Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0090/З |
Дугаар | 221/МА2021/0515 |
Огноо | 2021-09-29 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0515
“Г М П” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “Г М П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр:
“...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож ...” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь:
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.", 62 дугаар зүйлийн 62.2.3-д “ ... хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байдаг." Г М П" ХХК-ийн дүрмийн 8.4-д зааснаар тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилж чөлөөлөх бүрэн эрх хуулийн дагуу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагдана. “Г М П” ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “Б К” ХХК, Герман Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох E.F.I G & P C 3 K болон G G нар хуваан эзэмшдэг болно.
Гэтэл “Г М П” ХХК нь өөрийн хууль ёсны хувьцаа эзэмшигч “Б К” ХХК-ийн оролцоогүйгээр буюу хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа энэ бүртгэлийг зөвхөн “F V T”-ийн овог солигдсон гэх үндэслэлээр хийлгэсэн учир эзэмшигчдийн хурлын шийдвэр шаардлагагүй гэх тайлбар хэлдэг.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: ... үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр/тогтоол, хурлын тэмдэглэл...” гэж заасан байна. Мөн Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д “Хуулийн этгээдийн төлөөлөн гүйцэтгэх удирдлагын талаар өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 8.3.4-д “Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг өргөдөлд хавсаргана” гэж тус тус заасан байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-д “Улсын бүртгэгч ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу байх тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж , өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд улсын бүртгэгч “Г М П” ХХК-ийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолгүйгээр буюу баримт бичгийн бүрдэл дутуу байхад гүйцэтгэх захирлын талаар мэдээлэлд өөрчлөлт оруулан улсын буртгэлд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн нь хууль зөрчсөн болно.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах үүрэгтэй” гэж заасан байна.
Улсын байцаагч нь энэхүү хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5646 дугаар дүгнэлт гаргаж улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хүчин төгөлдөр нотлох баримтад үндэслэлгүйгээр улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Г М П” ХХК-ийн дүрмээс үзвэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын GID GmbH компани 38.27%, мөн улсын E.F.I G&P C 3 K компани 24.96%, Монгол Улсын “Б К” ХХК 36.77%-ийн хувьцаа эзэмших нөхцөлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай “Г М П” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн F S /Ф Ш/-ийг томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХБНГУ-ын Мийсбах хотын анхан шатны Гэр бүлийн шүүхийн шийдвэрээр F S /Ф Ш/-ийн овгийг F T v S /Ф Т ф З/ болгосонтой холбогдуулан тус хуулийн этгээдээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 19/105 албан бичгээр “Г М п” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд гүйцэтгэх захирал F S /лориан Ш/-ийн нэрийг F v T /Ф ф Т/ болгон өөрчлүүлэх тухай өргөдөл гаргасанд Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар хянан үзээд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд “Г М П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар F v T/Ф ф Т/ нэрийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байна.
Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ө.Н маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасныг баримтлан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “Г М П” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт /гүйцэтгэх удирдлага/ оруулсан бүртгэлийг баримт бичгийн бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Иймд нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан өөрчлөлтийг хийлгээгүй, зөвхөн тус компанийн гүйцэтгэх захирлын овог солигдсон бөгөөд компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж буй асуудал биш гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргаж байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Г М П” ХХК-ийн гүйцэтгэх захирал F S /Ф Ш/-ийн овгийг хуулийн этгээдийн мэдээллийн санд F v T /Ф ф Т/ болгон өөрчлөх нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй.” гэж зааснаар тус компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн буюу хувь хүнийг өөрчилсөн бүртгэл биш бөгөөд хэргийн оролцогчид энэ тухайд маргаагүй, иргэний хувийн бүртгэл мэдээлэл өөрчлөх харилцаа нь энэхүү маргаанд хамааралгүй болно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл” гэснээс үзвэл хуулийн этгээдийн мэдээлэл дэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл зэрэг шаардах баримт бичгийг хуульд тусгайлан заажээ.
Тодруулбал мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг”, 4.1.6-д ““хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” гэж заасан ба 10 дугаар зүйлийн 10.1-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:” гээд 10 дугаар зүйлийн 10.1.6-д “үүсгэн байгуулах баримт бичиг”, 10.1.10-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар”, Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.” гэж тус тус тодорхойлсон байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл нэгэнт ХБНГУ-ын E.F.I G&P C 3 K компанийг төлөөлөн Fl S /Ф Ш/ нэхэмжлэгч “Г М П” ХХК-ийн дүрэмд гарын үсэг зурж, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд бүртгэгдсэн байх ба хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, гадаад паспорт бүхий мэдээллийг өөрчлөхөд тус хуулийн этгээдийн дүрэм буюу үүсгэн байгуулах үндсэн баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулах үр дагавар үүсгэнэ.
Иймд түүнд хамаарах баримт бичгийг өөрчилсөн бүртгэлийг хуулийн этгээдийн мэдээллийн санд хийлгэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл зэргийг хуульд тусгайлан шаардах ба түүнийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өөрчлөлтийг бүртгэлжүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зохицуулжээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус хуулийн этгээдийн удирдлагаас гаргасан аливаа шийдвэр болон энэ талаарх баримтгүйгээр зөвхөн F v Tr /Ф ф Т/-ийн өөрийн өргөдөл, овог сольсон талаарх баримтыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Г М П” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээллээс Sовогтой F /Ф Ш/-ыг F v T /Ф ф Т/ болгон өөрчлөн бүртгэсэн нь хууль бус шийдвэр болсон байна.
Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” зарчмыг хангуулах үүднээс хууль зүйн үндэслэлгүй улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий захиргааны акт байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан гэх боловч, анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх ба хэрэгт мөн хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдаагүй байгаагаас энэхүү хэргийг шүүх хэзээ шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г М П” ХХК-ийн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА