| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0430/э |
| Дугаар | 0450 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0450
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008012480456 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машинаар үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, Харчин овогт Гомбосүрэнгийн Б/ РД:/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрч” зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Отэй хардалтын улмаас маргалдаж, түүнийг цохиж, хөл рүү нь өшиглөж, дэвсэлж, эрүүл мэндэд нь 2 шилбэ, зүүн гуя, баруун эрээн булчинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би 4 удаа хоёр хөл рүү нь өшиглөсөн. Авгайгаа өөр хүнтэй явчихаар нь уурлаад зодсон. Би буруугаа хүлээж, уучлалт гуйсан” гэв.
Эрүүгийн 2008012480456 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Оийн: “Би Г.Б гэдэг хүнтэй 2004 онд гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Нөхөр Г.Б 2016 оноос хойш нэг эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд яваад байгаа бөгөөд гэртээ ирэн очин байдаг болсон. ...2020 оны 02 дугаар сарын 29-ний орой би хамт ажилладаг хүмүүстэйгээ “Эрч” зочид буудлын паабад сууж архи уусан. Би Энхтуяа, Баяраа, Оргил, Сүхболд нартай нэг машинд суугаад ажил руу явсан. Тэгсэн миний цүнх, утас хоёр байхгүй байхаар нь би буцаж ирээд “Эрч”-ийн ажилтнаас асуусан чинь надтай хамт ажилладаг Даваарагчаа буудал руу нь аваад орсон байсан. Тэгэхээр нь би цүнх, утсаа авах гээд өрөө рүү орсон чинь Даваарагчаа архи уугаад сууж байхаар нь би хамт уулцсан. Би “гэр лүүгээ явна” гээд Даваарагчаа “явуулахгүй” гээд маргалдаад хэвтэж байхад нөхөр буудлын хаалгыг онгойлгож орж ирээд бичлэг хийгээд, бид хоёрыг дэвсэлж зодсон. Энэ бүх гэмтлийг Б өшиглөж учруулсан. Өмнө нь маргалдаж, муудалдаж цагдаагийн байгуулагад дуудлага өгч байсан. Тэрнээс Б намайг зодож байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.03-ны өдрийн 3190 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч.От хоёр шилбэ, зүүн гуя, баруун эрээн булчинд цус хуралтууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,
Гэрч О.Даваарагчаагийн: “2020 оны 02 дугаар сарын 29-ний 18 цагт манай ажлын Баяраа, Энхтуяа, О бид нар “Эрч хүчтэй” паабад 2 шил архи уусан. Бид нар 23 цаг өнгөрч байхад тарцгаагаад манайх 384 дүгээр гармын тэнд байдаг болохоор орой болчихоод “Эрч хүч” буудлын 1 давхарт өрөө авч хонохоор болсон. Манай ажлын О цүнхээ орхиод явсан байсныг би аваад орсон. Удалгүй О цүнхээ авахаар орж ирсэн. Тухайн үед би нэг архи авсан байсныг хувааж уусан. Би согтоод юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд Отэй нэг оронд орсон нүцгэн байж байсан. Хаалга гаднаас онгойлгоод Оийн нөхөр орж ирээд бичлэг хийгээд, Оийг цохиод, өшиглөөд, газар унасан байхад нь хөл рүү нь дэвсээд, өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,
Гэрч Н.Наранжаргалын: “...Би рестароноо хаагаад буудлын ресепшин хийж байхад нэг нүд муутай залуу буцаж ирээд 1 номерийн өрөөг хоногоор авч, 30.000 төгрөгийг төлөөд орсон. Тэр залууг орсноос хойш 1 цаг гаран болсны дараа хамт архи ууж байсан эмэгтэй нь ороод архи уугаад эхэлсэн. Хоорондоо муудалцаад байсан. Би 2-3 удаа битгий муудалцаад бай, амарч чадахгүй бол гараарай гэж хэлсэн. Гайгүй болоод байж байтал гаднаас нэг эрэгтэй хүн яарсан байдалтай орж ирээд “Энд манай “Номин”-д ажилладаг 2 хүн байна, дотроосоо хурдан онгойлго гээд байна, хурдал” гээд байхаар нь нөөц түлхүүрээр онгойлгож өгсөн. Тэр залуу “одоо зүгээр, та нар байж бай” гээд хаалгыг түгжээд, өрөөнд ороод пижигнээд байсан. Юу болсныг мэдэхгүй. Тэд нар зодолдоод байх шиг байхаар нь хаалгыг нүдэж онгойлгоод, бүгдийг гаргасан. Хүүхэн нь гарахдаа “хөл өвдөөд байна” гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 02 дугаар сарын 29-ний орой байрныхаа гадаа тамхи татаад зогсож байхад эхнэр О байр луу чиглээд ирж байснаа буцаад зам руу яваад такси бариад явсан. Би араас нь харсан чинь “Эрч” зочид буудлын үүдэнд очоод буугаад буудал руу орчихсон. Би дагаж очоод буудлын цонхнуудаар харсан чинь эхнэр 1 давхрын баруун талын өрөөнд эрэгтэй хүн дээр орсон. Би цонхоор нь харж байсан чинь тэр хоёр нийлж архи ууснаа хоорондоо маргалдаж байснаа эвлэрсэн. Тэгснээ хувцсаа тайлаад үнсэлцээд нэг оронд орсон. Тэгэхээр нь би буудлын үүдээр очоод хаалгыг тогшсон чинь онгойлгохгүй байхаар нь буудлын хүлээн авагч эмэгтэйгээс “энэ өрөө рүү орох гэсэн юм, манай найзууд байгаа юм” гэж онгойлгуулаад орсон. Эхнэр цамцаа өмссөн дотоожтойгоо, нөгөө залуу нь дотоожоо өмссөн байсан. Би утсаараа бичлэг хийсэн чинь эхнэр “яадаг юм, чамд ямар хамаатай юм” гээд дайраад байхаар нь би хөл рүү нь өшиглөж, зодсон. Оийг эрэгтэй хүнтэй буудлын өрөөнд байсан болохоор уурлаад цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-36-38/,
Гар утсанд үзлэг хийсэн “...Бичлэгт цагаан өнгийн ороон дээр улаан өнгийн цамцтай, хар дотоожтой эмэгтэй хүний бөгсөн бие харагдах ба цаад талд нь хар саарал өнгийн дотоожтой нүцгэн эрэгтэй хүний хөл хэсэг харагдаж байгаад өндийж суув. Эмэгтэй хүний гуяны гадна хэсэг хар өнгийн толботой болсон харагдав...” гэх тэмдэглэл /хх-41-43/,
гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Ч.Оийн хүсэлт /хх-6/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-7-8/, прокурорын “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-45-46/, прокурорын “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” тогтоол /хх-48/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-49-50, 51-57/, гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээллийн лавлагаа /хх-59-60/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-65/, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны тодорхойлолт /хх-66/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-78/, хохирогчийн “Нөхөр Бид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх гар бичвэр /хх-79/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Эрч” зочид буудлын өрөөнд эхнэр Ч.Оийг өшиглөж, дэвсэн зодож, 2 шилбэ, зүүн гуя, баруун эрээн булчинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Оийн “...нөхөр буудлын хаалгыг онгойлгож орж ирээд бичлэг хийгээд, Даваарагчаа бид хоёрыг хөлөөрөө дэвсэлж зодсон. ...Энэ бүх гэмтлийг Б өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 3190 дүгээр “1.Ч.От хоёр шилбэ, зүүн гуя, баруун эрээн булчинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, гэрч О.Даваарагчаагийн “...Оийн нөхөр орж ирээд ...Оийг цохиод, өшиглөөд, газар унасан байхад нь хөл рүү нь дэвсээд, өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн “...би эхнэрийнхээ хөл рүү нь өшиглөж, зодсон. ...Ч.Оийг эрэгтэй хүнтэй буудлын өрөөнд байсан болохоор уурлаад цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-36-38/, аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-7-8, 49-50, 51-57/, гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээллийн лавлагаа /хх-59-60/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-43/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бийн эхнэр Ч.Оийг буудлын өрөөнд өөр эрэгтэй хүнтэй байснаас өшиглөж, дэвсэх үйлдлээр зодож хоёр шилбэ, зүүн гуя, баруун эрээн булчинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс хохирогчтой маргаан үүсгэн зодож гэмтэл учруулсан, урьд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл өгч байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь буудалд эхнэр Оийг зодож хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэнийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл буюу гэр бүлээс гадуурх харилцаанд орсноос шалтгаалан шүүгдэгч хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа ачааны машинаар үйлчилгээнд явдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Бийг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Гомбосүрэнгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР