Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0396

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

хохирогч Ц.Н, өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

шүүгдэгч А.С, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908050800216 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын оператор засварчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тулга боржигон овогт Алтанхуягийн С /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.С нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллоос Таван шар орох замд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим таксины жолооч Ц.Ныг “таксины мөнгөний хариулт 200 төгрөгөнд гэрийн гадаа буулгаж өгсөнгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж зүй бус харьцсаны улмаас цохиж биед чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 120.000 төгрөг өгсөн. “Ална” гээд байхаар нь машинаас буусан. Зам дээр чулуу байгаагүй. Жолоочийн арын суудалд би сууж явсан. Жолооч өөрөө араас бууж ирсэн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би хохирогчийг машинаас нь татаж буулгаагүй. Машины зардлыг төлөхгүй. Эмчилгээний зардлыг бол төлнө. Хохирогч Над санаатайгаар хохирол учруулснаа хүлээж, уучлалт гуйж байна. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн үед таксинд явж байгаад шүүгдэгчийг авсан. Депо явъя гэсэн. Депогийн буудал дээр ирээд “хаана юм бэ” гэхэд хүнтэй утсаар яриад хариу хэлээгүй. Арын машин сигналдаад байхаар нь баруун эргэсэн. Чулуутай гараар толгой руу цохиод, түлхүүр булаацалдсан. Машин өнхрөөд 2 машин мөргөсөн. Машинаа унтраах боломж байгаагүй. Нөгөө 2 жолоочид хохирлыг төлсөн. Шүүгдэгч машин зогсож байхад буусан. Уулзвар эргэнгүүт хаалга онгойлгоод буусан. Хохиролд нийтдээ 2.415.000 төгрөг нэхэмжилж байна. 120.000 төгрөг авсан. Гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна” гэв.

 

Эрүүгийн 1908050800216 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Нын “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим Цамбагаравын хойд талын автобусны ойролцоогоос нэг залуу гараа өргөөд байхаар нь авсан. Тэр залуу “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Депо гэх газар орно” гээд суусан. Замдаа явж байхдаа “хаагуур явах юм бэ” гэж асуухад “Драгоноор хойшоо эргэнэ” гээд байхаар нь би “5 шарын гэрлэн дохиогоор хойш эргэх юм уу” гэсэн чинь “үгүй, Драгоноор хойш эргэнэ” гээд байсан. Би тэр залууд хандан “чи Депо орно гээд байсан биз дээ, 5 шарын гэрлэн дохиогоор хойш эргээд Депо орж болдог” гэж хэлээд 5 шарын гэрлэн дохиогоор хойш эргээд “Депогийн баруун талын буудал дээр ирчихлээ” гэсэн чинь тэр залуу утсаар яриад хаашаа явахаа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би зүүн гар тийш эргээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэг байшингийн гадна талын зогсоол дээр тулж зогссон. Би “хаашаа явах юм бэ, энэ зам мухар байна” гэхэд “чи буруу явсан байна пизда чинь, хэд гарсан юм” гэж асуусан. Тэгэхээр нь “3300 төгрөг гарсан байна” гэхэд надад 3500 төгрөг өгөөд “хариултанд нь намайг хүргээд өг” гээд байхаар нь “чамайг хүргэж өгөхгүй, чи өөрөө замаа зааж өгөхгүй байна” гэсэн чинь тэр залуу миний машинаас буухгүй байсан. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод “чи амжих уу” гээд байхаар нь би “чи юу гээд байгаа юм бэ” гээд бид 2 маргалдсан. Машинаас буухгүй гар утсаараа нэг хүнтэй ярьж байснаа намайг “зайнд гаръя” гээд байхаар нь би “тэгье” гээд машинаа хөдөлгөөд буцаж төв зам руу орсон. 21 дүгээр хорооллоос 5 шар орох зам дээр явж байхад тэр залуу машины хаалга онгойлгоод байхаар нь би зогссон. Тэр залуу машинаас буухдаа хаалга чанга хаасан. Тэгээд газраас чулуу аваад миний машин руу шидэх гээд байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд чулуутай гараараа шууд намайг цохиод машины жолоо, түлхүүр булаацалдаад байсан. Би машины түлхүүр авчихлаа гэж бодоод “машины түлхүүрийг өг” гэхэд миний цамцнаас татаад намайг машинаас буулгасан. Намайг чулуутай гараараа цохиод байсан. Тэгсэн замын хажууд байсан хүмүүс “машин чинь яваад байна” гээд орилоод байхаар нь “чи намайг тавь, машин өнхрөөд байна” гэхэд миний цамцны урд энгэрээс зуураад тавихгүй байсан. Машин өөр нэг машиныг очиж мөргөсөн. Би тэр залууг явчих байх гэж бодоод цүнхнээс нь татаад “чамаас болж аваар хийчихлээ” гэж хэлсэн. Тэр залуутай хамт машин дээрээ очсон чинь замын цагдаа ирсэн. Намайг С гэх хүн чулуутай гараараа толгойн зүүн чамархай хэсэгт 2-3 удаа цохисон. Машинаас чирж буулгаад буцаад машин руугаа явах гэхэд намайг явуулахгүй байснаас болж би авто осол гаргасан. Би эмчилгээний зардал, автомашины хохирол, өмгөөлөгчийн хөлс, торгуулийн мөнгө гэх зүйлүүдийг баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.01-ний өдрийн 11700 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Нын биед чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-41-42/,

Гэрч П.Лхагвасүрэнгийн: “...Би өөрийн эзэмшлийн “Приус30” маркийн машинтай 5 шараас 21 дүгээр хороолол руу явж байхад цагаан өнгийн “Приус20” маркийн жолоочгүй машин өөдөөс өнхөрч орж ирээд миний хажууд явж байсан машиныг мөргөсөн. Эрчиндээ миний машиныг давхар мөргөсөн. Машинаасаа буугаад харж байтал цаанаас 2 эрэгтэй бие биетэйгээ зууралдчихсан хүрч ирсэн. Уг машины жолооч гэх эрэгтэй “энэ залуу намайг машинаас татаж буулгасан” гэж ярьж байсан. Жолооч нь ганцаараа цааш буудал руу явчихаад буцааж ирэхдээ миний толгой руу чулуугаар цохисон гэж хэлж байсан. Би гаднаас нь дүгнэхэд тэр жолооч залуугийн буруу, төлбөр тооцоогоо авчихаад өөрөө машинаа парклаж тавиагүй байж ийм асуудал гаргасан болохоор жолоочийн буруу гэж бодож байна. Өөрийгөө ч гэмтээчихээд хүнийг гүтгэж мэдэх байрын хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэрч С.Балжиннямын: “Тухайн өдрийн орой 20 цагийн үед С хөдөөнөөс ирсэн. Цамбагараваас “таксинд суучихлаа, одоо очлоо” гэж утсаар ярьсан. 30-40 орчим болсон байх. Ирэхгүй болохоор нь би залгахад эхлээд утсаа аваагүй гуравдах дээрээ утсаа аваад ““намайг ална” гээд Депогийн эндээс 5 шар луу авч давхиад байна” гэснээ утсаа тасалчихсан. Би 10 орчим минутын дараа залгахад утсаа авахгүй болохоор нь Депогийн наахан МТ колонкийн эсрэг талд 3 машин мөргөлдчихсөн, цагдаа хүрээд ирчихсэн байсан. С таксины жолооч гэх нэг ах, мөн 2 эмэгтэй байсан. ...Намайг очиход цагдаа ирсэн байсан. Хоорондоо ямар нэгэн зууралдсан, ноцолдсон зүйл байгаагүй. Орой би гэртээ харьчихаад утсаар залгаад “яг юу болсон юм” гэж асуухад “намайг өөр газар буулгах гээд байхаар нь хүргээд өгчих, очих ёстой газраа л очъё” гэхэд “чамайг ална тална” гээд аваад давхисан. Тэгэхээр нь айгаад машинаас үсрээд буучихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-36/,

Шүүгдэгч А.Сийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст мэдүүлэг өгчихөөд орой 20 цаг өнгөрч байхад найз Балжиннямын гэр лүү явах гээд Цамбагаравын арын замаас такси барьсан. Би машины хойд талын суудал дээр суугаад “Депогоор дээшээ өгсөөд явчих” гэж хэлсэн. Төв замаараа яваад Драгоны уулзвар дээр ирэхээр нь би “хойшоо эргэчих” гэтэл “энэ уулзварыг тэгж хэлдэггүй юм” гээд нэг уулзварын нэр хэлж байсан. Тэгснээ “хөдөөний мангар бацаан юу ч мэдэхгүй” гэж хэлээд хойшоогоо эргэж нилээн явж байгаад “төмөр зам гараад зүүн эргэчих” гээд автобусны буудлын хойгуур ороод зүүн эргэсэн. Дөнгөж эргээд дахиад зүүн эргэх байсан, би хэлж амжаагүй байтал жолооч зүүн эргээд чигээрээ яваад өгсөн. Гэхдээ уулзвараасаа нэг их хол яваагүй. Би жолоочид “наанаа  зогсчих, дахиад зүүн эргэх байсан юм” гэхэд “яадаг муу пизда вэ, замаа ч олигтойхон заачихгүй, 3,3 км, 3,300 төгрөг гарсан байна” гэхээр нь би 3,500 төгрөг өгтөл хариулт өгөлгүй “намайг буу” гэхээр нь би “хариултаа авъя, эсхүл хариултныхаа оронд гэрийнхээ үүдэнд буучихъя” гэхэд “хүргэж өгөхгүй, хариултаа ав” гээд 200 төгрөг над руу шидэж өгсөн. “Та яасан ууртай юм бэ, эрүүл юм уу, согтуу юм уу” гээд машинаас буух гэтэл “чи муу яасан олон үгтэй пизда вэ” гэснээ машинаа хөдөлгөөд явахаар нь “би мөнгийг чинь өгчихсөн одоо буучихъя” гэтэл “чи ямар олон үгтэй юм, чамайг 5 шар луу аваачиж ална” гээд Драгоны уулзвар луу явсан. Тэр үед би найзтайгаа утсаар яриад “таксины жолоочтой муудаад байна, намайг буцаагаад аваад давхичихлаа” гээд утсаа таслаад машинаас буух гээд хаалгыг онгойлгосон. Тэгэхэд машинаа арай удаашруулахаар нь би үсэрч буугаад “та одоо эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй яаж яваад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл жолооч хаалгаа онгойлгоод бууж ирээд миний цүнхнээс зуураад цүнхний оосор тасалсан. Тэр үед нөгөө машин өнхрөөд яваад байхаар нь “машин чинь өнхрөөд байна шүү дээ” гэхэд тэр хамаагүй гээд надтай зууралдаад байсан. Тэгж байтал машин нь өнхөрсөөр байгаад 2 машин мөргөчихсөн. Жолооч ах намайг зуурч чирээд машин дээрээ очсон. Цагдаа ч мөн ирсэн. Бид хоёр нилээн удаан зууралдаж бие биенийгээ заамдсан. Зууралдаж байхдаа би хальтарч нэг удаа газар унасан. Тэр ахын хоёр гарыг тавиулах гэж гар луу нь цохисон. Намайг цохиогүй. Уг асуудал зам дээр болсон болохоор чулуу байгаагүй, чулуу авах ч зай гараагүй. Би гартаа эд зүйл бариагүй. Намайг машинаас буунгуут жолооч ах машинаасаа “чамайг ална” гээд бууж ирсэн. Би айлгах гэж газраас юм авч шидэх гэж байгаа дүр эсгэсэн. Гэхдээ зам дээр зогсож байсан болохоор авах юм байгаагүй. Жолооч машинаасаа бууж ирээд надтай зууралдсан. Машины цонхоор жолооч ахыг цохисон асуудал байхгүй. Жолооч цонхоо ч онгойлгоогүй. Шууд хаалгаа онгойлгоод бууж ирсэн болохоор би жолоо, түлхүүрийг булаацалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-71-73/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-78/, хохирлын тооцоо /хх-30/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019.11.13-ны өдрийн 1014 дүгээр тайланд “Toyota Prius 20 маркийн автомашины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 555.000 төгрөг” гэжээ /хх-25-26/, өмгөөллийн гэрээ /хх-20-22/, орлогын мэдүүлэг /хх-23/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний төлбөрийн баримт /хх-24/, хохирлын баримтууд /хх-27-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48-49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-54-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, гэрч Ц.Сайнзаяагийн мэдүүлэг /хх-76-77/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Эрдэнэс тээвэр нэгдэл” ХХК-ийн “А.С тээврийн жолоочоор ажиллаж байна” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шинжээчийн дүгнэлттэй маргаад байна. Чулуугаар цохисон эсэх асуудал байхгүй. Дүгнэлтийг талуудад танилцуулсан бөгөөд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул дүгнэлт үндэслэлтэй. Өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг мөрдөгч, прокурор тэмдэглэл үйлдсэн тохиолдолд гаргах боломжтой. Нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Хохирогчийн тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлэх, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Хохирогч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Хохирлын эмчилгээний 120.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Лхагвасүрэн, Сайнзаяа, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул нотлогдсон. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шороо аваад шидсэн гэж сая хэллээ. Иймээс хохирлыг гаргуулж өгнө үү. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж хохирогч хохирч болохгүй. Тухайн орчинд камерийн бичлэг байхгүй, ажиллагаагүй гэдэг. Өмгөөлөгчийн хөлс, машины хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалдаа маргаагүй. Яллагдагчийн мэдүүлэг нь гэрч Балжиннямын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул Н 5 шар луу аваад явсан нь батлагдаж байна. Чулуугаар цохисон, эсэхийг тогтоох боломжгүй. Хохирогч Ныг шийтгэврээр торгосон байдаг. Энэ нь хохирогчийн буруутай үйлдэл байна гэж ойлгогдоно. Машин мөргөөд байгаа нь тусдаа асуудал, хор уршигт хамаарахгүй. Жолооч машинаа парклаад буух үүрэгтэй ч ингээгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.С нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллоос Таван шар орох замд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим таксины жолооч Ц.Нтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохиж чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Нын “...тэр залуу чулуутай гараараа шууд намайг цохиод миний машины жолоо, түлхүүр булаацалдаад байсан. ...Намайг С гэх хүн чулуутай гараараа толгойн зүүн чамархай хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-18-19/, шүүх эмнэлгийн 11700 дугаар “1.Ц.Нын биед чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-41-42/, гэрч П.Лхагвасүрэнгийн “...Таван шараас 21 дүгээр хороолол руу явж байхад цагаан өнгийн “приус20” маркийн жолоочгүй машин өөдөөс өнхөрч ирээд миний хажууд явж байсан машиныг мөргөсөн. Мөргөсөн эрчиндээ миний машиныг давхар мөргөсөн. Машинаасаа буугаад харж байтал цаанаас 2 эрэгтэй бие биетэйгээ зууралдчихсан хүрч ирсэн. Уг машины жолооч гэх эрэгтэй “энэ залуу намайг машинаас татаж буулгасан” гэж ярьж байсан. Зууралдсан залуугаа миний толгой руу чулуугаар цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-38/, шүүгдэгч А.Сийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр нилээн удаан зууралдаж бие биеийгээ заамдсан...” гэх мэдүүлэг /хх-71-73/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-78/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Сийн хохирогч Ц.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн хохиролд 120.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь “цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх тул түүний гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

Түүнчлэн хохирогчийн “өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс тээврийн хэрэгсэл өнхөрч, бусдын 2 тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс үүсэх хохирлыг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан хохирогчийн 2019.09.25-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...Би хэсэг манараад машинаасаа буугаад нөгөө залуутай зууралдаад...” гэх өргөдөл /хх-6/, 2019.09.25-ны өдөр гэрчээр өгсөн “...Миний толгойн зүүн тал руу нэг удаа хүчтэй цохисон. Би манараад машин унтраагаад түлхүүр сугалчихлаа гэж бодоод машинаасаа буугаад тэр залууг барьж аваад зууралдаж байхад миний машин урсгал сөрөөд хоёр машин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/, хохирогчоор 2019.11.04-ний өдөр өгсөн “...Би тэр залууг миний машины түлхүүрийг авчихлаа гэж бодоод “машины түлхүүр өг” гэсэн чинь тэр залуу миний цамцнаас татаад намайг машинаас буулгасан...” гэх мэдүүлэг /хх-19/, шүүгдэгчийн 2020.02.14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би машинаас үсэрч буусны дараа жолооч өөрөө машинаасаа бууж ирээд надтай зууралдсан...” гэх мэдүүлэг /хх-72-73/ зэргээс шүүгдэгч А.Сийн гэм буруугаа хүлээсэн үйлдэл буюу хохирогч Ц.Ныг цохисон үйлдлийн улмаас дээрх хор уршиг учраагүй байна гэж дүгнэлээ.          

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Үйлчлүүлэгч, үйлчлүүлэгчээр эрх зүйн харилцаанд оролцсон, улмаар шүүгдэгчийн зүй бус харьцаанаас гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Гэм буруугийн талаар маргаагүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж хохирогч хохирч байна. Илэрхий хэт 1 талыг барьж байна. Шүүгч хэргээ уншаад дүгнэлт хийх ёстой. Драйгер үлээлгээгүй, газар нь шороотой байсан эсэх зэргийг тогтоогоогүй. Үүнийг шалгах ёстой байсан, мөрдөгч, прокурор 2 эргэлзээгүй нотлох үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдаанд шороо цацсан, чулуугаар цохисон гэж хүлээн зөвшөөрсөн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд байдаг. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Гэрчийн мэдүүлгээр хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь тогтоогдож байна. 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйг тэмдэглэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /такси үйлчилгээнд явж байхдаа “утсаар яриад очих газраа зааж өгсөнгүй, хариулт 200 төгрөгөнд гэрт нь буулгаж өг” гэх таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийнн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нотлох баримт бүхий хохирол төлсөн, хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Эрдэнэс тээвэр нэгдэл” ХХК-д тээврийн жолоочоор ажилтай/-ийг үндэслэн шүүгдэгч А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тулга боржигон овогт Алтанхуягийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Нын “Өмгөөлөгчийн хөлс, тээврийн хэрэгсэл мөргөсний хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР