Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00486

 

           Б.Ж-ны нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2479 дүгээр магадлалтай,

Б.Ж-ны нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт Саруул Тэнгэр ХХК-ийн барьж байсан 2 дугаар орон сууцны барилгын 5 даврахын 75 тоот 2 өрөө 41.3 м.кв орон сууцыг худалдаж авахаар Хтай 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний нөхцөл орон сууцны үнэ 50.757.700 төгрөгийг 30.700 ам долларт шилжүүлэн, 240 сарын хугацаатай, жилийн 13.18 хувийн хүү төлөх байсан. Намайг гэрээний үүргээ биелүүлж байх хугацаанд ам долларын ханш өсөж, зээл төлөхөд хүндрэл учирсан тул зээлээ төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Х хүсэлтийг минь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 1370002301 дугаарын барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ам долларын зээлийг төгрөгийн зээл болгосон. Би зээлээ төлж чадахгүй хугацаа алдсан нь үнэн. Х барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцаа шилжүүлж өг гэж шаардан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг банкны  нэр дээр шилжүүлэн авсан. Хны Ард салбарын захирал Д.Болдбаатараас Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 56.733.143 төгрөгийг Б.Ж- тус банкны 5001331482 дугаарын дансаар өөрөө хүлээн авч, орон сууцны үнийг захиран зарцуулаагүй байдаг. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Хны Ард салбарын захирал Д.Болдбаатар өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулаагүй харин гэрээний төсөл боловсруулсан тус банкны ажилтан түүний өмнөөс нь гарын үсэг зурсан байдаг. Талуудын хооронд 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан заалтыг зөрчин, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Хны Ард салбарын захирал Д.Болдбаатар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан заалтыг зөрчин Б.Ж-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ж-ыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ж-, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Баатар, Б.Зоригт нар нь 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хтай 1370002301 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 30.700 ам.долларын зээлийг 13.18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар  /Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 дугаар байрны 75 тоот хаягт байршилтай 41.3 м.кв талбай бүхий 2 өрөө / орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон харилцан тохиролцож байгуулсан. Зээлдэгч Б.Ж- 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос хойш 2 удаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг өгөх хүсэлт гаргасан. Х зээлдэгчийн хүсэлтийг харгалзан түүнтэй харилцан  тохиролцож, 2016 оны 10 дугаар  сарын  25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан үнэ болох 56.733.143 төгрөгийг Б.Ж-ы санал болгосон түүний нэр дээрх Х дахь 5001331482 дугаартай дансанд шилжүүлсэн. Барьцаат зээлийн гэрээний 3.6, 3.4.1, 1.16-т тус тус заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдсан дүнгээс зээлийн нийт төлбөрийг суутган төлүүлсэн нь харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцогдоно. Ийнхүү суутгах эрхийг Б.Ж- нь Хинд олгосон бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг банк хариуцахгүй талаар талууд харилцан тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зээлдэгч Б.Ж-ы хүсэлтээр, түүнтэй харилцаж тохиролцож Хны Гүйцэтгэх захирлаас тодорхой албан тушаалтанд буюу Ард салбарын захирал Д.Болдбаатарт гэрээ байгуулах эрх олгосноор тус албан тушаалтан нь уг гэрээнд гарын үсэг зурсан болно. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.Ж-тай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан бөгөөд хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Хны Ард салбарын захирал Д.Болдбаатар Б.Ж- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ж-ыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2479 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж-ы давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2479 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны гомдол гаргаж байна.

Барьцаат зээлийн гэрээний 1.6, 3,6 дугаар зүйлд зааснаар банк барьцааны зүйл орон сууцыг бусдад худалдан борлуулж болохыг заасан боловч орон сууцны үнэ 56,733,143 төгрөг тухайн үеийн зах зээлийн бодит үнэ мөн эсэх орон сууцны үнэ ямар үнэлгээгээр тогтоогдсон энэ үнэ зээлдэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд нөлөөлсөн зэрэг байдлыг анхан шатны шүүх бүрэн тогтоолгүй шийдвэр гаргасан байхад хуульзүйн үнэлэлт дүгнэлт гаргалгүй давж заалдах шатны шүүх магадлал гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заасан, гэрээний үнэ 56,733,143 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, худалдан авагчийн нэр дээр гарсны дараа худалдагч талын санал болгосон Хны 5001331482 дугаарын дансанд шилжүүлэхээр заасан байдаг. Хны Ард салбарын захирал Д.Болдбаатараас Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 56,733,143 төгрөгийг Б.Ж- тус банкны 5001331482 дугаарын дансаар өөрөө хүлээн авч, орон сууцны үнийг захиран зарцуулаагүй үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Ж- орон сууц худалдан борлуулсан үнийг Хнаас өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулаагүй, худалдах худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулаагүй гэрээ, талуудын хооронд хийгдсэн байхад давж заалдах шатны шүүх хуульзүйн үндэслэлгүй магадлал гаргасан байна. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэлд Хийг төлөөлөн гарын үсэг зурсан Ард салбарын захирал Д.Болдбаатар гарын үсэг мөн гэсэн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2831 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын өдрийн 28 ны 09450 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэл хучин төгөлдөр бусад тооцуулах үйл баримтыг тогтоолгохоор орон сууцны үнэ 56,733,143 төгрөг Б.Ж- Хны 5001331482 дугаарын дансанд шилжин орсон эсэхийг тогтоолгохоор 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргахад, хүсэлт хангахаас татгалзсан захирамжийг анхан шатны шүүх гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлон түүний мэтгэлцэх эрхийг хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчин явуулж, хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хурал хойшлуулах миний үндэслэл бүхий хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин шийдвэрлэн хуралд миний биеэр оролцож гомдол танилцуулах эрхийг хязгаарлан магадлал гаргасан байна.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2479 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ж-ы нэхэмжлэлийг  хариуцагч Х ХХК эс зөвшөөрөхдөө “...барьцааны хөрөнгө болох орон сууцаа зээлийн төлбөрт тооцон худалдсан” гэжээ. 

Зохигчийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хнаас 30.700 ам.долларыг 240 сарын хугацаагаар жилийн 13.18 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд   Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,  47 дугаар байрны 75 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн үлдэгдэл  болох  28,577.40 ам.долларыг 56.468.942 төгрөгт шилжүүлэн, зээлийн хүүг жилийн 19 хувь болгохоор тохирч гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ /хэргийн 5-15 дугаар тал/.

Зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд тэрээр “...барьцааны хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон авах” хүсэлтийг  удаа дараа гаргажээ.

Хны Ард салбарын захирал Д.Болдбаатар нь Б.Ж-тай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар барьцааны зүйл болох орон сууцыг 56.733.143 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, орон сууц Хны өмчлөлд шилжсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн  109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.5-т зааснаар зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг  13700112363 тоот болгон өөрчилсөн байх ба хариуцагчийн “...гэрээнд заасан орон сууцны үнийг нэхэмжлэгчийн зээлийн дансанд шилжүүлж, зээлийн үүргийг дуусгавар болгосон” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.  

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.  

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд зурсан гарын үсэг Д.Болдбаатарынх болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд шүүх нэмэлт шинжилгээ хийлгэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “...Хны 5001331482 тоот дансанд 56.733.143 төгрөг ороогүй” талаарх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна. 

Иймд шүүхийн шийдвэр,  магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхэд буцаах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2479 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 441.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ