| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0104/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 118
БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн прокурорын хяналтын прокурор М.Ф,
Иргэний нэхэмжлэгч А.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч К.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013001110129 дугаартай, шүүгдэгч К.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр БӨ аймгийн У суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, БӨ аймгийн У сумын 6 дугаар багийн Засаг дарга ажилтай, БӨ аймгийн У сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт К-н Б, регистрийн дугаар БК.....................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын төсвөөр санхүүжүүлж багийн Засаг дарга, багийн эмч нарыг унаажуулах зорилгоор өөрт нь олгосон цэнхэр өнгийн “Ssenda” маркийн мотоциклийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С.Б-д 1500 000 төгрөгөөр зарж борлуулсны мөнгийг өөртөө завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч К.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2008 оноос эхлээд У сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна. 2008 оноос хойш сумын удирдлагуудад компьютер авч өгөх тухай саналыг удаа дараа тавьсан боловч багийн дарга нарт компьютер авч өгөөгүй. Тэгээд мотоциклийн мөнгөөр иж бүрэн компьютер авах санаатай байсан. Мотоцикл зарсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Хууль мэдээгүйгээс болж ийм зүйл хийлээ. Улсын Их хурлын гишүүн Г.С хувиасаа өгсөн мотоцикл өөрсдөө хувьдаа яаж ашигласан ч болно гэж хэлсэн учраас зарсан. Тухайн үед ашиг олъё гэж зараагүй. Улсаас санхүүжүүлсэн мотоциклийг бусдад зарж, борлуулсны мөнгийг өөртөө завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж өгсөн.” гэв.
2. Иргэний нэхэмжлэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улсын Их хурлын гишүүн Г.С Засгийн газрын хөрөнгөөр алслагдсан баг сумуудын багийн Засаг дарга нарыг унаажуулсан байсан. Засаг даргын Тамгын газраас хурал хийж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн газраас мотоциклийг надад хүлээлгэж өгсөн. Одоо У сумын Засаг даргын Тамгын газрын агуулахад байгаа. Албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд дараагийн томилогдсон багийн даргад өгөх ёстой. К.Б мотоциклийг буцааж өгч, хохирлоо барагдуулсан. Өөр гомдол санал байхгүй.” гэв.
Эрүүгийн 2013001110129 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Иргэний нэхэмжлэгч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 53-р х/ “...багийн Засаг дарга нарт олгосон эд зүйл буюу мотоциклд сумын Тамгын газар хяналт тавина. Уг мотоциклийг худалдан борлуулж болохгүй. Хэрэв албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд дараагийн томилогдсон багийн даргад өгөх ёстой байдаг юм. Энэ талаар би хурал хийж багийн дарга нарт хэлэхэд зарим багийн дарга нар Улсын Их хурлын гишүүн Г.С хувиасаа өгсөн мотоцикл болохоор орон нутгийн өмчид авах шаардлага байхгүй гэж хэлж байсан. Гэхдээ эдгээр мотоцикл бол орон нутгийн өмчид бүртгэлтэй улсын хөрөнгө шүү гэдгийг би хэлсэн. К.Б багийн Засаг даргад олгосон мотоциклийг худалдан борлуулж, компьютер авах талаар ямар нэгэн хүсэлт тавьж, хэлж байгаагүй” гэх мэдүүлэг,
2. Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Ssenda” маркийн, цэнхэр өнгийн мотоциклийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-17, 47, 49-50-р х/,
3. Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 56-57-р х/
“...би 2020 оны 01 дүгээр сарын эхээр манай сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Б гэх хүнээс Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн маркийг нь одоо санахгүй байна мотоцикл худалдаж авсан. К.Б би мотоцикл зарна, та худалдаж авах уу гэхээр нь би надад мотоцикл хэрэгтэй байна, чи хэдээр зарах юм бэ гэхэд 1500 000 төгрөгөөр зарна гэсэн юм. Тэгээд тухайн өдөр 500 000 төгрөгийг Төрийн банкнаас шилжүүлсэн ба үлдсэн 1000 000 төгрөгийг дараа нь өгөхөөр болж тохирсон юм. Тэгээд хэд хоногийн дараа үлдсэн 1000 000 төгрөгийг ХААН банкны 5190069444 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Би К.Б-тэй уулзаад мөнгөө авсан уу гэхэд мөнгөө авсан гэсэн. Тэгэхээр нь би мотоциклд улсын дугаар авах гэсэн юм, бичиг баримтаа өгөхгүй юм уу гэхэд дараа нь аймаг ороод мотоциклийн бичиг баримт болон улсын дугаарыг авч өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 64-65-р х/
“...манай суманд 11 баг байдаг ба баг тус бүрийн дарга болон эмч нарт нийт 22 ширхэг Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг аймгаас олгосон. Ингээд дараа нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3-02/874 дугаартай багийн дарга нарт болон багийн эмч нарт олгосон мотоциклийг сумын Тамгын газрын өмчид бүртгэж авах талаар албан бичиг ирүүлсний дагуу 11 багийн Засаг дарга нарын мотоциклийг тус сумын Тамгын газрын орлогод бүртгэж авсан ба эмч нарын мотоциклийг Эрүүл мэндийн төв өөрөө бүртгэж авсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.А-а-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 66-67-р х/
“...би гэртээ байж байтал манай сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Б- манай гэрт орж ирээд надад хөдөө явчхаад ирье “НИК” шатахуун түгээх станцаас очоод 30 литр бензин аваад ир гэхээр нь би зөвшөөрөөд шатахуун аваад К.Б-ийг суулгаж аваад хаашаа явах талаар асуухад 3 дугаар багт байдаг С.Б-ы гэрт очоод ирье гэж хэлсэн. Тэгээд тэнд очиход С.Б гэртээ хоол идээд сууж байсан. Тэгээд К.Б цагдаагаас намайг мотоцикл худалдсан гээд дуудаад байна гэхэд С.Б би угаасаа аймаг явах гэж байна гэсэн. К.Б тийм бол мотоциклоо машинд ачаад гурвуулаа цуг явъя гээд мотоциклоо ачаад шууд суманд ирсэн. Тэгээд мотоциклийг К.Б-ийн хашаанд буулгасан" гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 58-59-р х/
“...энэ мотоциклийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөв нь батлагдаад нээлттэй сонгон шалгаруулалт Улаанбаатар хотод явагдаж шийдвэрлэсэн асуудал юм. Тийм болохоор энэ мотоциклийг Улсын Их Хурлын гишүүн Г.С өөрийн хувиасаа олгосон асуудал биш. Тийм учраас тухайн мотоциклууд нь орон нутгийн өмч тул дур мэдэн зарж хувьдаа завшиж болохгүй ба зөвхөн багийн Засаг дарга өөрөө албандаа ашиглах ёстой.” гэх мэдүүлэг,
7. БӨ аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын шинжээч Х.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мотоциклд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-р х/,
8. БӨ н аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 3-02/874 дугаартай албан бичиг болон түүний хавсралт /хх-ийн 19-20-р х/,
9. БӨ аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/584 дугаартай захирамж, тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт, /хх-ийн 21-22-р х/,
10. У сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай орлогын баримт, /хх-ийн 23-р х/,
11. У сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, /хх-ийн 24-25-р х/,
12. Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгийн тооллогын бүртгэлийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдлын тайлан болон үндсэн хөрөнгийн тайлангийн хуулбар, /хх-ийн 27-30-р х/,
13. Иргэн К.Б-ийн ХААН банкин дахь 5190069444 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 37-39-р х/,
14. Иргэн А-ын Ж-ийн ТБ дахь 291100120827 дугаар депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 45-р х/,
15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/581 дугаар “К.Б /БК..................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд У сумын 7 дугаар багт байрлах 196 м.кв талбайтай ******** улсын дугаартай эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 86/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БК...................., овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Карибай, нэр:Б , яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , У , төрсөн огноо:1985/04/21, хаяг:БӨ , У , 6-р баг, Даян, хүчинтэй хугацаа:2030/04/21, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/,
- БӨ аймгийн У сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/121 дугаар “Тус сумын 6-р багийн иргэн К овогтой Б нь 12 дахь жилдээ багийн Засаг даргаар ажиллаж байгаа ба олны дунд нэр хүндтэй боловсон хүчин юм. Иргэн К.Б нь урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ажилдаа хариуцлагатай ханддаг юм. Мөн ард иргэдийн дэмжлэгээр тус суман дахь Ардчилсан намын хорооны даргаар олонхын саналаар сонгогдон ажиллаж байгаа. К.Б нь төлөв даруу зантай ямар ба нэгэн өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэг, ажилч хичээнгүй залуу болохыг уламжилж байна.” гэх тодорхойлолт /хх-ийн 88/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч К.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Мөн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хадгалагчийн итгэмжлэн өгсөн эд зүйл, эд хөрөнгийг гэмт этгээд шууд захиран зарцуулж, хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завшиж гэмт хэргийн шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон тухайн зүйл хэсгийн тайлбарт зааж зохицуулсан байна.
Шүүгдэгч К.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын төсвөөр санхүүжүүлж, багийн Засаг дарга болон багийн эмч нарыг унаажуулах зорилгоор өөрт нь олгосон цэнхэр өнгийн “Ssenda” маркийн мотоциклийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С.Б-д 1 500 000 төгрөгөөр зарж борлуулсны мөнгийг өөртөө завшсан болох нь тогтоогджээ.
Харин мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Б нь Улсын төсвөөр санхүүжүүлж, багийн Засаг дарга, багийн эмч нарыг унаажуулах зорилгоор өөрт нь олгосон цэнхэр өнгийн “Ssеndа” маркийн мотоциклийг зарж борлуулсны мөнгийг өөртөө завшсан үед хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар ашиглаагүй болох нь тогтоогдсон байна. Энэ талаар прокурорын хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч К.Б-ийн дээрх буюу Улсын төсвөөр санхүүжүүлж, багийн Засаг дарга, багийн эмч нарыг унаажуулах зорилгоор өөрт нь олгосон цэнхэр өнгийн “ssenda” маркийн мотоциклийг 1500 000 төгрөгөөр зарж борлуулсны мөнгийг өөртөө завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч К.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад 1500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг.
Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч байгууллага БӨ аймгийн У сумын Засаг даргын тамгын газарт 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан ба иргэний нэхэмжлэгч А.Х нь “Тус сумын 6 дугаар багийн Засаг дарга К овогт Б-эд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар олгосон мотоциклийг тамгын газрын орлогод бүртгэн авч, К.Б-эд хүлээлгэн өгсөн ба тамгын газарт хохирол учруулаагүй, ямар нэгэн өр төлбөргүй болохыг уламжилж байна” гэх албан тоот /хх-ийн 52/-ыг үндэслэн шүүгдэгч К.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч К.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч К.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 90 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн “ssenda” маркийн, хөдөлгүүрийн дугаар HJ162FMJ19697371, арлын дугаар LD3PCK5J1K200691488 гэх мотоциклийг БӨ аймгийн У сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч К.Б-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овогт К-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-эд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн “ssenda” маркийн, хөдөлгүүрийн дугаар HJ162FMJ19697371, арлын дугаар LD3PCK5J1K200691488 гэх мотоциклийг БӨ аймгийн У сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулж өгсөн болохыг, мөн шүүгдэгч К.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК