| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0208/Э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 224
2020 04 14 2020/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Ч-т холбогдох эрүүгийн 19100 1640 0094 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, хохирогч Ц.Н, шүүгдэгч Д.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ийн Ч- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, нуруу, гар, хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархай дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Хэрэг учрал болох үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан. Болсон асуудлыг бол санаж байна. Тухайн үед би “Орхон” гэдэг нэртэй дэлгүүрийг өдрийн 20.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг байсан, одоо ажилгүй байгаа учир хохирогчид хохирол төлбөр төлж чадаагүй юм. Цаашид төлж барагдуулна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид тусгагдсан гэмтлүүдийг хохирогчид би учруулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг,
1. Хохирогч Ц.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 6 дугаар 29-ний өдөр би найз Пүрэвдоржтой уулзаад, дэлгүүрээс 2 пиво аваад сагсны шийтэн дээр очиж уусан. 2 шил пиво уугаад сууж байхад Ч нь “би уухгүй, өчигдөр уусан” гээд сагс тоглож байсан. Хэсэг хугацааны дараа Дагва гэдэг залуу ирээд бид гурвуулаа нийлээд цуг уусан бөгөөд сүүлдээ орой болоод ирэхээр Ч бас хамт уусан.
Тэгээд хэсэг хугацааны дараа нилээн согтоод ирэхээр нь “за бүгдээрээ явцгаая” гээд явах гэтэл бид нар хоорондоо маргалдсан. Би “эр хүмүүс байж, маргалдах дэмий байх” гээд гэрлүүгээ явж байтал хойноос мотоциклтой ирээд дахин маргалдсан.
Би тэр үеэс хойш юу болсон талаар санаж байгаа юм байхгүй. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тухайн үед “нүдний доод ухархай, хажуу хана цөмрөлттэй, хамар мурийлттай” гэсэн онош гарсан. Толгойн дагз хагарсан, оёдол тавиулсан, нүд болон хамрын хагалгаанд орсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн зардал зэрэг баримтуудыг мөрдөгчид гаргаж өгсөн. Хагалгаанд орох үеийн зардал ойролцоогоор 2.136.680 төгрөг гарсан. Одоо ядарсан үед нүд бүрэлзэх гээд байдаг, биеийн байдал гайгүй. Зураг авахуулах үед илэрхий хонхорхой харагддаг болсон. Хохирлын хувьд тухайн үед гарсан зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1640 0094 дугаартай хэргээс:
1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-17х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нгийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орой ажлаа тараад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх гэртээ ирээд Пүүжээ гэх найзруугаа утсаар яриад, бид хоёр уулзаж пиво уухаар болоод дэлгүүрээс пиво аваад тоглоомын талбай орсон. Тэгээд утсаар найз Бадамыг дуудахад “найзтайгаа очно” гээд Сараа гэх найзтайгаа ирсэн. Тэр хоёрыг ирэх хооронд Пүрэвдорж бид хоёр талбай дээр байсан зүс таних нэг залуугийн хамт пиво уусан. Орой нь Бадам, Сараа хоёр ирээд нэмж пиво авч уусан юм. Тэгээд би тасарсан байсан. Нэг юм толгой руу хүчтэй цохихоор нь сэргээд харахад цуг пиво уусан залуу миний нүд рүү чулуугаар цохичихсон.
Би дараа нь найз Пүрэвдоржоос юу болсон талаар асуухад Бадам, Сараа, Пүрэвдорж бид 4 гэртээ явж байхад араас намайг зодсон залуу болон Дагва, Тэлмэн гэх 3 залуу ирээд Пүүжээг “чи цуг архи уучихаад, хаяаж явлаа” гээд үг хаяаад байхаар нь би хажуу талаас “чи яах гээд байгаа юм” гэж уурлаад, намайг зодсон гэх залуутай учраа ольё гээд гудамж руу орсон гэсэн. Тэгээд надтай цуг гудамж руу орсон залуу буцаж гарч ирээд, тэр найзыгаа ав гэхээр нь Пүрэвдорж, Бадам, Сараа нар очиход би зодуулсан байдалтай байсан гэж хэлсэн.
Намайг зодсон залууг би танихгүй, зүс харж байсан. Манай хороонд амьдардаг юм шиг байна лээ. Би тухайн үед нилээн согтолттой, тасарсан байсан. Тэр залуугийн нэр усыг нь мэдэхгүй, миний яг хаана, хэдэн удаа цохиж зодсон талаар би санахгүй байна. Миний араас толгой руу чулуугаар цохиж, нүд рүү аймар хүчтэй цохисон. Би чулуугаар цохисон байх гэж бодож байна. ...Би эмчилгээ хийлгэсэн мөнгөн дүнг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 6 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 7-146-а тоотод гэртээ байж байхад найз Ц.Н над руу залгаж “уулзах уу, манайд хүрээд ирээч” гэхээр нь гэрт очоод пиво уухаар болж дэлгүүр рүү гарсан. Тэгээд тоглоомын талбай дээр очиж пиво уусан. Биднийг очиход тоглоомын талбайд зүс таних Ч, Дагва хоёр тоглож байхаар нь “пиво уух уу” гэж асуухад “үгүй” гэсэн. Удалгүй өөрсдөө пиво авчихсан ирээд цуг уусан. Тэгэхэд Н “Бадам чамайг асуусан” гэхээр нь би “дуудчих” гээд дуудахад Бадам, Сараа гэх найзын хамтаар ирсэн. Тэгээд 6-лаа ууж байгаад Н, Бадам, Сараа бид 4 Нгийн гэрт очихоор болж гудамжинд алхаад явж байхад араас Ч, Дагва хоёр ирээд надад хандан “яагаад хаяаад явчихав аа” гэхэд нь би “уух юм дууссан болохоор явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд Н, Ч хоёр хэрүүл маргаан хийгээд бие биенийгээ заамдалцаад авахад Дагва хажуунаас орж цохих гээд байхаар нь Би Дагвыг бариад ойртуулаагүй. Тэгэхэд Ч, Н хоёр “учраа олъё” гээд гудамжны цаашаа явсан. Хэсэг хугацааны дараа Ч ганцаараа ирэхээр нь “Нг гэртээ явчихсан болов уу” гэж бодоод Чоос асуухад “найзыгаа очиж ав” гэхээр нь гудамжны цаашаа гүйж очиход Н дээшээ хараад хэвтчихсэн, хамар, ам, толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь 103 дугаарын утсанд дуудлага өгсөн.
Чийг зүс таньдаг юм. Дагва болохоор манай 10 жилийн 2 доошоо ангид сурдаг байсан. Юунаас болж хэрүүл маргаан хийсэн талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Дагвадуламын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр сургуулийн урд байдаг хүүхдийн тоглоомын талбай дээр Чтой сагсан бөмбөг тоглоод байж байхад Н, Пүүжээ хочтой Пүрэвдорж нар том савалгаатай 1 пиво барьчихсан ирсэн. Тэгээд бид хоёртой хамт сагсан бөмбөг тоглож байгаад болиод, бид хоёртой хамт нилээн их пиво дэлгүүрээс авч уусан. Тэд нартай пиво ууж байхад 2 охин руу Н залгаад дуудаад байсан. Хэсэг хугацааны дараа Нгийн дуудаад байсан хоёр охин ирсэн.
Тэгээд би дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад, тэд нартай хувааж ууж байхад Н хэрүүл өдөж байснаа тэндээс явлаа гээд Пүрэвдорж болон Сарантуяа, Бадам нартай хамт явсан. Тэгэхээр нь би араас нь очоод “яагаад ийм муухай зан гаргаад байгаа юм бэ” гэхэд Ч нь Н бид хоёрт агсам тавиад байсан. Тэгээд Ч, Н хоёр “учраа олно” гээд гудамж эргээд явсан. Хэсэг хугацааны дараа Ч ганцаараа бид нар дээр хүрч ирсэнээ надад “явъя” гээд дагуулаад явсан. Өөр зүйл болоогүй. Ч намайг дагуулаад явж байхдаа “Н намайг өдөөд байхаар нь нүүрэн тус газарт нь хоёр удаа цохичихлоо” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн 4-31 тоотод, нөхөр, хүү нарын хамтаар амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед манай хүүтэй хамт явж архи уусан гэх Пүрэвдоржоос “танай хүү Н хүнд зодуулчихлаа, та Гэмтлийн эмнэлэгт ирээч” гэхээр нь би амралтаас явсаар байгаад 05 цаг 20 минутын үед ирсэн. Намайг ирэхэд манай хүү хүнд зодуулсан нь илт, цусандаа хутгалдчихсан, нүүр, ам, нүд нь хөхрөөд тагларчихсан, ухаангүй байдалтай байсан.
Би юу болсон талаар асуухад “бид хэд пиво уучихаад байж байхад Н хамт уусан хоёр хүнтэй намайг орхиод яваад өгсөн. Тэгээд би удалгүй араас нь очиход нөгөө хоёр хүн өөдөөс ирж байсан, Нг асуухад “жалга руу уначихсан, аваарай” гэж хэлэхээр нь яваад очиход Н зодуулсан байдалтай хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудаж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэж ярьсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бадамын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз Сарантуяагийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад манай найз Н над руу залгаад хаана байгаа талаар асуухар нь би “Өлзийт хороололд явж байна” гэхэд “би бас Өлзийт хорооллын сургуулийн урд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр Пүрэвдоржтой сагс тоглоод байж байна, чи хүрээд ир” гэхээр нь Сарантуяа бид хоёр тухайн газарт нь очсон. Бид хоёрыг очиход Пүрэвдорж, Н хоёр 3 танихгүй залуутай хамт пиво уугаад байж байсан.
Сарантуяа бид хоёрт пиво хийж өгөхөөр нь бид хоёр нэг нэг аягыг уугаад дахиж уугаагүй. Тэгээд тэр хэд пивоо уугаад дуусахаар нь Сарантуяа, Пүрэвдорж бид гурав Нг гэрт нь хүргэж өгөх гээд гудамжаар алхаад явж байхад араас Нтай хамт пиво ууж байсан 3 залуу хүрч ирээд Нтай муудалцаад эхэлсэн. Бид хэд тэднийг салгаад байж байхад Нг дээлтэй, бакаал өмссөн, 170 орчим өндөртэй залуу нь дагуулаад жалга уруудаж байгаа харагдахаар нь араас нь Сарантуяа бид хоёр очиход Н газар уначихсан байсан. Бид хоёр Н дээр очоод “босооч” гэхэд “босож чадахгүй байна, намайг сая Ч цохисон” гэхээр нь нүүр рүү нь гар утасныхаа гэрлийг тусгаад харахад баруун, зүүн нүд нь хавдчихсан, толгой нь цус болчихсон, цамц нь урагдчихсан байхаар нь эмнэлэгт хандсан. Тухайн үед Н нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8087 тоот актын:
1. Ц.Нгийн биед зүүн нүдний дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 47х/,
8. Хохирогч Ц.Нгийн эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 72-77х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Чийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн урд талын сагсан бөмбөгийн талбай дээр сагсан бөмбөг тоглоод байж байхад Н, Пүрэвдорж нар 2.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво барьчихсан ирсэн. Би Н, Пүрэвдорж нартай сагсан бөмбөг тоглож байгаад болиод, сагсан бөмбөгний шийдний хажууд байдаг сааданд нөгөө пивог хувааж уусан. Тэгэхэд Н 2.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пивоноос 2-3 ширхэгийг дэлгүүрээс дахин аваад, бид нартай хувааж ууж байхад Даваг бид нар дээр ирсэн.
Тэгэхэд Н дахин 3-4 ширхэг пиво аваад ууж байхад Н 2 охинтой утсаар яриад дуудаад байсан ба нөгөө 2 охин 1 цаг гарангийн дараа бид нар дээр ирсэн. Бид юм ярингаа пивоо ууж дуусгахад Давга дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай 1 шил архи авчирсан. Тэгээд тэр архийг нь Давга, Н хоёр задлаад нэг удаагийн аяганд хийгээд нэг нэг татчихаад, Н, Давга хоёр бид нараас холдоод юм ярьж байгаад буцаж ирсэнээ Н “явлаа” гээд нөгөө хоёр охин, Пүрэвдорж нартай хамт явсан. Давга болохоор тэд нартай хамт архи ууна гээд араас нь явахаар нь би дагаад явахад тэд гэр хорооллын гудамж руу эргэсэн.
Намайг тэд нар дээр очиход Н, Давга хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Н нь “бид нарыг яах гээд байгаа юм бэ баньд нар минь, би та нарыг ална шүү” гээд байхаар нь би “чи яагаад намайг зүгээр байхад ингээд байгаа юм, би чамтай юм яриагүй шүү дээ” гээд маргалдсан.
Тэгээд Н бид хоёр тэндээс жаахан холдож, учраа олох санаатай юм ярьсан боловч бид хоёрын яриа нийлэхгүй, хоорондоо маргалдаад улмаар зодолдсон. Бид хоёр газарт унаад, дээр доороо ороод цохилцож эхэлсэн. Тэгээд би түрүүлж газраас босоод Нг газар унасан байхад нь нуруу болон гар, хэвлий рүү нь хөлөөрөө 2-3 өшиглөчихөөд болиод байж байхад гудамжны үзүүрээс нөгөө хэд ирж байгаа харагдсан. Тэгээд л зодоон дууссан. Бид хоёр хоорондоо зодолдох үед хажууд хүн байгаагүй. ...Би Нгийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн хэвлий болон гар, нуруу руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-63х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Гэрэлмаа /хэргийн 43х/, гэрч Д.Батбаяр /хэргийн 45х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 78х/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 79х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 80х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Чийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ц.Нг согтуурхан зүй бус авирлан, хэл амаар өдөж, хоргоолоо, учраа олно” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, нуруу, гар, хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодож, биед нь “...зүүн нүдний ухархай дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-17х/,
- Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 22-23х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/,
- гэрч Э.Пүрэвдорж /хэргийн 29х/, О.Дагвадулам /хэргийн 31-32х/, Д.Даваадорж /хэргийн 34-35х/, Б.Бадам /хэргийн 37х/ нарын мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8087 тоот актын:
1. Ц.Нгийн биед зүүн нүдний дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 47х/,
- хохирогч Ц.Нгийн эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 72-77х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Д.Чийн мэдүүлэг /хэргийн 61-63х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч Ц.Нгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Ч нь түүний нүүрэн тус газарт гараараа цохих, гар, нуруу, хэвлий тус газар хөлөөрөө өшиглөж цохисон шууд санаатай үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокуророос Д.Чийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба тухайн хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ц.Нгийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн чулуулагт шарх, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн эгэм, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зайлшгүй зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Тухайн хэргийн хохирогч Ц.Н нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” байна.
Хохирогч Ц.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учир хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт эмчилгээний зардлын 2.136.680 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлд хамаарх баримт нотолгоог гаргаж, хэргийн 72-77 дугаар талд тус тус хавсаргуулжээ.
Хохирогчоос хэрэгт гаргасан баримтыг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад эмчилгээнд зарцуулсан баримттай зардлын дүн 1.989.480 төгрөг болж байх тул уг мөнгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хохирогч Ц.Н нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээний зардал төлбөрөө тухай бүрд нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 80х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Д.Чт 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Хэргийн шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга авагдсан ба 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 47а дугаартай захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг мөн өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул түүний яллагдагчаар цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялах найман цагтай дүйцүүлэн тооцсон 168 /нэг зуун жаран найм/ цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 432 /дөрвөн зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт Д.Чийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Чийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялах найман цагтай дүйцүүлэн 168 /нэг зуун жаран найм/ цагийг хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг нийт 432 /дөрвөн зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Чоос 1.989.480 /нэг сая есөн зуун наян есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Х овогт Ц-ийн Нд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 147.200 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Н нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээний зардал төлбөрийг нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт Д.Чийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД