| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07467/И |
| Дугаар | 5965 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь, Замын үүд, 2 дугаар баг, 12 хэсэг гудамж, Их говь байр 8 тоотод оршин суух, Ачит овогт Гансүхийн Алтаннавч /РД:ЕЮ86092507/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь, Замын үүд, 1 дүгээр баг, Аюуш 2-10 тоотод оршин суух, Тосгон овогт Ухнаагийн Баяржавхлан /РД:ЕЮ84060311/-д холбогдох,
Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтаннавч, хариуцагч У.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтаннавч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Алтаннавч миний бие нь 2004 онд Баяржавхлантай танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 0031245 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Энгүүн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Энгүүн маань миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Баяржавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Баяржавхлан миний бие 2006-2008 оны хооронд Г.Алтаннавчтай гэр бүл болон амьдарч байгаад тус тусдаа амьдарч эхэлсэн нь үнэн бөгөөд ямар нэгэн хэрүүл тэмцэл, гэр бүлийн хүчирхийлэл бидний дунд байгаагүй болно. Мөн охин Энгүүн маань 2008 оны 9 дүгээр сараас 2010 оны 6 дугаар сарын хооронд Дорноговь аймгийн Сайншандад манай гэр бүлийн асрамжинд амьдарч, тухайн орон нутгийн цэцэрлэгт хүмүүжиж байсан. Миний бие гэрлэлт цуцлуулах хүсэлтэй ба хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтаннавч нь хариуцагч У.Баяржавхланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Г.Алтаннавч, У.Баяржавхлан нар нь 2004 онд танилцан хамтран амьдарч эхлээд 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Энгүүн төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2009 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Охин Б.Энгүүн одоо 8 настай ба эх Г.Алтаннавчийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа байдал болон охин Энгүүн эхийнхээ асрамжид үлдэх тухай саналыг шүүхэд гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төгсөн охин Б.Энгүүнийг эх Г.Алтаннавчийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч У.Баяржавхлан нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг У.Баяржавхлангаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Энгүүнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд бий болсон ямар нэгэн эд хөрөнгө байхгүй тул эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ачит овогт Гансүхийн Алтаннавч /РД:ЕЮ86092507/, Тосгон овогт Ухнаагийн Баяржавхлан /РД:ЕЮ84060311/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Энгүүнийг эх Г.Алтаннавчийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Энгүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Баяржавхлангаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Баяржавхлангаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Алтаннавчид олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА