Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ДШМ/78

 

 

Ц.Га-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Галбадрах,

            Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Цэндзаяа, О.Баясгалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ц.Г-д холбогдох эрүүгийн 201524001046 дугаартай, 4 хавтас, 823 хуудас бүхий хэргийг прокурор Д.Галбадрахын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тээврийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Халх заан овогт Ц.Г/ЕЦ80050377/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Ц.Г 2015.09.24-ний өдрийн 17 цаг 56 минутын орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 936 дугаар километрийн 10 дугаар зуутад байрлах гарамын замд “Хуа Шин Жиен Ан Инженеринг” ХХК-ийн эзэмшлийн “Sinotruck Howo” маркийн 95-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 дэх хэсэгт заасан “жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино”, 2.3а-д “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 2810 дугаартай ачааны /2ТЭ116УМ-018/ дугаартай ачааны галт тэргийг мөргөж, 76446900 төгрөгийн шууд, “Хуа Шин Жиен Ан инженеринг” ХХК-ийн эзэмшлийн “Sinotruck Howo” маркийн 95-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 49275000 төгрөгийн шууд, бусдад нийт 125721900 төгрөгийн шууд буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Г-д холбогдох эрүүгийн 201524001046 тоот хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,

хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн Төмөр замын 936 дугаар км-ийн гарамын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарсан ослын талаарх бичлэг бүхий 1 ширхэг CD, яллагдагч Ц.Г-ын 196358 дугаартай жолооны үнэмлэх зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хуа Шин Жиен Ан инженеринг ХХК-ийн 80 сая төгрөгийн үнэ бүхий 36-77 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Галбадрах эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаарх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Д.Батболдын урьдчилан хэлэлцүүлэг хийлгүүлэхийг хүссэн хүсэлтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчсөн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20-д “Талууд”-аас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх эрхтэй ба, талууд гэдэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч орохгүй юм. Хэрэг прокурорын хяналтанд хянагдаж байхад иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Батболд нь прокурорт хүсэлт, гомдол гаргаж байгаагүй байхад шүүх гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй гэж шүүхийн захирамжинд зааж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна, энэ талаар ямар ч баримт хэрэгт байдаггүй. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/, Хяналтын камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх -ийн16-22/, хохирогч О.Баясгалангийн мэдүүлэг /III хавтас 88-89/, гэрч Ч.Сугарбаатарын мэдүүлэг /хх-ийн 43-44/, М.Янжиндуламын мэдүүлэг /хх-ийн 45-46/, /III хавтас 114/, шинжээч Б.Мөнхбаярын мэдүүлэг /III хавтас 96-97/,  №15/074/007 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/, Замын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 321 дугаартай дүгнэлт /II хавтас 52-53/, Түшлэг хоорондын замын 936 дугаар километрийн 10 зуутад байрлах гарманд үйлчлэх орон нутгийн заавар /III хавтас 229-234/, Гарам нээх тухай албан бичгүүд /III хавтас 147-151, 189/, шинжээчийн 17/077/01 дугаар дүгнэлт /III хавтас 74-75/, гэрч Н.Идэржавхлангийн мэдүүлэг/ III хавтас 115-116/, ердийн журмаар ажиглалт явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /III хавтас 223-226/, гэрч Л.Хонгорзулын мэдүүлэг /3 хавтас 227-228/, яллагдагч Ц.Г-ын  мэдүүлэг /III хавтас 241/ зэрэг нотлох баримтуудаар Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 936 дугаар километрийн 10 дугаар зуутад байрлах гарам нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”-ын 9.2 дугаар зүйлд заасан 4 дүгээр зэрэглэлийн гарам буюу ердийн гармаар нээгдэж, ашиглагдаж байсан нь тогтоогдсон.

Төмөр замын гарам ашиглах журмын 9.2-д зааснаар уг гарамд заавал жижүүр ажиллуулах шаардлагагүй бөгөөд харин дээрхи гармын жижүүрийг “Засаг Чандмань Майнз” ХХК-иас цалинжуулан ажиллаж байгаад үйлдвэр нь зогсож улмаар гармын жижүүрийн цалинг өгч чадахгүй байдлаас болж жижүүрийг буулгасан нь энэ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаант холбоогүй, Төмөр замын тээврийн тухай хууль болон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”-ыг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх гарам ашиглах журам буюу хэм хэмжээ тогтоосон акт, гэрчийн мэдүүлэг хоёрын эрх зүйн хүчин чадалд мэргэжлийн дүгнэлт хийж чадаагүй. Гарам ашиглах журамд 4 дүгээр зэрэглэлийн гарамд жижүүр ажиллуулах шаардлагагүй бөгөөд харин хүний аюулгүй байдлыг хангахын тулд Улаанбаатар төмөр замаас Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 936 дугаар километрийн 10 дугаар зуутад байрлах 4 дүгээр зэрэглэлийн гармыг 3 дугаар зэрэглэлийн хаалт, тоног төхөөрөмжөөр тоноглон ажиллуулж байгаагаас үзэхэд Улаанбаатар төмөр замыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул 445 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Батболд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Прокурор Галбадрах “талууд” гэх ойлголтод намайг орохгүй, улмаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Талууд гэх ойлголтод орохгүй хэргийн оролцогч гэж байхгүй.  Миний бие шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцож, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээд мөн. ЭХХШтХуулийн 8.2 дугаар зүйлийн 2-т заасан хохирогчийн эрхийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч мөн давхар эдлэх талаар ЭХХШтХуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан байдаг. Мөн ЭХХШтХуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т хохирогчийн хүсэлтээр хэргийг прокурорт буцааж болохоор заасан тул хэргийг прокурорт буцаасныг буруутгах үндэслэл байхгүй.

2. Мөрдөн байцаалтын шатанд миний бие болон яллагдагчийн өмгөөлөгч тодорхой хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй бөгөөд прокурор гомдол гаргах боломжит хугацаагаар хангалгүй, боломжит хугацаа 9 сарын 6-нд дуусахаас урьтаж 2017.08.31-нд хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3. Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтуудаас өөрт ашигтай хэсгийг таслан авч Төмөр замыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь буруу байна. Прокурор Д.Галбадрах шинжээч Мөнхбаярын дүгнэлтээс иш татсан бөгөөд уг дүгнэлт нь эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарласан худал дүгнэлт байсан. Шинжээч худал дүгнэлт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байтал прокурор үл ойшоож уг дүгнэлтээс иш татсан. Тухайн гарам дээр мөрдөх орон нутгийн заавар нь бүхэлдээ жижүүртэй ажиллах талаар зохицуулсан байдаг. Гармыг хууль бусаар нээн ажиллуулсан, тэр дундаа гармын жижүүрийг хууль бусаар татан буулгасан нь энэ зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байдаг. Замын 4-р анги энэ бүх тогтоосон дүрэм журмыг зөрчиж Төмөр замын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хөндлөнгийн этгээд болох “Засаг чандмань майнз” компани цалин өгөхгүй гэдэг үндэслэлээр биелүүлээгүй, аюултай хэсэг болох гармыг эзэнгүй орхисон  нь хариуцлагагүй үйлдэл болсон. Манай компани УБТЗ-аас автомашинд учирсан хохирлыг удаа дараа нэхэмжилж байгаа боловч мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс УБТЗ-ыг иргэний хариуцагчаар тогтоогоогүй, энэ талаар тодорхой хариу өгөөгүй болно гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг харахаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй байна. Хавтаст хэрэгт УБТЗамыг буруутай гэх зүйл байхгүй. Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон Төмөр зам гомдол гаргаагүй, мөн шүүгдэгч Галбадрах гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байхад Батболд гэдэг хүн хөндлөнгөөс юу яриад, юу нэхэмжлээд байгаа юм бэ.  Анхан шатны шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хөдөлж байгаа галт тэргийг мөргөж байгаа камерын бичлэг бүхий нотлох баримт байсаар байхад өөр ямар нотлох баримт шүүхэд хэрэгтэй юм бэ. Энэ баримтыг шүүх хуралдааны мэтгэлцээний үед нотлох баримтаар үнэлэх, үгүй нь шүүгчийн өөрөө шийдэх асуудал. Мэтгэлцээн болоогүй байхад үүнийг нотлох баримт мөн, биш, үүнийг шалгана гэж шүүх урьдчилан дүгнэлт хийхгүй. Эндээс харахад шүүх хөндлөнгийн байх, хараат байх зарчим зөрчигдөөд байна гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлгүй хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад байна. Шүүгчийн захирамж бодит байдалтай нийцэхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, бусдыг нь хэрэгсэхгүй болгож мөн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

1/ Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох нь  хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой бөгөөд мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдал болоод яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.

 

Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчийг тогтоолгүйгээр хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл /хх26, 31/-ийг үндэслэн нэр бүхий хүмүүс /А.Цэндзаяа, О.Баясгалан, Д.Батболд нар хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч эсхүл өмгөөлөгч эсэх тодорхойгүй/-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч нар хуулийн заалтыг чанд сахих, хохирогч хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх зэрэг хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

2/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд Хохирогчийн эрхийн талаар тодорхойлсон байх ба мөн зүйлийн 1-ийн 1.4-т “Шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэжээ. Тиймээс анхан шатны шүүх иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Улмаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар 6.1-6.17-д заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэй гэж заасан байх тул прокурорын “...иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй” гэснийг хүлээж авах боломжгүй юм.

     3/ Харин прокуророос Ц.Г-д холбогдох хэргийг хянаж байх явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч Д.Батболдоос өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг түүнд гаргаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул прокурорын ажиллагаа шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж  үзэхгүй.

4/ Түүнчлэн осол болсон гармын хамгаалалт буюу жижүүрийг татан буулгах ажиллагааг зохих журмын дагуу хийгдсэн эсэх, уг ажиллагаанд суурь бүтэц эзэмшигч болох Улаанбаатар төмөр зам ямар оролцоотой оролцсон зэрэг нөхцөл байдлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоох шаардлагатай зэрэг асуудлыг анхан шатны шүүх яагаад тогтоогдоогүй гэж үзсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ямар асуудлыг тогтооход ач холбогдолтой нь ойлгомжгүй тул шүүхээс энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.  Харин дээрх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцэхэд энэхүү магадлал нөлөөлөхгүй тул хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр  хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаж, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, үнэлэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл хэргийн бодит байдлыг тогтоох буюу дурдсан асуудлыг хянан хэлэлцэж, шүүх шийдвэр  гаргах боломжтой юм.      

Иймд дээрх үндэслэлээр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                               Н.БОЛОРМАА