Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0504

 

“Б Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч  Ж.Б, хариуцагч Ц.Б, О.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар шийдвэртэй, “Б Э” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр:

            “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б Э ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудсаар “Б Э” ХХК-ийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 568.564.867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Б Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Х шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...“Б Э” ХХК нь 2014 онд 10.142.001 төгрөгийн борлуулалт, 3.799.684.926.59 төгрөгийн худалдан авалт буюу зарлага гаргасан бөгөөд тухайн зарлагын дүнгээр холбогдох татварын тайландаа тусгаж тайлагнасан байдаг. Компанийн үйл ажиллагааны онцлог, барилга угсралтын ажлын үргэлжлэх хугацаанаас хамааран борлуулалт нь дараагийн жилүүдэд хийгдсэн ба 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1.2-т “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” ногдуулна гэж заасны дагуу 2015-2017 онуудад борлуулалт бүртгэгдэж “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-д тусгагдаж тайлагнасныг татварын байцаагчид баталгаажуулсан.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцохоор заасан бөгөөд “Б Э" ХХК нь хуулийн дагуу 2014 онд 10.142.001 төгрөгийн борлуулалт, 3.790.432.453.00 төгрөгийн худалдан авалт тайлагнаж 379.043.245.30 төгрөгийн илүү үлдэгдэлтэй гарсан, 2015 оны 1-12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 782.747.352.80 төгрөгийн татварын ногдол, 385.966.435.90 төгрөгийн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, зөрүү 396.780.916.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол үүссэнээс 2014 оны 379.043.245.30 төгрөгийн илүү үлдэгдлийг хасаж, зөрүү 17.737.671.57 төгрөг төлөхөөр гарсныг татварын байцаагчид баталгаажуулсан болох нь Монголын татварын албаны Аж ахуйн, нэгж байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байдаг. Энэ нь аж ахуйн, нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар баталгаажсан болохоос хавтаст хэрэгт авагдаагүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан ил тодын тайлан биш гэдгийг анхаарна уу.

Хавтас хэрэгт “Б Э” ХХК-ийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан ил тодын тайлан болон анхан шатны санхүүгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн үндэслэх хэсэгтээ “...дээрх борлуулалтын орлогыг ил тодын тайланд тусган тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан баталгаажсан талаар маргаагүй байна...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан нотлох баримтыг бүрдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, гомдол гаргагч “Б Э” ХХК-аас гаргасан гомдол болон анхан шатны шүүх хурал дээр гомдол гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан тайлбартаа удаа дараа 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1.2, 14.1, 14.6-д заасны дагуу 2014 онд 10.142.001 төгрөгийн борлуулалт, 3.790.432.453.00 төгрөгийн худалдан авалт тайлагнаж 379.043.245.30 төгрөгийн илүү үлдэгдэлтэй гарсныг 2015 оны дүнгээс хасаж тооцсон гэж мэтгэлцсэн атал анхан шатны шүүх дээрх дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр гаргасан тайлан баталгаажсан талаар маргаангүй байна гэж хэт үндэслэлгүй яриагүй зүйлийг ярьсан мэтээр, нотлох баримтгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд дээрх хууль батлагдахаас өмнө “Б Э” ХХК нь тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу 2014 онд 10.142.001 төгрөгийн борлуулалт, 3.790.432.453.00 төгрөгийн худалдан авалт тайлагнаж 379.043.245.30 төгрөгийн илүү үлдэгдэлтэй гарч, 2015 онд мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу суутгуулан хуульд заасан хугацаанд нь татварын байгууллагаар баталгаажуулсан байхад анхан шатны шүүх дээрх дүнг хавтаст хэрэгт авагдаагүй ил тодын тайланд тусган тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан баталгаажсан талаар маргаангүй гэж анхан шатны шүүх яриагүй зүйлийг ярьсан мэтээр үндэслэх хэсэгтээ нотлох баримтгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хуулийг ноцтой зөрчсөн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно" гэж заасны дагуу эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан дүнг хуулийн дагуу нууцалж, нотлох баримт болгон ашиглахыг хориглодог боловч татварын байцаагч нар удаа дараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тайлагнасан 379.043.245.30 төгрөгийн үнийн дүнгээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу “Б Э” ХХК тайлан гаргасан гэж байгаа нь хууль зөрчсөн, баримтаар тогтоогдохгүй үндэслэлгүй тайлбар юм.

5 дугаар нүүрэнд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 0.Д: “Эдийн засгийн ил тодыг дэмжих тухай хуулиар нийт борлуулалтын 34,1 хувийг тайланд тусгачихсан. 319.405.512 гэсэн 3-н байшин байгаа. 512 гэдэг байшин нь тухайн үед баригдаж эхэлж байсан. Тэрний борлуулалтыг хүлээн зөвшөөрсөн. 9,8 тэрбум төгрөгийг борлуулалтын албан хүлээн зөвшөөрөөд Эдийн засгийн ил тодыг дэмжих тухай хуулиар тайлагнасан байсан” /2ХХ 66XI гэж тус тус хавтаст хэрэгт авагдаагүй ил тодын тайланг нотлох баримт болгон ашиглаж, нууц байх ёстой мэдээллийг шүүх хуралдаан дээр хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д ашигласан байдаг.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж заасны дагуу нотлох баримт болгон ашиглахыг хориглосон мэдээллийг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь хуулийг илтэд зөрчиж буй асуудал юм.

Нөгөөтээгүүр, татварын улсын байцаагчид “Б Э” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу илүү төлөлт үүсгэсэн 379.043.245.30 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу илүү төлөлт үүсгэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж 113.712.973.30 төгрөгийн торгууль, 75.808.649.10 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно" гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б Э” ХХК нь талуудын хооронд маргаан болж буй 379.043.245.30 төгрөгийн татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тайлагнасан бөгөөд эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаагүй, тус хуулийн дагуу авлага үүсгээгүй буюу хууль зөрчөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу авлага үүсгэж тайлагнасан татварыг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон татварын байцаагч нар санаатайгаар хольж тайлбарлан, нэхэмжлэгч “Б Э” ХХК нь 379.043.245.30 төгрөгийг эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаагүй болохыг харуулж байна. Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн тайлагнал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тайлагнасныг татварын байцаагч нар мэдэн будлиж, хольж тайлбарлаад байгааг мэргэжлийн хувьд ялгаж салгуулах зорилгоор хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтэй байсныг анхан шатны шүүх хангаагүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож “Б Э” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү.“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагч “Б Э” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Гомдол гаргагч “Б Э” ХХК-аас Татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр[1] шийтгэлийн хуудсаар “Б Э” ХХК-ийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

          Хариуцагч улсын байцаагч нараас “Б Э” ХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 шийтгэлийн хуудсаар[2] 4,119,765,730.00 төгрөгийн зөрчилд 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар, 163,123,133.20 төгрөгийн торгууль, 101,799,252.80 төгрөгийн алданги, нийт 643,965,631.40 төгрөгийн төлбөр ногдуулсан.

          Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2014 оны үйл ажиллагаанд хамааруулсан 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг үндэслэлгүй гэж маргаж, бусад төлбөрт маргаагүй.

          “Б Э” ХХК нь 2013 оны 07 дугаар сараас 2014 оны 12 дугаар сард “Ривер гарден” хотхоны барилгын ажлыг хийж гүйцэтгэж, уг барилгын ажлын борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2014 онд 10,142,001.0 төгрөгийн борлуулалт тайлагнасан боловч 3,799,684,926.59 төгрөгийн худалдан авалт буюу зарлагыг тайландаа тусгаж, жилийн эцэст 379,043,245.33 төгрөгийн илүү төлөлт үүссэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоололд үлджээ.

          Мөн уг борлуулалтын орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодын тайланд тусган тайлагнаж татвараас чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авалтаар хасалт хийж, илүү төлөлт үүсгэсэн гэдэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан, Борлуулалтын тайлан, Аж ахуйн нэгж байгууллагын татварын хяналт шалгалтын тодорхойлолт[3], Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[4], Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт[5] зөрчлийн тооцоолол[6], Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 96 дугаар тогтоол[7], “Б Э” ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтэст гаргасан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13-09 дугаар хүсэлт[8] зэргээр тогтоогдож байна.

          Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.

          Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.”, “5.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.” гэж тус тус заасан.

          Уг хуулийн зохицуулалтын дагуу “нуун дарагдуулсан орлогоо сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж, ил болгосон” хуулийн этгээдийг уг хуулийн үйлчлэлд хамруулан нэг удаа татварын хариуцлагаас чөлөөлөх агуулгатай бөгөөд “Б Э” ХХК нь 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 10,142,001.0 төгрөгийн борлуулалт, 799,684,926.59 төгрөгийн худалдан авалт буюу зарлагыг тайлагнасан, нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооллоор 379,043,245.33 төгрөгийн илүү төлөлт бүртгэгджээ.

          Иймээс “Б Э” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан дээрх орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан “нуун дарагдуулсан орлогоо сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж, ил болгосон” гэж үзэх үндэслэлгүй байна.

          Түүнчлэн дээр дурдсан 2014 оны борлуулалтын орлогоо “Б Э” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодын тайланд тусган тайлагнаж татвараас чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн борлуулалтын орлогыг олоход зориулагдсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь буцаан авалтаар хасалт хийж, илүү төлөлт үүсгэж, уг дүнгээр улсын төсвөөс авлага үүсгэжээ.

          Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд ...төлсөн ...нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасантай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно.” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

          Иймээс гомдол гаргагч хуулийн этгээдийн “...улсын байцаагчид “Б Э” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу илүү төлөлт үүсгэсэн 379,043,245,30 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу илүү төлөлт үүсгэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж ...торгууль, ...алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, ... талуудын хооронд маргаж буй 379,043,245,30 төгрөгийн татварыг Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн дагуу тайлагнасан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаагүй, тус хуулийн дагуу авлага үүсгээгүй буюу хууль зөрчөөгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

          Татварын хяналт шалгалтыг Татварын хяналт шалгалтын 26181100716 тоот томилолт, “Б Э” ХХК-ийн санхүү, татварын тайлангууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, санхүүгийн анхан шатны баримт, арилжааны банк дахь харилцах дансны хуулга, “Б Э” ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтэст гаргасан хүсэлтүүд, татварын цахим бүртгэл, татварын хяналт шалгалтын тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн явуулсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд гомдол гаргагч хуулийн этгээдийн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан ил тодын тайлан, анхан шатны санхүүгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “... дээр борлуулалтын орлогыг ил тодын тайланд тусган тайлагнаж ... гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34.1-д ...заасныг зөрчсөн”, “...хавтас хэрэгт авагдаагүй ил тодын тайланг нотлох баримт болгон ашиглаж, нууц байх ёстой мэдээллийг шүүх хуралдаан дээр ашигласан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, “Б Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б Э” ХХК-ийн төлөөлөгч Х.Хүрэлхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б Э” ХХК-ийн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

[1] 1р хав хэргийн 5 дахь тал

[2] Хэргийн 5 дахь тал

[3] Хэргийн 86-127 дахь тал

[4] Хэргийн 6-8 дахь тал,

[5] Хэргийн 9 дэх тал

[6] Хэргийн 20 дахь тал

[7] Хэргийн 22-28 дахь  тал

[8] Хэргийн 63 дахь тал