| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0355/э |
| Дугаар | 0382 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0382
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008012220443 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганхуягийн У /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.У нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Этай маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс зулгааж түүний биед уруулд няцарсан шарх, эрүү, чих, бугалганд цус хуралт үүсгэн зодож “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой хамтран амьдраад 3 жил болж байна, одоо цуг байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Маш их гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2008012220443 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.Эгийн: “Би Г.У гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил болж байна. Бид хоёр нэг охинтой. ...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шинийн нэгний орой гэртээ ирээд У ширээн дээр байсан 0,75 литрийн архи задлаад ганцаараа уугаад дуусгасан. Дэлгүүрээс 0,5 литрийн архи авчраад ганцаараа уугаад, үглээд байхаар нь “би согтуу хүний хажууд эрүүл байх нь хэцүү юм байна” гэж бодоод тухайн архийг хувааж уусан. Дахиж надад архи хийж өгөөд “уу” гэхээр нь би уугаагүй. Тэгсэн миний ам руу архи цутгаад байхаар нь “болиоч” гэхэд У согтоод үснээс зулгаагаад, баруун гараараа зүүн чихний дээд хэсэгт нэг удаа цохисон. Мөн баруун шанаа эрүү орчим нэг удаа, зүүн гарын булчин хэсэгт нэг удаа, уруул хэсэгт нэг удаа цохисон. Нэг мэдэхэд цагдаагийн хоёр алба хаагч ирсэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. У бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-18-20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.02-ны өдрийн 3015 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ш.Э-н биед уруулд няцарсан шарх, эрүү, чих, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай шинж илрээгүй байна. 8.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-24-25/,
Шүүгдэгч Г.Уын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...17 цагийн үед цагаан сараар гэртээ 0,5 литрийн архи ганцаараа ууж байгаад дараа нь эхнэр Н.Этай хамт хувааж уусан. Архи дууссаны дараа би нилээн согтоод эхнэр Н.Этай хэрэлдэж, үснээс нь зулгааж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Н.Эг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-85-88/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-38/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-40/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-41/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-42/, банкны дансны хуулга /хх-44-60/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-61/, ХХК-ийн “Г.У нь өрмийн мастераар ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-74-79/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-98/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.У согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13 дугаар гудамж, 24 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Эг зодож уруулд няцарсан шарх, эрүү, чих, бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Эгийн “Би Г.У гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил болж байна. ...У согтоод үснээс зулгаагаад, баруун гараараа зүүн чихний дээд хэсэгт, баруун шанаа эрүү орчим, зүүн гарын булчин хэсэгт, уруул хэсэгт нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-18-20/, шүүх эмнэлгийн 3015 дугаар “1.Н.Эгийн биед уруулд няцарсан шарх, эрүү, чих, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24-25/, шүүгдэгч Г.Уын яллагдагчаар өгсөн “...Архи дууссаны дараа би согтоод эхнэр Н.Этай хэрэлдэж үснээс нь зулгааж байснаа санаж байна. ...Н.Эг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-85-88/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Уын хамтран амьдрагч Н.Эг үл ялих зүйлээр шалтаглан гараараа олон удаагийн үйлдлээр цохиж зодон уруулд няцарсан шарх, эрүү, чих, бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. У бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-18-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч У нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны 22 цагийн орчим Эг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Эгийн ам руу архи цутгаж, улмаар эрх, эрх чөлөөнд нь хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж / ХХК-д өрмийн мастер ажилтай, сарын 2.500.000 төгрөгийн цалинтай гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР