Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 5840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44е байр, 39 тоотод оршин суух, 1990 онд төрсөн 26 настай, Бэсүддаш овогт Лхагвын Отгонпүрэв /РД:ВД90092805/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 29 дүгээр байр, 139 тоотод оршин суух, Хөх дан овогт Аюушийн Батжаргал /РД:ДО89012911/-д холбогдох

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг, хариуцагч А.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Отгонпүрэв шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд А.Батжаргалд холбогдуулж хамтын амтдралтай байснаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тусгаарласан. Нэхэмжлэгч нь ХААИС–д суралцаж байх хугацаандаа А.Батжаргалтай танилцаж, тэдний дундаас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Нарангоо төрсөн. Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв нь хичээлээсээ чөлөө авч, хүүхдээ асарч байсан. 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Л.Отгонпүрэвийн хадам талаас бэр гуйж, 2011 оны 08 дугаар сарын 15-аас эхлэн хууль ёсоор хамтран амьдарч эхэлсэн. Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 25-1 байр, 305 тоотод нэг өрөө байрыг хариуцагчийн ар гэрийнхэн нь Л.Отгонпүрэв, А.Батжаргал нарт худалдан авч өгсөн. Т     эр өдөр 2 талын гэр бүлийнхэн, найз нөхдийн хүрээнд цайллага хийсэн. 2014 оны 1 дүгээр сараас эхлэн БГД-ийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29-139 тоотод  гэр бүлийн хамт амьдарсан. Зан харилцааны таарамжгүй байдал, нөхрийнх нь гэр бүлийнхний дарамт шахалтаас болж 2015 оны 06 сараас эхлэн хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 22-ийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Л.Отгонпүрэв, хариуцагч А.Батжаргал нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, охин Б.Нарангоод хуульд заасан журмын дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь 2013 оны 08 дугаар сард Л.Отгонпүрэвийг өмдний тэлээгээрээ гуядаж зодсон байдаг. Үүнээс болоод тэд нэг, хоёр сар тусдаа амьдарч байгаад эргээд хамт амьдарч байгаад 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь өөр эмэгтэйтэй холбогдож, эхнэрээ зодсон байдаг. Энэ өдрөөс тэдний хамтын амьдрал дууссан. Хариуцагч нь хариу тайлбартаа 4 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаа гэдгээ дурдсан байдаг. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг  тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч А.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 05 дугаар сарын сүүлчээр Л.Отгонпүрэвтэй танилцан охин Нарангоо төрсөн. Бид 2011 оны 08 дугаар сард миний төрсөн эгч А.Юмчинсүрэнгийн 1 өрөө байранд өөрийнх нь зөвшөөрлөөр амьдарч эхэлсэн. Миний ах дүү нар хөргөгч, плитка, гал тогооны тавилга зэрэг хэрэгцээт зүйлсийг авч өгч тусалсан. Хамтын амьдрал эхэлснээр Л.Отгонпүрэвийн зан авир танигдаж эхэлсэн. Хичээлээс ирэхэд хүүхэд өлсөөд уйлж байхад хоол унд хийж өг гэхээр унтуулж амруулсангүй гээд намайг гартаа тааралдсан юмаараа цохиж, хумсаараа улаан эрээн болтол мааждаг байсан. Их олон удаа гүн самардсан сорвиуд нь арилаагүй миний бие дээр байгаа. Би охиноо бодож хүлээцтэй хандаж олон удаа уучилсан. Л.Отгонпүрэв надтай хамтран амьдрах 4 жилийн хугацаанд урт хугацаагаар 5 удаа, богино хугацаагаар 10 гаран удаа салж нийлсэн. Уур нь хүрэхээрээ хамаг хувцсаа аваад явдаг. Эсвэл найз нөхөдтэйгээ архидан согтуурч агсам тавьж охин бид хоёрыг зовоодог. Арга буюу төрсөн эгч Л.Энхтуяад нь шөнө дөлөөр удаа дараа хэлж байсан. 2011 онд Л.Отгонпүрэв охиноо асрахаар сургуулиасаа жилийн чөлөө авсан. Энэ үед би Монтелийн дэргэд хуучин гар утас зардаг лангуу ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ эгч А.Юмчинсүрэнгээс 2.000.000 төгрөг зээлж үлдэгдэл мөнгийг өөрөө гаргаж ажиллуулж байсан боловч хуучин утас зардаг болохоор орлого муутай хоногийн хоолоо залгуулдаг байсан. Би охиноо бас Л.Отгонпүрэв хоёрыг тэжээхийн тулд сургуулиа орхисон. Бидний амьдралын энэ байдлыг эгч маань хараад 2012 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт байрладаг дэлгүүрээ ажиллуул гэсэн. Дэлгүүрийг барааны хамт түрээслэн ажиллууж байсан. Дэлгүүрийн ажлыг би гардан хийдэг байсан. Л.Отгонпүрэв хааяа ирдэг боловч надад их дарамттай байдаг байсан. Ингээд Л.Отгонпүрэвийг тус болохгүй байсан болохоор өөрийн эгч А.Цэнгэлмаатай хэсэг хугацаанд хамтарч ажиллуулсан. Гэвч Л.Отгонпүрэв миний эгчтэй тохирохгүй, элдэв хэрүүл маргаан үүсгээд байсны улмаас эгч маань ажиллахаа больсон. Аргагүйн эрхэнд н.Жавзандулам гэдэг хүн авч ажиллуулсан. 2012 оны 09 сараас эхлэн Л.Отгонпүрэв сургуульдаа сурч эхэлсэн. Хааяа хагас бүтэн сайн өдөр дэлгүүр дээр ирж камер шүүдэг ажил хийдэг байсан. Намайг үйлчлүүлэгч рүү харж инээсэн байна гэж хардаж хэрүүл үүсгэдэг байсан. Шөнийн 12 цагаас 01 цагийн хооронд гэртээ ирэх болгонд хоол унд ч байхгүй уурладаг байсан. Би олон удаа машиндаа хонож байсан. 2012 оны өвөл өөрөө салж явчихаад миний эгч А.Юмчинсүрэн лүү надад 60.000.000 төгрөг өг, тэгвэл би А.Батжаргалаас сална гэж сүрдүүлэн мессэж бичсэн байсныг үзэж үнэхээрийн цочирдсон. Дэлгүүрийн орлогоо шөнөдөө гэртээ хадгалж өглөө нь авч явдаг байсан. 2013 онд сургууль төгсөх жил нь гээд сургалтын төлбөр, дутуу кредит цагийнх нь мөнгийг би төлсөн. Авъя гэсэн үнэтэй монетон ээмэг, гар утас, гутал, шуба гээд шаардсан бүх л зүйлийг нь авч өгсөн. Эгчээсээ 1.000.000 төгрөг зээлж компьютер авч өгч дипломын ажлаа бичихдээ ашигла гэж өгсөн. Л.Отгонпүрэв нь 2013 оны 04 дүгээр сард сургуулиа төгссөн. Манай эгч сургуулиа төгссөн юм чинь хоёулаа хамтарч дэлгүүр ажиллуул гэсэн. Тэгэхэд Л.Отгонпүрэв танай эгч тэгж хэлээд байна, намайг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж авч өгвөл дэлгүүрт ажиллана гэхэд нь бүр ихээр цочирдсон. Л.Отгонпүрэв сургуулиа төгсөөд фиттнес, усан бассейнд явж надад туслах чин хүсэлгүй байсан. Өөрийнх нь нэр дээр орон сууцны зээл авах санааг нь би зөвшөөрөөгүй учир 2013 оны 08 дугаар сард гэрт хадгалж байсан 5.000.000 төгрөгийн дэлгүүрийн орлогыг аваад зугтаасан. Удалгүй төрсөн эгч Л.Эрдэнэчимэг, Л.Мягмарсүрэн, Л.Энхтуяа нартайгаа ажил дээр орж ирж доромжилж дарамталсан. ...Охиныхоо тэтгэмжийн талаар маргахгүй, хуулийн дагуу тэтгэмж төлнө гэжээ.

            Хариуцагч А.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 оны 05 дугаар сараас эхлэн уулзаж байгаад бидний дундаас 2011 онд охин Б.Нарангоо төрсөн. Миний бие нэхэмжлэгчтэй 2011 оны 08 дугаар сараас 2013 оны 08 дугаар сарыг хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 10-20 гаруй удаа салсан. Хамтран амьдарч байхад бидний амьдрал ямар ч утгагүй байсан. Л.Отгонпүрэв нь хамтран амьдарч байх хугацаанд оюутан байсан учраас хамтын өмч хөрөнгийг босголцоогүй. Би охиноо өөрийн хүүхэд мөн гэдэгт маргахгүй учраас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2013 оноос эхлэн би өөр хүнтэй болчихсон байсан учраас Л.Отгонпүрэвтэй хамт амьдраагүй. 2013 оны 08 дугаар сараас хойш бид 2 талд тусдаа байсан. Л.Отгонпүрэв нь хаяа нэг гэртээ ирэн очин байсан. 2015 оны 01 дүгээр  сараас эхлэн би хөдөө ажиллах болсон. Л.Отгонпүрэв нь 2015 оны 06 дугаар сард сүүлийн удаа гэртээ ирээд явсан. Би Л.Отгонпүрэвийг зодож, цохисон зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг Л.Отгонпүрэвийг зодож, цохиж байсан гэсэн тайлбар өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг тусгаарласан шүүгчийн захирамж гарснаас хойш хэрэгт ямар нэгэн нэмэлт нотлох баримт ороогүй байгаа. Хамтын амьдралтай байсан хугацаанд нэхэмжлэгчийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар Цагдаагийн газарт гомдол гаргасан баримт хэрэгт огт авагдаагүй. 2010 оны 05 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан гэдгээ хариуцагч хэлж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 оны 08 дугаар сараас эхлэн хариуцагчийн эгчийн байранд хамтран амьдарч эхлээд 2013 оны 08 дугаар сараас хойш хамтран амьдраагүй байдаг. Шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлэхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв нь хариуцагч А.Батжаргалд холбогдуулж хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв, хариуцагч А.Батжаргал нар 2010 оны 05 дугаар сард танилцаж, 2011 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин О.Нарангоог төрүүлсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, №0000646560/12 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хамтын амьдрал дуусгавар болсон гэж тайлбарлан 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн бол хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2011 оны 08 дугаар сараас 2013 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл зохигч хамтын амьдралтай байсан гэдгээ хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч хамтын амьдралын хугацааны хувьд маргаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй

Хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Л.Отгонпүрэвтэй 2013 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, түүнээс хойш хамтран амьдраагүй гэж тайлбарлаж байх боловч түүнийгээ нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний энэхүү тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ. 

Харин хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...бид 2011 оны 08 дугаар сараас миний төрсөн эгч Юмчинсүрэнгийн 1 өрөө байранд өөрийнх нь зөвшөөрлөөр амьдарч эхэлсэн, ...Л.Отгонпүрэв нь надтай хамтран амьдрах 4 жилийн хугацаандаа урт хугацаагаар 5 удаа, богино хугацаагаар 10 гаран удаа салж нийлсэн,...2014 оны 04 сард Л.Отгонпүрэв нь Сандэй худалдааны төвд гутлын лангуу ажиллуулна гээд  надаас шаардсаар байгаад 3,900,000 төгрөг авсан,...” гэх тайлбарыг гаргаж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй байх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар нь нотлогооны нэг хэрэгсэл юм.

Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрч Л.Эрдэнэчимэг, Д.Бадамгарав, В.Мөнхцэцэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэгч Л.Отгонпүрэв, хариуцагч А.Батжаргал нарыг 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагч А.Батжаргал нь 2011 оны 02 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин О.Нарангоогийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин О.Нарангоог 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Батжаргалаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Хэдийгээр охин О.Нарангоо эхийн асрамжид байгаа боловч эцэг А.Батжаргал нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болохыг дурьдав. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бэсүд даш овогт Лхагвагийн Отгонпүрэв, Хөх дан овогт Аюушийн Батжаргал нарыг 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин О.Нарангоог 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг А.Батжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.  

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Батжаргалаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Отгонпүрэвт олгосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА