Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           21                                      2020/ШЦТ/234                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Э-ийн Г-т холбогдох эрүүгийн 20100 0111 0176 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн мэргэжилтэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, И овогт Э-ийн Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр хохирогч Д.Б нь хххх улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хххх тоот гэртээ хүргүүлэх үедээ гээгдүүлсэн Голомт банкны картнаас 2020 оны 01 сарын 03-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг, мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 15.000 төгрөгийг тус тус өөрийн найз Г.Ө-өөр авахуулж, 515.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Д.Бт бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах тайлбар мэдүүлэг алга байна. Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд миний машинд картаа хаясан байсан. Хохирогч миний машинд сууж явахад нь 1 дүгээр хорооллоос нэг эмэгтэй хүн суусан. Тэгэхэд хохирогч надад “энэ хүнтэй жаахан юм ярих гэсэн юм, чи буугаад АТМ-д орж миний картнаас мөнгө аваад ир” гэж хэлээд, өөрийн картныхаа пин кодыг хэлж өгсөн. Тэгэхэд пин код нь миний мобайл банкны кодтой яг таарч байсан. Дараа нь хохирогчийг гэрт нь хүргэж өгөөд, замдаа өөр нэг хүн суулгаад явж байхад нөгөө хүн “энд нэг нь картаа хаячихсан байна” гэж хэлээд надад картыг өгсөн.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийн асуудлаас болж би эхнэрийнхээ цалинг үрчихсэн болохоор хохирогчийн картыг ашигласан. Өнөрмөнх нь миний багын найз байгаа юм. Тэгээд найздаа “нэг карт байна, чи ороод мөнгө авчих” гэхэд “яасан бэ” гээд асуугаад байхаар нь “хүнд мөнгө өгөх гэсэн юм, мөнгөө өгөхгүй удаачихсан, АТМ-ээс мөнгө аваад өг” гэж ятгасаар байгаад авахуулчихсан юм.

Өнөрмөнхөөр авахуулсан мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Тухайн үед онлайнаар мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгө алдчихсан байсан болохоор мөнгөний хэрэг гарсан. ...Би тухайн үедээ л болж байвал маргааш яах вэ, болох байлгүй гэж бодож байсан. Би хүний эд зүйлийг авсандаа маш их гэмшиж байна, миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0111 0176 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын шинэ жил болоод Багшийн дээдээс 1 дүгээр хорооллын Хар хорин хороолол орох замдаа банкны картаа гээсэн. Би тэгэхэд таксигаар хүргүүлсэн юм шиг байна, өөрөө санахгүй байгаа. Таксины төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн байсан, тухайн үед түрүүвчинд 15.000 төгрөг байсан. Өглөө босоход байхгүй байсан.

Тэгээд банкны картаа алдсанаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдээд, хаясан байна гэж бодоод яваад байсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр данснаас 515.000 төгрөгийн зарлага гарахад нь мэдсэн ба 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30.500 төгрөгийн зарлага гарсаныг мэдээгүй. Миний данснаас мөнгө гарахад мэдээлэл ирдэг.

Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Саппорогийн Голомт банкны салбар дээр шинэ карт захиалахдаа хуучин картаа хаалгасан. Миний картын пин кодыг мэдэж байгаа хүн байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна, картаа алддаг өдөр би нилээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би картаа хулгайд алдсан зүйл бол байхгүй, карт миний түрүүвчинд байсан. Мөн түрүүвчинд бэлэн 15.000 төгрөг байсныг таксинд өгсөн юм шиг байна. Харин картаа яасан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ө-ийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Татварын албаны хуралд суух гэж Налайх дүүргээс ирэхэд хурал хойшлогдсон бөгөөд тухайн өдөр нь баасан гариг байхаар нь жаахан халтууранд явъя гэж бодоод явж байхдаа Г-той холбоо барьсан. Тэгэхэд Г- “Алтай хотхоноос ирээд ав” гэхээр нь би хүрээд ирэхэд Алтай хотхоны урд талын Хаан банкны АТМ-ээс гараад ирсэн.

Хоёулаа уулзаад байж байхад Г- нэг карт гаргаж ирээд “таньдаг ахын карт байгаа юм, мөнгө орсон байна” гэж хэлэхэд нь “пин кодыг нь мэдэж байгаа юм уу” гэхэд “мэдэж байгаа” гээд инээгээд байсан. Тэгээд миний машинд суугаад 3 дугаар цахилгаан станцны хажууд байрлах АТМ-д очоод Г- “чи очоод байгаа бүх мөнгийг нь авчих” гэж хэлэхээр нь би “чадахгүй, чи өөрөө ав” гэхэд “зүгээрээ, ямар нэгэн юм болвол би өөрөө хариуцлага хүлээнэ, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь би итгээд АТМ орж, 500.000 төгрөгийг аваад, 19 дүгээр үйлчилгээний төв дээр очоод үлдсэн гарах боломжтой мөнгийг нь авсан байх. Хэдийг авсанаа бол санахгүй байна. Нийт 515.000 төгрөг авсан байх, сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,

 

3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар цахилгаан станцын замын эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 39-41х/,

 

4. Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 68-70х/

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Гийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө өөрийн эзэмшлийн ххххулсын дугаартай Тоёота Пилтэр маркийн машинтайгаа таксинд явж байгаад БНСУ-ын элчингийн арын замд явж байхад зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөж, миний машинд суусан ба “21-р хорооллын Содон хороолол орно” гэж хэлсэн. Би уг хороололд хүргэж өгөхөд эрэгтэй нь надад Хаан банкны картаа нууц үгийн хамт хэлж өгөөд, “АТМ орж 30.000 төгрөг аваад ир” гээд, өөрөө “нөгөө хүүхэнтэйгээ жаахан юм ярьж сууна” гээд миний машинд суугаад үлдсэн.

Би Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 30.000 төгрөг авч, картны хамт нөгөө залууд өгсөн. Тэгээд тэр залуу цааш надтай хамт яваад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Номинтой байрны гадна бууж 30.000 төгрөгөөр тооцоо хийсэн. Улмаар би цаашаа халтуур хийгээд явж байхад зам дээр мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөн миний машинд суугаад явж байхад эмэгтэй нь “арын суудал дээр карт унасан байна” гэж хэлээд надад авч өгсөн. Тэгэхэд нөгөө надад өгч байсан залуугийн Голомт банкны карт байсан. Уг картыг би машиныхаа урд талын хайрцагт хийгээд үлдээсэн байсан.

Тэгж байгаад 2020 оны 01 сарын 03-ны өдөр дээрхи карт гарч ирсэн тул Алтай хотхоны АТМ орж шалгаж үзэхэд уг картанд 515.000 төгрөг байгаа харагдсан. Тэгээд найз Өнөрмөнхтэй холбогдоход “ойрхон машинтайгаа явж байна” гэхээр нь “хүрээд ир” гэж дуудахад удалгүй найз маань хүрээд ирсэн. Тэгээд би Өнөрмөнхөд уг картыг үзүүлээд “манай ахын карт байгаа юм, надад мөнгө өгөх ёстой, өгөхгүй болохоор нь аваад гараад ирлээ, чи энэ картнаас нь 515.000 төгрөг аваад өгөөч” гэж хэлээд найз Өнөрмөнхийг зөвшөөрүүлээд, улмаар машинтай нь явж ТЭЦ-3 станцын замын зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг авч, цааш яваад 19 дүгээр хорооллын үйлчилгээний Хаан банкны АТМ-ээс 15.000 төгрөгийг тус тус авахуулсан ба тэндээсээ би машин дээрээ найзаараа хүргүүлээд салцгаасан юм.

Миний хувьд уг мөнгөнөөс Өнөрмөнхөд өгсөн зүйл байхгүй. Найз маань “ямар учиртай мөнгө юм бэ” гэж асууж байсан. Тухайн үед би эхнэрийнхээ цалинг алдсан ба мөн гэртээ 1 хоног хариагүй байж таарсан тул шууд мөнгөө аваад гэртээ харих болсон. Би хохирлоо төлж барагдуулна, ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 57х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Д.Б нь ххххулсын дугаартай тээврийн хэрэгслээр Хххх тоот гэртээ хүргүүлэх үедээ гээгдүүлсэн байсан Голомт банкны картнаас 2020 оны 01 сарын 03-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг, мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 15.000 төгрөгийг өөрийн найз Г.Ө-өөр авахуулж, нийт 515.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч ашиглан завшиж, хохирогч Д.Бт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- хохирогч Д.Бийн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын шинэ жил болоод Багшийн дээдээс 1 дүгээр хорооллын Хар хорин хороолол орох замдаа банкны картаа гээсэн. Би тэгэхэд таксигаар хүргүүлсэн юм шиш байна, өөрөө санахгүй байгаа. Таксины төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн байсан, тухайн үед түрүүвчинд 15.000 төгрөг байсан. Өглөө босоход байхгүй байсан. Тэгээд банкны картаа алдсанаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдээд, хаясан байна гэж бодоод яваад байсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 515.000 төгрөгийн зарлага гарахад нь мэдсэн ба 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30.500 төгрөгийн зарлага гарсаныг мэдээгүй. Миний данснаас мөнгө гарахад мэдээлэл ирдэг.

Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Саппорогийн Голомт банкны салбар дээр шинэ карт захиалахдаа хуучин картаа хаалгасан. Миний картын пин кодыг мэдэж байгаа хүн байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна, картаа алддаг өдөр би нилээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би картаа хулгайд алдсан зүйл бол байхгүй, карт миний түрүүвчинд байсан. Мөн түрүүвчинд бэлэн 15.000 төгрөг байсаныг таксинд өгсөн юм шиг байна. Харин картаа яасан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

- гэрч Г.Ө-ийн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... халтууранд явъя гэж бодоод явж байхдаа Г-той холбоо барьсан. Тэгэхэд Г- “Алтай хотхоноос ирээд ав” гэхээр нь би хүрээд ирэхэд Алтай хотхоны урд талын Хаан банкны АТМ-ээс гараад ирсэн. Хоёулаа уулзаад байж байхад Г- нэг карт гаргаж ирээд “таньдаг ахын карт байгаа юм, мөнгө орсон байна” гэж хэлэхэд нь “пин кодыг нь мэдэж байгаа юм уу” гэхэд “мэдэж байгаа” гээд инээгээд байсан. Тэгээд миний машинд суугаад 3 дугаар цахилгаан станцны хажууд байрлах АТМ-д очоод Г- “чи очоод байгаа бүх мөнгийг нь авчих” гэж хэлэхээр нь би “чадахгүй, чи өөрөө ав” гэхэд “зүгээрээ, ямар нэгэн юм болвол би өөрөө хариуцлага хүлээнэ, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь би итгээд АТМ орж, 500.000 төгрөгийг аваад, 19 дүгээр үйлчилгээний төв дээр очоод үлдсэн гарах боломжтой мөнгийг нь авсан байх. Хэдийг авсанаа бол санахгүй байна. Нийт 515.000 төгрөг авсан байх..,” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,

- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар цахилгаан станцын замын эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 39-41х/,

- Шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 68-70х/, шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 64-65х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч Ж.Г- нь Д.Бийн гээгдүүлсэн Голомт банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, өөрийн найз Г.Ө-өөр дамжуулан АТМ-ээс 515.000 төгрөг авахуулан ашигласан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хэргийн шүүгдэгч Э.Г нь 2020 оны 01 сарын 03-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг, мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 15.000 төгрөг тус тус өөрийн найз Г.Ө-өөр авахуулж, 515.000 төгрөгийг авч хувьдаа завшин ашигласан байх ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.   

 

Хэргийн шүүгдэгч Э.Г нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 515.000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 515.000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Гийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 515.000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн шүүгдэгч Э.Г нь хохирогч Д.Бт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нийт 540.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэргийн 71 дугаар талд авагдсан Дугар овогтой Баттүшигийн эзэмшлийн Хаан банкин дахь 5131....46 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Э.Гоос гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 57х/ зэрэг тогтоогдож байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналлд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэн, энэ хэрэгт Э.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                      ТОГТООХ нь:

 

1. И овогт Э-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Э.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД