Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 5842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюуш 1-20 тоотод оршин суух, Чоно овогт Цэдэвийн Сэржим /РД:УС60111944/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Сэржим, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч Ц.Сэржим нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Цэдэв овогтой Сэржим 1978 онд Баян- Өлгий аймгийн Барилгын техник мэргэжпийн сургуульд элсэн орохдоо бичиг баримтаа шалгуулаагүй амаар овог нэрээ хэлж бичүүлсэнээс болж, миний нэрийг Ц.Сэржим гэж алдаатай бичигдсэн байсан. 1980 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  Зөвлөлтийн барилгын 2-р трестийн Монгол ажилчдын захиргааны даргын 362-р тушаалаар ажилд орсон. Түүнээс хойш 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А750 тоот тушаалаар цомхотголд орж чөлөөлөгдсөн. Энэ хооронд 10 жил ажиллахдаа Ц.Сэржмаа гэсэн нэрээр ажиллаж байсан. Харин 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилд орж, нийт 35 жил улсад ажиллаад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тэтгэврээ тогтоолгосон. Энэ хооронд Ц.Сэржим нэрээр ажиллаж ирсэн. Иймд Цэдэв овогтой Сэржмаагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэдэв овогтой Сэржим мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Сэржим нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын тодорхойлолтоор Баян-Өлгий аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургууль байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Цэдэв овогтой Сэржимд холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хүсэлт гаргагч Цэдэвийн Сэржим нь 1960 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн болох нь 113 дугаартай төрсний гэрчилгээ болон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбараар  тогтоогдож байна /хх-ийн 3,6 тал/.

             Хүсэлт гаргагч Ц.Сэржим нь 1978 оноос 1980 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн орж суралцаад 1980 оноос 1990 оны хооронд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд орж ажилласан болох нь гэрч Б.Жамбал, Х.Нямсүрэн нарын мэдүүлэг, тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба түүний ийнхүү ажилласан байдал нь 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас Цэдэв овогтой Сэржмаад олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, баталгаажсан байна.

Мөн тус хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч Сэржмаагийн овог, төрсөн он нь хүсэлт гаргагч Ц.Сэржимийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхний овог, төрсөн онтой тохирч байна.

            Иймд  хүсэлт гаргагч Чоно овогт Цэдэвийн Сэржимийг “1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян- Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас  Цэдэв овогтой Сэржмаад олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                    ТОГТООХ нь:                                                                                                               

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар  Чоно овогт Цэдэвийн Сэржим нь “1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян- Өлгий аймгийн Барилгын техник мэргэжпийн сургуулиас  Цэдэв овогтой Сэржмаад олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА