| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07340/И |
| Дугаар | 5971 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5971
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 5-23 тоотод оршин суух Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Нармандах /РД:ЛЮ61081509/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нармандах миний бие Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр 1987 онд ажилд орж, 1990 он хүртэл ажилласан. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх нээгдсэн. Одоо бүрэн хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байх тул намайг 1987 оны 3 дугаар сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Нармандах нь 1987 оны 3 дугаар сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн архивын газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 270/15 дугаартай тодорхойлолтоор Сүхбаатар аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуулийн баримт шилжиж ирээгүй тул Л.Нармандахт холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Л.Нармандах нь 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн хүнсний үйлдвэрээс Л.Нармандахт олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 216/15 дугаартай “хүсэлт гаргагч Л.Нармандахын 1987-1988 оны хооронд 8 жилийн 1 дүгээр сургуульд цалин авч ажиллаж байсан талаарх” лавлагаа болон С.Саарал, Т.Баясгалан нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Нармандах нь “1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Нармандахыг 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА