| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0160/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 245
2020 04 22 2020/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д-гийн П-д холбогдох эрүүгийн 19050 3589 0107 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч Б.Д, хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүгдэгч Д.П нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 2-54 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О овогт Д-гийн П- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.П нь “автотээврийн улс хоорондын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж Э.Д-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн сарын 30-ны өдрийн хооронд нийт 5.0 сая төгрөгийг Голомт банкны 110000256120 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргасан. Одоо шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруу болоод хэргийн үйл баримт дээр маргахгүй.
Би 2016 оны 01 дүгээр сараас Автотээврийн үндэсний төвд тээврийн хяналтын мэргэжилтэн, тээврийн хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2019 оны 5 сарын сүүлээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаанд тухайн тусгай зөвшөөрөл хүссэн болон шаардлага хангаагүй компаниуд байдаг гэдгийг мэднэ, гэхдээ би энэ үйл ажиллагаанд биечлэн оролцож байгаагүй. Надад уг зөвшөөрлийг гаргах бодит боломж байгаагүй.
Хохирогчоос мөнгө авах үед би Автотээврийн үндэсний төвд ажилладаггүй байсан ба 2019 оны 5 сарын 29-ний өдөр ажлаасаа гарсан байсан. Уг тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу гаргаж авах ажиллагааг бол мэднэ. Тухайн зөвшөөрлийг хүсэж буй компани нь улсын бүртгэлийн гэрчилгээнд “Олон улсын ачаа тээвэрлэлт” гэсэн чиглэлтэй байх ёстой. Үүний дараагаар тодорхой шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлж өгсөнөөр ажлын хэсгийн хамтарсан хурлаар орж хэлэлцэгддэг байгаа. Ажиллах объекттэй байгуулсан гэрээтэй, шаардлагыг хангасан компаниудад уг зөвшөөрлийг олгодог. Үүн дээр тухайн тээврийн хэрэгслүүдэд “С” зөвшөөрөл олгоход нэг бүрийн үнэ бүхий хураамж байгаа. Одоо үнийг бол санахгүй байна, гэхдээ үнийн жагсаалт байдаг.
Анх хохирогч Э.Д- нь надтай холбогдоод “С зөвшөөрөл гаргах боломж байна уу” гэхээр нь би тус болчихъё гэж бодоод, цааш нь хүмүүстэй холбогдсон юм. Тухайн үед холбогдсон хүмүүс маань өөрсдөө ажил бүтээхэд мөнгө төгрөг шаардлагатай гэж хэлэн өндөр үнэ хэлсэн болохоор би Э.Д-аас авсан 5.0 сая төгрөгийг хувьдаа ашигласан. Надад ажлыг бүтээх боломж гараагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.
Би тухайн зөвшөөрлийг гаргуулахаар Авто тээврийн үндэсний төвд албан ёсоор хандсан асуудал байхгүй. Би хохирогчид одоогийн байдлаар 400.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа, үлдэгдэл мөнгийг нэн яаралтай төлж барагдуулна. Ар гэрийн гачигдал гарсан учраас би хохирогчид мөнгийг нь бүрэн буцаан өгөх боломжгүй байсан юм. Хохирлоос үлдсэн 4.600.000 төгрөгийг даруй хугацаанд нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Э.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Манай 2, 3 найз тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг нь Гашуун Сухайтад, нөгөөх нь Ховдын боомтод үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайн үед би Солонгос Улс руу явж ирчихээд ачаа тээврийн машин аваад Гашуун сухайт руу явуулсан. Машин явуулахаар тэнд татвар төлдөг. Тэгээд “эд нартай адилхан компани байгуулаад явж болох юм байна” гэж дотроо бодоод, нэг компани байгуулаад явж байсан юм. Уг “Тунгалаг говь” транс ХХК-ийг 2018 оны сүүлээр байгуулсан.
Хил дээр “С” зөвшөөрөл шаардлагатай гэдэг үндэслэлээр хязгаарлачихдаг бөгөөд жишээ нь: нэг компани 100 машинтай бол 20 зөвшөөрөл өгнө гэдэг байсан юм. Пилжээ эгч “С” зөвшөөрөл гаргаж өгч болно гэж урьд нь ярьж байсан тул би Пилжээ эгчид “би нэг компани байгуулах гэсэн юм, та зөвшөөрлийг нь авч өгч чадах уу” гэж хэлэхэд Пилжээ эгч “за болно, болно” гэдэг байдлаар хандсан. Тэгээд би Пилжээ эгчтэй 2019 оны 6 сард ярихад “болно” гэхээр яваад очсон. Пилжээ эгч “эгчдээ тэдэн сая төгрөг өгчих, 7-14 хоногийн дараа хурлаар оруулаад өгнө” гэхээр нь “за за” гэж хэлээд эхлээд 2.500.000 төгрөг, дараа 2.000.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 5.000.000 төгрөгнөөс 400.000 төгрөг надад өгсөн байгаа. Үлдэгдэл 4.600.000 төгрөгийн төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Өөрөөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19050 3589 0107 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д-ын хохирогчоор өгсөн:
“...Д.П нь манай нутгийн таньдаг эмэгтэй байгаа юм. Би 2019 оны эхээр авто тээврийн компани байгуулсан. Тэрнээс хойш би хил хооронд авто тээврийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхэлсэн боловч энэ асуудал маань бүтэхгүй байсан юм. Д.П нь Автотээврийн үндэсний төвд ажилладаг байсан болохоор нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр уулзаад “би Автотээврийн гэрээ авах гэсэн юм аа, бүтэхгүй байна, хөөцөлдөөд өгөх боломж байна уу” гэхэд “за тэгье, бүтээгээд өгье” гэж хэлсэн.
Мөн “Тусгай зөвшөөрөл авахад мөнгө орно, бас бус нэмэлт зардал орно, 5.0 сая төгрөг өгчих” гэхээр нь би итгээд 5.0 сая төгрөгийг өгчихсөн. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2.5 сая төгрөг, мөн сарын 28-ны өдөр 2.0 сая төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөгийг 6 сарын 30-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5085154434 дугаарын данснаас Д.Пгийн Төрийн банк дахь 110000256120 дугаарын данс руу шилжүүлсэн.
Мөнгөө шилжүүлснээс хойш утсаар ярихад “хөөцөлдөж байна, түр хүлээж бай” гэх болсон. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын эхээр бүтэхгүй юм шиг байхаар нь “мөнгөө буцааж авъя” гэхэд “маргааш, нөгөөдөр өгнө” гэх зэргээр байнга хойшлуулдаг байсан. Ингээд мөнгөө буцааж авч чадахгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм.
Би Пилжээтэй хамт ажилладаг байсан Болор-Эрдэнэ гэх хүнийг таньдаг бөгөөд тэр хүнээр дамжуулан анх Пилжээтэй танилцаж байсан. Энэ асуудал болохоос өмнө таньдаг байсан юм. Д.П тухайн үед “хил хоорондын авто тээврийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг чинь бүрдүүлж өгье” гэж 5.0 сая төгрөгийг авсан, яг юунд зарцуулах талаар хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Энхбатын гэрчээр өгсөн:
“...Би 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн Авто тээврийн үндэсний төвд ажилд орсон бөгөөд Тээвэр зохицуулалтын хэлтсийн ачаа тээврийн даргаар 2019 оны 01 сарын 11-ний өдрөөс хойш томилогдон ажиллаж байна. “Тунгалаг говь транс” ХХК нь манай байгууллагаас олон улс хооронд ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл авч байгаагүй. Мөн уг тусгай зөвшөөрөл авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргасан хүн болгонд өгөх боломжгүй.
Улс хоорондын ачаа тэвээрлэх тусгай зөвшөөрөл авахдаа Зам тээвэр, хөгжлийн сайдын 173 дугаар тушаалд заасан баримтыг бүрдүүлж байж тухайн зөвшөөрөл авах эрх нь нээгддэг. Тээвэрлэх аж ахуйн нэгж нь уурхайтай тээвэрлэлтийн гэрээ байгуулдаг. Уг гэрээний үндсэн дээр уурхай эзэмшигч нь тухайн тээвэрлэх байгууллагад улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх, хил нэвтрүүлэх зөвшөөрлийг гаргуулдаг. Уурхайн ирүүлсэн хүсэлтийн дагуу манай байгуулага зөвшөөрлийн бичиг явуулдаг байгаа. Д.Пг би танина, ямар ч байсан манай нөгөө хяналтын тасгийн байцаагчаар ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,
3. Автотээврийн Үндэсний Төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын Б/02 дугаар “Ажилд түр томилох тухай”, мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/248 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар баримтууд /хэргийн 80-81х/,
4. Д.Пгийн эзэмшлийн Төрийн банкин дахь 1100....6120 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 109х, 110х, 112-115х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Пгийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын үеэр Давааням гэх хүн миний гар утас руу холбогдоод “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл гаргуулж өгөх боломж байгаа юу, би нэг хувийн компани байгуулсан. Одоогоор өөрөө уг зөвшөөрлийг хөөцөлдөөд гаргуулах боломжгүй байна, та Авто тээврийн төвд ажиллаж байгаа хүн мэдэх байлгүй. Уг зөвшөөрлийг гаргуулах боломж байна уу” гэж ярьсан. Тухайн үед би “за за, би холбогдох хүмүүстэй нь ярилцъя, асууж сураглаж өгье” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхэд хэд хоногийн дараа Давааням над руу залгаад “дээрийн ярьсан зүйл болох уу, би компанийхаа бичиг баримтыг аваад явж байна” гээд манай гэрийг асуухаар нь “би гэртээ байна, манай гэрийн ойролцоо хүрээд ир” гэж хэлэн түүнийг дуудсан.
Тэгэхэд Давааням манай гэрийн гадаа машинтайгаа хүрч ирээд уулзсан бөгөөд компанийхаа гэрчилгээг эх хувиар нь авч ирж үзүүлсэн. Тухайн компанид нь Улс хоорондын ачаа тээвэрлэх чиглэл байхгүй болохоор “танай компани чинь улс хоорондын ачаа тээвэрлэх чиглэлгүй юм байна, чи уг үйл ажиллагааны чиглэлээ өөрөө нэмэлтээр авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд би гэрчилгээнийх нь зургийг авч үлдээд Давааням явсан.
Маргааш орой нь Давааням над руу яриад “эгчээ болохоор байна уу” гэхээр нь би “наад зөвшөөрөл чинь жаахан үнэтэй гарах юм байна” гэхэд “миний мөнгөний боломж 5.0 сая төгрөг байна” гэсэн. Тэгээд орой нь над руу дахин залгаад миний дансыг асуухаар нь Төрийн банкин дахь 110000256120 дугаарын дансаа өгөхөд надад 2.5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн үүний дараагаар дээрх данс руу 2.0 сая төгрөг, 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Яг хэдний өдөр шилжүүлсэн гэдгийг одоо сайн санахгүй байна. Нийт надад 5.0 сая төгрөг шилжүүлсэн боловч миний ажил бүтээгүй болохоор ийм байдалд хүрчихлээ.
Би 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Авто тээврийн хяналтын мэргэжилтэн, Авто тээврийн хяналтын улсын байцаагч зэрэг албан тушаал эрхэлж байсан. ...Би урьд өмнө Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл гаргаж байгаагүй. Мөн уг зөвшөөрлийг авахаар албан ёсоор хандаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Аззаяагийн мэдүүлэг /хэргийн 43х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89х/ баримт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 92х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Пгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.П нь “Автотээврийн улс хоорондын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн сарын 30-ны өдрийн хооронд иргэн Э.Д-аас нийт 5.0 сая төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь 110000256120 дугаар дансаар шилжүүлэн авч, улмаар өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн:
- хохирогч Э.Д- /хэргийн 27-28х/, гэрч О.Энхбатын /хэргийн 31-32х/, нарын мэдүүлэг,
- Автотээврийн Үндэсний Төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын Б/02 дугаар “Ажилд түр томилох тухай”, мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/248 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар баримтууд /хэргийн 80-81х/,
- Д.Пгийн эзэмшлийн Төрийн банкин дахь 1100....6120 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 109х, 110х, 112-115х/ болон шүүгдэгч Д.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 51х/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь Д.П эрх мэдэл бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй атлаа шууд санаатай, шунахай зорилгоор хохирогч Э.Д-д “Автотээврийн улс хоорондын тусгай зөвшөөрөл гаргуулах боломжтой” гэх ойлголт төрүүлэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн сарын 30-ны өдрийн хооронд нийт 5.000.000 төгрөгийг өөрийн Төрийн банк дахь ...тоот дансаар шилжүүлэн авч, хувьдаа ашиглаж захиран зарцуулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Д.Пд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Пг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Д.Пгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Э.Д-д 400.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 4.600.000 төгрөгийг нөхөн төлөөгүй болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг баримтаар /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тогтоогдсон тул хохирлоос үлдэх 4.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэргийн 89 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Д.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулж, түүний ажил эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Д-гийн П-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Пг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Д.Пгээс 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Б овогт Э-гийн Д-д олгосугай.
5. Энэ хэрэгт Д.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД