н гэх бага насны, хөхүүл нялх хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.
Учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Н урд нь БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Х.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.б овогт Х-ы Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Н нь хохиролд 13 980 000 /арван гурван сая есөн зуун наян мянга/ төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Х.Н-аас 86 000 /наян зургаан мянга/ төгрөгийн гаргуулан хохирогч М.С-д олгож, хохирогч М.С-ий илүү нэхэмжилсэн 86 000 /наян зургаан мянга/ төгөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.С- нь цаашид гарах хохирол, иргэний нэхэмжэл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК