Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0416

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008009510459 дүгээр хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Нархан хотхонд үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхбаатарын А /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч М.А нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-20-7 тоот гэрт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 9 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Эг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Этай 8 жил амьдарч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2008009510459 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Эгийн: “...2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед нөхөр орноосоо босч ирээд зодсон. Нөхөр А урьд шөнө нь архи уугаад ирсэн. Би утсыг нь үзээд хэвтэж байтал эмэгтэй хүнтэй мессеж бичсэн байсан. Сэрэхээр нь уурлаад “чи одоо ингэж явдаг болсон уу” гээд маргаан үүсгэсэн. Тэгтэл А “чи яахаараа хар өглөөгүүр хэрүүл үүсгэдэг юм” гээд 2, 3 удаа гараараа толгой руу цохиод, биеэ хамгаалах гээд хөлөө дээш өргөтөл миний шилбэ, гуя руу 3, 4 удаа цохисон. Би гомдоод уйлахад нөхөр намайг гуйсан. Би нүүр өгөхгүй байтал дахиад зодож алгадаад, үснээс зулгаасан. А намайг зодчихоод гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөртэйгөө цаашид хамт амьдрана гэж бодож байгаа учраас гомдолгүй байна” гэх мэдүүлэг /хх-41/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.09-ний өдрийн 2485 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Эд зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралтууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,

Шүүгдэгч М.Аын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө хөдөө явчихаад ирсэн. Орж ирэнгүүт эхнэр миний утсыг шалгаад “чи хөдөө яваагүй байна” гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би утсаа авах гэсэн өгөхгүй, булаацалдаад байхаар нь ор луу түлхтэл Э намайг өшиглөөд байхаар нь би эхнэрийн хөл, гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-64-65/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Б.Э болон түүний 99473147 дугаарын утас, уг тоот хаягаас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй” гэх албан бичиг /хх-46/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “М.А нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй” гэх албан бичиг /хх-48/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “М.А “Их амар трейд” ХХК-д 2019 оны 5 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна” гэх албан бичиг /хх-50/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-52/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-54/, “Медикал майнд” ХХК-ийн “М.А нь манай компанид үсчин хийдэг. Сарын цалин 800.000 төгрөг авдаг” гэх тодорхойлолт /хх-70/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.А нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ҮЭ 2-20 дугаар байр, 7 тоот гэртээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчим хамтран амьдрагч Б.Эг “хардлаа” гэх шалтгаанаар зодож, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Эгийн “...А “чи яахаараа хар өглөөгүүр хэрүүл үүсгэдэг юм” гээд 2, 3 удаа гараараа толгой руу цохиод, биеэ хамгаалах гээд хөлөө өргөтөл шилбэ, гуя руу 3, 4 удаа цохисон. ...дахиад зодож алгадаад, үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-41/, шүүх эмнэлгийн 2485 дугаар “1. Б.Эд зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралтууд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-34/, шүүгдэгч М.Аын яллагдагчаар өгсөн “...Э өшиглөөд байхаар нь би эхнэрийн хөл, гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-64-65/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Аын хамтран амьдрагч Б.Эг үл ялих зүйлээр шалтаглан өшиглөж, алгадан зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-41/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“хардлаа” гэж шалтаглан хамтран амьдрагчийнхаа эрх, эрх чөлөөнд халдан өшиглөх, алгадах зэргээр зодсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Медикал майнд” ХХК-д үсчин ажилтай, сарын цалин 800.000 төгрөг/-ийг үндэслэн шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаатарын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР