Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 647

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Ш.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээнд гаргасан гомдол”- той иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; иргэдийн төлөөлөгч Д.Шүр-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Далайжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ш.Дэлгэрмаа шүүхэд гаргасан гомдолдоо:  ... Сэлнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Ш.Дэлгэрмаа миний өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлсэн юм. Үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-нь 267,649,700 төгрөгөөр үнэлснийг би үндэслэлгүй гарсан үнэлгээ гэж үзэж гомдол гаргаж байна. Би өөрийнхөө өмчийг 350,000,000 төгрөгөөр үнэлж шийдвэр гүйцэтгэлийн албанд саналаа өгсөн юм. Би үнэлгээг тооцохдоо хөрөнгийн барьсан барилгын материалын чанар, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болох боломж, ирээдүйн зах зээлийн үнэ цэнийг бодолцон үнэлсэн юм. Гэтэл “Ашид билгүүн” ХХК-нь ирээдүйн зах зээлийн үнэ цэнийг бодолгүй, үнэлгээг 2016.06.24-ний өдрөөр гаргаж тодорхойлсон явдалд гомдолтой байна. Иймд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг 2 дугаар хэсгийн 03 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Мэргэд овогт Дүгэрсүрэнгийн Оюунжаргал РД:/МЮ72011516/-нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Анх нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр нэхэмжлэл гаргаагүй. Харин газрын үнэлгээнд л гомдол гаргасан. Манай хажууд байдаг газрыг 40 сая төгрөгөөр үнэлсэн байхад манай газрыг 7 сая төгрөгөөр үнэлсэнд нь гомдолтой байгаа. Хэрэв энэ үнэлгээг ахиж хийгээд үнэлгээн дээрээ тохирч чадвал эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4-р баг Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан хаагчдын ажилчдын байранд оршин суух, 72-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Сам овогт Энхбаатарын Далайжаргал /РД: ЧС81101504/- нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Манайх газрын үнэлгээ хийхдээ Монгол улсын Засгийн газрын 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хот тосгон бусад суурин газрын зэрэглэл тэдгээрийн нэг гектерийн суурь үнэлгээг үндэслэж засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан иргэнд газар өмчлүүлэх, журмыг үндэслэж тогтоосон. Хэрэв зөвхөн газар дээрээ гомдолтой байгаа бол ахиад шинжээч томилуулаад газрыг үнэлгээг тогтоож эвлэрэх боломжтой. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 733 дугаартай шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Энэ гүйцэтгэх хуудсан дээр Ш.Дэлгэрмаагаас Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 110007579, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1100011265 тоот барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхтбаатар сумын 7 дугаар баг, “”Ган зам”  2 дугаар хэсэг 003 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 000125445 дугаартай амины орон сууц мөн 750 мкв газар 40 жил эзэмших эрхтэй газар мөн гражийн барилга Сүхбаатар сум “Ган зам” 3 дугаар хэсэг 3 дугаар 60 айлын 38 тоотод байрлах нэг өрөө байрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж 65.240.457.96 мөнгийг гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн байдаг. Үүнээс хойш материалыг хүлээж аваад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 72/01 тоот битүүмжлэх тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заагдсаны дагуу дээрх эд хөрөнгийг хураан авч худалдан борлуулж төлбөрийг хангуулахаар битүүмжилсэн. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хурааж аваад хуульд заасны дагуу талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч Ш.Дэлгэрмаа нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш учраас өмчлөгч н.Оюунжаргалаас үнийн санал авсан. Н.Оюунжаргал дээрх эд хөрөнгийг нийлүүлээд 350.000.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Ш.Дэлгэрмаа мөн 350.000.000 төгрөгийн үнийн санал хэлсэн. “Хас банк”-ны зүгээс тус бүрт нь үнэлгээ хийсэн. Эхний дуудлага худалдаа явагдсаны дараа шүүгчийн туслах Ж.Төмөрсүх наад ажиллагаан дээр чинь гомдол ирсэн гэж мэдэгдсэн. Утсаар мэдсэн учраас хоёр дахь дуудлага худалдааг зарлаагүй. Төлбөр авагч төлбөр төлөгч хоёр үнийн санал дээр тохиролцоогүй учраас шинжээч томилсон. Ингээд “Ашид билгүүн” ХХК эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн ба Хас банкинд танилцуулсаны дараа дахин үнэлгээ гаргах боломжтой гэх.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 Ш.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан ... Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа буюу хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрч гаргасан гомдлыг бүрэн ханган шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь; шүүх хуралдаанд нэхэжлэгч буюу гомдол гаргагч талаас гаргасан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой эх хувь материалаас үзэхэд шинжээч томилох тухай тогтоолыг хэзээ гаргасан нь тодорхой бус, огноо байхгүй, шинжээчийн гарын үсэггүй, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө үнэлсэн тухай  / эх хувь / 2016 оны 7 сарын 07-ны өдрийн албан тоот нь тамга тэмдэггүй, үнэлгээний тайлан нь тамга тэмдэг, гарын үсэггүй, мөн үнэлгээг гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ... шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн саналыг харгалзан, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх гэсэн заалтыг зөрчиж гаргасан дээрх үнэлгээ нь хууль бус болох нь нотлогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 07 тоот шинжээч томилсон тогтоолооор 2016 оны 7 сарын 07-ны өдрийн № ҮХХ-216-092 тоот Ашидбилгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 07 тоот шинжээч томилсон тогтоолооор 2016 оны 7 сарын 07-ны өдрийн № ҮХХ-216-092 тоот Ашидбилгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс 70,200 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.СОЁЛМАА

                           ШҮҮГЧИД                                   Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                             Л.ЭНХТАЙВАН