Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 271

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч Н.Э,

гэрч А.Л,

шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б. П.Т, О. Б.М нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...оны .. дугаар сарын ...-ны өдөр ..... төрсөн, 29 настай, ......... боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл .......... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 08 дүгээр сарын 20-ны өдрийн… дугаартай Шийтгэх тогтоолоор Эруүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б. П.Т, /РД:......../,

 

2. Монгол Улсын иргэн, .. оны ..дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, 30 настай, .......... боловсролтой ..... мэргэжилтэй, ........-д түгээгч ажилтай, ам бүл ........... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн .........дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О. Б.М /РД: ........./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Ө, Б.М нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын ......-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ........... орчимд согтуугаар маргалдан Н.Э-ын эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 6, 7, 8-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний алим дотор булан, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, уруул, зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хуйх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нарыг яриад байгаа бүгд худал. Машинд хүчээр суулгаж авч явсан. Морингийн даваа дээр очоод шууд цохиод авсан. П.Т, Б.М 2 үг хэлүүлэхгүй зодсон. Би “ахыгаа аллаашдээ болиочээ” гэж хэлсэн боловч Б.М алчийлдаа гээд байсан. Тэгээд миний түрийвчийг авсан. Утас байхаар нь би цагдаад дуудсан. Тухайн өдөр баарнаас архи аваагүй. Манай эхнэр хүүхэд 2 маргааш нь очиж камерын бичлэг шалгах гэсэн боловч бид 2-ыг машинд чихээд авч явсан бичлэг устачихсан байсан. Бичлэгийг зориуд устгасан байх гэж бодож байна. Би 10.000.000 сая төгрөг нэхэмжилж байна.” гэв

 

Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...морингийн давааны ойролцоо очоод машинаа зогсоохоор нь яасан гээд өөрийн суусан хаалгаар буухад П.Ө хүрч ирээд нүүрэн тус газар нэг удаа хүчтэй цохиод манаралт аваад хэн хаана цохиж байгааг мэдээгүй газар сөгдөж суугаад өөрийнхөө толгойг хамгаалаад хэвтэж байхад дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Тэр үед би нүдний булангаар харахад П.Ө миний зүүн талд зогсчихсон дээрээс өшиглөөд хүчтэй дэвсээд байсан. ...П.Ө цээжний зүүн хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсен, Тэр үед маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж ухаан балартаж унасан. ....П.Өг миний зүүн талаас цээж хавирга руу өшиглөж байхад Б.М баруун талаас цохиж дэвсэж наадахыг чинь алчихъя гээд байсан. Шинжээчийн дугнэлттэй танилцсан. П.Ө миний 6,7,8 дугаар хавирганы хугарал, хамар хугарал, уруул сэтэрсэн, баруун нүдэнд цохисон чихний хэнгэрэг хагарсныг үүсэгсэн, Би өөрөө харсан. Мөн зүүн талаас дэвсэх үед би зүүн гараараа хамгаалсан тэр үед зүүн гаранд гэмтэл үүссэн. Миний баруун нүд, уруул сэтэрсэн болон биеийн зүүн талд буюу зүүн чих, зүүн талын хавирга, зүүн гарын гэмтлүүдийг П.Ө учруулсан. Б.М чирч байсан тэр үед өвдөг шилбэний гэмтэл үүссэн мөн толгой дээр дэвсээд байсан толгойд үүссэн хаванг Б.М учруулсан” гэжээ /1хх-ийн 156-157-р тал/

Гэрч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шүүгдэгч нар зодсон. Машиндаа суулгаад аваад явсан, замдаа зогс гэж хэлсэн боловч зогсоогүй. Одоо сайн санахгүй байна. Энэ хэрэг 2 жилийн өмнө болсон явдал. Би ухаан алдаад унчихсан байсан. Дараа нь босож ирээд зодож байхыг харсан.” гэв

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 05 цаг 30 минутанд Н.Эын биед үзлэгийг эхлүүлэхэд: “...духны гол хэсэгт арьс зулгарсан, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун шанаа, хамарт арьс зулгарсан, дээд уруул язарч цус гарсан, баруун гарын сарвууны ар хэсэгт хавдсан, дээгүүрээ цэнхэр өнгийн цахилгаантай хүрэмтэй, дотор нь хар өнгийн даавуун цамц өмссөн, цэнхэр өнгийн даавуун өмдтэй, хөлөндөө хар өнгийн пүүз өмссөн, цамцны энгэр хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, цамцыг дээш сөхөн үзэхэд цээжний зүүн хэсэгт арьс улааж цус хурсан, өмдний урд хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” /1хх-ийн 16-17-р тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №9250 дугаартай дүгнэлт: “...Н.Эын биед цээжний зүүн талд 6,7,8 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний алим, дотор булан, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, уруул зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хуйх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Н.Эын 6,7,8 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, уруулд шарх гэмтлүүд тусдаа хөнгөн зэрэгт, баруун нүдний алим, дотор булан, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, уруул зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, зуүн чамархай хуйх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-ийн 49/,

 

Шинжээч эмч М.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тухайн гэмтлүүд гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цохих өшиглөх зэрэг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Н.Эын биед учирсан хавирганы хугарал нь араас нь жийсэн тохиолдолд үүсэх боломжгүй, яагаад гэвэл Н.Эын 6,7,8 дугаар хавирга нь цээжний зүүн урд хэсэгт тул боломжгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-р тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 163-164/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-57/, Ял шийтгэлийн хуудас /1хх-60-21/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримт /1хх-84-94, 130-136/, хохирогчийн өвчний түүх болон хохиролын баримтууд /1хх-66-75, 139-147/, хохирогчийн өвчний түүх /1хх-24-37/, шүүхийн шатанд хохирол төлбөр барагдуулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө, Б.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

Шүүгдэгч П.Ө, Б.М нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд согтуугаар маргалдан Н.Эын эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 6, 7, 8-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний алим дотор булан, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, уруул, зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хуйх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн №9250 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүх болон хохиролын баримтууд /1хх-66-75, 139-147/, хохирогчийн өвчний түүх /1хх-24-37/, Шинжээч эмч М.З-ын “...Н.Эын биед учирсан хавирганы хугарал нь араас нь жийсэн тохиолдолд үүсэх боломжгүй, яагаад гэвэл Н.Эын 6,7,8 дугаар хавирга нь цээжний зүүн урд хэсэгт тул боломжгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-р тал/, Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...П.Өг миний зүүн талаас цээж хавирга руу өшиглөж байхад Б.М баруун талаас цохиж дэвсэж наадахыг чинь алчихъя гээд байсан.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч П.Ө, Б.М нарт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ө, нь “...Гэм буруутай үйлдэл байгаа. Санаатай зодсон зүйл байхгүй. Биеэ хамгаалж цохисон. Л ахыг Н.Эын биед гэмтэл учруулсан гэж бодож байгаа,

Шүүгдэгч Д.Б.М нь “...Би Н.Эыг нэг өшиглөсөн...” гэх боловч хавтас хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 16-17-р тал /, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Эын “....Тэр үед би нүдний булангаар харахад П.Ө миний зүүн талд зогсчихсон дээрээс өшиглөөд хүчтэй дэвсээд байсан. ...П.Ө цээжний зүүн хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсен, Тэр үед маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж ухаан балартаж унасан. ...Б.М баруун талаас цохиж дэвсэж наадахыг чинь алчихъя гээд байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 49/, шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн биед бүлэглэн хүндэвтэр гэмтэл учруулаагүй гэдэг нь няцаагдаж байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:

Өмгөөлөгч Д.Ж хохирол төлбөрөө төлж барагдуусан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. гэж,  

 Өмгөөлөгч Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар ялыг ялгаварлан оногдуулна гээд заасан байдаг. Тиймээс Эрүүгийн хулийн ерөнхий ангий 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хохирол төлбөрөө барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн зан үйлээ засах арга хэмжээ авахад өмгөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.  

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө, Б.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч П.Ө, Б.М нарт засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 10.000.000 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаад нотлогдсон хохирол болох 429.272 төгрөгийг шүүхийн шатанд шүүгдэгч П.Ө, Б.М нарын зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр  барагдуулсан гэж үзэв.

Хохирогч нь гомдолтой, цаашид гарах зардалаа иргэний журмаар нэхэмжлэх саналтай.

Иймд хохирогч Н.Э нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхив.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.