Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           14                                      2020/ШЦТ/226                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ын Г-д холбогдох эрүүгийн 19100 1928 0191 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ын Г- /РД /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 8 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 339 тоотод өөрийн 29-46 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс иргэн С.Б-гийн гээгдүүлсэн Самсунг Ж6 маркийн гэр утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хэрэг гарах үед ажил эрхэлж байсан бөгөөд надад утас байхгүй байсан тул хохирогчийн гар утсыг 1 сар гаран хугацаанд ашигласан. Би хохирогчид хохирол төлбөрийг биет байдлаар нөхөн төлсөн. Надад хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би хохирогчийг танихгүй, тухайн үед хохирогчийн гар утсыг асаачихвал хүн залгах байх гэж бодсон боловч хэн нэгэн залгаагүй. Одоо би өөрийн буруутай үйлдээ ойлгож байгаа, буруу зүйл хийсэн. Би 3-5 насны 2 хүүхэдтэй. Одоо том тэрэгний засварчин ажил хийдэг.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1928 0191 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-54 тоотод өөрийн хоёр хүүгийн хамтаар амьдардаг. ...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Петровис ХХК-аас ажлаас гарах өргөдлөө төв салбар нь болох спортын төв ордонгийн ертөнцийн зүгээр баруун талд буюу замын эсрэг талд байрлах тус компанийн оффис дээр 12:00 цагийн орчимд аваачиж өгчихөөд, хуурай ах болох Төмөрсүхийн гэрт очиж байж байгаад 20 цаг өнгөрч байхад тус айлаас гараад, өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-54 тоот руу явахаар Нисэх-120 чиглэлийн автобусанд сууж, Нисэхийн эцэс дээр 21 цаг 50 минутанд ирсэн. Гэртээ ороод Самсунг-Ж 6 загварын гар утсаа шалгахад гээгдүүлсэн байсан учир Цагдаагийн байгууллагад хандсан.

Би гар утсаараа тухайн өдрийн 18-19 цагийн хооронд олон удаа ярьсан, гэхдээ холбогдож ярьсанаа санахгүй байна. Харин зурвас огт бичээгүй. Би тухайн гар утсаа 2019 оны 02 сарын 28-ны өдөр Мобиком ХХК-аас зээлийн гэрээгээр 699.900 төгрөгөөр авч байсан юм. Миний гар утас 2 сим оролттой, 3554...4267, 3554...4265 гэсэн имей кодтой юм. Миний гарын эрхий хуруугаар таньж онгойдог, давхар 1222 гэсэн нууц түгжээтэй. ...Одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Х-371 дугаартай:

“...Samsung j6 гар утас зах зээлийн дундаж үнэ 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 18-20х/,

 

3. “5541...65 имей кодтой утсанд 88...16 дугаарыг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хийж ашигласан байна. 88...16 дугаарын эзэмшигч нь Данзанбалжир Галхүү, РД, оршин суух хаяг...” гэсэн  “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/5489 дугаартай албан бичиг /хэргийн 33х/,

 

4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 38-39х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ггийн яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Сонсголонд байх ажлаасаа гараад өөрийн хххх улсын дугаартай Старекс маркийн машинаар гэртээ харихаар явж байгаад замдаа Нисэхийн эцэс дээр 5-6 хүн алхаж байхаар нь “хойшоо өгсөхөөр бол сууцгаачих” гэхэд тэр хүмүүс бүгд миний машинд суусан. Тэгээд замдаа хоёр хуваагдаад бууцгаасан юм. Би машинаа хашаандаа оруулаад, шууд амарсан. Өглөө 07 цагийн үед эртхэн босож, машин засах ёстой байсан болохоор өөрийн машинаа цэвэрлээд хаалгаа онгойлгоход суудлын завсараар нэг гар утас шалан дээр хэвтэж байсан.

Тухайн үедээ “нэг хүн утсаа унагаж л дээ” гэж бодоод, утсыг аваад машины урд аваачиж тавиад машинаа цэвэрлээд ажилдаа явсан. Тухайн өдрөө ажлаа хийж өнжөөд, маргааш нь билүү нөгөөдөр нь билүү нөгөө утсаа авч яваад Нисэхийн тэр хавьд байдаг гар утас засвар орж кодыг нь 20 гаран мянган төгрөгөөр гаргуулсан юм. Тэгээд өөрийн нэр дээр байх хххх дугаараа хийж ашигласан. Гар утсыг олдог өдөр утасны цэнэг нь дуусаж байсан бөгөөд маргааш нь цэнэглээд асааж үзэхэд уг утас асаж байсан. Хүн залгах болов уу гэж үзэхэд ямар ч хүн залгаагүй болохоор би кодыг нь гаргуулаад, өөрөө ашигласан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 41х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 42х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 43х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ггийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 8 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 339 тоотод өөрийн 29-46 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс иргэн С.Б-гийн гээгдүүлсэн Самсунг Ж6 маркийн гэр утсыг авч завшин бусдад бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- хохирогч С.Б-гийн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-54 тоотод өөрийн хоёр хүүгийн хамтаар амьдардаг. ...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Петровис ХХК-аас ажлаас гарах өргөдлөө төв салбар нь болох спортын төв ордонгийн ертөнцийн зүгээр баруун талд буюу замын эсрэг талд байрлах тус компанийн оффис дээр 12:00 цагийн орчимд аваачиж өгчихөөд, хуурай ах болох Төмөрсүхийн гэрт очиж байж байгаад 20 цаг өнгөрч байхад тус айлаас гараад, өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-54 тоот руу явахаар Нисэх-120 чиглэлийн автобусанд сууж, Нисэхийн эцэс дээр 21 цаг 50 минутанд ирсэн. Гэртээ ороод Самсунг-Ж 6 загварын гар утсаа шалгахад гээгдүүлсэн байсан учир Цагдаагийн байгууллагад хандсан.

Би гар утсаараа тухайн өдрийн 18-19 цагийн хооронд олон удаа ярьсан, гэхдээ холбогдож ярьсанаа санахгүй байна. Харин зурвас огт бичээгүй. Би тухайн гар утсаа 2019 оны 02 сарын 28-ны өдөр Мобиком ХХК-аас зээлийн гэрээгээр 699.900 төгрөгөөр авч байсан юм. Миний гар утас 2 сим оролттой, 3554...4267, 3554...4265 гэсэн имей кодтой юм. Миний гарын эрхий хуруугаар таньж онгойдог, давхар 1222 гэсэн нууц түгжээтэй. ...Одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Х-371 дугаартай:

“...Samsung j6 гар утас зах зээлийн дундаж үнэ 350.000 гурван зуун тавин мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 18-20х/,

- “5541...65 имей кодтой утсанд 88...16 дугаарыг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хийж ашигласан байна. 88...16 дугаарын эзэмшигч нь Данзанбалжир Галхүү, РД, оршин суух хаяг...” гэсэн  “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/5489 дугаартай албан бичиг /хэргийн 33х/,

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 38-39х/,

- шүүгдэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 30-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч Д.Г нь С.Б-гийн гээгдүүлсэн 350.000 төгрөгөөр үнэ бүхий Samsung j6 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, өөрийн сим картыг хийж тодорхой хугацаанд ашигласан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хохирогч С.Б-гийн гээгдүүлсэн Samsung j6 маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан хэргийн 18-20 дугаар талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтэд заасан хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 350.000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий байх ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.   

 

Хэргийн шүүгдэгч Д.Г нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн шүүгдэгч Д.Г нь хохирогч С.Б-гийн гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung j6 маркийн гар утсыг нь биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг нөхөн төлсөн нь:

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 38-39х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Ггээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Д.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 43х/ авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч тодорхой хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого тодорхойгүй, бага насны хүүхэдтэй зэрэг  түүний хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломж зэргийг нь харгалзан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт Д.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                      ТОГТООХ нь:

 

1. Х овогт Д-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД