Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0345

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Адалбек,

шүүгдэгч Л.Бэ, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бэ, Э.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908064870189 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 12 жил 6 capын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 cap 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Номт овогт Лхагвасүрэнгийн Бэ /РД:,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, дүүгийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баянцагаан овогт Энхтуяагийн А /РД: /.

 

                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Бэ, Э.А нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” караокены гадна талбайд нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

яллагдагч Л.Бэ, Э.А нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” караокены гадна Д.Баярхүү, Д.Батхүү нарын хоёр хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Л.Бэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тодорхой байгаа. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг Батнаа гэж дууддаг. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад би гэмтэл учруулаагүй гэж сандраад мэдүүлсэн. Уучлаарай, маш их гэмшиж байна. Би цагаан цамцтай, А хар куртиктэй байсан. Дахин алдаа дутагдал гаргахгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Бэтэй адил. Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрсөн. Миний үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтэл учирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Батхүүд 350.000 төгрөг өгсөн. Дахин ийм хэрэгт орооцолдохгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908064870189 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Батхүүгийн: “2019 оны 12 сарын сарын 16-ны өдөр 21 цагийн орчим ах над руу залгаж ““Цэлмэг” караокед ах нь пиво уучихсан байна, машин бариад гэр лүү хүргээдэх” гэж дуудсан. Намайг очиход ах гурван танихгүй залуугийн хамт караокены урд талын зам дээр зогсож байсан. Би зүгээр чимээгүй зогсож байхад улаан куртиктэй залуу “яасан муухай хардаг гөлөг вэ” гэхэд ах “миний дүү байгаа юм, боль” гээд цээж рүү нь гараараа зөөлөн түлхсэн. Тэгэхэд улаан куртиктэй залуу ах руу дайрахад ах уг залуугийн цээжээр тэвэрч авсан. Тэгэхэд хар куртиктэй залуу ахын баруун шанаан тус газарт цохьсон. Ахыг уг хоёр залуу зодсон. Хүмүүс салгаад дараа нь намайг улаан куртиктэй залуу /куртикээ тайлахад цагаан цамцтай байсан/, хар куртиктэй залуу хоёр зодоод газарт унагаасан. Толгой руу хар куртиктэй залуу олон удаа өшиглөсөн. Тэгэхэд ах гүйж ирэхэд ахыг бас зодож нүүр нүдгүй өшиглөж зодсон. Харин нэг шар алаг куртиктэй залуу зодоонд оролцоогүй. Тэр хоёр залуучуудыг ах бид хоёр огт цохиж зодоогүй. Ямар нэгэн байдлаар өдөж хоргоосон зүйл байхгүй, муухай харсан зүйл байхгүй. Гэмтлийг цагаан цамцтай залуу, хар куртиктэй залуу хоёр учруулсан.

...А, Бэ нар намайг зодсон. Тухайн болсон асуудлыг бол бүгдийг тодорхой санаж байгаа. Батнаа буюу Бэ нь улаан өнгийн куртик өмссөн байсан. Сүүлд тайлчихсан байсан. Хамгийн дургүй хүрч байгаа юм нь хар куртиктэй залуу унангуут л хүрч ирээд өшиглөөд байсан. Одоо миний биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур байхгүй. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-16-17, 20-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний өдрийн 446 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Батхүү-н биед баруун зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-71-72/,

Хохирогч Д.Баярхүүгийн: “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Цэлмэг” караокед найз Бүжингийн хамт орж, 0,5 литрийн пиво 3-4 ширхгийг уусан. Ар талын ширээнд сууж байсан залуу “ах гоё дуулдаг юм байна, танилцъя” гээд танилцаад хамт дуулсан. Нэрээ Батнаа гэж танилцуулсан. Уг залуу надад “дүүгээ дэмжиж өгөөрэй” гэхээр нь би “тэгэлгүй яахав, ах нь дуучин, тусалж дэмжинэ” гэж хэлсэн. Удалгүй 22 цагийн орчим манай дүү ирсэн. Би цуг дуулсан залуу, мөн найзууд нь болох хоёр залуугийн хамт караокены урд талын зам дээр зогсож байсан. Би “ах нь явлаа, дүү маань ирчихлээ” гэхэд улаан куртиктэй залуу “аан энэ танай дүү юм уу, дүү чинь над руу үхсэндээ муухай хараад байгаа юм” гээд зодох гээд дайраад байхаар нь би “болио ахын дүү” гээд цээж рүү 2-3 удаа гараараа зөөлөн түлхэж холдуулсан. Тэгэхэд уг залуу “чи одоо яагаад байгаа гөлөг вэ, хоёулаа зодолдчих юм уу” гээд над руу дайраад, зүүн талын шанаан тус газарт нэг удаа цохиход би тэвэрч авсан. Би улаан куртиктэй залууг цохиогүй. Тэвэрч байхад хажуу талаас хар куртиктэй залуу шууд баруун талын шанаанд цохиход би цаашаа гүйгээд унаад өгсөн. Улаан болон хар куртиктэй залуу хоёр бүлэглэн, намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. Мөн дүүг маань улаан куртик, хар куртиктэй залуу хоёр зодсон. Гудамжинд явж байсан хүмүүс салгасан. Улаан өнгийн куртикээ тайлаад цагаан цамцтай байсан. Тэр залууг Батнаа гэдэг. Цагаан цамцтай Батнаа гэх залуу, хар өнгийн куртиктэй залуу толгой, нүүр лүү өшиглөөд байсан. Хар шар алаг куртиктэй залуу зодоонд оролцоогүй.

Ер нь бол анх зодооныг эхлүүлсэн хүн нь Бэ манай дүүтэй хэрүүл өдөж, зодооныг эхлүүлээд, миний биед гэмтэл учруулж унасан байх үед өшиглөсөн хүн хар өнгийн куртиктэй А байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг Бийн ээж дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27-28, 31-32/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний өдрийн 445 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Баярхүү-н биед нэг шүдний эмтрэл, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-68-69/,

Шинжээч Т.Номинцэцэгийн: “Зовиур хэсэгт байх шүд эмтэрсэн, янгинах гэдэг нь үзүүлэгчийн өөрийн өгүүлэмжээр бичсэн. Үзлэгээр биед нь харагдах гэмтэл, шархыг бичсэн. Үзэхэд хугарсан байгаагүй тул дүгнэлтэнд тусгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-80/,

Камерийн бичлэгт дахин үзлэг хийсэн: “...“Цэлмэг” төвийн баруун урд булангаас зүүн хойш чиглэлтэй харсан камерын бичлэг байх ба уг бичлэгт Э.А хар өнгийн куртиктэй, Л.Бэ цагаан өнгийн цамцтай, хамт явсан гэх Тулгаа гэгч Л.Бийн улаан өнгийн куртикийг баруун гартаа барьсан байдалтай тухайн караоке руу ордог хаалганаас гарч ирж шатнаас бууж, хохирогч нар дээр очиж хэсэг яриа өрнүүлж байгаад яллагдагч Л.Бэ нь хохирогч Д.Батхүү дээр очоод зодолдож байгаад газар унагаах үед Э.А хажуугаас нь гүйж очин өшиглөж, энэ үед ах нь буюу хохирогч Д.Баярхүү гүйж ирээд дундуур орж Ад цохиулан улмаар газар унаж байгаа. Унасан даруйд Э.А хэд хэдэн удаа өшиглөж байгаа. Энэ хооронд хохирогч Д.Батхүү, яллагдагч Л.Бэ нар барилцан зодолдож байгаад Э.А дундуур орж дахин хохирогч Д.Батхүүг зодож газар унасан. Энэ голоор хохирогч Д.Баярхүү орж ирээд салгах явцдаа дахин газар унаж хамгийн сүүлд Э.А өшиглөж байгаагаар зодоон төгсөж яллагдагч нар урагш чиглэлтэй явсны дараа хохирогч Д.Баярхүүг Азжаргал гэх эмэгтэй өргөж босгож байгаа, мөн уг зодоон дунд зүс царай нь тодорхойгүй, цэнхэр өнгийн ажлын хувцастай хүн салгаж байгаа болон гудамжинд явж байгаа хэд хэдэн хүн зугтааж, зарим нь айж холуур тойрч, зарим нь салгах оролдлого хийж байгаа дүрс бичлэг хадгалагдсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтас, хх-87-90/,

Гэрч Б.Азжаргалын: “2019 оны 12 дугаар сарын 16-ны ...21 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн “Цэлмэг” караокед найз Баярхүү, Оюун-Эрдэнэ нартай уулзахаар очсон. Үүдээр яг орох гээд явж байхад Баярхүү, Оюун-Эрдэнэ нар гарч ирж байсан. Тэр хоёрын араас цагаан цайвар өнгийн ноосон цамцтай залуу гарч ирсэн. Тэр залуу надад “сая караоке дотор энэ ахтай танилцсан юм, гоё дуулдаг ах байна лээ” гэсэн. Оюун-Эрдэнийг аваад явах санаатай Оюун-Эрдэнийн машины тэнд зогсож байхад эрэгтэй хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан. Орилж хашгираад байсан. Оюун-Эрдэнэ бид хоёр очиход Баярхүү газарт уначихсан, цагаан цамцтай залуу, хар куртиктэй залуу хоёр зодож байсан. Хар куртиктай залуу Баярхүүгийн нүүрэн тус газарт өшиглөөд байсан. Цагаан цамцтай залуу гараараа олон удаа цохисон. Болиулах гээд Оюун-Эрдэнэ бид хоёр хашгирсан. “Салгаад өгөөч” гээд арай ядан тэнд байсан хүмүүс болиулсан. Тэгтэл цагаан цамцтай залуу, хар куртиктэй залуу хоёр Баярхүүгийн дүү Батхүүг очиж зодсон. Батхүүг уг хоёр залуу олон удаа цохисон, өшиглөсөн. Би уг хоёр залуугийн царай зүсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан цагаан цамц, хар куртиктэй байсан. Тэр хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47/,

шүүгдэгч Л.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-117/, гэрч С.Лхагвасүрэн, Б.Солонго нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, 54-55, 58/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-115/, Улсын тэргүүний 62 дугаар сургуулийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-161-162/, шагнал, өргөмжлөлүүдийн хуулбар, гэрэл зураг /1 дүгээр хавтас, хх-163-173/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-174, 184/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-118/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /1 дүгээр хавтас, хх-120-126, 128-129/, ялтны хувийн хэргийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-127/, шүүгдэгч Э.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-193/, гэрч Г.Энхтуяа, Л.Жажинжав нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-62, 65-66/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-196/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-197/, асап санд бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-201/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-202/,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас гаргаж өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд,

өмгөөлөх талаас гаргаж өгсөн “Дашномт” ХХК-ийн “Л.Бэ нь дэлгүүрийн туслах ажилтнаар 400.000 төгрөг авч ажиллаж байсан” гэх тодорхойлолт, шүүгдэгч Л.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхэгт бэхжүүлэгдсэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрс бичлэгийг үзэж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Бэ, Э.А нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Цэлмэг” караокены гадна талбайд нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

мөн шүүгдэгч Л.Бэ, Э.А нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Цэлмэг” караокены гадна иргэн Д.Баярхүү, Д.Батхүү нарыг зодож, тус бүр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Батхүүгийн “...караокены урд талын зам дээр зогсож байсан. Би зүгээр чимээгүй зогсож байхад улаан куртиктэй залуу “яасан муухай хардаг гөлөг вэ” гэхэд ах “миний дүү байгаа юм, боль” гээд цээж рүү нь гараараа зөөлөн түлхсэн. ...хар куртиктэй залуу ахын баруун шанаан тус газарт цохисон. Манай ахыг уг хоёр залуу зодсон. Намайг улаан куртиктэй залуу, хар куртиктэй залуу хоёр зодоод газарт унагаасан. Толгой руу хар куртиктэй залуу олон удаа өшиглөсөн. Тэгэхэд ах гүйж ирэхэд ахыг бас зодож нүүр нүдгүй өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-16-17, 20-21/, шүүх эмнэлгийн 446 дугаар “1. Д.Батхүү-н биед баруун зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-71-72/, хохирогч Д.Баярхүүгийн “...караокены урд талын зам дээр зогсож байсан. Улаан куртиктэй залуу “энэ танай дүү юм уу, дүү чинь над руу үхсэндээ муухай хараад байгаа юм” гээд зодох гээд дайраад байхаар нь би “болио ахын дүү” гээд цээж рүү 2-3 удаа гараараа зөөлөн түлхэж холдуулсан. Тэгэхэд уг залуу “чи одоо яагаад байгаа гөлөг вэ, хоёулаа зодолдчих юм уу” гээд над руу дайраад, зүүн талын шанаан тус газарт нэг удаа цохиход би тэвэрч авсан. ...Тэвэрч байхад хажуу талаас хар куртиктэй залуу шууд баруун талын шанаанд цохиход би цаашаа гүйгээд унаад өгсөн. Улаан куртик болон хар куртиктэй залуу хоёр бүлэглэн, намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. Мөн дүүг маань улаан куртик, хар куртиктэй залуу хоёр зодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27-28, 31-32/, шүүх эмнэлгийн 445 дугаар “1.Д.Баярхүү-н биед нэг шүдний эмтрэл, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, няцрал, баруун тохиод цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-68-69/, гэрч Б.Азжаргалын “...эрэгтэй хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан. Орилж хашгираад байсан. ...манай найз Баярхүү газарт уначихсан, цагаан цамцтай залуу, хар куртиктэй залуу хоёр зодож байсан. Хар куртиктэй залуу Баярхүүгийн нүүрэн тус газарт өшиглөөд байсан. Цагаан цамцтай залуу гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47/, камерийн бичлэгт дахин үзлэг хийсэн “...Цэлмэг төвийн баруун урд булангаас зүүн хойш чиглэлтэй харсан камерын бичлэг байх ба ...Л.Бэ нь хохирогч Д.Батхүү дээр очоод зодолдож байгаад газар унагаах үед Э.А хажуугаас нь гүйж очин өшиглөж, энэ үед ах нь буюу хохирогч Д.Баярхүү гүйж ирээд дундуур орж Ад цохиулан улмаар газар унаж байгаа, унасан даруйд Э.А хэд хэдэн удаа өшиглөж байгаа, энэ хооронд хохирогч Д.Батхүү, яллагдагч Л.Бэ нар барилцан зодолдож байгаад Э.А дундуур орж дахин хохирогч Д.Батхүүг зодож газар унасан, энэ голоор хохирогч Д.Баярхүү орж ирээд салгах явцдаа дахин газар унаж хамгийн сүүлд Э.А өшиглөж байгаагаар зодоон төгсөж...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтас, хх-84-86, 87-90/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD 1 ширхгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Бэ, Э.А нарын “Цэлмэг” караокены гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Д.Батхүү, Д.Баярхүү нарт хүч хэрэглэж, тэдний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй,

мөн шүүгдэгч Л.Бэ, Э.А нарын бүлэглэн хохирогч Д.Батхүү, Д.Баярхүү нарын нүүр лүү цохиж, газар унагаан өшиглөж, дэвсэх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батхүү, Д.Баярхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Батхүүгийн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20-21/, хохирогч Д.Баярхүүгийн “Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг Бийн ээж дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-32/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Бэ, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сараар тогтоох саналтай. Шүүгдэгч Бэд оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 1 сар 11 хоногийн хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, бусдад төлөх төлбөргүй. Агийн хувьд санаатай 2 гэмт хэрэг үйлдсэн тул тэнсэх боломжгүй” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч нар маргаагүй. Бэ хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. 2 жил 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 11 хоногийг нэмж нэгтгэн, 2 жил 11 сар 11 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялын 56 хоног болгож шийдэж өгнө үү. А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амалж байгаа, эрхэлсэн ажилтай байсан зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг шүүх эрхийнхээ хүрээнд хэрэглэх боломжтой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг /Л.Бэд/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг /Э.Ад/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Э.А согтуурсан үедээ, шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн бусдад хүч хэрэглэн, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, олон удаагийн үйлдлээр хохирогч нарт гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Баярхүүд шүүгдэгч Л.Бэ 800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Э.А хохирол төлсөн гэх боловч баримтгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Л.Бэ урьд “Хүнийг алах” гэмт хэрэгт ял шийтгэгдэж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Л.Бэ, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Аг 1 жилийн хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” заасныг журамлан шүүгдэгч Э.Ад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 1 жил 2 сараар тогтоож, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч Л.Бэд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 жил 2 сараар тогтоож, уг ял дээр өмнөх Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 12 жил 6 capын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 cap 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жил 1 сар 11 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “Шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх боловч хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан буюу санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасныг үндэслэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.  

Шүүгдэгч Л.Бийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоног /1 дүгээр хавтас, хх-114, 250/-ийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамж /1 дүгээр хавтас, хх-102/-аар шүүгдэгч Э.Ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Бэ, Э.А нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Номт овогт Лхагвасүрэнгийн Бэ, Баянцагаан овогт Энхтуяагийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, бүлэглэж үйлдсэн,

олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 2 сараар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр өмнөх Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 12 жил 6 capын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 cap 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 1 сар 11 хоногоор,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 1 жил 2 сараар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бэ, Э.А тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Аг цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бэ, Э.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР