| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0368/э |
| Дугаар | 0460 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 0460
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Х.О, өмгөөлөгч Ш.Оюумаа,
шүүгдэгч М.А, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008001670402 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний мухлаг ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Биндэрхайрхан овогт Мягмарын А /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Шинэ драгон” худалдааны төвд иргэн Х.Оийг зодож эрүүл мэндэд нь зүүн сүвээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Болсон үйл явдлыг мэдэж байгаа. Санамсаргүй түлхэхдээ хөл хүрчих шиг болсон. Хийсэн хэргээ хүлээж байна. Хохирогч намайг алгадаад, цохиод байсан. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн шинэ жил Драгоны 6 давхарт болсон. Лифтинд хүмүүс байсан. Намайг ороход энэ хүн багалзуур шахаад түлхээд, цохисон. Тэгээд лифт хаагдаад доош 1 давхарт очсон. Хойноос гүйж ирээд зодоод байсан. Би 2 сонсогчийг цагдаа гэж андуураад дуудсан чинь энэ хүн нуугдсан. Тэр 2 “бид хоёр сонсогч учраас болохгүй” гээд явахаар нь гарч ирээд түлхсэн. Нүүр лүү цохиогүй, толгой руу цохисон, нуруу руу өшиглөсөн. Эмчилгээний зардал болоод бусад хохиролд нийт 7.421.007 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 2008001670402 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Оийн: “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны ажилчдын хамт шинэ жилд орсон. Шинэ жил тараад 6 давхарт байрлах лифтэнд орох гэтэл үл таних согтуу залуу оруулахгүй, хүзүүнээс багалзуурдаад түлхсэн. Салгах гэтэл дийлдэхгүй байсан. Лифтэнд ороод буцаад гарсан. 6 давхарт ар талын дагзанд гараа атгаж 2 удаа цохисон. Лифтнээс буугаад араас дахиад 3-4 удаа цохиод, “чамайг ална” гээд дайраад байсан. Миний бөөрний доод талын сүвээ рүү өшиглөсөн. Би “алах гээд байна, хүмүүсээ салгаач” гэж хэлсэн. Хүмүүс арай гэж салгаад явуулсан. Уг хүн нүүр лүү цохихгүй, толгойны ар дагз хэсэгт цохисон. Цагдаа ирэхээс өмнө зугтаад яваад өгсөн. Гомдолтой байна. Бие өвдөөд эмнэлэгт үзүүлж чадаагүй, цаашид эмчилгээний зардал нөхөн төлүүлж байж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Хэргийн задгай материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.19-ний өдрийн 249 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. 2019.12.29-ний өдрийн 868 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. 2020.01.10-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар заалтаас бусад заалт үндэслэлтэй байна. 3. Х.Оийн биед зүүн сүвээнд цус хуралт гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь зүүн сүвээн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-41-44/,
Гэрч Б.Жавзандолгорын: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай хорооны шинэ жил болсон. Шинэ жилийн арга хэмжээний хүрээнд “Цамба” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг өндөр залуу А нилээд согтуу, гуйвж дайваад байсан. Манай хурлын дарга О бид нарт явлаа гэдгээ хэлээгүй гараад явсан байсан. Шинэ Драгоны 6 давхарт хэрүүл шуугиан болохоор нь яваад очтол О, А гэх залуутай маргалдаад, О “энэ хүн намайг зодлоо, энэ хүн хаанахын хэний хариуцдаг хэсгийн хүн бэ, аж ахуй нэгж байгууллагын нэр нь юу юм бэ” гэж хэлсэн. Би “та яасан бэ” гэж асуутал “энэ хүн намайг доромжилж, зодлоо, зохион байгуулалттай асуудал гэж бодож байна, маш их бухимдалтай байна” гэсэн. Эхэлж муудалцсан гэсэн, толгой тархи руу цохисон гэсэн. Тэрийг нь би хараагүй. Маргалдаад зогсож байхад А гэх залуу дахиж ирээд бид нар салгаад гарыг барьтал хөлөөрөө нуруу хавьцаа нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-18/,
Гэрч Н.Хүнбишийн: “...Драгоны 6 давхрын рестораноос гараад лифтэнд суух гэж байсан. Уг лифтэнд танихгүй 2-3 хүн, бас О гэх эмэгтэй байсан. Лифт онгойгоод суух гэтэл өндөр залуу нилээн согтуу, цайвар цамцтай, “хөгшчүүдээ” гээд ороод ирсэн. Лифтэнд багтахгүй болохоор нь О “чи багтахгүй” гэж хэлсэн. Нөгөө залуу согтуурхаад, гартаа нэг набор барьсан, толгой руу нь цохиод байхаар би бариад салгасан. Над руу дайрах шинжтэй болохоор нь “чи настай хүмүүсийг ингэж болохгүй” гэсэн. Нөгөө өндөр залуу Оийг хэл амаар доромжлоод, “пизда минь” энэ тэр гээд байсан. Тэгээд нуруу хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. О, нөгөө өндөр залуу, тэгээд цаад рестораноос xүмүүс ирээд салгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,
Гэрч Б.Пүрэвжавын: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед аль хорооны гэдгийг нь мэдээгүй, Драгоны 6 давхарт албан үүргээ гүйцэтгээд явж байхад рестораноос настай эмэгтэй, өндөр залуутай маргалдаад байсан. “Яасан, юу болсон бэ” гэхэд нөгөө настай эмэгтэй “чи ээж шигээ хүнийг зоддог яасан муухай хүн бэ” гээд байсан. Нөгөө өндөр залуу нилээн согтуу, яг юу гэж байгаа нь ойлгогдохгүй дайраад байсан. Настай эмэгтэйн хүүхэд гэх намхан залуу ирээд ээжийгээ өмөөрөөд нөгөө согтуу залуутай зодолдоно гээд байхаар нь би хориод, өндөр залууг ачааны лифтэнд суулгаад явуулсан. Зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Т.Сэргэлэнгийн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ээж рүү ярихад “15 цагийн үед намайг шинэ “Драгон” төвийн 6 давхарт гарч ирээд юм авчих” гэсэн. Ээж рүү залгатал “намайг үл таних хүн зодчихлоо” гэж хэлсэн. Шинэ “Драгоны” 6 давхарт гартал ээж байсан. Нөгөө зодсон гэх хүнийг хайгаад олоогүй. Хамгаалагч нар явуулсан гэсэн. Би ээжээс “яасан бэ” гэж асуухад “үл таних согтуу хүн агсам тавиад, толгойн тус газар цохиод, 2 дахь удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан, бас ээжийн сүвээ рүү өшиглөсөн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүгдэгч М.Аийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Шинэ Драгон” ресторанд шинэ жилд орсон. Ганц хоёр шил пиво уугаад, 100 грамм архи уусан байх. Тараад лифт рүү орох гэтэл үл таних 55-60 орчим насны авгай “чи лифтэнд суухгүй, дүүрчихлээ, чамайг суулгахгүй” гэхээр нь маргалдсан. Намайг алгадаад, өшиглөөд байхаар нь түлхээд, уур хүрээд 1 өшиглөсөн. Тэр авгай “шоронд хатаана” гээд хэл амаар доромжлоод байсан. Би “та одоо зүгээр байгаарай, настай хүн байж” гэсэн. Хамгаалагч намайг салгаад явуулсан. Уг хүнийг түлхээд , хөл хавьцаа сүвээ рүү нь өшиглөсөн. Миний баруун нүд хагалгаатай учраас нүд рүү цохихоор нь уур хүрээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
шинжээчийн 868 дугаар шинжилгээ /хх-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-64-65/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-66-69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой 5 хуудас 88 ширхэг баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь хохирогч Оийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шатахууны 770.000 төгрөгийн баримтыг ялгаж салгаж чадахгүй байгаа тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах саналтай. Эмчилгээний зардал цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдэх үеийнх биш, эмчийн тодорхой нотлох баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Тархины гэмтэл гараагүй тул түүнтэй холбоотой зардлыг гаргах боломжгүй. Цалин хөлсний хувьд цалингийн тодорхойлолтоор шийдэх боломжгүй. 4 сарын хугацаанд чөлөө авсан гэсэн байна лээ. Тиймээс шинжээчийн дүгнэлтээр эмчлүүлэх шаардлагатай байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өмгөөлөгчийн хөлс, бусад санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байна. Жич нэхэмжлэх эрхтэйг нь дурдах нь зүйтэй. Учирсан хохирол, түүний зардалтай холбоотой зардлын хувьд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Гэрч Пүрэвжав, Цэрэндолгор нарын мэдүүлгээр А хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. 64 настай эмэгтэй, хүнд өшиглүүлснээс хойш хууч өвчин хөдөлж эмчилгээ хийлгэсэн гэж хэлж байна. Хөнгөн гэмтэл хэдий ч хор уршиг ихтэй байна. Иймээс өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна. Хүүхдээрээ л зөөлгөж байсан тул шатахууны зардлаа нэхэмжилсэн. Нийт зардлын 50 хувийг гаргуулж өгнө үү. Өмгөөллийн хөлсийг гаргаж өгнө үү. Үүнээс өмнө биеийн эрүүл мэнд зүгээр байсан. Өнөөдрийг хүртэл бөөр, нуруу, тархи, толгой өвдөж байгаа гэж хохирогч мэдүүлж байгаа” гэж,
хохирогч “2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл байнга чөлөөтэй байгаагүй. Миний картыг үзэж болно, тэрэн дээр бичигдсэн байгаа. Шүүгдэгч битгий худлаа хэл л дээ. Маш их гомдолтой байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шууд учирсан хохирлын талаар гэхэд 2020 оны 02 дугаар сараас эхэлсэн баримтууд байна. Сургуульд ажилладаг, чөлөө авсан нь тодорхойлолтоор тогтоогдож байна. Бусад баримтаар нотлогдох ёстой, эх сурвалж нь нотлогдохгүй байна. Шатахууны зардал, эмнэлэг, ажил явж байгааг тогтоох ёстой. Шүүгдэгчийн үйлдэлд хамааралгүй баримтууд байгаа маск, эмийн сангийн эм авсан баримт зэрэг баримтууд тогтоогдохгүй байна. 266.617 төгрөгийн эм тариа авсан байна. Үүнийг үнэн зөв гэж үзэж байна. Зүүн сүвээнд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ, сувилгаа хийгдсэн, эм тариа авсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.А согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Шинэ драгон” худалдааны төвд иргэн Х.Оийг зодож, зүүн сүвээнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Оийн “...үл таних согтуу залуу оруулахгүй, хүзүүнээс багалзуурдаад түлхсэн. Ар талын дагзанд гараа атгаж 2 удаа цохисон. ...Лифтнээс буугаад араас дахиад 3-4 удаа цохиод, “чамайг ална” гээд дайраад байсан. Миний бөөрний доод талын сүвээ рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10/, шүүх эмнэлгийн 249 дүгээр “...3. Х.Оийн биед зүүн сүвээнд цус хуралт гэмтэл учирчээ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь зүүн сүвээн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжилгээ /хх-41-44/, гэрч Т.Сэргэлэнгийн “...манай ээж “үл таних согтуу хүн агсам тавиад, толгойн тус газар цохиод, 2 дахь удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан, бас ээжийн сүвээ рүү өшиглөсөн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч Б.Жавзандолгорын “...О “энэ хүн намайг зодлоо, энэ хүн хаанахын хэний хариуцдаг хэсгийн хүн бэ, аж ахуй нэгж байгууллагын нэр нь юу юм бэ” гэж хэлсэн. ...Маргалдаад зогсож байхад А дахиж ирээд бид нар салгаад гарыг барьтал хөлөөрөө нуруу хавьцаа нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Н.Хүнбишийн “...Нөгөө залуу согтуурхаад, гартаа барьсан набороор толгой руу нь цохиод байхаар нь би салгасан. Нөгөө өндөр залуу Оийг хэл амаар доромжлоод, “пизда минь” энэ тэр гээд байсан. Тэгээд нуруу хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч М.Аийн яллагдагчаар өгсөн “...лифт рүү орох гэтэл үл таних, 55-60 орчим насны авгай “чи лифтэнд суухгүй, дүүрчихлээ, чамайг суулгахгүй” гэхээр нь маргалдсан. Тэгтэл намайг алгадаад, өшиглөөд байхаар нь биеэсээ түлхээд, уур хүрээд 1 удаа өшиглөсөн. ...Уг хүнийг түлхээд, хөл хавьцаа, сүвээ рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-53-54/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Аийн хохирогч Х.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “Эмчилгээний зардал 3.487.000 төгрөг, сарын цалин 1.223.400 төгрөг, шатахууны зардал 770.607 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 7.421.007 төгрөг нэхэмжилнэ” хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүхээс эмчилгээний зардалд нийт 266.716 төгрөгийн /83200+15000+2376+35440+39800+90900 төгрөгийн 6 баримтыг энэ хэрэгт хамааралтай байна гэж/ хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Тухайлбал хохирогчийн эмчилгээний зардлын бусад баримт нь жишээлбэл Септаназал, нафазолин, чих цэвэрлэгч, хуруу лент, маск, “Хайтан гэрэл” эмийн сангийн эм тариа худалдан авсан баримтууд, шатахууны зардлын баримтууд нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай эсэх нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа, түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ажлын газрын тодорхойлолтоос өөр нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх үзэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.
Мөн “өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээж, ойлгож гэмшээгүй, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, хохирогчийн эрх ашиг энэ хуралдаанаар хангагдаагүй, шүүгдэгч уучлалт гуйхгүй байгаа тул гомдолтой байна...” гэж,
хохирогч “Зөндөө гомдож байна. Хохиролтой байгаа” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал үгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Бодит хохирлыг төлсөн. Гэм буруугийн болон үйлдлийн талаар маргаагүй. 600 нэгжээр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөх арга хэмжээ аваагүй. Харин шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд шүүхээс тогтоосон баримтын хүрээнд шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд төлсөн, мөн хохирогч “Гомдолтой, хохирол бүрэн барагдаагүй” гэсэн зэргийг харгалзан дээрх өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан набороор толгой руу нь цохин, зүүн сүвээнд өшиглөж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүхээс тогтоосон хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хүнсний мухлаг ажиллуулдаг гэх, банкны дансны хуулгаар тодорхой үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн/-ийг үндэслэн шүүгдэгч М.Аийг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Биндэрхайрхан овогт Мягмарын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас “Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал, сарын цалин, шатахууны зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР