| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1227/э |
| Дугаар | 0358 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0358
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
орчуулагч А.Энхжаргал,
шүүгдэгч, хохирогч Д.Г, өмгөөлөгч Б.Ариунболд,
шүүгдэгч Ж /Z/, өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Z, Д.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908033531303 дугаар 2 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Вү Лан Ча Бү /Wu Lan Cha Вu/ хотод төрсөн гэх, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, чулуун тавцан хийдэг ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Тэрэм овогт Дамдинсүрэнгийн Г.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж /Z/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд “олон нийтийн газар тамхи татахаа боль” гэсэн шаардлага тавьсан Д.Гыг эсэргүүцэн зодож, духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Д.Г нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд С /Sun Wenqi/-г “тамхи татлаа” гэх шалтгаанаар зодож, зүүн духны дэлбээнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж /Z/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бүх юм их хурдан өнгөрсөн. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Хөнгөн шийдэж өгнө үү. Би өөрөө Гт гэмтэл учруулсан. Маргалдсанаас болж хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Энэ хэрэг гарснаас болж их хохирсон. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би архи уучихсан байсан учраас тамхи татаж байна гэж андуурсан байх, тамхины хайрцаг байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Шүд хугарч, дух хагарсан байсан. Эмчлүүлж янзлуулсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 1908033531303 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Гын: “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед найз Энхтайвантай “Баргуужин” ресторанд орж хоол идээд, нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Хэдэн цагийн үед гэдгийг би сайн санахгүй байна. Би нойл руу бие засах гээд явахад вип өрөөний хаалга нь нээлттэй, тамхи татаад суугаад байсан. Тэгэхээр нь би “тамхи татаж болохгүй” гэж хэлчихээд яваад өгсөн. Би 2-3 удаа тэр хүмүүст хэлсэн. Зөөгч эмэгтэйг дуудаад “наад хүмүүс чинь ямар учиртай юм, тамхи татахыг нь болиул” гэхэд “за, хэлчихсэн байгаа” гэж хэлсэн. Бид хоёр тооцоогоо хийчихээд гарах гээд явж байх үед 4-5 хятад хүн тамхи татаад пиво уугаад сууж байсан. Энхтайван нойлд бие засахаар орохоор нь би нөгөө хятадууд дээр очоод “тамхиа боль” гээд тамхи татаж байсан нэг хятад руу савх аваад шидтэл нөгөө хятадууд чинь пивоны шил хагалаад босоод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Над руу дайрахаар нь би тэр хятадаар яриад байсан Сүн Вэн Чи гэх хүнийг хувцаснаас нь бариад чирээд гараад иртэл нөгөө монголоор яриад байсан Зан Хуй гэх хятад нь “ална шүү” гээд миний толгой руу шилээр цохисон. Намайг газар уначихаад босох үед Энхтайван орж ирсэн. Энхтайван бид нарыг салгаад хоёр тийш нь болсон. Тэгээд Энхтайван бид хоёр нөгөө Сүн Вэн Чи, Зан Хуй гэх хоёр хятадыг бариад үлдсэн. Харин нөгөө хятадууд нь өөр хаалгаар гараад зугтаагаад явсан. Тэгээд манай найз Энхтайван цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хамрын дээд хэсэг дух орчимд тэр Зан Хуй гэх хятад нь шилээр цохиж гэмтээсэн. Мөн миний шанаа руу хэд хэдэн удаа цохиод авсан. Эм тариа, эмчилгээний зардал гэж цаашид шүд, хамраа үзүүлэх мөнгөө гаргуулж авмаар байна...
...Намайг Ж /Z/ нэртэй хятад ганцаараа цохисон. Надад нийтдээ 3.700.000 төгрөгийн хохирол учирсныг Ж төлж барагдуулсан. Гомдолгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29-32, 2 дугаар хавтас, хх-2-3/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.25-ны өдрийн 7923 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Гт духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-80/,
Хохирогч Сүн Вэн Чи /Sun Wenqi/-ийн: “2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ганцаараа аялах зорилгоор ирсэн. ...Ж бид хоёр уулзчихаад Нарантуул захаар явж байгаад БНХАУ-ын хоёр иргэнтэй таарсан. ...Тэгээд ресторанд бид дөрөв ороод вип өрөөнд суугаад хоолоо захиалсан. Бид нар хэдэн пиво захиалаад нэгийг задлаад уух гэж байхад хоёр эрэгтэй согтуу монгол хүн орж ирсэн. Тэр хоёр орж ирээд чанга чангаар юм яриад байсан. Би юу яриад байсныг нь ойлгоогүй. Тэгээд өндөр монгол залуу нь халбага, аяга нэг нэгээр нь ширээн дээрээс аваад Ж руу шидээд байсан. Тэр залуу дахиад пиво аваад шидэх үйлдэл гаргасан. Би урдуур нь ороод салгахаар “найзаа” гээд хэлтэл миний толгойны ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг цохихоор нь би унасан. Намайг унасан чинь өшиглөөд байсан. Тэгээд байж байсан чинь Ж намайг унагаасан өндөр монгол хүнийг холдуулсан. Тэгээд би нөгөө залуугийн гартаа байсан пивоны шилийг аваад цаана цонхны тавцан дээр тавьсан. Ж болон нөгөө өндөр Монгол хүн хоёрыг дахиад зодолдчих болов уу гээд голд нь ороод салгах гэж оролдоод чадаагүй болохоор би цааш вип өрөө рүү орсон. Тэгээд би Жг дуудаж оруулж ирсэн. Өндөр эрэгтэй өрөөнд орж ирээд Жг багалзуурдаад 3-4 шанаадсан. Намхан залуу нь нөгөө өндөр залуугаа дуудаж гаргасан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Миний нуруу, мөр, толгой өвдөж байсан. ...Миний ар дагз руу тэр өндөр монгол залуу пивоны шилээр үү, гараараа цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн үед цохиулаад нилээн хөндүүр болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-38-41/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.02-ны өдрийн 8075 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Sun Wen Qi-н биед тархины зүүн духны дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-82/,
Гэрч М.Энхтайваны: “...Гтай ресторанд уулзаад хоол унд захиалж нэг шил 0,75 литрийн архи уугаад 19 цаг 30 минутын орчим гарах гэж байхдаа найз Гыг үүдэнд байрлах тамхины өрөөнд оруулчихаад өөрөө 00 орж бие засаад эргээд ирсэн чинь манай найз руу 5-6 хятад иргэд бүгд гартаа ууж байсан пивоны шилийг хагалаад гартаа барьсан, хятадаар орилолдоод дайрч байхаар нь би “цагдаа дуудсан байгаа, бичлэг хийж та нарыг зурагтаар гаргана, телевиз дуудсан” гэсэн чинь тэд нар дайрахаа болиод 3-4 хятад зугтаасан юм уу алга болчихсон. Үлдсэн 2 хятадыг байлгаж байгаад цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Уг хятадууд тамхи татаж байхаар нь манай найз “Монгол Улсад хууль дүрмэнд ингэж хамаагүй тамхи татаж болохгүй, одоо боль” гэж хэлсэн чинь уг хүмүүс уурлаж манай найз руу дайрч гэмтэл учруулсан. Ж Гтай хоолны газрын коридорт заамдалцаж, Гын толгой руу 1-2 удаа цохиод байсан. ...Намайг вип өрөө рүү орох үед Г, Сүн Вэн Чи хоёр өөдөөсөө босоод зогсчихсон маргалдаад байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан. Яг цохиж зодохыг нь хараагүй. Би хэн нэгнийг цохиж, зодоогүй. Г махлаг хятад залуутай барьцалдаад зодолдож байхад нь би салгасан. Тэрнээс биш зодоонд ямар нэгэн байдлаар оролцож хэн нэгнийг зодоогүй. Гыг Ж нэртэй махлаг биетэй залуу зодсон. Сун Вен Чин /Sun Wen Gi/ зодоогүй. Би зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43, 44-45, 2 дугаар хавтас, хх-4-5/,
Гэрч Ц.Үрлээгийн: “...Би вип өрөөнд юм оруулж өгөөд яриад сууж байсан чинь гаднаас зааланд сууж байсан 2 хүний цагаан өнгийн майктай зодуулсан гээд байгаа эрэгтэй согтуу орж ирээд ширээн дээр тамхи тавьсан байсныг хараад “Монголын хуулинд тамхи татаж болохгүй, яасан том пизда вэ” гэхэд ширээний цаанаа сууж байсан Ж /Z/ “яасан бэ” гэж дургүйцсэн байдалтай хэлсэн чинь халбага шидсэн. Дахиж жижиг аяга шидсэн чинь Жтай хамт явж байсан, надад өөрийгөө Сун Вен Чи /Sun Wenqi/ гэж танилцуулсан энэ хоёр уурлаад босоод ирсэн. Цаанаас нөгөө монгол ахтай хамт явж байсан ах орж ирсэн. Өрөөний үүдэнд хоёр хятад, хоёр монгол хүн буюу дөрвүүлээ хоёр талаасаа харилцан зодолдохоор нь салгах гэсэн боловч чадаагүй. Нэг харсан чинь ариун цэврийн өрөөний үүдэнд зодуулсан гэх монгол залуугийн духнаас цус гарч байсан тул цаас авчирч өгсөн. Хоёр талаасаа хэрэлдэж, маргалдахад хоёр хятад хүн уучлалт гуйж байсан. Зодоон болох үед манай зөөгч, зохион байгуулагч нар салгасан. Тамхийг Ж болон нөгөө туранхай хятад залуу барьж байсан. Ойрхон өрөөнд үйлчлүүлж байсан хүн байхгүй байсан. Хүмүүсийн амгалан тайван байдал алдагдаагүй. Тэд нарын үйлдлээс болж манай ямар нэгэн эд зүйл эвдрээгүй, манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-50-51, 2 дугаар хавтас, хх-25-27/,
Гэрч Ц.Отгончимэгийн: “...Вип өрөөнд чимээ гарахаар нь очиход үйлчлүүлж байсан 2 согтуу хүний зодуулсан гэх хүн Вип өрөөнд орсон хятад иргэдийг янз бүрээр харааж байгаад Ж гэдэг залууг сууж байхад нь алгадаж, тэр хоёр харилцан барьцалдаад өрөөний үүдэнд Ж нь газар унахаар өшиглөсөн чинь цаанаас Сун Венчи түүнийг өмөөрч, уг хүнийг цохисон. Тэгтэл хамт явсан монгол ах Жr цохиж, дөрвүүлээ барьцалдаж, харилцан зодолдсон. Бид нар дундуур нь орж салгасны дараа тэр ахын духнаас цус гарч зодоон дууссан. ...Тухайн үед Вип өрөөнд 4 хятад хүн байснаас хоёр нь зодоонд оролцоогүй, түрүүлээд явсан. ...Нөгөө талаас духнаас нь цус гарсан хүнтэй хамт явж байсан монгол хүн цонхны тавцан дээр тавьсан байсан шил барьсан байсан. Гэхдээ шилээр хэн нэгнийг цохиогүй. Тэр ах нүдний шилээ духан дээрээ тавьсан байсан учраас зодолдох явцад хэн нэгэн цохиж гэмтээсэн байх. Яг 4 хүн зэрэг хоорондоо зодолдсон асуудал бол байхгүй. Том биетэй хятад залуу Гтай маргалдаад тэр хоёрыг нөгөө хятад залуу салгаад, тэр үед Г салгасан залуутай барьцалдаж авсан. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн учраас би тухайн хүмүүсийг нь яг хаана нь хэнийгээ, хэдэн удаа цохиж байгааг хараагүй. Одоо санахгүй байна. Г эхлээд том биетэй хятад залуутай маргалдаж, Гыг том биетэй хятад залуу гараараа цохих үед хятад жижиг биетэй залуу салгаад, тэр хятад залууг Г гэх залуу цохисон. Тэр үед Г гэх хүний найз салгаж байсан. Гтай хамт явж байсан гэх залуу хүн зодож байхыг би хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53, 2 дугаар хавтас, хх-28-30/,
Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хятад хүмүүсийн сууж байсан өрөөнд манайхаар үйлчлүүлсэн нилээн согтуу 2 хүн маргалдаж, зодолдсон. Би хувцасны өрөөний үүднээс харахад өргөдөл өгсөн гэх Д.Г гэх хүн туранхай хятад хүнтэй заамдалцаж гарч ирээд нөгөө хүн нь унасан чинь гэдэс рүү нь өшиглөж байсныг харчихаад айгаад буцаад явсан. Тэгээд зодоон болсон газар луу дахиж очоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57/,
Шүүгдэгч Ж /Z/-н яллагдагчаар өгсөн: “...Бид 4 тусгай өрөөнд /VIР/ ороод хоол, пиво захиалчихаад сууж байтал хаалгыг онгойлгоод хохирогч гээд байгаа Галаа над руу хараад “ална шүү, хятад пизда минь” гээд миний мэдэхгүй өөр үгнүүд чангаар хэлээд байхаар нь би тэр залууд хандан “та ямар хамаатай юм бэ” гэхэд ширээн дээр байсан шөлний жижиг хуванцар халбага, дотроо устай хуванцар аяга аваад над руу шидээд, задлаагүй шилтэй пивыг аваад шидэх гээд гараа далайх үед Sun Wen Qi сандлаасаа босоод монголоор “ахаа” гэж хэлээд пиво барьчихсан далайсан гарыг болиулаад барьчихсан байхад Галаа баруун гараараа Sun Wen Qi-н зүүн чихний доод хэсэгт 1 удаа цохих үед уначихсан. Би босоод Галааг түлхээд өрөөнөөс гаргасан. Намайг тавихгүй зодох гээд байхаар би гарыг нь тавиулах зорилгоор гараараа 1 удаа цохисон. Би Гыг ганцаараа цохисон. Сун Вен Чи /Sun Wen Gi/-г Г ганцаараа цохисон. Харин бид нарыг салгах гэж байхад нь буруу харсан байх. Бүлэглэж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх- 96-99, 2 дугаар хавтас, 8-10/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-14-22/, гэрч М.Ганхуягийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55/, шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-158/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-157/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-110/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-146/, шүүгдэгч Z-н Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтас, хх-149/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-111/, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2543 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-221/, хохирогч Д.Гын “Ж нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно” гэх гар бичвэр /2 дугаар хавтас, хх-7/, хохирол төлсөн “Д.Гт эмчилгээний төлбөр болох 3.700.000 төгрөгийг дансанд шилжүүлэв. Хоорондоо гомдол санал байхгүй” гэх баримт /2 дугаар хавтас, хх-15/, шүүгдэгч Жн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2 дугаар хавтас, хх-35/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж /Z/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд “олон нийтийн газар тамхи татахаа боль” гэсэн шаардлага тавьсан иргэн Д.Гыг эсэргүүцэн зодож, духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
шүүгдэгч Д.Г согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сун Вен Чи /Sun WenQi/-г “тамхи татлаа” гэх шалтгаанаар зодож, зүүн духны дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Гын “...Ж гэх хятад “ална шүү” гээд миний толгой руу шилээр цохиод авсан. ...Мөн миний шанаа руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29-32, 2 дугаар хавтас, хх-2-3/, шүүх эмнэлгийн 7923 дугаар “1.Д.Гт духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-80/, хохирогч Сүн Вэн Чи /Sun Wenqi/-ийн “...миний толгойны ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг цохихоор нь би унасан. Намайг унасан чинь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-38-41/, шүүх эмнэлгийн 8075 дугаар “1. Sun Wen Qi-н биед тархины зүүн духны дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-82/, гэрч М.Энхтайваны “...Ж Гтай хоолны газрын коридорт заамдалцаж, Гын толгой руу 1-2 удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43, 44-45, 2 дугаар хавтас, хх-4-5/, гэрч Ц.Үрлээгийн “...Ж нэртэй залуу цагаан фудболктой залуутай зодолдсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-50-51, 2 дугаар хавтас, хх-25-27/, гэрч Ц.Отгончимэгийн “...Хоёр хятад хүний нэг нь том биетэй Ж /Z/ нь Гтай маргалдаад хятад залуу гараараа цохих үед хятад жижиг биетэй залуу салгаад, тэр хятад залууг Г гэх залуу цохисон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53, 2 дугаар хавтас, хх-28-30/, гэрч С.Пүрэвсүрэнгийн “...хятад хүмүүсийн сууж байсан вип өрөөнд манайхаар үйлчлүүлсэн нилээн согтуу 2 хүн маргалдаж, зодолдсон. Би хувцасны өрөөний үүднээс харахад өргөдөл өгсөн гэх Д.Г гэх хүн туранхай хятад хүнтэй заамдалцаж гарч ирээд нөгөө хүн нь унасан чинь гэдэс рүү нь өшиглөж байсныг харчихаад айгаад буцаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57/, шүүгдэгч Ж /Z/-н яллагдагчаар өгсөн “...Би Гыг ганцаараа цохисон. Сун Вен Чи /Sun Wen Gi/-г Г ганцаараа цохисон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх- 96-99, 2 дугаар хавтас, 8-10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-14-22/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрс бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ж /Z/, С /Sun Wenqi/ нартай маргалдаж, С /Sun Wenqi/-г зодож, хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл,
шүүгдэгч Ж /Z/-н таарамжгүй харилцааны улмаас Д.Гтай маргалдан зодож, хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С /Sun Wenqi/-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгорын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “Хохирогч С /Sun Wenqi/ “Гомдол саналгүй гэж хэлүүлсэн. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу буцсан” гэх тайлбарыг үндэслэн,
хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “Надад нийтдээ 3.700.000 төгрөгийн хохирол учирсныг Ж бүгдийг төлж барагдуулсан. Гомдолгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-2-3, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирол төлсөн “Д.Гт эмчилгээний төлбөр болох 3.700.000 төгрөгийг дансанд шилжүүлэв. Хоорондоо гомдол санал байхгүй” гэх баримт /2 дугаар хавтас, хх-15/-ыг тус тус үндэслэн шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Гыг зодож, хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г нь Сү Вен Чи-г зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жг 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Гыг 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилтайг харгалзан үзэж торгох ял оногдуулах санал тавьсан...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Шүүгдэгч Ж гэм буруугийн талаар маргаагүй. Шилээр цохиогүй гэдэг нь камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч Гын савх шидсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогчийн гэмтэл, хор уршиг арилсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд “Шүүгдэгч Д.Г гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирогч С хохирол нэхэмжлээгүй тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
шүүгдэгч Ж /Z/-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, олон нийтийн газар таарамжгүй харилцааны улмаас хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Ж /Z/ хохиролд 3.700.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.Г хохирол төлсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /тус бүр эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 1000 тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж /Z/-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Г, Ж /Z/ нарыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэрэм овогтой Дамдинсүрэнгийн Г, Ж /Z/ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Ж /Z/-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ж /Z/ нарыг торгох ялыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ж /Z/ нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г, Ж /Z/ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж /Z/-д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР