Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 5928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гааль 1-20 тоотод оршин суух, Найман овогт Заядабекийн Рина /РД:ЧП58082201/-гийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Рина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч З.Рина нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Найман овогт Заядабекийн Рина миний бие 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Миний төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Зиядабек, миний нэрийг Рина гэж байгаа боловч 1979 оны 07 сарын 04-ний өдөр Монгол улсын их сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Ирина гэж, мөн төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Зиядабек гэж тус тус буруу бичсэнийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс залруулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1979 оны 07 сарын 01-ний өдөр Монгол улсын их сургуулиас олгосон Зиядабекийн Иринагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

З.Рина нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч З.Рина нь “1979 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Их сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овог нэрийг буруу бичиснээс болж миний бие тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

            Хүсэлт гаргагч Найман овогт Заядабекийн Рина нь 1958 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болох нь 198 дугаартай төрсний гэрчилгээ болон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбараар  тогтоогдож байна /хх-ийн 4,5 тал/.

            Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архивын лавлагаагаар 1989 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор Заядбекийн Ирина 29 настай гэж, 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор Зайдибекийн Рина, 1958 оны 08 сард төрсөн, 41 настай гэж, 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гаалийн 1-20 тоотод оршин суугч Найман овогт Заядабекийн Рина 1958 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн гэж хүсэлт гаргагчийн овог нэр өөр өөр байдлаар бичигдсэн байх боловч хамгийн сүүлийн хүн ам, орон сууцны тооллого буюу 2010 оны хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогоор бүртгэгдсэн овог, нэр, гэрийн хаяг нь түүний цахим үнэмлэхний овог, нэр, гэрийн хаягтай тохирч байна.

Хүсэлт гаргагч З.Рина нь 1975 оноос 1979 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн худалдаа эдийн засгийн факультетийн худалдаа, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн ангид суралцаж төгсөөд 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Улсын материал техникийн хангамжийн хорооны харъяа техник туслалцааны материал техникийн хангамжийн ерөнхий газарт гадаад тооцооны ахлах нягтлан бодогчоор 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад санхүүгийн хэлтсийн орлогч нягтлан бодогчоор ажилласан болох нь гэрч Ц.Цэнгэл, Д.Зандансүрэн нарын мэдүүлэг, тайлбар, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба түүний ийнхүү ажилласан байдал нь 1979 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Их сургуулиас Зиядабек  овогтой Иринад олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, баталгаажжээ.

            Иймд  хүсэлт гаргагч Найман овогт Заядабекийн Ринаг “1979 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Их сургуулиас Зиядабек  овогтой Иринад олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                               

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар  Найман овогт Заядабекийн Ринаг “1979 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Их сургуулиас Зиядабек  овогтой Иринад олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА