| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2017/0142/э |
| Дугаар | 2017/ДШм/77 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2017/ДШм/77
Г.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: С.Энхням,
Шүүгдэгч: Г.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Ж-д холбогдох, эрүүгийн 201710000184 дугаартай, 1 хавтас, 120 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Г.Ж-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорноговь аймгийн Прокурорын газраас;
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сум, .....17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015.1.20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байгаад 2017.05.23-ны өдөр суллагдсан, ургийн овог тодорхойгүй, Гунгаажавын Ж /РД:ЗФ90070314/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Г.Ж 2017.06.07-ны өдөр 15-16 цагийн орчим Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 4-31 тоотод нэвтэрч хохирогч Э.Нямдарийн гэрээс эд зүйл хулгайлсны улмаас хохирогч Э.Нд 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гунгаажавын Ж-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ын цагдан хоригдсон 10 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор,
хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-аас 450000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н-д олгохоор,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгчид буцаан олгохоор, муруй никель төмөр 1 ширхэгийг устгахаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, шүүгдэгч Г.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ж гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15-17 цагийн үед Цагаандалай бид хоёр тэр айлд орсон. Архи уугаад гарахад Цагаандалай гутал, утас, DDISH-ийн төхөөрөмж зэргийг авсан байсан. Нөүтбүүк байсныг мэдэхгүй, би хараагүй, дахиж уг айлд ороогүй. Цагаандалай л уг хэргийг хийсэн миний хувьд хийсэн зүйл байхгүй. Уг хэрэгт миний оролцоо, гэм буруу байхгүй. Би хэрэг хийгээгүй тул оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан ялын санкцуудаас баривчлах ялыг оногдуулж, ялыг хөнгөрүүлэх боломжтой гэв.
Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж уг хэргийг үйлдээгүй, Цагаандалай хэргийг хийсэн гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Э.Нямдарийн мэдүүлэг, Ч.Сийлэгмаагийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас олдсон гуталны мөрөнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Цагаандалайгийн мэдүүлэг зэргээг нотлогддог. 2017.06.06-ны орой гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө хохирогч нөүтбүүкээ хэрэглээд хөргөгчин дээрээ тавьсан. Мөн гэрээсээ гарахад нь DDISH болон нөүтбүүк байсан гэж мэдүүлдэг учир шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгддэг. Хохирогчийн гэрийн гаднаас гутлын мөр илэрсэн. Гутлын мөрөнд шинжилгээ хийлгэж үзэхэд Ж-ын гутлын мөртэй тохирч байсан. Мөн Жыг хохирогчийн гэрт орох гээд хашааны завсраар харж байгаад хашаа руу ороод гэрийн хаалгыг нээх гээд оролдоод байсан. Тэр залуу гэр рүү ороод нэг их удаагүй тортой юм бариад гараад явсан гэдгийг гэрч Сийлэгмаа мэдүүлдэг. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Г.Ж-ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ж 2017. 06.07-ны өдөр 15-16 цагийн орчим Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 4-31 тоотод нэвтэрч хохирогч Э.Н-ийн гэрээс Нөүтбүүк, DDISH-ийн төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлсны улмаас хохирогч Э.Н-д 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийн хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх15,16/,.хохирогч Э.Нямдарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Сийлэгмаагийн”...201.06.07-ны 15-16 цагийн орчим манай гэрийн баруун талын хашааны гаднаас нэг залуу харж байснаа уг хашаа руу орсон, гэрийн хаалгыг нээх гээд оролдоод байгаа бололтой гэрийн хаалгыг татаад байсан. Уг залуу гэр рүү ороод нэг их удаагүй тортой юм бариад гараад явсан, та нарын үзүүлсэн зургийг харлаа, тэр залуу мөн байна” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Бямбадоржийн, О.Цагаандалайн, Л.Эрдэнэцогт, Д.Одонтунгалаг нарын өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 45 дугаар дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон, дээр дурдсан мэдүүлэг өгөгч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлсэн судалсан эдгээр нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч Г.Жын үйлдсэн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтоох хуулийн шаардлагыг хангасан төдийгүй шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шударга ёсны зарчим”-д нийцсэн байна.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ялын төрөлд байсан “баривчлах ял” нь 2015 оны шинэчлэн найруулсан, 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн шинэ хуульд тусгагдаагүй учир Г.Ж-ын үйлдсэн хулгайн гэмт хэрэгт “баривчлах” ял, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.
Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоогийн “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас Г.Жад баривчлах ялыг сонгон хэрэглэж өгнө үү” гэж санал гаргасныг, мөн шүүгдэгч Г.Жын “энэ хэрэгт миний оролцоо, гэм буруу байхгүй, ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ж-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА