Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0250/З |
Дугаар | 221/МА2021/0489 |
Огноо | 2021-09-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0489
“А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, гуравдагч этгээд Д.М-ын өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр:
“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож ...” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч “А М" ХХК-иас Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хэдийгээр Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д хуульд заасан үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг зайлшгүй шаардлага гарвал хуульд заасан журмын дагуу бусад аливаа этгээдэд давуу байдал олгохгүй байхаар зохицуулах ёстой. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан “мэдэгдэх” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан тайлбар, нотлох баримттай танилцах үүргээ биелүүлээгүй байна ...” гэжээ.
Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.
Дээрх хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас дүгнэлт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр “А М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MB-012197 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 62 дугаар шийдвэр гарсан болно. Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин , аялал жуулчлалын яаманд хандсан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/03 дугаартай дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “байгаль орчинд хортой нөлөө учруулсан”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 347 дүгээр тогтоолоор баталсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахаар заасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар “А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн зүгээс бодит нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлагад нийцээгүй, хэргийн оролцогчдод бий болсон нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй шийдвэрийг гаргасан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гардан авч шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
1. Шүүх гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэх талаар орхигдуулж шийдвэрлэсэн тухайд
Шүүгчийн зүгээс “...Гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэрхэх нь тодорхойгүй” гэсэн тайлбар нь маргаан бүхий актуудын үндэслэлд хамаарахгүйн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тусгагдаж шийдвэрлэгдэхээр байх тул шүүхээс дүгнэлт хийх үндэслэл байгааг тэмдэглэв” хэмээн гуравдагч этгээдийн хувьд тодорхойгүй байсан нөхцөл байдлыг орхигдуулж хэргийн нөхцөл байдалд огт хамааралгүй мэтээр дүгнэлт хийсэн байна.
Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 581 “Хүсэлт хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн тухай” тогтоолоор “..маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай болох Баянхонгор аймгийн Заг сумын нутагт 283 га талбай, “Их булаг-1” алтны шороон орд байрлах тусгай зөвшөөрлийн талбайд 0,07 га талбай бүхий хаваржаа, 0,07 га талбай бүхий өвөлжөөг тус тус хууль ёсоор эзэмшдэг” гэх тайлбар түүний хүсэлт болон маргааны үйл баримтаас үзвэл тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч иргэн Д.М-ын Газрын тухай хуульд заасан газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, холбогдох баримтыг цуглуулж, маргааны үйл баримтыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй” тухай тогтоосон.
Гэтэл шүүгчийн зүгээс гуравдагч этгээдийн нөхцөл байдал, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрх, иргэн Д.М-ын хууль ёсны ашиг сонирхол түүний эзэмшиж буй газар дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй нөхцөл байдалд огт хамаагүй байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “..”газар эзэмших” гэж газрын гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор заасан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд 30 орчим жил тогтвортой оршин суун Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн газрыг эзэмшиж байгаа болно. Гэвч хууль тогтоомж зөрчин, хуурамч баримт бичгийн үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “А М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэж, тухайн талбайд үйл ажиллагаа явуулсан тохиолдолд иргэн Д.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөөр байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:” гэж, мөн зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.” шийдвэрлэхээр заасан бөгөөд энэхүү тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох тохиолдолд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд байрлаж буй газар эзэмшигчийн эрх хэрхэх талаар анхан шатны шүүхийн зүгээс заавал дүгнэлт хийх шаардлагатай.
Харамсалтай нь шүүхийн зүгээс дээд шатны шүүхийн тогтоол болон холбогдох хуулийн заалтыг бүхэлд нь үгүйсгэж газар эзэмшигчийн эрхийг үл хайхран, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийсэн шийдвэр гаргасан нь энэхүү маргааныг нэг мөр шийдвэрлэж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.
2. Захиргааны байгууллага хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан тухайд
Анхан шатны шүүхийн зүгээс хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагуудаас санал хүсэлт ирүүлсэн нь хариуцагч захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох үүргээ хэрэгжүүлэх үүргээс чөлөөлөхгүй, холбогдох хяналт шалгалт хийлгүйгээр дүгнэлт гаргах үндэслэл болохгүй гэж үзсэн хэдий ч энэхүү нөхцөл байдалд нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулахад шаардагдах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болохыг нэгэнт эрх бүхий байгууллага тогтоосон болно.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 16 “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолд “...Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Их булаг гэх газарт MV-012197 дугаарын тусгай зөвшөөрөлтэй “А М” ХХК-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхдээ ашигласан Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/9 дугаартай хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь... зэрэг хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа” тухай дурдсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Энэхүү тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч “А М” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, түүний үндсэн дээр боловсруулагддаг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Учир нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхдээ Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/9 дугаартай хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн тул түүн дээр үндэслэн боловсруулагддаг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болно.
Энэхүү нөхцөл байдал нь хэргийн оролцогчдын тайлбар, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн нийтийн хурал, тухайн сумын Засаг даргын албан бичиг, аймгийн Засаг дарга зэрэг энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээдийн ирүүлсэн бичмэл нотлох баримт зэрэг хуульд заасан арга, хэрэгслээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байхад шүүхийн зүгээс хариуцагчийн шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэсэн нь бодит нөхцөл байдлыг үнэлж, хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр биш болохыг харуулж байна.
Мөн хариуцагч байгууллагуудыг Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй нь хууль зөрчсөн талаар дүгнэлт хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулахгүй байх боломжийг хуульчилсан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, мөн зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан.
Энэхүү тохиолдлын тухайд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцлахад сонсох ажиллагааг явуулах нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгох юм. Дэлгэрүүлбэл, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь тухайн орон нутгийн иргэнд, удирдлагуудаас ирсэн бодит шаардлага, санал, хүсэлтэд тусгагдсан бөгөөд нэн даруй тусгай зөвшөөрлийг цуцлах нь орон нутгийн иргэдийн эрх ашигт болон гуравдагч этгээдийн газар эзэмших, ашиглах эрхэнд сөрөг нөлөөллийг бий болгох тул сонсох ажиллагааг явуулаагүй нь хуулийн хүрээнд байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “шийдвэрийг хүчингүй болгох тухай” гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А М” ХХК-д Баянхонгор аймгийн Заг сумын нутагт Их булаг нэртэй 283.35 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-012197 тоот тусгай зөвшөөрлийг 2038 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр олгосон байжээ.
Гэтэл орон нутгийн удирдлагын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан хүсэлт, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг судлан үзэж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаар дүгнэлтээр маргаан бүхий талбай нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул “А М” ХХК-ийн MV-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтэд үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 62 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
Үүнд нэхэмжлэгч “А М” ХХК-ийн зүгээс “олгогдсон талбайд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй буюу газрын хэвлийг огт хөндөөгүй тул байгаль орчин эсхүл аливаа иргэн, хуулийн этгээд, иргэд нийтийн ашиг сонирхлыг хугацаа алдалгүй хамгаалах нөхцөл байдал бодитойгоор үүсээгүй, ... хариуцагч байгууллагуудаас бичиг баримтын болон ямар ч бодит судалгаа шинжилгээ хийгдээгүй, ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргах үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 62 дугаар шийдвэрийг хүчийнгүй болгуулахаар маргаж байна.
Нэг. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаар хэрэв байгаль орчин, түүний баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг тогтоосон дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрхтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй байна.
Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тухайн тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааснаар байгаль орчныг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх үүргийг хүлээх боловч нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар ямар хэмжээний хор уршиг байгаль орчинд учрах, байгаль орчны тэнцвэрт байдал хэрхэн алдагдах, иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тооцоолж, судалгаа шинжилгээ хийгээгүй буюу дүгнэлт гаргахад шаардагдах хангалттай нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа, гаргасан зөрчлийг тогтоолгүйгээр орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэж “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн үндэслэл заан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй, хуульд нийцээгүй байх тул захиргааны үйл ажиллагаанд баримтлах бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмууд хэрэгжээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/14, Баянхонгор аймгийн Заг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04-05-341/01 албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч “А М” ХХК нь эзэмшил бүхий MV-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт, ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдож байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэл болсон Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Д.М-гийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/05 албан бичиг, Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04/06 дугаар тогтоол, 04/01 тэмдэглэл, Заг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01, 02 дугаартай тогтоолууд, Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/317 тоот албан бичгүүдээс өөрөөр нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, зөрчил бодитой бий болсон талаар тогтоосон баримт байхгүй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хууль бус байна.
Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн тухайд:
Тухайн актыг гаргахад үндэслэл болсон 2020/03 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт хууль бус болох нь тогтоогдож, дээр дүгнэсэнчлэн хүчингүй болгож байгаа тохиолдолд уг шийдвэрийг мөн хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д зааснаар ашиглалтын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн үндэслэл болсон яамын дүгнэлт, хууль ёсны эсэхийг эрх хэмжээний хүрээнд тодруулан нягтлах ёстой.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж нарийвчлан зохицуулж сөрөг агуулга бүхий акт гаргахад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог зайлшгүй хангах талаар тусгайлан зохицуулсан байхад дүгнэлт гарсны маргааш буюу 1 өдрийн дотор тусгай зөвшөөрлөх цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ... ” гэж тайлбарлаж байх боловч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Гурав. Харин гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд маргаан бүхий актуудын үйлчлэлийг дуусгавар болгосон, хэвээр үлдээсэн эсэхээс үл хамааран гуравдагч этгээдийн зөрчигдсөн гэх эрхийг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь зөвхөн дээрх маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд маргаан хянан шийдвэрлэгдэж байхад тухайн актуудын улмаас гуравдагч этгээдийн Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 болон 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар захирамжаар тус сумын Булаг 1-р багийн “Хашаан бууц” хаваржааг хаваржааны зориулалтаар эзэмшихтэй холбоотой харилцаанд шууд нөлөөлөл үүсэхгүй.
Харин Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:” гэж, мөн зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.” шийдвэрлэнэ гэж зааснаар газрын давхцал, Баянхонгор аймгийн Заг сумын 1-р багийн нутаг, Их булаг хэмээх газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн эзэмшиж, ашиглахтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагчаас тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн, зохих арга хэмжээ авч хуульд заасны дагуу дүгнэлт гаргах эрх нь хариуцагчид нээлттэй байтал нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА