| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07339/И |
| Дугаар | 5916 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 5916
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, Голомт хотхон Е байр 1113 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар, “Улаанбаатар телевиз” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Өлзий медиа” ХХК-д холбогдох
Зохиогчийн эрхийг зөрчихгүй байхыг даалгах, 6,091,933 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Медиа боловсрол суваг” ХХК нь /Бодь боловсрол суваг ХХК нь 2015 онд нэрээ “Медиа боловсрол суваг” ХХК болгож сольсон нь гэрчилгээний ард тэмдэглэгдсэн/ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Варнер брос” ХХК-ийн бүтээгдэхүүн болох “Unknown” нэртэй уран сайхны киног Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглах буюу өөрийн “Боловсрол суваг” ТВ болон “Мөүви бокс” кабелийн сувгийн телевизүүдээр цацах онцгой эрхийг шилжүүлэн авах тухай 3062806 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдмагц 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/39 тоот албан бичгээр “Өлзий медиа” ХХК-ийн Өлзий телевиз болон нэр бүхий бусад бүх телевизүүдэд энэ талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Өлзий медиа” ХХК-ийн Өлзий телевизийн эфирээр “Үл таних хүн” нэртэйгээр цацагдсан нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.” Мөн 12.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар бүтээл ашиглах гэрээний үндсэн дээр эзэмшиж буй манай бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж өөрийн телевизийн эфирээр нэвтрүүлсэн байх тул зохиогчийн эрхийг зөрчихгүй байх талаар “Өлзий медиа” ХХК-д даалгах, зохиогчийн эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тухайн киног нийтэд түгээх буюу ашиглах эрхийг худалдаж авсан үнэ болох 2500 доллар буюу 5,674,925 төгрөг, мөн киног нийтэд түгээхтэй холбогдон гарсан зардал болох 417,008 төгрөг нийт 6,091,933 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 417,008 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “Өлзий медиа” ХХК нь оюуны өмчийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,674,925 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл 4,674,925 төгрөгт өөрсдийн оюуны өмчийн эрхээр эзэмшиж буй “Мартагдашгүй намар 2” уран сайхны кино контентыг өөрийн телевизээр нэг жилийн хугацаанд цацах эрхийг нэхэмжлэгчид /2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал/ олгох замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Хариуцагч нь кино контентыг эфирийн шаардлага хангасан байдлаар нэхэмжлэгчийн хард дискэн дээр хуулбарлаж өгнө, нэхэмжлэгчид кино контентыг ашиглуулснаас үүдэн гуравдагч этгээдээс оюуны өмч, зохиогчийн эрхийн холбогдолтой аливаа маргаан үүссэн тохиолдолд бүх хариуцлагыг “Өлзий медиа” ХХК хариуцна гэсэн нөхцлөөр тохиролцож эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Өлзий медиа” ХХК-д холбогдуулан зохиогчийн эрхийг зөрчихгүй байхыг даалгах, 6,091,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 417,008 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж ,хариуцагч “Өлзий медиа” ХХК нь оюуны өмчийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, үлдэх 5,674,925 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл 4,674,925 төгрөгт өөрсдийн оюуны өмчийн эрхээр эзэмшиж буй “Мартагдашгүй намар 2” уран сайхны кино контентыг өөрийн телевизээр нэг жилийн хугацаанд цацах эрхийг нэхэмжлэгчид /2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал/ олгох замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Хариуцагч нь кино контентыг эфирийн шаардлага хангасан байдлаар нэхэмжлэгчийн хард дискэн дээр хуулбарлаж өгнө, нэхэмжлэгчид кино контентыг ашиглуулснаас үүдэн гуравдагч этгээдээс оюуны өмч, зохиогчийн эрхийн холбогдолтой аливаа маргаан үүссэн тохиолдолд бүх хариуцлагыг “Өлзий медиа” ХХК хариуцна гэсэн нөхцлөөр эвлэрчээ.
Хариуцагч “Өлзий медиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь дан ганц “Улаанбаатар телевиз” ХХК болох нь хариуцагч компанийн дүрмээр тогтоогдож байх ба “Улаанбаатар телевиз” ХХК-ийн оюуны өмч болох “Мартагдашгүй намар 2” уран сайхны киног “Өлзий медиа” ХХК нь нийтэд түгээх, уг эрхээ түр хугацаагаар бусдад шилжүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-д уг киног эфирт цацах эрхийг 1 жилийн хугацаагаар шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг “Улаанбаатар телевиз” ХХК-иас шүүхэд ирүүлсэн байх тул зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 417,008 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “Өлзий медиа” ХХК нь оюуны өмчийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,674,925 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл 4,674,925 төгрөгт өөрсдийн оюуны өмчийн эрхээр эзэмшиж буй “Мартагдашгүй намар 2” уран сайхны кино контентыг өөрийн телевизээр нэг жилийн хугацаанд цацах эрхийг нэхэмжлэгчид /2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал/ олгох замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өлзий медиа” ХХК-иас 105,749 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА