| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0104/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 113
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
Орчуулагч, хэлмэрч Ж.А,
Хохирогч А.К,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.А-,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Өсвөр насны шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 2013001280102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БӨ аймгийн Ц сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, БӨ аймгийн Ц сумын * дугаар баг ЦТ оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт С-гийн Б, регистрийн дугаар БЛ...................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч С.Б- нь БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн А овогт К-ын өвөлжөөн дэх өвсний хашаанд байсан өвсийг нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас санаатай гал тавьж шатааж, устган бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Өсвөр насны шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А.К-ын өвөлжөөн дэх өвсний хашаанд байсан өвсийг галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Намайг хохирогч 3 жил зодож, дарамталсан учраас гэмт хэргийг үйлдэх болсон. Бид нарыг та нар ядуу гэж дарамталдаг. Миний хоолойг сураар боож байсан. Энэ талаар хэсгийн төлөөлөгч Б.Ш-д зураг нь байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоос 500000 төгрөгийг барагдуулж өгсөн. Үлдсэн 1100000 төгрөгийг ойрын хугацаанд барагдуулж өгөх болно.” гэв.
2. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч миний хүүхдийг 2-3 жилийн хугацаанд дарамталж байсан зүйл байгаа. Хохирогч эхнэртэйгээ хамт бид нарыг хэл амаар доромжилдог байсан. Өөрсдийгөө баян чинээлэг гэж бид нарт дарамт үзүүлдэг. Бид нар ядуу, зүдүү амьдралтай хүмүүс юм. Хүү маань оторт хонь хариулж ирсний дараа толгойгоо угааж байхад хоолойндоо гэмтэл үүссэн байсныг харсан. Юу болсон вэ гэхэд юу ч болоогүй гэж нүдэндээ нулимстай хэлж байсан. А.К эхнэртэйгээ хамт нийлж 2-3 жил миний хүүхдийг дарамталж байсан. Бид нар баян хуулийн байгууллагыг худалдаж авах болно гэсэн утгатай зүйл хэлж байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар дарамт үзүүлээгүй бол миний хүүхэд ингэж өвс шатаахгүй байсан. Миний хүүхдэд гэмт хэрэг үйлдсэн болох нь үнэн. Эхийн хувьд хариуцлагын хүлээхэд бэлэн байна. Үлдсэн хохирлыг ойрын хугацаанд төлж өгөх болно.” гэв.
3. Хохирогч А.К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өнөөдөр 500000 төгрөгийг хохирол барагдуулж өгсөн болох нь үнэн. Үлдсэн хохирлыг хуулийн дагуу барагдуулж өгөхийг хүсэж байна. Би өөрөө малчин хүн. Өнөөдрийн байдлаар аймагт 3 удаа ирлээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 2013001280102 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч А.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-35/
“...Е ирээд “ааваа манай өвөлжөөнд байдаг өвс маань шатаж байна” гэж хэлэхээр нь түүнийг дагуулаад өвөлжөөндөө ирэхэд онцгой байдал болон цагдаагийн хүмүүс ирсэн байсан юм. Тэгээд бүгдээрээ нийлээд галыг унтрааж авсан. Би намар хадлангийн үеэр 6 машин өвс авсан. Уг өвснөөс өвөл зудгүй гайгүй гарсан тул нэг их хэрэглээгүй. Мөн “Цагаан говь” руу оторт явах үед 1 машин шахуу өвсийг ачаад явсан. Миний тооцоолсноор 3 машин хагас өвс үлдсэн гэж бодож байна. Би өөрөө уг хэрэгт шууд манай хөрш өвөлжөөнд байдаг С.Б-ыг сэжиглэж байна. Тэр зүгээр явдаггүй хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг,
2. Гэрч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 36-38/
“....Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 00 цаг өнгөрч байхад бид нар гэртээ унтаж байсан юм. Миний хүү болох А.К эхнэрийн хамт “Цагаан гов”-ийн эх гэх газар оторт байсан. Би 2 зээгийн хамт өвөлжөөний байшинд үлдсэн байсан юм. Тэгээд би унтчихсан бөгөөд нэг сэрэхэд миний хамранд нэг эвгүй үнэр үнэртсэн юм. Тэрнээс өмнө манайд нэг жижиг нохойн гөлөг байсан бөгөөд тэр хуцаж байсан. Манай өвөлжөөний байшингийн зуухны нүүрсийг гаднаас тустай нүхнээс авдаг бөгөөд түүн дээр малын нэмнээ нөмөрч тавьсан байсан. Түүнийг шатаж байна гэж зээ Е-ыг сэрээсэн юм. Е сэрээд “эмээ нэмнээ биш, өвс шатаж байна” гэж хэлэхээр нь гадагш гарахад өвс шатаж байсан.” гэх мэдүүлэг,
3. Өсвөр насны шүүгдэгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 51/
“Би Ц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөө аав, ээжийнхээ гэрт мал маллаж амьдардаг. Манай мал одоо “Хөшөөлиг” гэх газарт И гэдэг хүний малтай 10-аад хоногийн өмнөөс нийлүүлсэн. Би И-ы гэрт байж мал хариулдаг байсан. 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Г-ад чулуугаар хашаа барихад нь тусалж байгаад 18 цагт гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад шөнийн 00-01 цагийн үед цаг яг хэд болж байсныг санахгүй байна, манай өвөлжөөний доод талд байдаг А.К-ын өвөлжөө рүү мориор очсон. Тэр үед би А.К-ын өвөлжөөний доод талын түнгэтэй газраар яваад тэдний гэрийг өнгөрөөд нэг уулын толгой дээр морио уяж үлдээгээд өөрөө явган А.К-ын өвөлжөөний дээд тал буюу уул талаас нь очсон. Тэгээд би тэдний хашаа руу сэмээрхэн давж ороод карманд байсан шүдэнзийг зурж асаагаад өвс рүү хаячихаад буцаад гарч морио уяж үлдээсэн толгой руу алхаж очоод морио унаад гэртээ харьсан. Уг гал тавьсан шүдэнзийг гэрээсээ нууцаар авч гарсан, би тамхи татдаггүй. Би А.К-ын хашаанд байсан өвсийг хувийн таарамжгүй харилцааны улмаас шатаасан. Урьд нь намайг зодож байсан болохоор тэр явдалд өс санаж шатаасан. Би А.К-ын хохирлыг нөхөн төлөөгүй, гэхдээ төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг,
4. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/466 дугаар “С.Б /БЛ................../ нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 53/,
- 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон “овог:Найман, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Б, хүйс:Эрэгтэй, төрсөн он, сар, өдөр:2002/12/23, төрсөн газар: БӨ , Ц , регистрийн дугаар:БЛ.................., хүчинтэй хугацаа:2027/12/23, хаяг:БӨ , Ц , 3-р баг, Цагаан түнгэ” гэх лавлагаа /хх-ийн 54/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/,
- БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дугаар “Тус сумын 3 дугаар багийн иргэн С овогтой Б нь /БЛ.................. регистрийн дугаартай/, 17 настай, боловсролгүй, эцэг, эхийн хамт нэг өрхөд амьдардаг, өөрийн нэр дээр эд хөрөнгийн бүртгэлгүй ба урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Өсвөр насны шүүгдэгч С.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Б бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахыг хүсэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, танхайн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч С.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:
Уг гэмт хэргийн улмаас 1 600 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 42/, хохирлын хүснэгт /хх-ийн 20/ зэргээр тогтоогдож байх ба хохирлын хэмжээ үнэн зөв, бодитой байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гэж 500 000 /таван зуун мянга/ төгрөг бэлнээр төлж өгсөн байх тул үлдэгдэл 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч А.К-т олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчоос уг хэрэг гарснаас хойш Ц сумаас ирж буцсан зардал байгаа гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Өсвөр насны шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Өсвөр насны шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 22 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, өсвөр насны шүүгдэгч С.Б-ы насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч С.Б нь 17 нас 4 сар 6 хоногтой байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг БӨ аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 100 ширхэг мод тарих ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоолоо.
Өсвөр насны шүүгдэгч С.Б-ыг хараа хяналтандаа байлгах хүсэлтийг шүүх хүлээн авч 1 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх буюу хууль ёсны төлөөлөгч Я.А, эцэг С нарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Н овогт С-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг БӨ аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 100 ширхэг мод тарих ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 /гурав/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-ыг 1 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгч С.Б-ы эх Я.А, эцэг С нарт даалгасугай.
6.Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Б нь хохирогч А.К-т 500 000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгч С.Б-аас 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн гаргуулан хохирогч А.К-т олгож, түүнийг уг гэмт хэргийн улмаас Ц сумаас ирж, буцсан зардал гэж нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК