Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 123

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, шүүгч У.Б, шүүгч Г.М нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж гийн Б

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Мө, Ч.О, иргэдийн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Б би Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалаар намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажлаас халсан, улсын байцаагчийн эрхийг хассан шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Б би Баянхонгор аймгийн Татварын хэлтэст 2003 оноос хойш тасралтгүй 14 жил ажилласан. Ажилд орсон цагаас ажлаа маш сайн гүйцэтгэлтэй, чанартай хийж байсан ба хариуцуулсан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын талаар шинэ санал санаачлага гаргаж, өөрийн мэдлэг ур чадварыг дайчлан үр дүнтэй ажиллаж байсан. Татварын албанд ажиллаж байхдаа Сангийн Яамны жуух, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, Татварын хүндэт тэмдэг, Сангийн Яамны хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнагдаж байсан.

Ж.Б би ажлаа маш сайн хариуцлагатайгаар сайн хийхийн дээр албаны нэр хүндийг унагаах, улсыг хохироох үйлдэл гаргаж байгаагүй жирийн нэг албан хаагч байсан. 2003 оноос хойш жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 80-аас дээш хувиар дүгнүүлэн ажиллаж байсан. Татварын улсын байцаагчийн эрхийн шалгалтуудад 90-ээс дээш хувийн дүн үзүүлж байсан. Татварын албанд 14 жил ажиллахдаа татвар хураалтын болон татвар төлөгчтэй харилцах тасгуудад ажиллаж үүний дотор ихэнх жилийг татвар төлөгчтэй харилцах тасагт дагнан ажиллаж татварын бүх төрлийн тайлан, ноогдлыг хянаж, мэдээллийн баазад оруулах /шивэх/ ажлыг хийж, байнгын удаан хугацаагаар сууж, улирал, жилийн ажлын үеэр илүү цагаар сууж ажилладаг байсан. Удаан хугацаагаар суудаг байсны улмаас нурууны 3 үе суулт өгч, гулсалт болон өвдөлт ихтэй байдгаас эмчийн хяналтанд орж, ажлын байранд нэг байрлалд удаан суухаас татгалзах дэглэм баримтлахыг эмч нар зөвлөдөг болсон.

Баянхонгор аймгийн татварын хэлтэс 5 тасагтай, нэг ажлын байран дээр сэлгээгүй удаан ажилласан байцаагч надаас өөр байхгүй. Намайг ажиллаж байсан онуудад 2 жил тутамд тасаг хооронд сэлгэн ажиллуулах журам татварын албанд мөрдөгдөж байсан. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр намайг сүүлийн 6 жил сэлгээгүй ажилласан татвар төлөгчтэй харилцах тасгаас татвар хураалтын тасагт сэлгэн ажиллуулах хэлтсийн даргын тушаал гарч аж ахуй нэгж хариуцсан байцаагчаар томилогдсон. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин сэлгэн ажиллуулах тушаал гарсан.  Орлогын эдийн засагчийн ажлыг надад хүлээлгэж өгөх үед би “Удаан хугацаагаар сууж ажилладаг байснаас нурууны өвдөлттэй болсон. Цаашид удаан сууж ажиллах нь миний эрүүл мэндийг байдлыг улам муутгах тул эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Татвар хураалтын байцаагчаар сэлгэгдээд 3 сар ажилласан. Эдийн засагчаар ажиллах шийдвэрээ эргэн хараач” гэсэн хүсэлтийг хэлтсийн даргад тавьсан. Үүнээс хойш бичгээр болон амаар Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн удирдлагад болоод Татварын ерөнхий газарт хүсэлтээ илэрхийлж өргөдөл удаа дараа гаргаж, удаан хугацаанд шийдвэрийг хүлээсээр байсан.

Эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын давуу тал, боломжоо ашиглан ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, эрхшээлдээ байлгах, худал гүтгэх үйлдлийг байнга гаргаж байсны дээр удаан хугацаанд ажилгүй байлгаж, эцэст нь ажлаас халуулах ажиллагааг зохион байгуулсан. Энэ хугацаанд санхүүгийн хувьд цалингийн зээлийн болон өрхийн хэрэглээний өртэй хохирч, эрүүл мэндийн байдал улам дордож, сэтгэл санааны хохирол их амссан.

Орлогын эдийн засагчийн ажил хуваарилсан нэрийн дор эдийн засагчийн болон хураалтын байцаагчийн ажлын алийг нь ч надад өгөөгүй бөгөөд бүтэн жилийн хугацаанд цалин олгохгүй, шийдвэр гаргахгүй хохироож, жилийн дараа төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалыг Баянхонгор аймгийн Татварын хэлтэс цахим шуудангаар хүлээж авч надад танилцуулсан бөгөөд тушаалын эх хувь, баталгаажуулсан хуулбарыг надад гардуулж өгөөгүй. Уг тушаалд намайг ажлаас халсан үндэслэлээ Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4.2, 5.4.4, Үндэсний татварын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.1 “а” 2.2.2 “а” дахь заалтыг зөрчин өөрийн шууд удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлэхгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажил удаа дараа тасалсан гэсэн байна.

Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөл миний гомдлыг харьяаллын дагуу шийдвэрлүүлнэ гээд Төрийн албаны албаны зөвлөлийн Татвар ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн.Салбар зөвлөл нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалын үндэслэлүүдийг тайлбарлаж, Баянхонгор аймгийн  Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2016 оны 11 сүгээр сарын 21-ний өдрийн 16/03 тоот дүгнэлтийн хуулбарыг хавсаргасан хариуг надад шуудангаар явуулсныг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг хариуцагч зөрчсөн.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн салбар хороо намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/11 дугаар тушаалаар томилсон орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хийгээгүйг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байсан. Надаас асуухгүйгээр миний аж ахуй нэгж хариуцсан ажлыг өөр байцаагчид шилжүүлэн өгч, намайг орлогын эдийн засагч болгосныг би хүлээн зөвшөөрөөгүй юм. Дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй, миний эрхийг зөрчсөн шийдвэрийг би биелүүлэх үүрэггүй гэж үзсэн.

Иймд татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Б намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад бол ажил хийхгүй байх шалтгаан байхгүй. Сүүлийн хэдэн жил ээж минь хүндээр өвдсөн учраас тийм шалтгаан гарч ирсэн. Мөн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр байх ёстой гэдгийг би бас нилээн сүүлд мэдсэн л дээ. Хэрэв би мэдэж байсан бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой байсан. Үндсэндээ татварын албанаас намайг мэддэг учраас, удаан жил ажилласан, ажлаа хийдэг гэдгийг мэддэг учраас халахгүй байх гэж бодож байсан. Хэрэв хална гэдгийг мэдсэн бол тухайн үед эдийн засагчийн ажлыг нь хийе гэх л байсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлаас халсан тушаал нь хэд хэдэн зөрчилтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, сонсох ажиллагаа хийгдээгүй, хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, дээр нь Салбар хорооны Ёс зүйн дүгнэлт Ерөнхий газарт ирснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж тушаал гарсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн татварын улсын байцаагч П.Ундармаа, татварын улсын ахлах байцаагч  Д.Мө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар аймгийн татварын хэлтсийн тасгийн чиг үүргийг баталсан. Энэ дагуу Татварын хэлтсийн даргын зөвлөлийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр Статистик, эрсдэлийн удирдлагын тасагт хамаарч байсан орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг Орлогын тасагт шилжүүлэн, орлогын тасгийн татварын улсын байцаагч Ж.Бд хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.

Ж.Б нь орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хариуцаж авахаас татгалзсан үүнийгээ “Орлогын эдийн засагчийн ажил нь байнгын суугаа ажил тул миний нас, эрүүл мэндийн байдалд тохирохгүй, татварын албанд 14 жил ажилласнаас 10-аад жилийг төрөл бүрийн мэдээлэл шивэх ажлыг нүд, гар хуруугаа чилтэл залхтлаа хийсэн, цаашид мэдээлэл шивэх ажлыг хийх сэтгэл зүй байхгүй” гэж шалтаглан, удаа дараа цалинтай, цалингүй чөлөө авч, эмнэлгийн магадлагаа авчран, орлогын эдийн засагчийн ажлыг хүлээн аваагүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 34.1 71.3 дахь хэсэгт тус тус зааснаар ажилтны хөдөлмөрийн нөхцлийг хөнгөрүүлэх, ажлын цагийг богиносгох асуудлыг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу зохицуулахаар заасан.

            Ж.Бгийн эрүүл мэндийн асуудлаар эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр дүгнэлт гаргаагүй, орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.

Баянхонгор аймгийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 291 дүгээр албан бичгээр Ж.Бд “...удаа дараа цалинтай, цалингүй чөлөө олгосон...Цаашид чөлөө олгох боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж,  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 305 дугаар албан бичгээр “... Таны эрүүл мэндийн байдлыг харгалзан өөр ажлын байр, албан тушаалд сэлгэн ажиллуулах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Иймд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дотор хэлтсийн даргын 2016 оны Б/11 тушаалаар хариуцуулан орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хүлээн авахыг даалгаж байна” гэж хугацаатай мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч Ж.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,  Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална. 271 дүгээр зүйлийн 271.6.3 татварын улсын байцаагчийн эрх олгох, эрх хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;  30 дугаар зүйлийн 30.1.5 хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах; 30.1.7 татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2 Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлыг цагийг үр бүтээлтэй ашиглах, 5.4.2 ажлын байр (албан тушаалтан)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, 5.4.4 захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх, ... заалтуудыг зөрчсөн байна.

            Баянхонгор аймгын татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Ж.Бг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 73.2.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах 16/03 дугаар дүгнэлт гарсан байна.

            Энэхүү дүгнэлтийг үндэслэн, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Ж.Бг халсан.

Иймд Ж.Бгийн хууль бусаар ажлаас халагдсан гэх нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын  17-ны өдрийн Б/98 тушаалыг хүчингүй болгуулах, татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б байцаагчийн хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих ёсоор хийгээгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Манай Татварын  хэлтсийн ажлын байран дээр нэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл удирдлагаас гаргасан шийдвэрт ингэж болдог юм байна, тэгэхээр би ч гэсэн ингэж явъя гэдэг буруу практик, жишиг тогтчихоод байгаа юм. Тийм учраас Татварын ерөнхий газрын даргын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд ажлыг хийхгүй гэж татгалзаж байхын оронд ажлаа аваад ажлаа хийж байх явцдаа энэ асуудлаа тавиад удирдах дээд байгууллагадаа танилцуулж, шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан. Ж.Б байцаагчийн хувьд Татварын ерөнхий хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлээгүй, ёс зүйн дүрмээ зөрчсөн нь өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэсэн шалтгаан нь болсон” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Г  дүгнэлтдээ: “Хурлын үйл явцаас ажиглахад хариуцагч тал нэхэмжлэгч талын удаан ажилласан ажлын туршлага зэргийг харгалзан зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх болох байсан байна. Үл ойлголцсоны улмаас хариуцагч тал асуудлыг улам хүндрүүлж ажлаас халсан тушаал гаргаж өөрийн ажилтанд хатуу ханджээ” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ж.Б нь “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ж.Бд ажил хариуцуулах тухай” дугаар Б/11 тоот тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/88 тоот тушаалаар харъяа гааль, татварын нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тул хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын хүрээнд гэсэн үндэслэлээр Ж.Бд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хариуцуулсан байна.  

Нэхэмжлэгч Ж.Б нь “... Цаашид удаан сууж ажиллах нь миний эрүүл мэндийн байдлыг улам муутгах тул эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна...орлогын эдийн засагчаар ажиллуулах шийдвэрээ эргэн хараач гэсэн хүсэлтийг хэлтсийн даргадаа гаргаж байсан” гэж тайлбарладаг ба Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 109 тоот албан бичигт “... эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэх, сувилуулах, энэ чиглэлээр богино болон урт хугацааны чөлөө авах эрх нээлттэй байгааг мэдэгдье” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн байна.

Гааль, татварын ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар Б/38 тоот тушаалаар орлогын эдийн засагчийн үүрэгт ажлаа хүлээж авахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бгийн сарын үндсэн цалинг 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Улмаар Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Б/49 тоот тушаалаар  “Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2016 оны дугаар Б/38 тоот тушаалыг хүчингүй болгосон байна. 

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 16/03 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4.2, 5.4.4, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.1а, 2.2.1б, 2.2.2а дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг тогтоож, Ж.Бд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.5 дахь хэсэгт заасан “үндэсний татварын албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Бг ажлаас халах тухай” дугаар Б/98 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооны дүгнэлт, санал, холбогдох материалыг үндэслэн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4.2, 5.4.4, “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.2.1.а, 2.2.2.а дахь заалтыг зөрчин өөрийн шууд удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлэхгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажил удаа дараа тасалсан байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бг татварын албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, татварын улсын байцаагчийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.  

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна. 

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар Б/38 тоот тушаал, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 04 тоот тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 16/03 тоот дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн байна. 

Сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д тодорхой хуульчлан заасан байх тул уг хугацааны дотор шийтгэл ногдуулах нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийн үүрэг юм.

 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан байна. 

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь “Ж.Бг ажлаас халах тухай” 2017 оны дугаар Б/98 тоот тушаалыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудад заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийгээгүй болох нь, нэхэмжлэгчээс тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаар нотлогдож байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. 

Хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдлийг  гаргаж өгсөн байх боловч уг мэдэгдэл нь сонсох ажиллагаа хийснийг нотлох мэдэгдэл биш юм.

Учир нь дээрх мэдэгдэл нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооны хуралдаанаар нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хурлын товыг мэдэгдсэн мэдэгдэл байх ба харин уг мэдэгдэл нь Татварын ерөнхий газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халах гэж байгааг Татварын ерөнхий газрын зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгчийн тайлбар, саналыг авсан мэдэгдэл биш байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Бг ажлаас халах тухай” дугаар Б/98 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

 “Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.1-д “захирах, захирагдах ёс” 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2-т “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”, 5.4.2-т “ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;”, 5.4.4-д “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх” гэж тус тус заасан байна.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.2.1-ийн “а”-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, татварын албаны хэмжээнд мөрдөгдөж буй Үндэсний татварын албаны үйлчилгээний стандарт, журам, заавар, аргачлал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд баримтлах”, 2.2.2-ын “а”-д “дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэж тус тус заасан.

Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 30.1.7-д “татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчих” гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Ж.Бд ажил хариуцуулах тухай” дугаар Б/11 тоот тушаалыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эсхүл шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоогоогүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. 

Тодруулбал Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Ж.Бд ажил хариуцуулах тухай” дугаар Б/11 тоот тушаалыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эсхүл шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоогоогүй байхад нэхэмжлэгч нь Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн ажил үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэлгүй бөгөөд ажил, үүрэг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжлэх эрхгүй.

Дээрх хууль зүйн үндэслэлүүд болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн ажил, үүргийг гүйцэтгээгүй болох нь нотлогдож байх тул “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Ж.Бд ажил хариуцуулах тухай” дугаар Б/11 тоот тушаал миний эрх, ашиг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл уг тушаалтай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, Ж.Бг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 10 дугаар зүйлийн 10.4, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.4, Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн “Ж.Бг ажлаас халах тухай” дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, Ж.Бг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.Б

                                         ШҮҮГЧ                               У.Б

                                          ШҮҮГЧ                               Г.М