Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 10

 

Т.Өийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.От холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1334 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Т.Өийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Ш.От холбогдох,

 

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Оийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:

Т.Ө би зээлдэгч Ш.От зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг өгөхгүй удсан тул сарын 6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай төлөхөөр зээлийн гэрээг сунгасан ба Ш.О хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. 2013-06-06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй Т.Ө намайг хохироосоор байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээл 1 000 000 төгрөг, хүү 720 000Т /нэг сард 60 000 х 12 сар= 720 000Т/ нийт 1 720 000 төгрөг Ш.О төлөх тооцоо гарсан. Зээл, хүүг төлүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Ш.О"... төлөхгүй, шүүхээр яв... гэсэн учраас эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгож, тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Ш.Оээс тооцоогоор төлөх зээл, хүүгийн хамт 1 720 000 төгрөг байгаа ба шаардлагаа багасгаж, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар Ш.Оээс 1 500 000Т /Нэг сая таван зуун мянган төгрөг/ гаргуулж, зээлдүүлэгч Т.Өийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:

Ш.О миний бие нь ломбардны Өлзий гэх эмэгтэйгээс 1 000 000 төгрөг бэлнээр аваагүй. Энэ хүнээс би өөрийн цалингаа эргүүлэн хүүтэй авч байсан. 2011 оноос хойш сар бүр 150 000 төгрөг хүүнд нь өгч, 2015 онд өөрийн визагаа хаалгасан. Энэ мэтээр 4 жил би хүү төлж, үлдсэн цалингаа эргүүлэн хүүтэй зээлсээр ирсэн. Миний бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Нэг хүүхэд маань оюутан. Энэ хүний мөнгийг би хангалттай өгсөн учир дахин мөнгө өгөх шаардлага байхгүй. Энэ хүн удаа дараа ажил дээр минь орж ирэн ямар ч үндэслэлгүй юман дээр гарын үсэг зуруулах гэж удаа дараа хамт олны минь дунд барьж аван үсдэн зодож хэл амаар доромжилж байсан. Энэ хүнээс би бэлнээр 1 000 000 төгрөг гардан аваагүй учир ямар ч үндэслэлгүй мөнгийг төлж чадахгүй энэ хэргийн үнэн зөвийг олж өгөхийг хүсье.

2011 онд 300 000 төгрөг авч байсан, виза картаа өгчөөд цалингаа буухаар надад хэдэн төгрөг илүү гарсан бэ Өлзий эгчээ? гэхээр тэд гарсан гэдэг, надаас хэдэн төгрөг хасах юм гэхээр нь 100 000, 50 000 төгрөг хасчих гэх мэтээр явж байсан. Виза картаа өгөөд 3 жил гаран болсон, тэгээд хаалгасан. Өлзий эгчтэй хүүгүйгээр үндсэн мөнгө гэж 1,0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон юм, тэгтэл 2 ч удаа хүү гэж 75 000 төгрөг надаас авсан учир би визаа картаа хаалгасан юм. Өмнө нь бол мөнгө төгрөг өгч авалцаад л явж байсан. Миний цалинг л хүүтэй өгч байсан гэж бодож байна. Цех дотор орж ирээд намайг ширээ тойруулж хөөгөөд гарын үсэг зуруулах гээд, тэгээд би хүмүүсээс ичээд гарын үсэг зурсан. Би цалингийн зээл 1,0 сая төгрөг аваад 800 000 төгрөгийг нь Өлзий эгчид охиноороо өгч явуулчаад 200 000 төгрөгтэй хүртэл үлдэж л байсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1334 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ш.Оээс 1 060 000 төгрөг гаргуулан Т.Өт олгож, нэхэмжлэлээс 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.О давж заалдсан гомдолдоо:

Миний бие Ш.О 2011 оны 05 дугаар сарын дундуур нөхөр Булгантамир таньдаг эгч Ө дээр очиж /намайг дагуулан бид цуг явж байсан. 300.000 төгрөгийг үйлчилгээний төвийн “Алтан хайч” үсчингийн салоны хажууд байдаг Ломбардны үйл ажиллагаа явуулдаг тусгаарласан шилэн хаалт бүхий жижиг өрөөнд орж авсан. 300.000 төгрөгийг нөхөр маань таньдаг гэдгээрээ тоолж авсан. Ингээд миний виза картыг барьцаа болгон үлдээсэн. 2011 оны 06 дугаар сараас 100.000 төгрөг, 7 дугаар сараас 100.000 төгрөг, 8 дугаар сараас 100.000 төгрөгийг виза картнаас мөнгө авч байсан. Хэдэн хувийн хүүтэй гэж тухайн үед хэлээгүй. Сүүлд өөрөө чамаас 0,8 хувь бодож хүү авч байсан гэж байсан. Дараа нь 1 сарын дараа очиж 250.000 төгрөгийг картаа барьцаалж авсан. Энэ үед цалин олигтой гардаггүй байсан тул 2, 3 сар хүүг нь төлөөд 12 дугаар сард цалингийн зээл 2.500.000 төгрөг аваад үүнээсээ 250.000 төгрөгийг төлж байсан.

2012 оны 01 дүгээр сард цалин гараагүй тул 300.000 төгрөг/цалин буусан үеийн дараахан/бас виза картаа үлдээгээд сар бүрийн цалин буух үеэр хүүг нь аваад цагаан сарын үеэр 200.000 төгрөг аваад хүүг нь бодож авахад 3 сараас цалин 640.000 төгрөг гарахад цалингийн зээлд 100.000 төгрөгийг хүүтэй нь өгч гар дээрээ 100.000 төгрөгөөр амьдарч байсан.

3 дугаар сард 200.000 төгрөг нэмж зээлсэн. Энэ мөнгөний хүүг визанаас төлж байгаад 4 дүгээр сард 100.000 төгрөг нэмж авсан. Хүүг нь үндсэн мөнгөнөөс визанаас авлаа гэдэг байсан. 5 дугаар сард 100.000 төгрөг авсан. 6 сард би цалингийн 1.000.000 төгрөг аваад 800.000 төгрөгийг би өөрөө ажилтай тул охин Билгүүнээр өгч байсан.

2013.06.06-нд надаас 800.000 төгрөг авсныхаа дараа би чамаас хүүгээ авч байсан, үндсэн мөнгө 1 сая авна гээд гарын үсэг зур гээд ажил дээр ирж хүмүүсийн хажууд уурлаж, толгой руу цохиж, үсдэж, хөөж, хэн чамайг ав гэсэн юм гээд дарамт учруулж гарын үсэг зур гэж шаардсан.

Дараа нь мөн намар нь дэвтрийн хуудас барисан бичгийн цаасан дээр бичсэн. 2014.06.01-нд 1.000.000 төгрөг бэлнээр авлаа гэсэн юм биччихсэн одоо зур гээд, би таньд зодуулан барин зураа биздээ би зурахгүй таниас 1.000.000 төгрөг бэлнээр аваагүй ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр харааж зүхээд гарсан.

Алтанцэцэг, Жаргалсайхан, Цэнд-Аюуш, Энхтайван зэрэг хүмүүс байсан. Тэд наад авгай чинь ямар хаашаа юм бэ гэж хэлж байсан. Урьд нь гарын үсэг хүч хэрэглэж зуруулсан баримтаа ашиглан 1.500.000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхэд төлөөлөгч гэх хүн нь дэвтрийн хуудсан дээр надад өгч байсан мөнгөнүүдийг тэмдэглэдэг байсан хуудсыг нь он сарыг өөрчилсөн. Зарим хэсэгт нь миний нэрийг бичсэн баримтыг шүүх хурал эхлэхээс өмнө үзүүлж байсан. Би миний гарын үсэг биш байна гэхэд тэгвэл шинжээч томилуулна гээд шинжээч томилуулсан. Хүү төлж байсан баримт чинь хаана байгаа юм бэ гэхэд наад хүн чинь миний виза картнаас авч байсан ш дээ гэсэн. Шүүх 2013.06.06-нд гарын үсэг зурсан баримтыг үндэслэн мөн өмнө нь тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна гээд 1.060.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг би зөвшөөрч чадахгүй байна.

Би 2 хүүхэдтэй амьдардаг. Энэ хүнд авсан мөнгөө хангалттай төлж барагдуулсан. Шийдвэрээ аваад дансны хуулгаа гаргуулж үзэхэд миний цалингаасаа үлдсэн визаны мөнгийг хангалттай авч байсан нь харагдаж байна. Иймд шийдвэрийг хянаж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                           ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч Ш.От холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шаардлага шүүхэд гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ш.Оээс 1 060 000 төгрөг гаргуулан Т.Өт олгож, нэхэмжлэлээс 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ш.О 2013 оны 06 дугаар сарын 06 ны өдөр 1 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

            Хариуцагч Ш.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ  38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө үүргээ биелүүлээгүй байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул Хариуцагч Ш.Оийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

            Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч Ш.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ш.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР