Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0340

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Д.Туяана,

хохирогч Н.Д,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908064200148 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д борлуулагч жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Сэрээтэр овогт Батчулууны Э /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 03-236аб тоотод, мөн тоотод иргэн Н.Дыг “дүү Жаргалыг гадуур авч явлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, зүүн 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, дагз, баруун мөрөнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөр зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Болсон үйл явдал бүгд үнэн. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түргэн зангаасаа болж хэрэг хийсэндээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 11-нд болсон явдлыг яллах дүгнэлтэд бичсэн байна. Гэртээ ороход Ариунжаргал “охин хаана байна” гэсэн. “Мэдэхгүй” гэтэл шүүгдэгч гэрт, гадаа, сүүлд гэртээ аваачиж зодсон. Хохиролд 450.000 төгрөг авсан. Үлдэх 21.900 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908064200148 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Дын: “2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад би Болорцоожийн ажил дээр очиход Жаргал ирсэн байхаар нь мэндэлсэн. Би Болорцоожоос “Жаргал юу хийж байгаа юм” гэхэд “би машин угаачихаад одоо гэрт нь хүргэж өгнө” гэж хэлсэн. Би тэндээс гарч яваад 18 цаг өнгөрч байхад очиход Жаргал яваагүй байхаар нь “чи харихгүй юу хийж байгаа юм” гэж асуухад “Болорцоож машин угааж байна, энэ машиныг угааж дуусчихаад хамт явлаа” гэсэн. 20-30 минут орчим утсаа оролдоод сууж байхад Жаргалын ээжийн дуу гараад “Жаргал байна уу” гээд Болорцоожоос асуугаад юм яриад зогсоод байсан. Жаргал “нуугдаарай” гээд доош тонгойгоод суусан. Би Жаргалаас “чи яагаад ээжээсээ нуугдаж байгаа юм” гэхэд юм ярихгүй байсан. Болорцоожоос “юу болоод байгаа юм бэ, Жаргалыг хэлэхгүй яасан юм” гэхэд “болохгүй ээ, болохгүй” гэхээр нь “чи яагаад нуугаад байгаа юм” гэхэд “ээж нь Жаргалыг зоддог юм” гэсэн. Жаргал хөхөрсөн биеэ үзүүлээд уйлаад байсан. Болорцоож “эндээс одоо Жаргалыг нууж гаргахгүй бол болохгүй, дахиад зодох байх” гэсэн. Би машинтай Шагай гэдэг найзыгаа гуйгаад “Болорцоожийн найз охинд туслах хэрэг байна, бензин мөнгийг нь өгье, Тахилт руу хүргээд өгөөч” гэсэн. Жаргалын ээж гадаа зогсоод байхаар нь машиныг угаалга руу оруулж ирээд бид гурав суугаад явсан. Жаргал “би гэртээ 22 цаг болгож байж орохгүй бол болохгүй” гэхээр нь “яаж байгаа юм” гэхэд “би Болорцоожтой уулзаж байгаагаа мэдэгдэж болохгүй, хамаатантайгаа уулзлаа гэж ээжид хэлнэ” гэсэн. Болорцоож, Жаргал хоёрыг Жаргалын гэрийн гадна буулгачихаад “Тахилтын эцэс дээр уулзъя” гэж хэлсэн. Би Шагайтай ус авчихаад Тахилтын эцэс дээр очиход байхгүй байсан. Шагай тэндээс яваад би Жаргалын гэрийн урд ирэхэд Жаргал, Болорцоож хоёр хоосон хашаанд зогсож байсан. Би “юу хийж байгаа юм, гэртээ орохгүй яасан юм” гэхэд Болорцоож “харин гэртээ орохгүй байна” гэж хэлсэн. Би Жаргалыг чирч хашааных нь үүдэнд очоод хаалгыг тогшиход Жаргал “үгүй, битгий, би өөрөө оръё” гээд хашаагаа даваад орсон. Тэр үед эмээ, дүү хоёр нь гарч ирээд Болорцоожтой уулзаад “Жаргал хаана байна” гээд байсан. Болорцоож “дөнгөж сая хашаагаа даваад орсон” гэхэд дүү нь “Жаргал хаана байна” гээд нэхээд утсаар яриад “энэ залуу нь ирчихлээ, Жаргал байхгүй байна” гээд яриад байсан. Бид хоёр таксинд суугаад манай гэрт очсон. Хашааны гадаа “Приус 30” машинтай ах Болорцоожийг дуудаад харахад Жаргалын ах байхаар нь би Болорцоожтой уулзах гэж байгаа юм байна гэж бодчихоод гэр лүүгээ түрүүлээд орсон. Жаргалын ээж гэрт сууж байсан. Жаргалын ээжтэй мэндлэхэд “Жаргал хаана байна” гээд байсан. Би “Жаргалыг яаж мэдэх юм бэ, эгчээ” гэхэд “хаана байна” гээд байсан. Галын дэгээ төмрөөр миний баруун хөлний шилбэ, өвдөг хэсэг рүү цохисон. Гадаа байсан ах гэрт орж ирээд намайг шууд жийж унагаагаад дээр гараад гараараа толгой, нүүр лүү цохиод, нуруу, толгой руу өшиглөөд байсан. Би “цагдаа дууд” гээд дүү рүүгээ хэлсэн. Тэр ах “машинд суу” гээд байхаар нь би “явахгүй, цагдаа дуудчихъя” гэж хэлэхэд “чамайг тэгж амархан явуулна гэж бодож байна уу” гээд байсан. Хашааны үүдэнд гаргаснаа тэр ах галын төмрөөр намайг цохиод, өшиглөөд зодоод байсан. Тэгээд Болорцоож бид хоёрыг машиндаа суулгаад гэртээ авчирсан. Болорцоожийг ээж нь дагуулж буулгаад загнаад байсан. Нөгөө зодоод байсан ах намайг машинаас буулгаад хавирч газар унагаад дахиад зодоод, миний толгой, цээж, хавирга, шанаа руу цохиод гэрийнхээ үүдэнд оруулсан. Түлээний мод аваад нуруу руу цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-7-8/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.13-ны өдрийн 219 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Д-н биед зүүн 10-р хавирганы зөрөөтэй хугарал, дагз, баруун мөрөнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөр зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22-23/,

Гэрч Я.Ариунжаргалын: “...Миний том охин Азжаргал 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө гэрээсээ гараад алга болоод 2 хоногийн дараа Д гэдэг залуу найз охинтойгоо хамт 5 шар орчимд авчирч өгч байсан. ...2019 оны 12 дугаар сарын 11-ний ...14 цагийн үед хадам дүү Халиун яриад “Азжаргал гэртээ ирсэнгүй” гэхээр нь сургууль дээр нь “очоод үзээдэх” гээд үзүүлэхэд “сүүлийн 2 цагаа чөлөө аваад явсан байна” гэсэн. …Би Дын гэрт байхад Д орж ирээд, араас нь нөхрийн дүү Э, Болорцоож хоёр орж ирсэн. Э “хүүхэд дагуулж явж хүчиндүүлсэн байж дахиж гадуур авч явлаа” гээд уурлаад Дыг цохисон. ...Машинд суулгах гэсэн чинь Д зугтаах гэхэд Э барьж аваад цохиж, зодсон. Тухайн үед бид нарын уур маш их хүрсэн байсан. Гэртээ ирэхэд Азжаргал ирчихээд гараад явсан, хайх гэж байхад 2 цагдаа ирсэн. Дыг нөхрийн дүү Э гараараа цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч Б.Болорцоожийн: “...Дын гэрт ороход Дтай Жаргалын ээж маргалдаад байсан. Жаргалын ах шууд Дыг цохиод зодоод байсан. Д “цагдаа дууд” гээд орилсон. Жаргалын ах нь бид хоёрыг гэр лүүгээ авч явна гээд гэрээс чирч гаргасан. Тэгээд Жаргалын гэрт очиход ...Дыг нөгөө ах машинаас гаргаж ирээд цохиод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Д бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Жаргалын ах гэх далий хамартай, махлаг биетэй, цагаан өнгийн “Приус-30” машинтай ах Дын гар, хөл рүү цохиод, түлээний модоор бас цохиж зодсон. Намайг харж байхад тэр ах гартаа түлээний мод барьсан мөр, нуруу руу нь цохиод байсан. Тэгэхэд шарх гэмтлүүд учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Ц.Халиуны: “...Э Дыг хашааны гадаа гаргаж ирээд гараараа толгой руу нь цохиод, хэд хэдэн удаа өшиглөхөд хувцсаа тайлаад зугтаах гэхэд нь Э барьж аваад “Жаргалыг олж өг, хаана байна” гээд машинд суулгасан. ...Э Дыг гэрийн үүдэнд зогсоогоод 2 удаа алгадсан. Д унасан...” гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч С.Халиуны: “...Гэртээ очиход Ариунжаргал эгч, ах Э хоёр Д, Бүрнээ хоёрыг гэрийнхээ галлагааны өрөөнд оруулсан байсан. ...Э “манай дүү хаана байгаа юм, хаагуур дагуулж яваад байдаг юм” гээд Дыг гараараа бие рүү нь цохиод байхаар би Эг “боль” гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-18/,

Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “Миний ах Тулгын охин Азжаргал 2019 оны 11 дүгээр сард гэрээсээ гараад алга болоод, би эхнэртэйгээ цуг хайлцаж байгаад Болорцоож, Д гэдэг залуучуудаар олуулж байсан. Дын гэр лүү ороход Ариунжаргал эгч Дтай хэрүүл хийсэн зогсож байсан. Би ороод Дыг 2 алгадаад “чамд өмнө нь сануулж хэлээ биз дээ, битгий Азжаргалыг уруу татаад бай, яасан юм ойлгодоггүй юм” гээд гараараа бие рүү нь цохисон. Би Дыг машин дотор Ариунжаргал эгчийн гэр лүү явж байхдаа 2 удаа гараараа мөр хэсэгт нь цохисон. Машинаас буулгаад галлагааны өрөө рүү оруулаад тэр хоёрыг загнаж байгаад 2 удаа гараараа цохиод, үг хэлээр айлгасан. Өмнө нь “битгий Жаргалыг дагуулж тэнээрэй, уулзахаар бол гэр оронд нь уулзаж байгаарай” гэж байхад үгэнд ороогүй болохоор Дыг зодсон. Би Дыг гараараа ихэвчлэн гар, хөл, гуя, цээж рүү нь цохисон. Бас түлээний мод гартаа барьж байгаад хэд хэдэн удаа нуруу руу нь цохисон. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-35-37/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-43/, “Эм Эн Жи Эн Интернэйшнл” ХХК-ийн “Б.Э 2018 оны 02 дугаар сараас боруулагч жолоочийн ажилд 900.000 төгрөгийн цалинтай өнөөдрийг хүртэл ажиллаж байна” гэх тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, хохирлын баримтууд /хх-57/, хохирогчийн “Эмчилгээний 450.000 төгрөг авсан нь үнэн” гэх гар бичвэр /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э нь 2019 оны 12 дугаар сарын 11-нд хохирогч Дыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлсөн, үлдэх 21.900 төгрөгийг гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна. Түргэн зангаасаа болж хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэж,

хохирогч “Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 236а,б тоотод, мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 30 тоотод иргэн Н.Дыг “Дүү Жаргалыг гадуур авч явлаа” гэх шалтгаанаар алгадах, өшиглөх, түлээний модоор цохиж зодон, зүүн 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, дагз, баруун мөрөнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөр зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Дын “...Приус-30 машинтай зогсож байсан ах гэрт орж ирээд намайг шууд жийж унагаагаад дээр гараад гараараа толгой нүүр лүү цохиод, нуруу, толгой руу өшиглөөд байсан. ...нөгөө зодоод байсан ах намайг машинаас буулгаад хавирч газар унагаагаад, дахиад зодоод, миний толгой, цээж, хавирга, шанаа руу цохиод, гэрийнхээ үүдэнд оруулаад түлээний мод аваад нуруу руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-7-8/, шүүх эмнэлгийн 219 дүгээр “1. Н.Д-н биед зүүн 10-р хавирганы зөрөөтэй хугарал, дагз, баруун мөрөнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөр зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22-23/, гэрч Я.Ариунжаргалын “...Э уурлаад Дыг цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Болорцоожийн “...Дыг нөгөө ах машинаас гаргаж ирээд цохиод байсан. ...Дын гар, хөл рүү цохиод, түлээний модоор мөр, нуруу руу нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч Ц.Халиуны “...Э Дыг хашааны гадаа гаргаж ирээд гараараа толгой руу нь цохиод, бас хэд хэдэн удаа өшиглөхөд... гэрийн үүдэнд зогсоогоод 2 удаа алгадсан. Д унасан...” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч С.Халиуны “...Э Дыг гараараа бие рүү нь цохиод байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би ороод Дыг 2 алгадаад ...гараараа бие рүү нь цохисон. ...Машин дотор эгчийн гэр лүү явж байхдаа 2 удаа гараараа мөр хэсэгт нь цохисон. ...2 удаа гараараа цохиод, үг хэлээр айлгасан. Би Дыг гараараа ихэвчлэн гар, хөл, гуя, цээж рүү нь цохисон. Түлээний мод барьж байгаад хэд хэдэн удаа нуруу руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эгийн хохирогч Н.Дтай таарамжгүй харилцааны улмаас үргэлжилсэн үйлдлээр зодож, зүүн 10-р хавирганы зөрөөтэй хугарал, дагз, баруун мөрөнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөр зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтаас 2019.12.13-ны өдрийн 3 ширхэг 20.000 төгрөгийн баримтыг давхардсан гэж үзэн 2 баримтын үнийн дүнг хасч тооцон, нотлох баримтаар тогтоогдсон /хх-57/ нийт 431.510 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хохирогчийн “Эмчилгээний 450.000 төгрөг авсан нь үнэн” гэх гар бичвэр /хх-58/-ээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нийцэж байна...” гэж,

шүүгдэгч “1.000.000 төгрөг хүнд байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр, олон удаагийн үйлчлэлээр цохих, алгадах, өшиглөх болон түлээний модоор хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 450.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Эм Эн Жи Эн Интернэйшнл” ХХК-д сарын 900.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэрээтэр овогт Батчулууны Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР