| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0413/э |
| Дугаар | 0390 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 0390
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Т.Мөнхжаргал,
шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008000000424 дүгээр хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Рэнцэнтогтохын А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Р.А нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн баянцагааны 2-1в тоот нийтийн байрны 5 тоотод хохирогч Н.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 02 дугаар сарын 23-ны өдөр байрны халаалтаас болж маргалдсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн. Хохирогчийг хоёр удаа цохисон” гэв.
Эрүүгийн 2008000000424 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.Оын: “2020 оны 02 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2-1в тоот нийтийн байрны 5 тоотод ганцаараа байтал 4 тоот өрөөг хөлсөлдөг А согтуу “халаалтаа өгөөч” гээд орж ирэхээр нь би “одоохон өглөө, юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл А “дандаа ингэж халаалтаа өгдөггүй” гэж уурлахаар нь би “чи юу яриад байгаа юм бэ, өнөөдөр л ингэж байгаа биз дээ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би Аийг “гэрээс гар” гэтэл гартаа барьсан лаазтай пивоо над руу шидсэн. Баруун гараараа миний зүүн хацар хэсэг рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Аийн зүүн хацар луу нь 2-3 удаа цохисон. Бид хоёр зууралдтал А хоёр гараараа миний хоолойг боогоод салсан. Тэгээд би цагдаа дуудсан. Надад эмчилгээний баримт байхгүй. Би Аээс эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг хүлээн авсан. Надад санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.02-ны өдрийн 2999 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Оын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18-19/,
Гэрч Н.Насанжаргалын: “2020 оны 02 дугаар сарын 24-ний 17 цагийн үед ажлаа тараад хамтран амьдрагч Р.Аийн хамт нийтийн байрандаа ирээд өрөө рүүгээ ороход өрөө хүйтэн байсан. Нийтийн байрны эзэн Оа гэх хүнтэй А уулзах гээд хаалгыг нь тогшоод “паар чинь хүйтэн байна” гэж хэлсэн. Тэр ах огцом уурлаад “юун сүртэй юм бэ, одоо асаалаа” гэж хэлтэл А, Оа нар барьцалдаад авсан. А Оын нүүр лүү гараараа цохисон. Оа зөрүүлээд Аийг гараараа цохиод байсан. Тэр хоёр барьцалдчихаад Оа гэр лүүгээ орсон. Тэгээд цагдаа ирээд Аийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-12/,
Шүүгдэгч Р.Аийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед найз Батсайханы хамт 2.5 литрийн пиво 4 савыг ууж, хоол унд идчихээд ...нийтийн байрандаа ирсэн. Манай 4 дугаартай өрөө хүйтэн байсан. Нийтийн байрны эзэн болох 5 тоот хаалга руу очиж тогшиход Оа онгойлгосон. Тэгэхээр нь “халаалтаа өгөөч ээ” гэхэд “яасан сүртэй бацаан бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн үед барьж байсан пивоо Оа руу шидээд зүүн хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Оа намайг зөрүүлээд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-49-51/,
гэрч Б.Дүүрэнбаярын мэдүүлэг /хх-14/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-30/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-31/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-34-42/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-61/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас гаргаж өгсөн Н.Оыг 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.А согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 2-1в тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод хохирогч Н.Оатай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүн рүү лаазтай пиво шидэж, гараараа цохиж, биед нь зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Оын “...А согтуу, гартаа барьж байсан лаазтай пивоо над руу шидсэн. Баруун гараараа миний зүүн хацар хэсэг рүү 1 удаа цохихоор нь.., бид хоёр зууралдтал А хоёр гараараа миний хоолойг боогоод салсан...” гэх мэдүүлэг /хх-8/, шүүх эмнэлгийн 2999 дүгээр “1. Н.Оын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18-19/, гэрч Н.Насанжаргалын “...А пиво уучихсан байсан. А, Оа нар барьцалдаад авсан. Тэгтэл А Оын нүүр лүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-12/, шүүгдэгч Р.Аийн яллагдагчаар өгсөн “...Найз Батсайханы хамт пиво уугаад гэртээ ирсэн. ...Миний уур хүрээд тухайн үед барьж байсан пивоо Оа руу шидээд зүүн хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-49-51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Аын хохирогч Н.Оатай таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Аээс эмчилгээний зардал гэж 600.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Надад одоо санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-61/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэн Оатай маргалдан зодож хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна. Хугацаанд нь төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч руу лаазтай пиво шидэж, гараараа цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 600.000 төгрөг төлөгдсөн, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Р.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Рэнцэнтогтохын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР