| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0442/э |
| Дугаар | 0467 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 0467
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008000000550 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Баатарын Б /РД:ЧН85112377/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Махын 1-30 байрны гадна иргэн А.Хг хардалтын улмаас үснээс татаж, машины хаалгаар нүүр хэсгээр нь газар унаган чирж, хөлөөрөө хамар хэсэгт нь нэг удаа өшиглөн эрүүл мэндэд нь дух, хамрын үзүүр ба зүүн угалз, хамрын хажуу хэсэг, зүүн хацар, ооч зулгаралт, хамрын нуруу ба доод хэсгийн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруул, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 дугаар сарын 14-нд Хтай уулзаад машинд нь архи ууж байгаад маргалдсан. Нүүр хэсгээрээ газар унасан” гэв.
Эрүүгийн 2008000000550 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Хгийн: “Би Б гэх хүнтэй анх 2019 оны 01 дүгээр сард танилцаж байсан. Хааяа уулздаг хүмүүс. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчим найз Бтэй уулзалдсан. Б бид хоёр дэлгүүр орж нэг шил 0,5 литрийн архи, ундаа аваад дэлгүүрээс гараад Бийн автомашинд суусан. Б архи задлаад надад хийж өгсөн. Би архинаас уугаагүй, Б уусан. Б намайг “чи өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулздаг” гээд байсан. Би “өмнөх нөхрөөсөө салаад 2 жил орчим болж байна, энэ хугацаанд уулзаж байгаагүй” гэж хэлсэн. Б “чи худлаа ярьж байна, өмнөх нөхөртэйгөө уулздаг” гээд намайг үсдээд машиныхаа хаалгыг онгойлгоод нүүр хэсгээр газар унагаасан. Дахиад үсдээд намайг нүүр хэсгээр газар чирээд хамар хэсэгт өшиглөсөн. Би “болиоч” гэсэн чинь цохиж зодохоо болисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.19-ний өдрийн 3678 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Хгийн биед дух, хамрын үзүүр ба зүүн угалз, хамрын хажуу хэсэг, зүүн хацар, ооч зулгаралт, хамрын нуруу ба доод хэсгийн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, доод уруул, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэжээ /хх-18-20/,
Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сард анх Х гэх хүнтэй танилцаж байсан. Бид хоёр 2019 оны 01 дүгээр сараас уулздаг болсон. 2020 он 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчим Х утас руу залгаад “би 1 дүгээр хороололд байх гэрээсээ гарч байна, 10-15 минутын дараа гараад ир” гэсэн. Х манай байрны орцонд ганцаараа зогсож байсан. Х бид 2 машин дотор орж суугаад юм ярилцаж байгаад архи уухаар болоод дэлгүүр орж нэг шил архи, ундаа аваад машиндаа суусан. Авсан архиа задлаад Хд хийж өгсөн. Х “архи уухгүй” гээд байсан. Би “нэг хундага уучихаач” гэсэн чинь Х 1-2 хундага архи уусан. Би “чи өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулзаад байна” гэсэн чинь Х “би өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулздаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулздаггүй юм бол яагаад чиний гар утас руу танихгүй дугаар залгаад чи гар утсаа авахгүй байгаа юм” гэсэн чинь Х “би явлаа” гээд уурлаад байсан. Х “чи явбал яв, би бас явлаа” гэж хэлээд машинаас буух гээд байхаар нь би түлхээд газар унагаасан. Тэгсэн Х нүүр хэсгээрээ газар унасан. Би машинаас буугаад суулгаад нүүр хэсгийг нь арчиж өгсөн. Тэгсэн Х 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-30-33/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Махын 1-30 байрны гадна болон тээврийн хэрэгсэл дотор иргэн А.Хг хардалтын улмаас үснээс нь татаж машины хаалгаар нүүр хэсгээр нь газар унагаан, чирж, хамар хэсэгт нэг удаа өшиглөн дух, хамрын үзүүр ба зүүн угалз, хамрын хажуу хэсэг, зүүн хацар, ооч зулгаралт, хамрын нуруу ба доод хэсгийн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруул, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Хгийн “...Б намайг үсдээд машиныхаа хаалгыг онгойлгоод, нүүр хэсгээр газар унагаасан. Дахиад үсдээд нүүр хэсгээр газар чирээд, өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүх эмнэлгийн 3678 дугаар “1. А.Хгийн биед дух, хамрын үзүүр ба зүүн угалз, хамрын хажуу хэсэг, зүүн хацар, ооч зулгаралт, хамрын нуруу ба доод хэсгийн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, доод уруул, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18-20/, шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Х бид 2 уулзаад миний автомашинд архиа задлаад Хд хийж өгсөн. Би Хд “чи өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулзаад байна” гэж хэлсэн чинь Х надад “би өмнөх нөхөр гэх хүнтэйгээ уулздаггүй” гэж надад хэлсэн. Х “би явлаа” гээд уурлаад байсан. Би Хг түлхээд газар унагаасан чинь нүүр хэсгээрээ унасан...” гэх мэдүүлэг /хх-30-33/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн хохирогч А.Хг “салсан нөхөртэйгөө холбоотой байдаг” нэрээр шалтаглан зодож, дух, хамрын үзүүр ба зүүн угалз, хамрын хажуу хэсэг, зүүн хацар, ооч зулгаралт, хамрын нуруу ба доод хэсгийн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, доод уруул, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б хохирогч А.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгч “Ойлгосон. Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан үсдэж, нүүрээр нь газар чирж, өшиглөж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Баатарын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР