| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0393/э |
| Дугаар | 0424 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 0424
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Д.Нямбат,
хохирогч Э.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа,
шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008013810467 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “” ХХК-д ачааны машины жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Норовлин овогт Жигжидсүрэнгийн Ш /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.Ш нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед хашааны гадаа “эмэгтэй дүү Шижирмааг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар Э.Эыг зодож, баруун зовхи, дээд уруул, зулай, дагз, зүүн ташаанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, дээд уруулд шарх, хоёр шүдний хөдөлгөөн оролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүүгийнд очиход байхгүй, хүүхэд нь байсан. “Нөгөө эгч аваад явсан, аав араас нь явсан” гэж байсан. Тэгээд ийм юм болсон. Би согтуу байгаагүй. Хохирогч уучихсан байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүд хөдөлсөн боловч янзлуулж чадаагүй. Эхнэр “Шижирмаа дуудаад байна” гэхээр нь очсон. Дэлгүүрийн гадна байхад ах нь ирээд машин хааж зогсоод намайг зодсон. Би гэртээ архи уусан байсан. Шүдээ 250.000 төгрөгөөр янзлуулна” гэв.
Эрүүгийн 2008013810467 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Эын: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Шижирээ манай эхнэр лүү залгаад “хүрээд ир, төрсөн өдөр болж байна” гэсэн. Би тухайн үед найз Гончигжавын хамт гэртээ 2 шил пиво уусан байсан. Шижирээтэй уулзсан. Шижирээ тэр үед согтуу байсан үгүйг мэдэхгүй байна, архи нийлж уугаагүй байтал гэнэт Шижирээгийн ах гэх залуу машинтайгаа урдуур хааж Шижирээг “машинаас буу” гээд буулгаад намайг “буугаад ир” гэхээр нь буусан. Буугаад иртэл “чи манай дүүг уруу татлаа” гэсэн. “Тийм зүйл байхгүй” гэж хэлтэл намайг өргөөд унагаах шиг болсон. Толгойн тус газар луу 3-4 удаа өшиглөсөн. Намайг дахиад үсдээд 2-3 удаа өшиглөөд, атгасан гараараа бас 2-3 удаа цохисон. Эхнэр Хишигбаяр цагдаад дуудлага өгсөн. Би эмнэлэг яваад уруул дээрээ 5 оёдол тавиулаад, толгойны зургаа авахуулсан. Гомдолтой байна. Гар юм өргөж болохгүй байна. Уруул дотроо шархлаад байна...” гэх мэдүүлэг /хх-12/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.17-ны өдрийн 3673 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Э-н биед баруун зовхи, дээд уруул, зулай, дагз, зүүн ташаанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, дээд уруулд шарх, хоёр шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-22-23/,
Гэрч Ж.Шижирмаагийн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний 21 цагийн үед гэртээ байхад Хишгээ залгаад “уулзъя” гэсэн. Гараад очтол Хишгээ, түүний нөхөр Э, бас нэг танихгүй залуутай байсан. Э, нөгөө залуу 2 согтуу байсан. “Хамт архи ууя, явъя” гээд Э нэг залуутай пиво уугаад байсан. “Дэлгүүр оръё, уул руу яваад архи авъя” гэхээр би “уухгүй” гээд архи авахуулаагүй. Буцаад хашааны машинтай зогсож байхад манай ах Ш ирээд намайг загнаад “архи уусан уу” гэхээр нь “уугаагүй” гэсэн. Тэгээд намайг “гэр лүү ор” гэж хэлсэн. Би ахаас айгаад гэртээ орох гээд санаа зовоод хашааны завсраар хартал Э арын суудлаас бууж ирсэн. Ах Хишигээд хандаж “та нар битгий манай дүүг уруу татаад бай, айл амьтан амар тайван байлга, төрөх дөхөөд юу хийгээд согтуу хүмүүстэй явна вэ, чамд жолооны үнэмлэх байхгүй биз дээ, 2 согтуу хүнтэй” гэж хэлсэн. Тэгж хэлтэл машины ар талаас Э бууж ирээд “юу гээд байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ, бид нар яасан юм бэ, пизда минь” гээд Шижирээ ахтай заамдалцаад авсан. Ах Шижирээ “цаашаа ор юу хараад байгаа юм бэ” гэхээр нь айгаад гэр лүү ороод, санаа зовоод буцаад гараад иртэл хоорондоо ноцолдож, зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч О.Хишигбаярын: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Шижирмаа над руу залгаад “хүрээд ир, төрсөн өдөр болсон” гэсэн. Тэр өдрөөс өмнө хүртэл залгаад байсан. Шижирмаатай уулзсан. Дэлгүүр лүү хамт яваад нөхөр дургүйцээд байхаар буцаад аваад ирсэн. Тэгээд буулгах гэж байтал Шижирээгийн ах Ш ирээд Шижирмааг “буу” гэсэн. Манай нөхөр дээр очоод “чи буугаад ир” гээд “битгий дүүг маань уруу татаад бай” гэхээр нь манай нөхөр “тийм зүйл байхгүй” гэтэл нөхрийг унагаагаад, өшиглөөд, би салгах гэтэл гэдэс рүү ёворсон. Дахиад босгож ирээд үсдээд өшиглөөд өргөж шидээд байсан. Гараараа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүгдэгч Ж.Шын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний 20 цагийн үед Шижирмаагийн гэрээр ороход охин нь гэртээ байсан. Охин нь “ээжийн гap утас дуугараад, хүмүүс дуудаад гараад явчихлаа, аав араас нь олж ирэхээр гарсан” гэсэн. Би Шижирмаагийн утас руу залгаад “хаана байна вэ” гэж асуухад “дэлгүүрийн гадна байна, одоо очлоо” гэсэн. Хүлээгээд 20 минут гаруй болсон. Ирээгүй дахиад залгаад асуутал дэлгүүр дээр ирсэн байна гэхээр нь дэлгүүр лүү очтол байхгүй байсан. Худлаа яриад байна гэж бодоод буцаад гэр лүү явж байтал хашааны гадна үл таних “Тоёото приус 20” маркийн автомашинтай дүү Шижирмаа, нөхөр Дэмүүл, хуучин хөрш байсан Хишгээ гэх хүүхэн жирэмсэн, түүний нөхөр согтуу Э, найз нь гэх танихгүй согтуу залуу байсан. Би уурлаад Шижирмааг “гэр лүүгээ ор, хүүхдээ орхиод хаагуур яваад байдаг юм бэ” гээд загнаад явуулсан. Хишгээд хандаж “чи одоо боль л доо, битгий дүүг минь уруу татаад бай” гэсэн. Э бууж ирээд “чамд ямар хамаатай юм бэ, битгий миний эхнэрт томроод бай” гээд дайраад барилцаад авахаар нь нүүр лүү нь 2-3 удаа цохиод, доошоо нүүрээ дарахаар нь өшиглөх гээд хөлөө зангаад, “за бас согтуу хүнийг хэтрүүлж магадгүй” гээд болисон. Тэгээд маргалдаж байгаад над руу дахиад дайрахаар нь би хавсраад газар унагаасан. Унахад нь хаяад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
дуудлагын лавлагааны хуудас /хх-2/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн шинжилгээ /хх-26/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/, “” ХХК-ийн “Ж.Ш хүнд даацын автомашины жолооч ажилтай” гэх тодорхойлолт /хх-46/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20 дугаар гудамж, 630а тоот хашааны гадаа “эмэгтэй дүү Ж.Шижирмааг уруу татлаа” гэх шалтгаанаар иргэн Э.Эыг зодож, баруун зовхи, дээд уруул, зулай, дагз, зүүн ташаанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, дээд уруулд шарх, хоёр шүдний хөдөлгөөн оролт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Эын “...Шижирээ гэх залуу ...намайг өргөөд унагаах шиг болсон. Толгойн тус газарт 3-4 удаа өшиглөсөн. Намайг дахиад үсдээд 2-3 удаа өшиглөөд, атгасан гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-12/, шүүх эмнэлгийн 3673 дугаар “1.Э.Э-н биед баруун зовхи, дээд уруул, зулай, дагз, зүүн ташаанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, дээд уруулд шарх, хоёр шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22-23/, гэрч Ж.Шижирмаагийн “...Э ...Шижирээ ахтай заамдалцаад авсан. ...хоорондоо ноцолдож, зодолдож байсан” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч О.Хишигбаярын “...Ш ...манай нөхрийг унагаагаад өшиглөөд, дахиад босгож ирээд үсдээд өшиглөөд өргөж шидээд байсан. Гараараа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Ж.Шын яллагдагчаар өгсөн “...Э согтуу, бууж ирээд “чамд ямар хамаатай юм бэ, битгий миний эхнэрт томроод бай” гээд дайраад барилцаад авахаар нь нүүр лүү нь 2-3 удаа цохиод, доошоо нүүрээ дарахаар нь өшиглөх гээд хөлөө зангаад болисон. Тэгээд маргалдаж байгаад дахиад дайрахаар нь би хавсраад унагаасан...” гэх мэдүүлэг /хх-31-32/, дуудлагын лавлагааны хуудас /хх-2/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Шын хохирогч Э.Эыг хувийн таарамжгүй харилцааны улмаас өшиглөх, цохих үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь баруун зовхи, дээд уруул, зулай, дагз, зүүн ташаанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, дээд уруулд шарх, хоёр шүдний хөдөлгөөн оролт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Цаашид шүдээ 250.000 төгрөгөөр янзлуулах тул нэхэмжилнэ” гэж мэдүүлснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Ш гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын хувьд баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй. Ажилтай байсан хугацааны цалин, эмчилгээний баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдуулах, шүүгдэгчид 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“дүүг архи уухаар уруу татлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан, хэд хэдэн удаагийн үйлдлээр өшиглөх, цохих үйлдлээр гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримтууд хэрэгт авагдаагүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Moнпорт” ХХК-д хүнд даацын автомашины жолооч ажилтай/-ийг үндэслэн шүүгдэгч Ж.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Норовлин овогт Жигжидсүрэнгийн Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР