Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038810306 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д тусгай зориулалтын автомашины туслах ажилтай, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дархчууд овогт Мөнх-Амгалангийн М /РД:ШЖ86080614/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ 2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө хохирогч М.Чийг зодож, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацар, шанаа, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй” гэв.

 

Эрүүгийн 1908038810306 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Чийн: “2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр архи уугаад маргааш өглөө сэрсэн. Алтангэрэл, Жаргалсайхан хоёр дэлгүүр яваад 2 шил архи авчирсан. Тэр архийг бид нар хувааж уусан. Би архи их уугаад тасарсан байсан. Газар хэвтэж байхад Жаргалсайхан намайг “босоод ир” гээд өшиглөөд байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд дахиад өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар Жаргалсайхан миний зүүн шанаа хэсэгт өшиглөөд байсан. Өөр хэн намайг цохисон талаар санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.26-ны өдрийн 9001 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Чийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацар, шанаа, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дух, хоёр нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-24/,

Гэрч Ө.Батсүхийн: “2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө боссон. Тэгсэн Алтангэрэл, М хоёр дэлгүүр явж 2 шил 0,75 литрийн архи авч ирснийг Ч, М, Алтангэрэл бид нар уугаад сууж байхад Алтангэрэл унтаад өгсөн. М, Ч 2 хоорондоо маргалдаад М Чийг цохиод байсан. Би очоод салгасан. Миний харснаар М 2 удаа гараараа нүүр хэсэгт нь цохиж байсан. Чийг өөр хүн цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-20/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн орчим босоод Алтангэрэл бид хоёр дэлгүүр явж 2 шил архи аваад манай гэрт Ч, Батсүх, Алтангэрэл бид нар ууцгаасан. Би тэр 2 шил архийг уугаад цааш юу болсон талаар санахгүй байна. ...Батсүх надад “чи өчигдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чтой маргалдаад Чийг цохиод байхаар чинь би салгасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-34-37/,

гэрч Б.Мөнгөн-Эрээсийн мэдүүлэг /хх-18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/, “” ХХК-ийн “М.М нь тусгай зориулалттай автомашины туслах ажилтнаар ажилладаг” гэх тодорхойлолт /хх-45/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө Сонгинохайхан дүүргийн 21 дүгээр хороо, Хүүшийн амны 1 дүгээр гудамж, 5 тоот гэртээ хохирогч М.Чийг зодож, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацар, шанаа, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дух, хоёр нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Чийн “...Жаргалсайхан буюу М намайг “босоод ир” гээд өшиглөөд байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд дахиад өшиглөсөн. Миний санаж байгаагаар зүүн шанаа хэсэгт өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-13/, шүүх эмнэлгийн 9001 дүгээр “1.М.Чийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацар, шанаа, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дух, хоёр нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-24/, гэрч Ө.Батсүхийн “Мыг хүмүүс Жагаа буюу Жаргалсайхан гэж дууддаг. Нэрийг нь М гэдэг. ...М, Ч 2 хоорондоо маргалдаад М Чийг цохиод байсан. Миний харснаар 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “...Би тэр 2 шил архийг уугаад юу болсон талаар санахгүй байна. ...Батсүх надад “чи өчигдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чтой маргалдаад цохиод байхаар чинь би салгасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-34-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мын хохирогч М.Чийг шалтаг шалтгаангүйгээр өшиглөх, цохих үйлдлээр зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.М согтуурсан үедээ хохирогч Чийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч, шүүгдэгч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд өшиглөх, цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“” ХХК-д тусгай зориулалттай автомашины туслах ажилтнаар ажилладаг/-ийг үндэслэн шүүгдэгч М.Мыг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчууд овогт Мөнх-Амгалангийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР