Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008002810307 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ОНӨААТҮГ-т хог тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Нуур овогт Ганбаатарын Д /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Д нь 2019 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Мыг зодож, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун эгэм, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 2008002810307 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Мын: “2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Намсрайжав, Д, Хүрэлчулуун, Лхагвасүрэн, Батчимэг бид хэд 21 цагийн үед караокед орцгоосон. Тэндээ 2 цаг гаран ууж, идэж сууцгаагаад гарсан. Караокеноос гараад Хүрэлчулуун, Батчимэг нар “харьлаа” гээд явсан. Би “харьлаа” гээд таксинд суух гээд зам руу явахад араас Намсрайжав ирээд “бааз орж ууя” гээд байхаар нь “үгүй” гээд зам руу явсан. Д, Намсрай хоёр намайг өргөөд бааз явах зүг рүү чирээд байсан. Эхэндээ би тоглож байна гэж бодсон. Сүүлдээ би уурлаад тийчлээд тэр хоёрыг тавиулсан. Би халаасандаа утсаа үзтэл алга байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт “миний утас уначихжээ, яваад хайя” гэтэл Намсрай, Д хоёр “юун сүртэй юм бэ, аваад өгчихнө” гэсэн. Би уурлаад “та хоёр зайл” гэж хэлсэн. Тэгтэл Д уурлаад намайг “юун сүртэй юм” гээд зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би юу ч дуугараагүй найз охинтойгоо зам гараад такси барих гээд зогсож байтал араас хоёулаа ирээд Д дахиад зүүн шанаа руу цохисон, нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Мөн зүүн чамархайны дээд талд гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Намайг манай найз охин салгаад таксины урд талын суудалд суулгасан. Д “чи эр хүн юм бол буугаад ир, гараад ир” гэхээр нь би бууж очсон. Намайг дагуулаад машины хойно очоод зүүн чихний орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Найз охин, таксины ах, түүнтэй хамт явж байсан эмэгтэй бууж ирээд намайг дахиад салгаад машинд суулгатал Д зүүн чих рүү хоёр удаа алгадсан. Намсрайжав намайг цохиж зодоогүй. Гээгдүүлсэн гар утас, эмчилгээний зардлаа гаргаад өгчихвөл гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний өдрийн 516 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.М-н биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун эгэм, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-30-31/,

Гэрч Б.Намсрайжавын: “2019 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагийн үед караокед хамт ажилладаг С.М, Д, Хүрэлчулуун, Лхагвасүрэн, Батчимэг бид хэд орон 2 цаг гаран ууж сууцгаагаад гарсан. Д Мыг авч явна гээд бэлхүүсээр нь тэврээд өргөөд яваад байсан. Тэр хоёр “явна, явахгүй” гээд 1 км гаран алхсан. Гэнэт М “намайг тавь даа, миний халааснаас утас уначихлаа” гэж хэлсэн. Д “төлөөд өгье, зүгээр явъя” гээд цааш үүрээд явсан. ...Мыг үүрээд, чирээд байхад гэнэт уурлаад М Дыг тавиулах гээд надаас зуураад гараараа миний баруун шанаа руу цохисон. Надад гэмтэл учраагүй. Намайг цохьчихоор нь Д Мыг цааш аваад явсан. Урд М тэр хоёр ноцолдоод байх шиг байсан. Мын найз охин салгаад таксинд суух гээд зам хөндлөн гараад такси зогсоохоор нь Д гүйж очоод Мыг таксинаас буулгаад хэд хэд алгадаад, маргалдаад байсан. “Чи хэлсэндээ хүрсэнгүй” гээд Д цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч М.Лхагвасүрэнгийн: “...М, Д, Намсрайжав бид 4 гадаа тамхи татаад зогсож байгаад “бааз руу яваад архи ууцгаая” гэж ярилцсан. Тэгээд явах болтол М гэнэт “явахгүй” гэсэн. Намсрай Мыг “өргөөд явъя” гээд бааз руу чирсэн. Д араас ирээд хөлнөөс нь өргөсөн. М “би явахгүй, ах ирж байгаа” гээд байсан. М “намайг тавь даа, утас уначихлаа” гээд байсан. Намсрайжав намайг “чи яваад утсыг нь үзээд ир” гэхээр нь би найз охинтой нь караоке орохын наахан хэдэн метрийн зайтай хайж байхгүй болохоор нь буцаад ирсэн. Ирэхэд Намсрайжав замын боржур дээр сууж байсан. Намсрайжав “М намайг эрүү рүү цохьчихлоо, гэхдээ зүгээрээ сүртэй асуудал болоогүй” гэж байсан. М, Д хоёр муудалцаад байсан. М найз охиноо дагуулаад зам хөндлөн гараад такси барих гээд зогсож байсан. Бид гурав очоод Намсрайжав Мыг “чи яасан арчаагүй юм бэ, хамт явна гэчихээд хэлсэндээ байхгүй” гээд хэрүүл маргаан болсон. Нэг такси зогсоод М найз охинтойгоо суучихсан. Д очоод “буугаад ир” гээд буулгаад 2 алгадаж байсан. Тэр хоёр таксины ард ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-28/,

Шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 19-ний ...23 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. ...М, Намсрайжав, Лхагвасүрэн бид 4 гадаа тамхи татаад зогсож байгаад хоорондоо “бааз руу яваад архи ууцгаая” гэж ярилцсан. Мыг Намсрай үүрээд бааз руу явахаар нь тоглож байна гэж бодоод би хөлнөөс нь өргөөд 1 км гаран алхсан. ...М “намайг тавь даа утас уначихлаа” гэсэн. Намсрай “төлөөд өгье, зүгээрээ явъя” гээд байсан. Мыг үүрээд чирээд байхад гэнэт уурлаад найз охинтойгоо таксинд суухаар зам хөндлөн гараад такси зогсоохоор нь би гүйж очоод “цуг бааз орно, явах гэж байгаа юм уу” гээд маргалдсан. Маргалдаад би Мыг хэд хэдэн удаа гараараа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, “” ОНӨААТҮГ-ын “Г.Д тус байгууллагад хог тээврийн жолооч ажилтай” гэх тодорхойлолт /хх-47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-52/, хохирлын баримтууд /хх-55-58/, “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо /хх-61/, прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-63-64/, хохирогчийн “Даас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 700.000 төгрөг тус тус авсан” гэх гар бичвэр /хх-65/, хохирогчийн “Дтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохиролд 2.000.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй” гэх гар бичвэр /хх-66/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Д согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хамт явж архи уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Мыг зодож, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун эгэм, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Мын “...Д уурлаад намайг “юун сүртэй юм” гээд зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...дахиад зүүн шанаа руу цохисон, нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Зүүн чамархайн дээд талд гараа атгаж байгаад 2 удаа, чихний орчим 1 удаа цохисон, зүүн чих рүү 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 516 дугаар “1.С.М-н биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун эгэм, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30-31/, гэрч Г.Дын “...М тэр хоёр ноцолдоод байх шиг байсан. ...Д араас нь гүйж очоод Мыг таксинаас буулгаад хэд хэд алгадаад, маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч М.Лхагвасүрэнгийн “...Д очоод “буугаад ир” гээд буулгаад 2 алгадаж байсан. Тэр хоёр таксины ард ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн “...Маргалдаад би Мыг хэд хэдэн удаа гараараа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-42-43/, хохирлын баримтууд /хх-55-58/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Дын хохирогч С.Мыг “хамт явж архи уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан алгадаж, өшиглөж, цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 765.000 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогчийн “...Даас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 700.000 төгрөг тус тус авсан” гэх гар бичвэр /хх-65/, “Дтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохиролд 2.000.000 төгрөг авсан” гэх гар бичвэр /хх-66/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Д согтуурсан үедээ хохирогч С.Мыг зодож хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан цохих, алгадах, өшиглөх зэрэг хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид олон тооны няцрал, цус хуралт, хугарал гэмтэл учирсан, хохиролд 2.000.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“” ОНӨААТҮГ-т хог тээврийн жолооч ажилтай/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Дыг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нуур овогт Ганбаатарын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР