Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0477

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран, 

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908058820379 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Түвэд овогт Самбуубаярын Ө /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч С.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Д.Нийг гараараа цохиж, зодон зүүн ухархайн дотор хананд хугарал, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, шанаа хүзүүний зүүн хажууг хамарсан цус хуралт, зүүн бугалга, нуруу, цээж, 2 нүдний алимны салстад цус хуралт зэрэг гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. 2016 оноос хойш хамт амьдарч байна. “Хуучин нөхөртэйгөө хоноод ирлээ, яах юм” гэхээр нь уурлаад гараараа цохиж, гэмтэл учруулснаа хүлээж байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Яармагт хувиараа барилгын ажил хийж байгаа. Үнэхээр гэмшиж байна. Банкны зээлтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ял биш, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908058820379 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Нийн: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед найз эмэгтэй Золоотой архи уугаад сууж байтал Ө залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь би хэлээгүй. Ө намайг “хурдан ир” гээд загнаад байсан. Тэгэхээр нь би 21 дүгээр хорооллоос гараад Зүүнсалааны “Улаан дэлгүүр” дээр очсон чинь Ө хүлээж байсан. Тэгээд Өыг дагаад Даваа гэх айлынд очоод Даваа, Од, Өын хамт 0,75 литрийн архи 2 шилийг ууж дуусгасан. Ө намайг “чи хаагуур хоносон бэ” гэж асуугаад шалгаагаад миний уурыг хүргээд байхаар нь би “хуучин нөхөртэйгөө уулзчихаад ирлээ, чи яах юм бэ” гэтэл Ө “янхан, гичий” гэж хэл амаар доромжлоод миний нүүр, гар, цээж рүү маш олон удаа гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би маш чангаар орилсон чинь Даваа ах гарч ирээд бид хоёрыг салгах гэж байхад нь би гэрээс гараад зугтааж, цагдаа дуудсан чинь Ө зугтаагаад явчихсан байсан. Би Өтай анх 2017 онд танилцаад 2018 оны Хятад Улс руу Өтай хамт 1 жил гаран хамт амьдрангаа ажил хийж байгаад 2018 оны сүүлээр ирж хамтран амьдарч байгаа. Би эмнэлэгт хандаагүй, өөрөө нь эдгээсэн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-14/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.19-ний өдрийн 13794 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Н-н биед зүүн ухархайн дотор хананд хугарал, тархи доргилт, баруун зовхи, баруун хацар шанаа, зүүн зовхи, зүүн хацар, шанаа, хүзүүний зүүн хажууг хамарсан цус хуралт, зүүн бугалга, нуруу, цээж, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эр мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-22/,

Гэрч М.Даваажаргалын: “Тухайн хэрэг гардаг өдөр би гэртээ Одбаяр гэх залуугийн хамт архи ууж байхад Ө, Н нар орж ирсэн. Бид дөрөв 0,75 литрийн архи хувааж ууж дуусахад Одбаяр “харьлаа” гээд гараад явсан. Би тасраад нөгөө талын өрөөнд унтаж байсан. Тэгтэл гэнэт Өын дуу гэрт чанга чанга гараад, зодолдоод байх шиг байхаар нь би босоод гал тогооны өрөө рүү ортол Ө Нийг зодоод байсан. Яг юунаас болж зодсоныг би мэдэхгүй байна. Би очоод Өыг салгатал Н гэрээс гараад явчихсан. Төд удалгүй Ө гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

Шүүгдэгч С.Өын яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг гарсан өдрөө санахгүй байна. Н рүү утсаар хаана байгаа талаар нь асуусан чинь “21 дүгээр хороололд архи ууж байна” гэсэн. Н 12 цагийн үед ирэхээр нь Даваа гэх айлынд Од, Даваажаргал нарын хамт архи ууцгаасан. Би Нийг “хаана хоносон юм бэ” гэж хэлтэл Н “би хуучин нөхөртэйгөө хамт байж байгаад ирлээ, чи яах юм бэ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр, гар, цээж рүү нь гараараа олон удаа цохисон. Тэгтэл нөгөө өрөөнөөс Даваажаргал гарч ирээд намайг “болиоч” гээд холдуулсан. Тэгтэл Н гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-66-68/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-57/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-60/, гэр бүлийн хүчирхийлэл нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-79-85/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Ө согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-37а тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Д.Нийг зодож, зүүн ухархайн дотор хананд хугарал, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, шанаа хүзүүний зүүн хажууг хамарсан цус хуралт, зүүн бугалга, нуруу, цээж, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Нийн “...Ө бид хоёр Даваа гэх айлынд архи уусан. Ө “янхан, гичий” гэж намайг хэл амаар доромжлоод миний нүүр, гар, цээж рүү маш олон удаа гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-12-14/, шүүх эмнэлгийн 13794 дүгээр “1.Д.Н-н биед зүүн ухархайн дотор хананд хугарал, тархи доргилт баруун зовхи, баруун хацар шанаа, зүүн зовхи, зүүн хацар, шанаа, хүзүүний зүүн хажууг хамарсан цус хуралт, зүүн бугалга, нуруу, цээж, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эр мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, гэрч М.Даваажаргалын “...Ө, Н, Одбаярын хамт гэртээ архи уусан. Өын дуу гэрт чанга чанга гараад, зодолдоод байх шиг байхаар нь би босоод гал тогооны өрөө рүү ортол Ө Нийг зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч С.Өын яллагдагчаар өгсөн “...Н “би хуучин нөхөртэйгөө хамт байж байгаад ирлээ, чи яах юм бэ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр, гар, цээж рүү нь гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-66-68/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Өын хохирогч болох хамтран амьдрагч Д.Нийг “гэртээ ирж хоносонгүй” гэх зүйлээр шалтаглан цохиж зодон, зүүн ухархайн дотор хананд хугарал, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, шанаа хүзүүний зүүн хажууг хамарсан цус хуралт, зүүн бугалга, нуруу, цээж, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тэрээр шүүхэд “Эмчилгээний баримт байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэж мэдэгдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Ө согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Өдөрт 80.000 төгрөгийн цалинтай ажил хийж зээлээ төлдөг тул торгох ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан олон удаагийн үйлдлээр гараар цохин гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч С.Ө нь “Барилгын ажил эрхэлдэг, өдрийн 80.000 төгрөгийн цалинтай” гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Шүүгдэгч С.Өт торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй байна гэж дүгнэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түвэд овогт Самбуубаярын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР