Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0414

 

         

 

 

 

 

 

 

   2020         4           17                                              2020/ШЦТ/414         

 

-                                         

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008012010353 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нийт 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 71/07 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ХМШЗ/73 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар, 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Урангончиг овогт Самданлхүндэвийн Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч С.Г нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Т.Мягмаржавын байнга амьдардаг гэрт нэвтэрч “хар өнгийн Делл загварын Ай-3 үзүүлэлттэй нөтбүүк, цүнх” зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би зөв хүн болно. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2008012010353 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Мягмаржавын: “2020 оны 02 дугаар сарын 29-ний 16 цагийн үед ах Сумьяабазар залгаад “цадаагаас залгаад байна, гэрт хулгай орчихсон юм шиг байна, чи очоод үзээдэх” гэсэн. Гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Манай зүүн хойморт байрлах шаргал өнгийн тавиур дээр байсан хар өнгийн Делл ай-3 үзүүлэлттэй нөөтбүүк, цүнхний хамт алдагдсан байсан. Уг цүнх, нөөтбүүкийг 2019 онд 560.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо авсан үнээрээ үнэлнэ. Би цоожоо бэлгэнд авч байсан тул үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020.03.02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 433 дугаар тайланд: “Делл загварын ай-3 үзүүлэлттэй нөтбүүк, цүнхний хамт 560.000 төгрөгөөр тогтоогдож байна” гэжээ /хх-24-26/,

Гэрч Д.Лхагважавын: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 80-100 дугаар гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Хилчний 96 дугаар гудамжны үзүүр хэсэг “Ангилаг” дэлгүүрийн ойролцоо хар бараан хувцас өмссөн, 35-40 насны этгээд явж байхад нь саатуулан шалгахад Самданлхүндэвийн Г гэх этгээд хар өнгийн цүнхтэй эд зүйл барьчихсан явж байсан. “Уг нөөтбүүкийг хаанаас хэрхэн авсан” тухай асуухад “Хилчний 96 дугаар гудамжинд нэг айлаас хулгайлсан” тухай хэлсэн. Би тэр даруй уг айлыг олж, хохирогчид мэдэгдэн уг этгээдийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Бага зэрэг архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Шүүгдэгч С.Гын сэжигтнээр өгсөн: “Би Эрдэнэт хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 437 дугаар ангиас 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр суллагдан. Тэр өдрөө хот руу орж ирсэн юм. Надад ер нь оршин суух газар гэхээр зүйл байхгүй бөгөөд үргэлж гадуур тэнэмэл байдлаар амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явж байгаад Орбитын “Ангилаг” гэх дэлгүүрийн ойролцоох нэг гудамжаар орон банзан хашаатай, түгжээтэй монгол гэрийн цоожийг хөшиж эвдэж онгойлгон гэрийн зүүн дээд хэсэгт байрлах шар шүүгээн дээрээс хар өнгийн цүнхтэй нөөтбүүк хулгайлан авч, тус айлаас гарч ойролцоогоор 200 метр орчим алхаж байхад нэг цагдаа ирж намайг шалган би түүнд болсон явдлыг хэлэн тус цагдаагийн хэлтэст хүргэгдэн ирсэн. Би бага зэрэг согтуу байсан...” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уучихаараа л гэмт хэрэг үйлдчихээд байх юм...” гэх мэдүүлэг /хх-36-38, 60-61/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-29/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, магадлал, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт зэргийн хуулбар /хх-75-92/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Г согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 96 дугаар гудамж, 7 тоотод байрлах иргэн Т.Мягмаржавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Dell” загварын “I3” үзүүлэлттэй нөтбүүк, цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Мягмаржавын “...Гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Зүүн хойморт байрлах тавиур дээр байсан хар өнгийн Делл ай-3 үзүүлэлттэй нөөтбүүк, цүнхний хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 433 дугаар “Нийт хохирлын дүн нь 560.000 төгрөгөөр тогтоогдож байна” гэх тайлан /хх-24-26/, гэрч Д.Лхагважавын “...Самданлхүндэвийн Г гэх этгээд хар өнгийн цүнхтэй эд зүйл барьчихсан явж байсан. “Уг нөтбүүкийг хаанаас хэрхэн авсан” тухай асуухад “Хилчин 96 дугаар гудамжинд нэг айлаас хулгайлсан” тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгч С.Гын сэжигтнээр өгсөн “...банзан хашаатай, түгжээтэй монгол гэрийн цоожийг хөшиж эвдэж онгойлгон гэрийн зүүн дээд хэсэгт байрлах шар шүүгээн дээрээс хар өнгийн цүнхтэй нөтбүүк хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /хх-36-38, 60-61/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-29/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Гын хохирогч Т.Мягмаржавын амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мягмаржавт 560.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд тухайн эд хөрөнгийг хохирогчид гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биет байдлаар хүлээлгэн өгсөн нь эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-29/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/-ээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Гэмт хэргийн улмаас 560.000 төгрөгийн хохирол учирсан. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, бусдын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 560.00 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар буцаан төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэгдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Гын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урангончиг овогт Самданлхүндэвийн Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гыг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР