Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0381

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Х.Ба, иргэний нэхэмжлэгч Б.Б, тэдний өмгөөлөгч О.О,

иргэний нэхэмжлэгч Г.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001490156 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, , ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Б оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Дашдэлэгийн Д /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд замд Toyota Corolla Rumion маркийн  УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Энхтүвшиний жолоодож явсан Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай, Г.Дгийн жолоодож явсан Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол, Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дорлигт нийт 2.749.000 төгрөгийн хохирол, Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Дд нийт 1.693.000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд нийт 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 2019 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө уг хэргийг үйлдсэн нь үнэн. Миний буруутай үйлдлээс болж хохирсон хохирогч нарт хохирлыг төлсөн. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Санамсаргүй үйлдлээс болсон. Бодит хохирлыг төлнө. Хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Ялыг хөнгөлж тэнсэж өгнө үү” гэв.

Хохирогч Х.Ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. 1.865.000 төгрөгийг шүүх гаргасан. Бусад баримтуудыг гаргаж өгөөгүй. “Урангоо” эмнэлгээр эмчлүүлэхээр болсон. Шүүх хурлаас хойш огт уулзаагүйд шүүгдэгчид гомдолтой байна. Хамгийн түрүүнд гоо сайхны эмчилгээгээ хийлгэмээр байна. MRI хийлгээгүй, хийлгэх гэж байгаа. Үнэхээр гомдож байна. Нэг жилийн хугацаанд санал бодлоо хэлээгүй, байцаагч очиж уулз гэхээр нь ирлээ гэж хэлж ирж байсан, чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй, түрүүчийн хурал дээр намайг гүжирдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байна гэж бодож байна. Прокурорын саналыг дэмжиж байна, хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ослоос хойш 2 сар ажилдаа яваагүй. 488.500 төгрөгийн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Нуруу өвдөж, даралт ихэсдэг болсон. MRI хийлгэх шаардлагатай гэсэн ч чадаагүй. 2 сарын цалин 720.000 төгрөг нэхэмжилж байна. Өмнөх хуралдаанаас хойш 174.000 төгрөгийг надад өгсөн. Нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг үлдээж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Машин засагдах боломжгүй гэдгийг хэлсэн. Шүүхээс тогтоосон төлбөрийг шүүгдэгч төлсөн. Өнөөдөр гаргаж өгсөн баримттай зардлаа нэхэмжилнэ. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гурвуулаа архи уусан байсан шүү. Энэ хүмүүс гэмтэл, бэртэлгүй миний машинд байсан” гэв.

 

Эрүүгийн 1903001490156 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Багийн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагийн орчимд Баянхошуунд найзындаа оччихоод харихаар Мазда демо маркийн  УБМ улсын дугаартай автомашинд дөрвүүлээ суусан. Тэгээд 01 цаг 40 минутын орчимд Сансарын үйлчилгээний төвийн урд замаар явж байтал өөдөөс гэрэл гялсхийн түс тас хийх чимээ гарсан. Нэг нь “урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө” гэсэн. Миний духнаас цус гоожоод ямар автомашинууд хоорондоо мөргөлдсөнийг харж чадаагүй. Би арын голын суудал дээр сууж явсан. Удалгүй гэмтлийн эмнэлэг дээр ирээд “хөмсөг задарсан байна” гээд оёдол тавьсан. Мөн хүзүүний 6 дугаар үений сэртэн яс хугарсан, зүүн дал хугарсан, хоёр хөлийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Нарийн мэргэжлийн шинжилгээ өгөхөд “баруун тархиндаа хаван хавдар ихтэй цус хуралттай байна” гэж хэлсэн. Мөн “баруун чихний араас хоолой хүртэл зөөлөн эд гэмтсэн, Зүүн чихэнд их хэмжээний шингэн хурсан, баруун нүдний ухархай цус хуралттай байна” гэж эмч хэлсэн. Бы нуруу өвдөөд байна гэсэн. Мөн толгойдоо хаван хавдартай гэж байсан. Би хувьдаа айраг уусан. Миний сууж явсан автомашины жолооч эрүүл байсан. Нөгөө жолоочид гомдолтой байна. Миний нүүрэнд нилээн том сорви тогтох шинжтэй байна. Би ажил хийж хүүхдээ тэжээдэг хүн, хохирол барагдуулаагүй. Миний тархины цус хуралт 3 сарын дараа шимэгдэнэ гэсэн. Хохирлоо сүүлд жич нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.13-ны өдрийн 2172 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Багийн биед хүзүүний 6-р нугаламын зүүн сэртэн, зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40-41/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бы: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагийн орчимд Баянхошуунд айлд очсон. Тэнд айраг уугаад би ганц хоёр хундага татсан. Бид дөрөв 01 цаг 20 минутын орчимд Баянхошууны эцсээс такси барьсан. Тэгээд “Сансар” үйлчилгээний төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байсан. Би гар утсаараа оролдоод явж байтал тас хийх дуу чимээ гарсан. Машинд дотор битүү утаа байсан. ...Ба зүүн хойд хаалганы гадна талд зогссон. Дух хэсгээс нь цус гарч байсан. Бид Баянхошуунаас Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашин хөлслөн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс улаан өнгөтэй  УНП дугаартай автомашин мөргөсөн байсан. Рентген зураг авахуулсан, компьютер томограф толгой нуруундаа хийлгэсэн. Толгой хавантай доргилттой байна гэсэн. Үүнээс улбаалан даралт буурахгүй байна. Одоо нуруу болон баруун хөл өвдөөд баруун гар бадайраад байна. Хүзүү толгойтой холбоотой гэж эмч хэлсэн. Осол гарснаас хойш би ажилдаа яваагүй, гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй, 4 хүүхдийн хамт түрээсийн байшинд амьдардаг. Эмнэлэгт ор хоногийн мөнгө 32.500 төгрөг төлсөн. Сарын 150.000 төгрөгийн түрээстэй. Хэрэглээний зээлд 68.000 төгрөг сар болгон төлдөг. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Гурван сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.18-ны өдрийн 2295 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Бы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-43/,

Иргэний нэхэмжлэгч П.Чойжилжавын: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн урд замын төмөр сараалжин хайснууд Нийслэлийн хөрөнгөөр хийсэн улсын өмч болно. Нэг метр нь 88000 төгрөг болно. 9 ширхэг хайс нь 27 метр буюу 2376.000 төгрөг ажлын хөлстэйгөө нийлээд 3046.059 төгрөг болно. Хайснууд хэлбэр дүрсээ алдсан тул засварлах боломжгүй, дахин шинээр худалдан авна. Хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20/,

Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний 01 цаг 40 минутын орчимд Баянхошуунаас Яармаг орохоор өөрийн Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашинаа жолоодон 3 дугаар эгнээ рүү орох мөчид Тоёота Королла маркийн  УНП дугаартай автомашин урсгал сөрөөд зорчих хэсэг тусгаарласан төмөр сараалжин хайс мөргөөд түрээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогсож байсан Тоёота Харриер маркийн  УНЭ дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөөс ирээд миний автомашиныг мөргөсөн. Ар талд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн суусан байсан. Зам тээврийн ослын улмаас Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай автомашины хөргөлтийн радиатор, урд тэнхлэг, урд буфер копуд зүүн талын хаалга, мотор кропны хөндлөн трэбус лонжром чихэгдэн орсон. Би үнэлгээ хийлгэхэд 1.600.000 төгрөг болсон. Засуулах хөлс нь эргэлзээтэй гарсан. Тодруулахад автомашиныхаа үнээс давах боломжгүй гэсэн. Ба голд сууж явсан. Толгой нь хагараад нэлээн цус гоожсон байсан. Б гэдэг хүүхэн толгой өвдөөд байна гэж байсан. Жолооч ганцаараа, согтуу байсан. Гомдолтой байна. Би тэр автомашиныг авахгүй. Миний автомашинтай ижил төрлийн автомашин авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.02.12-ны өдрийн 12907847 дүгээр тайланд: “Шууд зардал 1.340.000, шууд бус зардал 353.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.693.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-58/,

Гэрч Р.Тунгалагийн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 01 цаг 40 минутын орчим нөхрийн хамт Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай автомашинаар Баянхошуунаас Яармаг явж байсан. “Сансар” үйлчилгээний төвийн урд замаар эргэх гээд явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг автомашин ороод ирсэн. Нөхөр тормоз гишгэхэд автомашины урд талаас ирж мөргөсөн. Миний хөл чинэрээд босож чадахгүй байсан. Хүрэн өнгийн автомашин байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун байсан. Арын суудалд сууж явсан нэг эмэгтэйн толгой хагарсан. Хамт явсан хоёр залуу гэмтээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29/,

Гэрч Д.Ганбаатарын: “...“Сансар” худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс жийп маркийн улаан өнгийн автомашин хашлага мөргөөд ороод ирсэн. Миний сууж явсан автомашины өөдөөс мөргөсөн. Манай найз хүүхний толгой хагарсан цус гоожоод байсан. Хоёр гараараа чимхээд цусыг тогтоож байтал мөргөсөн автомашинаас жолоочоос гадна нэг согтуу хүүхэн бууж ирээд баахан хэл амаар доромжилчихоод зам хөндлөн гараад яваад өгсөн. Тоёота Королла маркийн  УНП дугаартай автомашин эхлээд хайс мөргөөд дараа нь гэрлэн дохион дээр зогсож байсан. Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай автомашин мөргөөд дараа нь миний сууж явсан автомашиныг мөргөсөн байсан. Багийн нуруу, толгой, дал зэрэг хэсгүүдэд гэмтэл учирсан. Б, Наранбаярын нарын хөл хавдсан, автомашины урд хэсэг бүхэлдээ эвдэрсэн. Жолооч нь шал согтуу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31/,

Гэрч С.Энхтүвшингийн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 40 минутын үед Тоёота Харриер маркийн  УНЭ дугаартай автомашинаа жолоодон “Сансар” худалдааны төвийн урд замаар явсан. Таван шарын уулзвар дээр зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд Сонсголон чигтээ эргэхээр гэрэл дохио хүлээгээд зогсож байтал өөдөөс хурц гэрэл гарч ирээд зорчих хэсгийн голын төмөр хайс хуйлраад улбар шар өнгийн автомашин урсгал сөрж ирээд миний автомашины урд хэсэг, хойд хэсгийг мөргөөд төмөр хайс хамаад араас ирж явсан Мазда демио маркийн автомашины урд хэсгийг очиж мөргөөд зогссон. Зугтах оролдлого хийхээр нь би очиж хартал 40 орчим насны эмэгтэй жолоон дээр суусан архи үнэртэж байсан. Ар болон урд талын суудлаас хоёр хүн гараад зугтаасан. Би жолоочийн түлхүүрийг салгаж аваад мөргөсөн автомашины дотор хүүхэд орилоод байхаар нь очтол арын суудалд суусан хүүхэд тэвэрсэн эмэгтэй шоконд орсон хүүхдийн толгойноос цус гарсан байсан. Мазда Демио автомашины жолооч ослын улмаас урд шилээ мөргөсөн жолооны хүрдээ дэрлэсэн байдалтай байсан. Би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн. Эхлээд өөдөөс хурц гэрэл орж ирээд сайн харж чадаагүй. Ард өөр автомашин мөргөлдсөн байхаар нь очиход Тоёота Харриер маркийн  УНП улсын дугаартай автомашин байсан. Би нэмэлт гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Автомашины хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 34-35/,

Гэрч Ж.Арсланбаатарын: “Д бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим уулзаад паабад сууж 0,5 литрийн архи аваад 3 цаг орчим хиртэй суусан. Толгойтод айлд очиход хүнгүй байхаар нь буцаад хотын төв рүү явсан. Би арын суудалд сууж явснаа унтсан байсан. Д жолооны ард сууж явсан. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад би урд суудлаа мөргөсөн. Юу болов гээд хартал миний сууж явсан автомашин Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашины өөдөөс урсгал сөрж очоод мөргөсөн байсан. Миний толгой өвдөөд би тухайн үед шоконд орсон байсан. Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашинаас нэг согтуу хүүхэн бууж ирснээ жолоочийг хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан. Миний сууж явсан автомашин хэдэн км/цаг-ийн хурдтай явсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019.02.13-ны өдрийн автомашин техникийн 12972432481 дүгээр үнэлгээний тайланд: “Шууд зардлын дүн 1.899.000, шууд бус зардал 850.000, үнэлгээгээр тогтоосон дүн 2.749.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-64-65/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.03.01-ний өдрийн 127 дугаар дүгнэлтэд: “1. ...Тоyota Согоllа Rumion маркийн  УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Энхтүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй ба осолд нөлөөлөхүйц зам, бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй зам байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-90-91/,

Шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдлийг зөвшөөрч гэмшиж байна. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг 30 минутын үед 10 дугаар хорооллын нэг пабд 2 найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ 01 цаг 40 минутын орчимд СХД-ийн 18 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн урд замд Төрийн банкнаас зээлээр авсан өөрийн эзэмшлийн Тоёота Кролла Румион маркийн  УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ эсрэг урсгал сөрж яваад Тоёота Харриер маркийн 78-58 УНЭ, Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашинуудыг мөргөж Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Осол гарах үед хөдөлгөөн сийрэг, зам орчны байдал хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гэнэт урдаас хурц гэрэл тусахаар нь тоормосоо гишгэх гэтэл андуурч хаазаа гишгээд сандарсандаа дээрх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-108-109/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтас, хх-3-6, 10-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “согтолтын зэрэг 1,94%” гэжээ /1 дүгээр хавтас, хх-7/, шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хавтас, хх-50, 52, 54/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-110/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-111/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-112/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-113/, хохирогч Х.Багийн хохирлын тооцоо, баримтууд /1 дүгээр хавтас, хх-123-136, 159-166, 230-231, 232-234/, иргэний нэхэмжлэгч Б.Бы хохирлын тооцоо /1 дүгээр хавтас, хх-178/, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “Б.Б нь сард 480.000 төгрөгийн цалинтай” гэх албан бичиг /1 дүгээр хавтас, хх-179/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-180/, түрээсийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-181-183/, хохирогч Б.Бы хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-191-193/, хохирогч Б.Бы иргэний үнэмлэхний хуулбар, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-184/, зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-185-189/, Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Б, Х.Ба нарын эмчилгээнд үйлчилгээ үзүүлсэн тухай баримт /1 дүгээр хавтас, хх-190/, хохирогч Б.Бы өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-195-204/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Багаас гаргаж өгсөн хохирлын 99 хуудас баримт, иргэний нэхэмжлэгч Г.Дгээс гаргаж өгсөн хохирлын 1 хуудас баримт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 заалт зөрчиж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэх боловч маргаж байна. Гэмшээгүй байна гэж үзэж байна. Өмнөх тогтоолоор тогтоогдсон хохирлууд төлөгдсөн. Дд 397.000 төгрөгийг гаргуулах саналтай. Иргэний нэхэмжлэгч Бы цалингийн нотлох баримт хангалтгүй, эмчилгээтэй холбоотой төлбөр төлөгдсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөн авсан байна. MRI зайлшгүй хийгдэх эмчилгээ байж болно. Үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай. Бусад асуудлаар төлөх төлбөргүй. Хохирогч Багийн гаргаж өгсөн 1.861.240 төгрөгийн баримтаас шатахууны баримт байгаа ч хэзээ, хаашаа явсан нь тогтоогдохгүй тул гаргах боломжгүй. Хиймэл шүдний баримт байхгүй, хийгдээгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. 713.000 төгрөгийн зардал баримтгүй. 752.240 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байгаа, үүнийг төлөхгүй. Шинэ баримтаар 17.600.000 төгрөгөөс Вансэмбэрүү эмнэлгийн баримт шалтгаант холбоотой нотлох баримтын шаардлага хангаж байгааг гаргуулах нь зөв. Эмчилгээний 3.572.394 төгрөгийг гаргуулах саналтай. Люксмедийн 1.010.000 төгрөгийг гаргуулах, 4.560.000, 5,4 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Гар утасны үнэ 620.000 төгрөг энэ хэрэгт хамааралгүй тул хүчингүй болгох саналтай. Нүүрний гэмтлийг би учруулаагүй, өмнө нь гэмтсэн байсан гэсэн нь гэм буруугаа ойлгоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэж,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруутай. Нүүрний гэмтэл надаас болоогүй гэж хэлж том алдаа гаргалаа. Иргэний хуулийн 496, 506 дугаар зүйлд ирээдүйд болох зардлыг нэхэмжлэх эрхтэй. Утасны төлбөрийг хохирогч нэхэж байгаа. Шатахууны зардлыг гаргуулж өгнө үү. Тухайн үед явж байгаа талаар өөр баримт авах боломжгүй байсан. Шүдний 160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шалгуулах зүйл байгаа гэдгийгээ л хэлсэн. Өөрөө хохирлоо авна гэж байгаа ч хэд гэдгээ мэдэхгүй байна. Шүүх тогтоовол хохирлыг төлнө. Ирээдүйд гарах эмчилгээг хийлгэх нь батлагдаагүй, мэдэгдэхгүй байгаа. Хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй /жор, өвчний түүх, карт, шинжилгээний хариутай байх ёстой/ тул гаргуулах үндэслэлгүй. Учирсан бодит хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Шүдний талаар баримт байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нүүрэнд гэмтэл учирсан талаар байхгүй, тийм юм болоогүй. Нүүрний гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлд шалтгаант холбоогүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.       

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Д согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota Corolla Rumion” маркийн  УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас замын тусгаарлах хайсуудыг дайран эвдэж, улмаар эсрэг урсгалд орж С.Энхтүвшиний жолоодож явсан “Тоёота Харриер” маркийн  УНЭ, Г.Дгийн жолоодож явсан “Мазда Демио” маркийн  УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Харриер” маркийн  УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дорлигт нийт 2.749.000 төгрөгийн, “Мазда Демио” маркийн  УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Дд нийт 1.693.000 төгрөгийн, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийт 3.046.059 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Багийн “...Мазда демио маркийн  УБМ улсын дугаартай автомашинд 4-үүлээ суусан. ...замаар явж байтал өөдөөс гэрэл гялсхийн түс тас хийх чимээ гарсан. Нэг нь “урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө” гэсэн. Миний духнаас цус гоожоод ямар автомашинууд хоорондоо мөргөлдсөнийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 2172 дугаар “1.Х.Багийн биед хүзүүний 6-р нугаламын зүүн сэртэн, зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40-41/, иргэний нэхэмжлэгч П.Чойжилжавын “...Нийслэлийн хөрөнгөөр хийсэн нэг метр нь 88000 төгрөг болно. 9 ширхэг хайс нь 27 метр буюу 2376.000 төгрөг ажлын хөлстэйгөө нийлээд 3046059 төгрөг болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20/, иргэний нэхэмжлэгч Б.Бы “...Хартал Ба зүүн хойд хаалганы гадна талд зогссон. Дух хэсгээс нь цус гарч байсан. ...Мазда Демио маркийн  УБМ дугаартай автомашин хөлслөн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс улаан өнгөтэй  УНП дугаартай автомашин мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-22-23/, шүүх эмнэлгийн 2172 дугаар “1.Б.Бы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-43/, иргэний нэхэмжлэгч Г.Дгийн “...Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай автомашинаа жолоодон 3 дугаар эгнээ рүү орох мөчид Тоёота Королла маркийн  УНП дугаартай автомашин урсгал сөрөөд зорчих хэсэг тусгаарласан төмөр сараалжин хайс мөргөөд түрээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогсож байсан Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөөс ирээд миний автомашиныг мөргөсөн... Жолооч нь 30 гаруй насны эмэгтэй, согтуу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 12907847 дүгээр “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.693.000 төгрөг” гэх тайлан /1 дүгээр хавтас, хх-58/, гэрч Р.Тунгалагийн “...өөдөөс урсгал сөрөөд нэг автомашин ороод ирсэн. Нөхөр тормоз гишгэхэд автомашины урд талаас ирж мөргөсөн. Хүрэн өнгийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-29/, гэрч Д.Ганбаатарын “...гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс жийп маркийн улаан өнгийн нэг автомашин хашлага мөргөөд ороод ирсэн. Миний сууж явсан автомашины өөдөөс мөргөсөн... Тоёота Королла маркийн  УНП дугаартай автомашин эхлээд хайс мөргөөд дараа нь гэрлэн дохион дээр зогсож байсан Тоёота Харриер маркийн  УНЭ улсын дугаартай автомашин мөргөөд дараа нь миний сууж явсан автомашиныг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31/, гэрч С.Энхтүвшингийн “...өөдөөс хурц гэрэл гарч зорчих хэсгийн голын төмөр хайс хуйлраад улбар шар өнгийн автомашин урсгал сөрж ирээд миний автомашины урд болон хойд хэсгийг мөргөөд төмөр хайс хамаад араас ирж явсан Мазда демио маркийн автомашины урд хэсгийг очиж мөргөөд тулаад зогссон. Зугтах оролдлого хийхээр нь очиж хартал 40 орчим насны эмэгтэй жолоон дээр суусан, архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 34-35/, гэрч Ж.Арсланбаатарын “Д бид хоёр ...паабад 0,5 литрийн архи аваад 3 цаг орчим хиртэй суусан. ...Д жолооны ард сууж явсан. Миний сууж явсан автомашин Мазда Демио маркийн  УБМ улсын дугаартай автомашины өөдөөс урсгал сөрж очоод мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн 12972432481 дүгээр “...үнэлгээгээр тогтоосон дүн 2.749.000 төгрөг” гэх тайлан /1 дүгээр хавтас, хх-64-65/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 127 дугаар “1.Тоyota Согоllа Rumion маркийн  УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн харэгсэл жолоодох, 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-90-91/, шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн “...2 найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ ...эсрэг урсгал сөрж яваад ...автомашинуудыг мөргөж, тус автомашинд зорчиж явсан Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. ...Би тоормосоо гишгэх гэтэл андуурч хаазаа гишгээд сандарсандаа дээрх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-108-109/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтас, хх-3-6, 10-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “согтолтын зэрэг 1,95%” /1 дүгээр хавтас, хх-7/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын тусгаарлах хайсыг дайран эсрэг урсгалд орж иргэн Ц.Дорлиг, Г.Д нарын тээврийн хэрэгслийг мөргөснөөс хохирогч Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Дгийн тээврийн хэрэгсэлд 1.693.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Дорлигийн тээврийн хэрэгсэлд 2.479.000 төгрөгийн, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд шууд зардал 2.868.459 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулжээ. Үүнээс Д.Д согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч Х.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Х.Багийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтас, хх-123-132, 159-162, 165, 231, 232-234/-ыг шалган 2019.02.09-ний өдрөөс 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас 752.240 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан нь /1 дүгээр хавтас, хх-125/ тогтоогдож байх тул энэ хугацаанд хамаарах баримтуудыг төлөгдсөн гэж дүгнэн хасч тооцсон болно. Эмчилгээ, эм тарианы зардалд 35.750 төгрөг /1 дүгээр хавтас, хх-126-131/, 170.200 төгрөг /1 дүгээр хавтас, хх-160-163/, дээлний үнэ 664.000 төгрөг /1 дүгээр хавтас, хх-232-234/, нийт 869.950 төгрөгийн хохирол тогтоогдсон ба өмнөх шүүх хуралдаанаар 1.860.750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг оролцогчид өгч, авсан талаар шүүх хуралдаанд харилцан мэдүүлсэн болно.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудаас “Хос вансэмбэрүү ХХК” эмнэлэгт эмчлүүлсэн 2.793.000 төгрөг, эмийн зардал 779.394 төгрөг, нийт 3.572.394 төгрөгийг гаргуулах, үүн дээр өмнөх 869.950 төгрөгийг нэмж бүгд 4.442.344 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнээс талуудын зөвшөөрөн төлөгдсөн гэх 1.860.750 төгрөгийг хасч, энэ тогтоолоор хохирогч Х.Бад 2.581.882 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэлээ. Харин ажилгүй байсан хугацааны цалин, хиймэл шүдний үнэ, бусад зардалтай /цаашид хийгдэх эмчилгээ гэх мэт/ холбоотой нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулахын зэрэгцээ бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эргэлтийн мөнгө, гар утасны үнэ, хоолны зардал зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.   

Иргэний нэхэмжлэгч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар эмчилгээ, эм тарианы зардал /1 дүгээр хавтас, хх-191-193/-д 534.000 төгрөг тогтоогдсоноос 174.000 төгрөгийг төлсөн талаар оролцогчид мэдүүлснийг үндэслэн үлдэгдэл төлбөр 360.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.    

Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн тээврийн хэрэгсэл /1 дүгээр хавтас, хх-58-59/-д 1.693.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг шүүгдэгч төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин эмчилгээний зардал /1 дүгээр хавтас, хх-124/-д 20.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн зогсоолын болон ачилтын үнэ 397.000 төгрөг, нийт 417.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.     

Иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд шууд хохирол 2.868.459 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Дорлигт 2.749.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзэв.

Дээрх байдлаар шүүхээс тогтоосон шүүгдэгчийн төлбөл зохих зардлын мөнгөн дүн болох хохирогч Х.Бад 2.581.882 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Дд 417.000 төгрөгийг шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.   

Хохирогч Х.Ба, иргэний нэхэмжлэгч Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж 2 тээврийн хэрэгсэл мөргөж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Гэмт хэрэг гарсан байдал буюу 1.97 хувийн согтуу, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эд хөрөнгөд хохирол тус тус учирсан бөгөөд бүрэн арилаагүй, хохирогчийн нүүрний гэмтэл бүрэн арилаагүй байгаа” гэж,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Шүүхийн тогтоосон хохирлыг төлсөн боловч гомдолтой байна гэж хохирогч хэлүүлсэн. Учирсан хор уршиг арилаагүй. Прокурорын саналыг дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Прокурорын санал болгосон ялыг тэнсэж өгнө үү. Анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг 100 хувь төлсөн, цаашид гарах хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, үйлдсэн гэм буруугаа гэмшиж байна. Ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардгийг харгалзан үзнэ үү. Согтуугаар үйлдсэн бол хорих ёстой гэж ойлгож болохгүй. Нүүрэнд үлдэц хор уршиг байхгүй. Үнэн юм үнэнээрээ байх ёстой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ буюу 1,95% согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын тусгаарлах хайсыг дайран эвдэж, эсрэг урсгалд орон хоёр тээврийн хэрэгслийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний тээврийн хэрэгсэлд нийт 4.442.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 3.046.059 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан, шүүхээс тогтоосон нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч “Маш их гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай”, иргэний нэхэмжлэгч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн амьдардаг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг би учруулаагүй гэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар идэвх санаачлага гаргаагүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Улсын яллагчаас санал болгож байгаа хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэх учиртай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн шаардлагыг шүүгдэгч Д.Дын хувьд хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч хохирогчийн нүүрэнд учирсан гэмтэл /8.5см урттай хатуу товгор оёдол тавиулсан сорви үүссэн/-ийг би учруулаагүй, хохирогч Баянхошуунаас уг тээврийн хэрэгсэлд суухдаа авсан байсан байх, шүүх эмнэлгийн дүгнэлтэд нүүрний гэмтлийн талаар байхгүй гэх мэтээр шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, түүнчлэн уг ослын улмаас хохирогч Х.Багийн духны баруун талын дунд хэсгээс эхлэн доош уруудан хөмсөгний голоор үргэлжлэн ухархайн ясны дээд гадна ирмэгийг дагаж, нүдний булангийн түвшинд гадагш чиглэлтэй үргэлжилсэн хагас дугуй хэлбэртэй оёдол тавиулсан сорви бүхий гэмтлийг эмчлүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээ авахгүй өдий хүрсэн төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах талаар хайнга хандаж байгаа зэргийг болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Дашдэлэгийн Дыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Х.Ба, иргэний нэхэмжлэгч Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР